JCI Монгол байгууллага Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан хандивын аянд нэгдэж өвөлжилт хүндэрсэн, хүндрэх төлөвтэй байгаа сумдад өвөлжилтийг хохирол багатай даван туулахад дэмжлэг үзүүлэхээр малын нэмнээ, дулаан хувцас, бээлий зэргийг хандивлаж байна.
JCI Монгол байгууллага нь нийгэмд болон гишүүддээ чиглэсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд эдгээрийн нэг нь “Илгээлтийн эзэн” төсөл юм. Илгээлтийн эзэн төсөл нь 2011 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд жил бүр аль нэг аймгийг сонгон гишүүдээс цугласан хандив тусламжийг малчдад түгээн, мөн 50-70 гишүүд 2-3 өдөр малчин айлд очиж мал ахуйд нь тусалж, үүгээр дамжуулан гишүүд залуусдаа малчдын аж амьдралтай танилцах боломж олгодог төсөл юм. Мөн энэхүү төсөл нь нүүдлийн ёс заншил, уламжлалыг залуу үед таниулах, малчдын гэрээр очиж мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношлогоо хийх, малчдад итгэл, урам зориг өгдөг давхар ач холбогдолтой юм.
Энэ удаад JCI Монгол байгууллага төслөө эрт эхлүүлж, эхний ээлжинд малчдын хэрэгцээнд хандивын зүйлс цуглууллаа. Цугларсан дулаалгын материалаар хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч оёдлын үйлчилгээ үзүүлэх боломжтой иргэдийг давхар дэмжиж Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих “Бит-3” төвийн уран бүсгүйчүүдээр бод малын нэмнээ, бээлий оеулав.
Жил жилийн “Илгээлтийн эзэн” төсөлд АПУ ХК, Хөвсгөл Алтандуулга ХК, НВЦ ХХК, Өгөөж-Чихэр боов ХХК, Урбанек ХХК, Мах Маркет ХХК, Денкфарм ХХК, Монкон Групп ХХК зэрэг компаниуд гол хандивлагчаар оролцдог бөгөөд энэ удаад “Нирвана VIP салон болон ОБЗЕРВ консалтинг ХХК болон гишүүдийн зүгээр хандивласан 10 хайрцаг дулаан хувцас, бодын нэмнээ 61, бээлий 100 хос болон малчдад хэрэгцээтэй бусад зүйлсийг ХХААХҮЯ-нд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгч байна.
Гишүүдийн малчдаа гэсэн халуун сэтгэл, хүч зүтгэлээр босгосон хандивын зүйлс малчдад маань нэмэр тус болохыг хүсч, мөн олон олон байгууллагууд, иргэдийг энэхүү аянд нэгдэхийг JCI Монгол байгууллага уриалж байна.