Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог Төрийн соёрхолт хүртлээ

Энэ жилийн Ерөнхийлөгчийн олгодог Төрийн соёрхолтыг хүүхдийн зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондогт хүртээлээ. Өмнө нь энэхүү нэр хүндтэй шагналыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 онд Буриадын уран барималч, зураач Даши Намдаковт, мөн ардчиллын сүлд дуу “Хонхны дуу”-нд, оюун санааны эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг төлөвшүүлэхэд оруулж ирсэн хувь нэмрийг нь үнэлж Догмидын Сосорбарамд, “Ерээд оны Тунгалаг тамир”, “Төрийн чих”, “Хаврын 17 зочин” зэрэг зохиол бүтээлүүдээрээ орчин үеийн нийтлэлийн чөлөөт сэтгэлгээг төлөвшүүлэхэд оруулж ирсэн хувь нэмрээр нь Бямбажавын Цэнддоо нарт /2010 он/ Төрийн шагналыг хүртээж байсан юм.

Ж.Дашдондог 1941 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт төрсөн. 1963 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын анги төгсч хүүхэд залуучуудын байгууллагын төв хэвлэлүүд, “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн” сонин, “Залуу үе”, “Залгамжлагч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр ажиллаж хүүхэд, залуучуудын утга зохиолыг хөгжүүлэхэд багагүй үүрэг гүйцэтгэжээ.

10 жилийн дунд сургуулийн сурагч байхдаа “Аргагүй хүү” номоо улсын хэвлэлээр хэвлүүлснээс хойш дөч шахам ном бүтээжээ. Гадаадад түүний арав гаруй ном олон хувиар хэвлэгдсэн бөгөөд дэлхийн хүүхдийн шилдэг зохиолч С.Маршак, К.Чуковский, А.Барто, С.Михалков, И.Тургенев нарын зохиолоос монгол хэлнээ орчуулж гуч гаруй ном гаргажээ. “Гурван нөхөр, гурван дайсан” 1990, “Тэмүжин” 1991, “Модон могой” 1991, “Алаг бяруу” 1994, “Гэсэр” 1997 зэрэг жүжиг, дуурь, киноны зохиол туурвин бяцхан уншигчдын хүртээл болгосон. 1972 онд “Ар тайгын хүү”, “Аав,ээж, би” номоороо МЗЭ-ийн шагнал, 1998 онд “Аранзал зээрд” номоороо Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, …. онд “Долоон бөхтэй тэмээ” номоороо МЗЭ-ийн Алтан өд шагнал, 2005 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол авчээ. Бас олон улсын хүүхдийн уран бүтээлийн шагнал гурван удаа авсан талаар “Bookstore” сайтад мэдээлжээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *