Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Б.Дэлгэрмаа Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад хавсран суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа 12 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын ажиллагааны үеэр Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко “Сүүлийн жилүүдэд Беларусь, Монголын хоорондын яриа хэлэлцээ мэдэгдэхүйц идэвхжин, өндөр, дээд хэмжээний уулзалт сэргэн, гэрээ-эрх зүйн үндэс бэхжин, худалдаа, эдийн засгийн харилцааны үр өгөөж өслөө. Цаашдын хамтын ажиллагааг, түүний дотор улс төр, худалдаа-эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт өргөтгөн бэхжүүлэх эрмэлзэлтэй. Ер нь бид хэзээ ч Монголыг харийн улс гэж үзэж байгаагүй. Бид тийм бодлого баримтладаг” гэж цохон тэмдэглэв.

Итгэмжлэх жуух бичгээ барихтай холбогдуулан Элчин сайд Б.Дэлгэрмаа Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн дэд сайд В.Б.Рыбаковтой уулзаж, Монгол-Беларусийн найрсаг харилцаа дипломат харилцаа тогтоосноос хойшхи 25 жилийн хугацаанд өргөжин хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, 2017 онд хэрэгжүүлэх өндөр хэмжээний айлчлал, бусад арга хэмжээ болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой хамтран ажиллахад ач холбогдол өгдөгийг дурдаад, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад гишүүн орны хувьд дэмжлэг үзүүлэхийг Беларусийн Гадаад хэргийн дэд сайдаас хүсэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *