Categories
мэдээ цаг-үе

Дамбын ШАГДАРСҮРЭН: Онцгой байдал хариуцсан Шадар сайд “Зуун жилд болоогүй хатуу өвөл болно” гэж гадны хүний үгээр намирах утгагүй

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, цаг уурч, “Малчин” телевизийн сэтгүүлч Дамбын Шагдарсүрэнтэй уулзаж хөөрөлдлөө.


-Энэ сарын 1-ний өдөр тантай хамт Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт явж байхад өвлийн дунд сарын шинийн хоёрны сар гарч та “Энэ сардаа цас зудгүй сайхан байх нь” гэж шинжиж байсан. Сар шинжихэд “Ийм сар гарвал хэдэн километрийн тойрог нутагт цас зуд болохгүй” гэх тийм шинж тэмдэг мэдэгдэх үү?

-Бөмбөрцөг чинь бөөрөнхий. Сая бид шинийн хоёрны сарыг Баянхонгорын Өлзийтөд харлаа. Тэгэхэд Дорнодод харвал нэг өөр, Ховд, Увс, Говь-Алтайгаас харвал бас нэг өөр л харагдана шүү дээ. Шинийн тавны сар гарах үед Өмнөговиос “Шагдарсүрэн гуай та сар харж байна уу. Маш хачин сар байна. Бөөрөнхий хүрээтэй, тэр нь хөх туяатай, голдоо тод одтой” ч гэх шиг утасдаж байна. Гараад харлаа. Улаанбаатарт утаа, чийдэн хоёрт сар ажиглах тун бэрхшээлтэй. Тэнгэр цэлмэг байсан тулдаа байрныхаа гаднаас харлаа. Махирынхаа дотор талд нэг гялгар од яах аргагүй байна. Утаанаас ч болсон уу, хүрээ нь ажиглагдсангүй. Тэгэхээр нь би Өвөрхангайн Хархорин руу нутаг руугаа утасдлаа. Тэндээс “Онцгой юм алга. Сайхан цэлмэг байна” л гэж байна лээ. Одоо сарны тойрог чинь дэлхийд ойрхон хэсэг дээрээ явж байгаа л даа. Эртээр 15-ны сарыг “Орчлонд байхгүй том сар алган дээр чинь буугаад ирнэ” гэж цуураад байсан даа. Сар зуйван дугуй тойргоор дэлхийг тойрч байгаа шүү дээ. Зуйван дугуйгийнхаа хоёр хажуу талд ирэхээрээ сар дэлхийд ойртож харагдана. Хоёр үзүүрт нь очихоороо холдож харагдана. Холын юм гэдэг чинь жижиг харагдана биз дээ. Сарны тойрог чинь ерөөсөө л механик ойлголт. Газарзүйн өргөрөг, уртрагийн хуваариар Өмнөговиос харахад нэг янз, Өвөрхангайн Хархориноос харахаар өөр янз харагдаж байна. Тэрэнтэй адилхан шинийн хоёрны сар ч ялгаагүй аль нутагт ямар харагдана, тухайн орчиндоо л нөлөөлнө гэсэн үг.

-Таныг цаг уурч гэдгээр тань Монголын ард түмэн дэндүү сайн мэднэ. Цаг уурч мэргэжлийг хэзээ эзэмшив?

-Би эзэмшсэн мэргэжлийнхээ дарааллаар сонин хэвлэлд цаг уурч, сэтгүүлч гэж заавал бичдэг юм. МУИС-ийн цаг уурын ангийг 1975 онд төгссөн. Цаг уурч гэдэг дотроо олон салбартай мэргэжил шүү дээ. Уур амьсгал судлалын, цаг агаарын урьдчилсан мэдээ гаргадаг синоптикч цаг уур, агаар мандлын дээд давхаргыг судалдаг мэргэжилтэн, бэлчээр ус судалдаг хөдөө аж ахуйн цаг уурч гээд маш олон төрлөөс минийх цаг агаарын урьдчилсан мэдээ гаргадаг нь юм. Их сургууль төгсөөд Дорнод аймгийн цаг уурын товчоонд гурван жилийн гэрээтэй хуваарилагдан хоёр жил найман сар ажиллаад Цаг уурын хүрээлэнд ажиллаж байгаад 1978 онд Дэлхийн цаг уурын байгууллагын олон улсын хайгуул судалгааны экспедицид оролцож Энэтхэгийн болон Номхон далайгаар явж 1979 оны наймдугаар сард ирсэн. Эргэж Цаг уурын хүрээлэнд 1990 он хүртэл ажилласан. Тэндээс Монголын радио гэдэг айлын хүн болсон доо.

-Манай малч удамтай өвөг дээдэс тэнгэр унших өөрийн гэсэн эрдэмтэй улс. Эрдэмтэн лам нар нь одон зурхайгаар бас цаг агаарыг уншдаг байж. Та цаг уурыг урьдчилан таамаглах өөрийн мэргэжлээ өвгөдийн их эрдэмтэй харьцуулж шинжилж үздэг байв уу?

-Судалж үзээд байх ч юу байхав. Манай багш Лувсангийн Нацагдорж хэмээх том эрдэмтэн намайг “Хүн орчин үе рүүгээ урагшаа харж явдаг байхад чи арагшаа ухарч явах юм” гэж шүүмжилдэг л байсан. Би оюутан байхын л өвгөдийнхөө ухааныг шүтдэг хүн байсан. Орчин үеийн шинжлэх ухааны цаг агаарын урьдчилсан мэдээ гаргаад, тэрийгээ богино хугацааны өглөөний нар харах, өглөөний үүл харах ч юм уу, урт хугацааны сар мичдийн тохиол, дунд хугацааны гэхэд урьд сарын 27-ны сар, шинийн хоёрны сар зэргийг ажиглаж дүйх нь үү, үгүй юу гэдгийг анзаарч явдаг байхгүй юу. Би ч багшийн үгэнд орохгүй “арагшаа харж” явсаар үүнийгээ дагнаад хийчихдэг болсон юм. Түвд, хятадаас монгол хэл рүү буулгасан хуучны ном судар ч бишгүй харсан. Хамгийн наад зах нь гэхэд “Элдэв хэрэгт хаш хайрцаг” гэдэг судрыг эргүүлэхээр шинжлэх ухааны зах зух үзчихсэн хүн чинь ардын ухаан үүнийг юу гэж тайлах бол гээд хорхой хүрээд байдаг юм. Заримд нь өөрийн ажиглалт, тайлбараа ч хийнэ.

-Тухайлбал, тэр тайлбар ажиглалтаасаа хуваалцаач!

-Олон хоног урдаасаа, зүүн урдаасаа, баруун урдаасаа салхилаад байвал ар дээр нь тэнгэр заавал муудна. Өмнө зовхисын гурван зовхис байна шүү дээ. Энэ гурван зовхисоос салхилаад байвал цаг уурын мэргэжлийн хэлээр бол өндрийн хотос гэдэг агаарын урсгал орж ирж байгаа юм. Энэ их хөгжих юм бол агаарын циклон болж тогтдог. Урд гурван зовхисоос салхины урсгал дайрч өнгөрөөд салхи дахин эргээд баруунаасаа, баруун хойд талаасаа, хойд талаасаа болоод процесс дуусна гэсэн үг. Яг тэр салхин чиглэлийн уулзвар дээр цаг уурын бидний хэлдгээр агаар мандлын фронт гэж дулаан, хүйтэн хоёр агаарын массын уулзвар нийлдэг. Энэ уулзвар дээр л бороо, цас, хур тунадас орж, шуурга тавьдаг. Өмнө зовхисоос салхилахыг малчид маань салхи урих гэдэг дээ. Араас ирж байгаа цас, бороогоо нэг ёсондоо урьж байхгүй юу.

