Categories
мэдээ нийгэм

ШШГБ-ыг хүний эрхийг хангах чиглэлээр сайн ажилласан гэж дүгнэлээ

Олон улсын Хүний эрхийн өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тохиодог билээ. Энэхүү өдрийг угтан ХЭҮК-оос санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байгаа байгууллагууд болох ЦЕГ, ШШГЕГ, ЗХЖШ, ХХЕГ, МХЕГ-уудтай хамтарсан уулзалтыг зохион байгуулж, санамж бичгийн хүрээнд хамтран хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан байна.

Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Хүний эрхийг хангах чиглэлээр тэр дундаа Хорих анги, Цагдан хорих байрнуудын орчин нөхцөлийг сайжруулах, хүний жам ёсны эрхийг хангах чиглэлээр бодитой томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэдгийг онцлон хэллээ.

Мөн гадаад орнуудын Хүний эрхийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд Цагдан Хорих 461 дүгээр ангийн орчин нөхцөлтэй танилцаад олон улсын жишиг стандартад нийцэхүйц хэмжээнд хүрсэн байна гэж хэлснийг дурдаад цаашид энэхүү хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хүнийн эрхийг хангах үйлсэд хамтран зүтгэж, илүү их амжилт гарган ажиллахаа илэрхийлэв.

Хүний жам ёсны эрхийг хангах чиглэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас санаачлага гарган, идэвхтэй үйл ажиллагаа явуулсны дүнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 26 цагдан хорих байрнаас 18 цагдан хорих байрыг шинээр барьж, 7 цагдан хорих байрыг шаардлагад нийцүүлэн засварлажээ.

Түүнчлэн 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүрьеэгийн төрөлжсөн эмнэлэг, Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байр, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1990 онд баталсан “Хоригдлуудтай харьцах үндсэн зарчмууд”-д заасан “…түүний байнга оршин суух газарт нь ойр дөт орших хорих газарт байлгана…” гэсэн зарчмын хүрээнд Улаанбаатар хотын харьяат ялтныг ар гэрээс нь холдуулахгүйгээр, хүний жам ёсны эрхийг хангасан нөхцөлд ял эдлүүлэх зорилгоор Баянзүрх дүүрэг дэх нэгдсэн хорих ангийн барилгыг үргэлжүүлэн барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

ШШГБ-ыг хүний эрхийг хангах чиглэлээр сайн ажилласан гэж дүгнэлээ

Ялтны хөдөлмөрлөх эрхийг ханган 2016 оны эхний арван сарын байдлаар 3895 ялтныг сайн дурын үндсэн дээр хөдөлмөрт хамруулж, тэдгээрт 369,5 сая төгрөгийн цалин хөлс олгож, хохирсон иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээж гэм хорын төлбөрт 71,2 сая төгрөгийг хөдөлмөрийн хөлснөөс суутган төлбөр авагчдад шилжүүлжээ.

Улсын хэмжээнд нийт ялтан, хоригдогчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, ялтныг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхтэй холбогдсон нэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Хорихын нэгдсэн эмнэлгийн шинэ байрыг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг жигдрүүлэн, II шатлалын эмнэлгийн түвшинд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилсэн.

2016 оны эхний арваннэгэн сарын байдлаар нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд 4995 ялтныг хамруулж, 1081 өвчтөнийг Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээнд хамруулжээ.

Ялтны сурч боловсрох эрхийг хангах ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд мэргэжлийн сургалтад 2015 онд 562 хамрагдаж, 2016 онд 857 ялтан мэргэжил эзэмшиж, чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхтэй болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 295-аар буюу 34.5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм байна.

Түүнчлэн ял эдэлж буй нийт ялтны 3,1 хувийг эзэлж буй хөгжлийн бэрхшээлтэй 140 ялтны хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, бусад хүмүүстэй ижил түвшинд амьдрах нөхцөлийг хангах, протез, ортопедийн хэрэгслээр хангах ажлуудыг зохион байгуулан “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Нэгдсэн холбоо”-той хамтран ажиллах санамж бичиг байгуулан, 900.000 төгрөгийн үнэ бүхий тэргэнцэр, протез, ортопедийн хэрэгсэл олгож, хөгжлийн бэрхшээлтэй 91 ялтныг “Сэргээн засах үндэсний төв”-ийн эмч нарын үзлэг, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулжээ.

Мөн суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэх санал санаачлагыг дэмжих зорилгоор “Шинэ амьдрал” төслийг хэрэгжүүлэн, 62 иргэнд бичил бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 5 сая хүртэлх төгрөгийн мөнгөн тэтгэмж, суллагдсаны дараа оршин суух өөрийн гэр оронгүй 88 иргэний хүсэлтийг холбогдох газарт уламжлан амьжиргааг дэмжих тусламжид хамруулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *