Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн “Гоёл 2016” наадмын шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарсан “Эртний монгол хийц үндэсний хувцас урлалийн урлан”-гийн захирал, дизайнер О.Уранцэцэгтэй ярилцлаа.
-Та “Гоёл” наадамд урьд нь оролцож байсан уу. Хилийн чанадад болсон олон улсын хэмжээний уралдаанаас шагнал хүртсэн гэж сонслоо. Энэ жилийн “Гоёл” наадам ямар болов?
-“Гоёл” наадам маань сайхан болж өнгөрлөө. Энэ жил хоёр дахь удаагаа “Нүүдэличн гоёл 2” цуврал загваруудаараа оролцож гранпри шагнал хүртсэндээ их баяртай байгаа. Өнгөрсөн жил уг наадамд анх удаагаа оролцохдоо “Шилдэг залуу дизайнер” шагналыг хүртсэн. Үүний өмнө ОХУ-д болсон олон улсын үндэсний хувцасны гуравдугаар наадамд түрүүлж гранпри шагналын эзэн болсон. 2015 онд БНСУ-д болсон 30 орны залуу загвар зохион бүтээгчдийн уралдаанд оролцож хүрэл медаль авч байлаа.
-Энэ удаагийн “Гоёл” наадамд олон загвар зохион бүтээгч оролцсон. Өрсөлдөгчид аль зэрэг хүчтэй байв?
-Их хүчтэй байсан. Манай загвар зохион бүтээгчид маань их мундаг юм байна. Үндэснийхээ онцлог шинж чанарыг агуулсан мөртлөө өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой загваруудыг бүтээсэн байсан.
-Та “Нүүдэлчин гоёл” нэртэй цуврал загваруудыг гаргаж байгаа гэсэн. Энэ цувралаагаа “Гоёл”-д оролцсон. Яагаад “Нүүдэлчин гоёл” гэж нэрлэсэн юм бэ?
-Бидний өвөг дээдэс маань нүүдэлчид. Ерөөсөө л эртний монголчуудын хувцас дээр түшиглэж загваруудаа бүтээе гэж бодсон. Хоёрдугаарт, дээлний соёлоос тодорхой хэмжээгээр авч үлдэх зүйлээ уламжлан авъя гэж бодсон. Эртний монголчуудын хувцсыг орчин үеийн монголчуудад нийцүүлэн хөгжүүлж, өвөг дээдсээс уламжилсан энэ соёлыг орхидуулахгүй улам гоё болгоё гэсэн бодол надад байдаг юм. Ийм бодолтойгоор загваруудаа гаргадаг.
-“Нүүдэлчин гоёл 2” коллекцид хэдэн загвар орсон бэ?
-Бараг 40-өөд дээл орсон. “Гоёл”-ын гала тоглолт дээр түүнээс 20-30 загварыг үзэгчдийн хүртээл болгосон.
-Жил бүрийн “Гоёл” наадам өөр өөрийн онцлогтой болдог. Энэ жил ч гэсэн мөн адил. Тухайлбал энэ жил “Топ модел”-ийг тодруулаагүй. Нягтлан бодогч мэргэжилтэй та шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарлаа. Та хэзээнээс загвар зохион бүтээдэг болов?
-Загвар зохион бүтээгч гэдэг мэргэжилд би бүр багаасаа маш их сонирхолтой байсан. Багаасаа гоё загварын хувцас хийж өмсөх юмсан гэж боддог байлаа. Олон түмэнд хүссэн хувцсыг нь хийж өгдөг болно гэж бодож явсангүй. Өөрөө өөртөө л хувцас оёж өмсөөд өөр ажил мэргэжил эрхэлдэг байсан. Ингээд 2012 оноос эргэлт буцалтгүйгээр энэ чиглэлээр ажиллаж байгаа. Миний хамгийн анхны маань үйлчлүүлэгч УИХ-ын гишүүн С.Жавхлан, түүний эхнэр, уртын дууч Г.Эрдэнэчимэг хоёр. Энэ нь бас их учир жанцантай байсан гэж боддог. Энэ хүн миний оёсон дээлийг өмсөөд олонд таниулна гэсэн бодол ерөөсөө ч байгаагүй. Намайг хэн ч биш байхад тэр хоёр маань олж ирээд “Чамаар монгол дээл хийлгэе” гэсэн. Энэ нь надад маш их урам өгсөн.
-“Эртний монгол хийц үндэсний хувцас урлалийн урлан” олон үйлчлүүлэгчтэй гэсэн. Олны танил хүмүүс ч нэлээд байдаг гэж сонссон юм байна?
-Манай урлангаар маш олон хүн үйлчлүүлдэг. Би бямба, ням гаригуудад ч амарч чаддаггүй. Тэр дунд олны танил хүмүүс ч нэлээд бий. Би тэр тэр гэж нэр цохож ярих дургүй. Яагаад гэхээр олны танил болоогүй ч гэсэн мундаг хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Хүн чинь мундаг болох тусам даруухан болдог юм билээ. Миний бүх үйлчлүүлэгч мундаг. Бүгд л өөр өөрийн гэсэн онцлогтой хүмүүс.
-Үйлчүүлэгчид тань ихэвчлэн ямар насны хүмүүс байдаг вэ?
-Ёстой л нөгөө найман настай балчираас эхлүүлээд наян настай буурлууд бий. Насны хязгаар гэж үгүй. Дээл маань аль ч насны хүнд таалагддаг. Хийсэн дээлийг маань өмсчихөөд “Би таван насаар залуу харагдаж байна” гээд баярлах хүмүүс их бий. Охид, хөвгүүд, залуучууд “Монгол хувцсыг овортой харагдуулдаг гэж бодсон чинь ямар дэгжин, өвөрмөц харагдаж байна вэ” гэдэг. Настай байх тусмаа дээл өмсөхөөр улам сайхан залуу харагддаг.
-Танай урланд хэдэн хүн ажилладаг вэ?
-6-8 хүн ажилладаг. Бид яг л нэг хүн шиг сэтгэж бодож, хамтран ажиллаж чаддаг. Тиймээс ч ажил маань өөдрөг байдаг болов уу гэж боддог. Бүгдээрээ л миний нэг хэсэг мэт их зөв хамтарч ажилладаг. Ганц хүний гараас юу ч гарахгүй шүү дээ. Би хичнээн сайхан загвар гаргасан ч гэсэн сайхан урлахгүй бол утгагүй. Монгол дээл хийнэ гэдэг тийм ч амар юм биш.
-Сүүлийн жилүүдэд монгол дээлний загварт нэлээд шинэчлэл хийж урлах болсон. Бидний үндэсний хувцасны загвар ирээдүйд ямар байх ёстой гэж боддог вэ?
-Монгол үндэсний хувцас нь дэлхийд гарах ёстой. Би монгол дээл урлаж эхлэхдээ л бүгдээрээ үндэснийхээ хувцсыг өмсдөг болоосой гэсэн хүсэл эрмэлзэлтэй байсан. Тийм учраас түр зуурын хэрэгцээ мэт хийж болохгүй. Чанартай, бөх бат, даавуу нь ч гэсэн маш чанартай, өнгөний зохицол сайтай гээд бүх талын шаардлагыг хангасан байх ёстой. Цаад санаа маань бол монгол хувцсаа брэнд болгох явдал. Чанарын хувьд сайн байж л брэнд болно. Монголчууд бүгд үндэснийхээ дээлийг өмсдөг болбол сайхан шүү дээ. Хувцас гэдэг чинь бас нэг өв соёл. Эртний хэв загвартайгаар нь өмсөхгүй нь тодорхой. Дээр үед малаа маллаж, ан хийж амьдардаг, нөхцөл нь өөр байсан. Тийм ард түмний өмсч хэрэглэж байсан хувцас нь маш их шалгуур давсан гэсэн үг. Наад зах нь хүний хөдөлгөөнийг чөлөөтэй байлгах, эвтэйхэн, халуун хүйтний улиралд зохицсон гээд л. Үндэс суурь нь нэгэнт байж байгаа болохоор бид улам гоё болгож хөгжүүлэх хэрэгтэй.
-Чанартай монгол дээл урлах талаар та сая ярилаа. Үүнд даавуу их чухал. Ингэхэд дээлнийхээ даавууг танайх хаанаас авдаг бэ?
-Ганц газраас авчирдаггүй. Монголд бага хэмжээгээр даавуу үйлдвэрлэдэг. Тиймээс би эх орондоо үйлдвэрлэдэг даавууг судалж түүнээс худалдаж аваад өөртөө дээл хийж туршиж байгаа. Энэтхэг, Хятад, Солонгос, Австри, Италийн даавуунуудыг ч судалдаг. Ингээд хамгийн чанартайг нь сонгож дээл хийнэ. Италид үйлдвэрлэсэн хэрнээ Хятадын чанартай даавуунаас муу даавуу ч байдаг. Тиймээс тэндхийн даавуу сайн гэж хэлэхэд хэцүү. Бид нар Хятад гээд л муулаад байдаг. Гэтэл тэндхийн чанартай даавууг аваад хийхэд итали даавуунаас илүү байх жишээтэй.
-Ингэхэд та өөрөө хэдэн дээлтэй вэ?
-Загасчны морь усгүй гэдэг үг байдаг шүү дээ. Хийсэн дээлээ өмсөөд явж байхад “Энэ дээлийг чинь авмаар байна” гэдэг. Өмсч байгаа дээлээ өгмөөргүй санагддаг ч миний ур ухаанаар бүтсэн хувцсыг маань ойлгоод, өмссөн байсан ч хамаагүй авъя гээд байгаад их баярладаг. Тэгээд эхэндээ үгүй гэж байгаад л өгдөг л дөө. “Өмсч байгаа шигээ дээл хийгээд өгье” гэхээр “Үгүй, наадахыг чинь л авна” гэдэг тохиолдол ч бий. Хүний өмсч байсан хуучин дээл гэж бодохгүйгээр л авч байна гэдэг миний хийсэн юм ингэж их хүмүүст хүрч байна гэсэн үг гэж бодоод баярладаг. Намайг их сайхан энергитэй гээд л зарим нь онгироодог юм. “Энэ чинь шинэ дээлтэй болсноос гоё” гэж зарим нь хэлэхэд урамшдаг. Гэхдээ дээл бол надад байгаа.