-Салхи урих гэснээс манай яруу найрагчдын “Бямбадаа орсон бороо нямдаа тогтсонгүй. Бүтэн долоо хоног орох нь” гэж шүлэглээд байдаг бас учиртай байх нь уу?

-Агаар тэнгэрийн муудах үзэгдлийн гурваас долоо хоногийн үелэл байдаг. Газрын мандлаас таван километр өндөр дэх агаарын урсгал газрын гадарга дээрх цаг агаарын байдлыг үндсэнд нь жолоодож явдаг байхгүй юу. Долгион л яваад байгаа юм. Тэр долгилсон юм тухайн газар нутагт дайран өнгөрөх хугацаа бол дунджаар тав, зургаан хоног байгаа юм. Тэгэхээр “Бямбадаа орсон бороо нямдаа зогсохгүй нь” гэдэг чинь долоо хоног орно, цааш үргэлжилбэл цаг агаар муудна гэсэн үг болно. Нөгөө өндрийн хотос чинь гүнзгийрээд өндрийн циклон болоод тогтчихоор шилжилтийн хурд нь багасаад орох хур тунадас нэмэгдээд тухайн газар нутагт цаг агаар удаан хугацаагаар муудаж байгаа юм.

-Зүгээр ч нэг шүлэг биш болоод явчихав аа?

-Биш биш, тэр чинь шинжлэх ухааны үндэстэй юм байхгүй юу. Тэр байтугай ардын дуунд хүртэл ийм үндэслэлтэй зүйл их байна.

-За, ямар дуунд байх юм?

“Баруун хойноос үүл нь гарлаа

Бас л бороо орох нь дээ” гэсэн дуу байна. Энэ бол агаарын фронт хурдан дайраад өнгөрөхийг хэлж байгаа юм. “Бас л” гэдэг чинь дахин дахин гэсэн үг. Түр зуур бороо орох нь ээ гэсэн ойлголт. Нөгөө дуунд чинь

“Зүүн хойноос үүл нь гарлаа

Зүс бороо орох нь ээ” гэж байгаа юм. Нөгөө гурваас тав хоног хоног болоод өнгөрдөг өндрийн хотос чинь тухайн нутаг дээр хурд нь удаашраад, битүү хуйлраа үүсчихэж байгаа юм. Тэгэхээр мөддөө арилж өгөхгүй нь дээ. Нар буруу урсгалтай өндрийн циклон мөд явж өгөхгүй нь ээ гэсэн үг болж байгаа юм. “Зүүн урдаас урьсан зүс бороо” гэдэг чинь удаан хугацааны бороо байхгүй юу. Ардын дуунд хүртэл ийм сонин үндэслэл байж байна гээд бод доо.

-Өвөл, зуны улиралд есөн ес байдаг гээд байгаа. Үүнээс бид мэт нь өвлийн есийг л мэдэх юм даа?

-Халууны ес, хүйтний ес гэж байна. Энэ есүүд улирал сарын ерөнхий төлөв байдлыг дундажлаад хэлчихсэн үзүүлэлтүүд гэж ойлгомоор байгаа юм. Тухайн жил хүйтэн болоод таван ес дуусчихаад байхад тавьсан будаа гэсэхгүй байж болно. Тэртээх 1944 оны мичин жилд таван ес дуусахад тавьсан будаа гэсээгүй байх гэж би дотроо боддог юм. Ес гэдэг тэгэхээр уур амьсгалын дундаж үзүүлэлт л байгаа юм. Идэр гурван ес гэхэд тухайн жилийн хүйтний туйл болдог гэсэн үг.

-Манай төр засгийн эрх мэдэлтнүүд саяхан “Зуун жилд тохиогоогүй хүйтэн өвөл болно” гээд цуурцгаасан. Та энэ мэдэгдлийг юу гэж бодож байв?

-Амьтан тэгж цуураад байгаа дуулдсан юм. Онцгой комиссын хурал арваннэгдүгээр сарын эхээр Шадар сайд У.Хүрэлсүхийн өрөөнд болсон. Тэр хуралд би сууж байлаа. Тэнд Ус, цаг уур, орчны шинжилгээний дарга Энхтүвшин цаг агаарын ерөнхий төлөв байдал, цасан бүрхүүл ямар байна вэ, цаг хүндрэхэд зудын эрсдэлтэй нутгууд хаа байна вэ гэдгийг тайлагнасан. Хөдөө аж ахуйн сайд гэхэд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа. МҮОНРТ-ээр “Зуун жилд байхгүй хүйтэн болно гэж мэргэжлийн байгууллага мэдэгдлээ” гэж “Цагийн хүрд”-ээр гарсан юм. Энэ тухай би Энхтүвшин даргаас “Танайх ямар үндэслэлээр энэ мэдэгдлийг гаргав” гэж асуулаа. Энхтүвшин дарга “Манайх тийм мэдээ гаргаагүй” гэсэн. Тийм мэдээлэл гаргах үндэслэл яагаад ч байх ёсгүй л дээ. Манай Ус, цаг уур, орчны шинжилгээний газарт зуун жилийн өмнө ямар байсныг харах материал байхгүй. 1936 оноос Чойбалсан, Өндөрхаан, Улаанбаатар, Улаангом, Улиастай, Даланзадгад зэрэг цөөн тооны газарт ажиглалтын станц тавьсан болохоор сайндаа 80 жилийн материал байгаа. Тэгсэн Онцгой комиссын хуралдаан дуусаж байх үед У.Хүрэлсүх сайд гар утаснаасаа харсан уу, яасан “Түрүүний сэтгүүлчийн асуултад нэмж хариулахад Германы сэтгүүл дээр тэгж бичсэн байна” гэж байгаа юм. Германы нэг сэтгүүлчийн бичсэнээр “Монголд аюултай хүйтэн болно” гэж Монгол Улсын төр засаг бодлогодоо оруулна гэдэг туйлын буруу зүйл юм даа. Өөрийн гэсэн албан ёсны мэргэжлийн байгууллага нь мэдээ гаргаагүй гэж байхад гадны хаа хамаагүй хүний ам дагаж намирна гэдэг даанч нэг болохгүй зүйл мөн биз.

-Өвлийн эхэн сар ч ингээд дуусчихлаа. Таны ажигласнаар өнгөрөгч зуун жилийн дунджаар өвөл ямаршуухан болох бол?

-Минийхээр гэсэн арга чарга байхгүй шүү дээ. “Чингис хаан” дээд сургуулийн багш, түүхч Балжинням Монголын түүхийн тухай есөн боть гаргасан. Балжинням ямар нэгэн дүгнэлт хийлгүй, олдсон бүх баримтыг жагсааж бичсэн. Тэр түүхч хүний хамгийн чухал ажил шүү. Энэ номд хэдэн онд, ямар ган зуд болсныг бичсэн байдаг. Тэрнээс өмнө “Халх товчоон”-д Гонгор гуай Монголын нутагт болсон ган зудын талаар мэдээлэл өгсөн байдаг. “1872 онд Халхын төв хэсэгт айхтар ган болж, хээрийн өвс аяндаа ноцож, арван тооны адуу үхэр тутмаас найм ес нь үхэж байв” гэж бичиж үлдээсэн байдаг. Тэр үеийн халхын нутаг гэдэг одоогийн монгол орны газар нутгаас хамаагүй том байсан цаг. Өмнөд Монголын нутаг хамрагдаж байсан байж таарна. Шинжлэх ухааны үндэслэлтэй цаг уурын мэдээ хуримтлуулдаг болсноос хойш хүн бүхний мэддэг 1944 оны мичин жилийн зуд байна. Миний мэдэрсэн 1968 оны мич, 1980 оны мичин жилүүд байна. Мичин жил болгон зуд болж байгаагүй. Сайхан мичнүүд байна. Мичнээс илүү зуд болж байсан жилүүд олон байна. Их гахай жилийн зуд гэж манайхан их ярьдаг. 1947 оны гахай байна. 1932 оны мич нэлээд ширүүн болсон гэж ярьдаг юм билээ. Мичин жил бүхэн ч аюул тариад байдаггүй юм, хөөрхий. 1968 оны мичин жил дөчин дөрвөн оныхоосоо зөөлөн байгаагүй. Гагцхүү ЗХУ-ын тусламжаар даван туулсан байдаг. Нутгийн мөчлөгөөс шалтгаална. Бид хоёрын сая явсан Баянхонгорт л гэхэд юун зудын тухай ярих, харин ч малын амны ус байна уу, үгүй юу гэж ярих хэрэгтэй болж байгаа биз дээ. Эрдэнэсантын тал жилийн жилд цастай байдгаараа жаахан цастай, Төв аймгийн Баянцогтын ар байнга шуурдгаараа явган шуургатай байлаа шүү дээ. Тэгэхэд цааш дандаа бараан байна.

-Монгол орны баруун, зүүн тал ямаршуухан байдаг юм бол доо?

-Дорнодын хойд тал, Хянганы нурууны ар, ерөнхийдөө зүүн аймгуудын нутаг, Дорнод Монголын тал зундаа гандуу байж байгаад намрын сүүлчээр асар их бороо ороод баллаад хаячихлаа. Есдүгээр сард орсон бороонд өвс ногоо ургаад зун болж байгаа юм шиг болж байгаад араас нь цас залгаад мөсөн бүрхүүл тогтоод Дорнодын Цагаан-Овоо зэрэг сумд хачин болчихлоо шүү дээ. Баруун талд хамгийн сонирхол татаж байгаа газар бол Ховдын Байтагийн нуруу байна. Байтаг чинь өдийд малын амны цас байна уу, үгүй юу гэж байдаг газар. Тэгтэл энэ өвөл хамгийн их цастай газрын тоонд орчихсон явж байна. Цаг уурын ажиглалтын талбай дээр 28-30 см цас тогтчихсон, уулаараа морь гэдэсдээд явахгүй байна л гэж байна. Монголын бүх нутаг даяар ширээний тавцан дээр будаг түрхчихсэн юм шиг байдаггүй нь эндээс харагдаж байгаа. Тухайн газар нутгийн онцлог, агаар мандлын орчил урсгалын онцлог анзаарагдаж байна. Байтагт яагаад энэ жил их цас уначихав аа гэвэл миний таамаглаж байгаагаар Уралын гүвээ гэж бидний ярьдгаас доошоо сунасан хотос илүү нам өргөрөг рүү сунаад тэрний баруун урдаас урина гэдэг салхи Бенгаалын булан хавиас чийглэг агаар зөөж ирдэг. Тэнгэр уулыг давж чадвал Шинжааны нутгаар дайрч тэр чигээрээ манайд орж ирнэ. Тэр нөхцөлд баруун талаас ирж буй Сибирийн гаралтай юм уу, Атлантын далайн хойд хэсэг Хөгшин Европын гаралтай хүйтэн агаарын масс яг баруун өмнөд нутаг дээр орж ирж Байтаг богдын хавьд уулзвар нь дайрч, хур тунадас хамгийн их орж байгаа юм. Увсын Малчин, Баянтэс, Завханы Тосонцэнгэл зэрэг нутаг бол жилийн жилд л хүйтэн, хур тунадас их унадаг газрууд. Хөвсгөл энэ жил нийт нутгаараа цас ихтэй байна. Энэ намрын анхны цас орсон газруудад цаг агаар хэцүүдэх төлөв зонхилж байгаа. Манай малчид тухайн өвлийн анхны цасыг “Нутаг үзэж яваа” гэж ярьдаг. Анхны цас орсон газар дараагийн цас барааднаа гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *