Categories
мэдээ нийгэм

С.Амармандах: Би “Хай Гитлер” гэж хэлээгүй

“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах ОХУ-ын дипломат албаны хүнд зодуулаад хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарч олныг цочирдуулаад байгаа билээ. Тэгвэл анх удаа тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим нэг ташаа мэдээллүүд гарч байгаатай холбогдуулан өөрийн биеэр олон нийтэд үнэн бодит мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Монголын ахан дүүс, эмээ, өвөө, ирээдүй болсон үр хүүхдүүддээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Ачтан буурал эмч нарынхаа буянаар ингээд сууж байна. Би нэг их юм санахгүй байна. Толгой хавагначихаар судаснууд нь дарагдчихдаг юм байна. Эмнэлэгт 20-иод хонолоо. Хэзээ гарахаа мэдэхгүй байна. Хойноосоо цохигдохоор урагшаагаа нөжирдөг юм байна. Тэр нөж нь сэтгэл санаа тайван байвал шимэгдсэнээр дараагийн эмчилгээндээ ордог юм байна. Эмч нар маань бүгдийг мэднэ.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай гэр бүлийн талаар буруу ташаа мэдээлэл өгсөн, зарим нэг хүмүүсийн нэр алдарт халдсан хэрэг гарч байгаад их харамсаж байна. Би бол аав хүн. Тиймээс та бүхэн үнэн зөвөөр тунгаана байх гэж бодож байна. Гэнэтийн үйл явдал болсон нь үнэн. Энэ үйл явдал “Аз жаргалтай Улаанбаатар” гэсэн манай хотын нэг сайхан үйл ажиллагаан дээр болсон. Урлагын бид бол та бүхний урилгаар бүхий л арга хэмжээн дээр очиж дуулдаг. Би өөрийнхөө 1994 онд зохиосн “Аз жаргал хүсье” дуугаа дуулсан. Монгол хүмүүс амны билэгдэлээр явдаг. Олон жил утаатай байсан хотыг маань улам сайхан хөгжүүлье гээд ийм сайхан арга хэмжээ зохиож байгаа учир монгол бахархлын дуу болох “Би Монгол хүн” дуугаа, бүсгүйчүүд ээжүүддээ зориулж “Үзэсгэлэнт бүсгүй” гээд гурван дуугаа дуулсан. Энд янз бүрийн хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс уригдаж ирсэн байсан. Мөн хотын дарга нар маань ирсэн байсан. Энэ үйл явдлаас болж уригдаж ирсэн Хотын захирагч С.Батбаяр болон НИТХ-ын дарга Ц.Сандуй нарыг элдэв муухайгаар гүтгэж зөвхөн хоёр хүний хооронд болсон үйл явдлыг хольж хутгаж зэмлэхээ болиочээ гэж гуйж байна.

Хоёрдугаарт, Би өөрөө Орос 23-р сургуульд байсан. Би Орос хүмүүжлээр хүмүүжсэн, улсынхаа түүхийг оросын их судар номнуудаас уншиж байсан. Хоёр улсын ган бат харилцаа цаашид ч гэсэн үеийн үед үргэлжилж яваасай гэж хүсч байна. Миний өвөө Сэвжид өвөө болон аав нар минь Оросын урлагийнхантай хамтарч ажиллаж ирсэн. Би ч гэсэн цаашдаа хамтарч ажиллана.

Их эзэн Чингис хаанаас маань өгсүүлээд бүхий л хаад маань Хасбуу тамгаа дээдэлж ирсэн. Бүхий л 76 гишүүдийн маань суудлын ард ч хас тэмдэг байдаг. Есөн цагаан сүлдэнд маань ч хас байдаг. Энэ бол бидний язгуурын өв соёл. Тийм учраас би тэнгэрийн тамгыг шүтэж явдаг. Би тэрхүү баяр ёслол дээр “Хай Гитлер” гэж хэлээгүй. Миний хүмүүжил, толгойд тийм бодол байхгүй. Тэр арга хэмжээн дээр гадаад хүн уригдан ирснийг би мэдээгүй. Бас 300 сая төгрөг нэхэмжилсэн гэдэг ч худлаа.

Цохисон гээд байгаа гадаадын иргэний талаар би юу ч мэдэхгүй. Түүнийг таних ч үгүй. Гар ч барьж үзээгүй. Тэгээд алтан тайзан дээрээ дуулаад гарч явахад ийм зүйл болсон.

Нийслэлийн удирдлагуудыг энэ хэрэгт татан оролцуулна гэж миний өмгөөлөгч ярьсан байж болно. Гэхдээ би өөрийн зүгээс “Үгүй” гэж хэлж байна. Би өөрөө мэдээгүй байхад миний өмнөөс мэдэгдлүүд гараад байгаа учир та бүхнийг урьж үнэн сэтгэлийн үгээ хэлье гэж бодсон. Намайг харанхуй өрөө рүү чирж оруулсан гэж ярьж байна. Гэтэл намайг ухаан ороход миний эргэн тойронд намайг гэсэн ахан дүүс тойроод зогсож байсан. Нэгдүгээр эмнэлэгт аваачих уу, ойрхоноор нь Хан-Уулын эмнэлэгт аваачих уу, Баянзүрхэд аваачих уу гээд бүгд санаа зовж байсан. Урлаг соёлын хүн хамар нь сэтэрчихсэн, толгой нь хагарчихсан, нүүр ам нь цус болчихсон байхад энэ хүний нэр хүндийг хайрлах хэрэгтэй гээд гэрэлтэй өрөөнд оруулсан. Харанхуй өрөөнд бол оруулаагүй шүү.

Би эхний таван хоног ухаангүй байсан. Та бүхэндээ баярлалаа. Миний төлөө цай, сүүнийхээ дээжийг өргөсөн та бүхнийхээ ачаар ингээд сууж байна. Удахгүй алтан тайзан дээрээ та бүхэнтэйгээ уулзахыг яарч байна. 10 гаруй хоног ухаангүй байсан учир би гадуур юу болоод байгааг мэдээгүй байсан. Хоёр улсын хоорондын харилцаа үүнээс болж бүү сэвтээсэй л гэж маш их хүсч байна.

Эцэст нь дэлхийн цээжинд байдаг, яг зүрхэнд нь байдаг Монгол Улс маань 21 аймаг маань үеийн үед мандан бадрах болтугай гэж ерөөе!” гэв.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *