Categories
мэдээ нийгэм

Хувиараа наймаа эрхэлдэг иргэдийн 80 хувь нь зээлтэй байна

Өнөөдөр эдийн засгийн хямралд хамгийн ихээр өртөж байгаа хувиараа худалдаа, наймаа эрхлэгчид мэдээлэл хийлээ.

Хувиараа наймаа эрхэлдэг иргэдийн хувьд сүүлийн жилүүдэд орлого нь огцом буурсан байна. Тухайлбал, өдөртөө нэг ширхэг бараа зарж чадахгүй буух тохиолдол цөөнгүй болсон тухайгаа ярьж байна. Авсан бараа нь зарагдахгүй удсаны улмаас өрөнд орж, байр машины зээлтэй хүмүүс дахин зээл авахаас өөр аргагүйд хүрч байгаа аж. Тэд мөнгө хүүлэгчдээс өндөр хүүтэй мөнгө зээлж өдөр хоногоо аргацааж, олсон мөнгөө банкны өр зээлийн хүүд төлж гар дээрээ мөнгөгүй хоцордог байна.

Өдрөөс өдөрт нөхцөл байдал нь улам дордож, амьдрал ахуй нь уруудах болсон худалдаа эрхлэгчид нэгдэн холбоо байгуулахаар ажиллаж байгаа аж. Тэд Монголын өнцөг булан бүрт жижиглэн худалдаа эрхлэгч 200 мянган иргэний эрхийг хамгаалахаар ийнхүү нэгдсэн тухайгаа хэлэв. Уг үйл ажиллагаагаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд энэ хооронд худалдаа эрхлэгчдийн дунд судалгаа явуулж эхэлсэн байна.

Судалгаагаар зээлтэй иргэдийн 40 хувь нь хугацаа хэтэрсэн зээлтэй аж. Тэдний зээлийн хүү маш өндөр бөгөөд банкнаас авсан зээлийн хүү нь ч өндөр байдаг байна.

Түүнчлэн хувиараа наймаа эрхэлдэг иргэдийн 80 хувь нь зээлтэй, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй зах, худалдааны төвөд ажиллаж байгаа иргэдийн 70 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд тэдний 30 гаруй хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг байна.

Иймд энэ асуудлыг төр засгийн зүгээс сайн хуулиар зохицуулж өгөхийг тэд хүсэж байна. Учир нь, Монгол улсын төр засаг 20 гаруй жил улсаас юу ч хүсээгүй өөрөө өөртөө ажлын байр бэлдэж ирсэн эдгээр хүмүүсийг харж үзэж байгаагүй. Иймээс эдийн засгийн хүнд нөхцөлд аргаа барж байгаа эдгээр иргэдийн эрхийг хамгаалахаар хүү багатай урт хугацааны зээл олгож өгөхийг хүсэж байгаагаа хэвлэлийн хурлаар дамжуулан хэлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *