Categories
мэдээ нийгэм

Д.Болд: Агаарын бохирдлын эсрэг хамтдаа далайцтай арга хэмжээ авцгаая

НҮБ-ын Хүүхдийн сангаас өнөөдөр “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” судалгааны тайланг олон нийтэд танилцуулжээ.

Нийслэл хотын тоосонцорын хэмжээ дэлхийн стандартаас долоо дахин их байна гэв. Манай улсад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь тэргүүлэх шалтгаан нь хатгалгаа байдаг юм байна. Энэ нь өөрөө эх нялхсын эндэгдлийн 15 хувийг эзэлж байдаг аж. Хатгалгаанд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь агаарын бохирдол гэдэгтэй хүн бүр л санал нийлэх байх. Ялангуяа хүүхдүүд насанд хүрэгчдээс хоёр дахин хурдан амьсгалдаг бөгөөд уушги нь харин бохирдоход амархан байдаг хэмээн танилцууллаа.

Мөн насанд хүрээд архагшиж болох гурван төрлийн өвчин агаарын бохирдлоос үүсэж байгаа гэдгийг судалгааны тайлан харуулсан тухай НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберто Бенес онцолж байлаа.

Харин Монгол Улсын Төрийн соёрхолт дуучин Д.Болд НҮБ-ын Хүүхдийн сангийн агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогджээ.

Энэхүү арга хэмжээний үеэр тэрбээр “Агаарын бохирдлын эсрэг дуу хоолойгоо өргөх нь зөвхөн олны танил хүний хувиар биш эцэг хүний үүрэг гэдэг утгаараа энэхүү индэр дээрээс үг хэлэхдээ таатай байна. Би өөрөө хоёр хүүхдийн аав. Миний хүүхдүүд ч гэсэн агаарын бохирдолд өртөж хорт үр дагаврыг нь амсаж байгаа. Бага хүү маань байнга ханиад хүрч, ханиад нь харшлын шинж тэмдэгтэй байдаг. Эхнэр бид хоёр хүүхдээ аваад үргэлж эмнэлгээр явдаг. Бидэнтэй адилхан олон ээж аавууд байгаа байх гэж би бодож байна. Гэтэл зөвхөн ханиад биш эхийнхээ хэвлийд байгаа хүүхдүүд эрсдэж, дутуу төрөх явдал нэмэгдэж байна. Төрсөн хойноо хатгалгаагаар эндэж байгаа нь ч агаарын бохирдлоос үүдэлтэй гэж эмч нар ярьдаг. Хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйд агаарын бохирдол нөлөөлдөг бөгөөд агаарын бохирдолтой газар төрсөн хүүхэд ой тогтоох чадвар бага, аливаа зүйлийг ойлгохдоо удаан байгааг судалгаагаар нотолжээ. Ийм л хортой нөхцөлд ирээдүй болсон үр хүүхдүүд маань өсөж байна гэж бодохоор аав миний хувьд санаа зовохгүй байхын аргагүй. Тиймээс бүгдээрээ хамтдаа зоригтой, далайцтай арга хэмжээ авъя гэж олон мянган ээж аавуудын өмнөөс би уриалж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *