Categories
мэдээ нийгэм

Д.Мөнх-Эрдэнэ: Шүүхийн шийдвэр гараагүй учир Баянзүрх дүүрэгт аль нам олонх болсон нь тодорхойгүй

Баянзүрх дүүргийн Засаг дарга томилогдохгүй байгаа асуудлаар Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ.

Баянзүрх дүүрэг нь 41 төлөөлөгчтэй байх ёстой. Зургаан төлөөлөгчийг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэж дүүргийн сонгуулийн хороо жагсаалтаас хасчээ. Энэ шийдвэр шүүхийн шатанд явагдаж байгаа.

Д.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ,Нийслэлийн Засаг дарга дүүргийн засаг даргын томилгоог хийхдээ дүүргийн ИТХ-ын шийдвэрт үндэслэх учиртай. Өнөөдрийн байдлаар БЗД-ийн ИТХ-ын хүчин төгөлдөр шийдвэр ирээгүй байна. Дүүргийн сонгуулийн хорооноос одоогоор 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг ирүүлсэн байгаа.

Өчигдөр Баянзүрх дүүргийн АН-ынхан хэвлэлийн бага хурал хийж, шүүхийн шийдвэр эцэслэн гарсан гэж мэдээлсэн байна лээ. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан боловч Давж заалдах шатны шүүхэд эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Хуулийн дагуу 21 хоногийн дотор шийдвэрлэгдэх ёстой.

Ийм нөхцөл байдалтай байгаа учраас Нийслэлийн Засаг дарга БЗД-ийн засаг даргын томилгоог хийх боломжгүй байна. Төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчим үйлчилдэг” гэв.

Ийнхүү шүүхийн шийдвэр гараагүй учраас тус дүүрэгт аль нам олонх болсон нь тодорхой бус байна.Одоогоор Баянзүрх дүүргийн хуучин засаг дарга Д.Пүрэвдаваа ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа гэж Д.Мөнх-Эрдэнэ мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *