Categories
мэдээ цаг-үе

Нацагийн Жанцанноров: Монгол хүний багш бол таван хошуу мал нь юм

Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров “Номын жор” өдөрлөгт оролцохдоо оюунлаг залуустай ийн хөөрөлдсөн юм.


-Залуусын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархлаа. Та бидэнтэй оюун билгийнхээ охиос хуваалцаач!

-Би та нарт хэрэгтэй юм хэлэх үү, үгүй юу гэдэгтээ эргэлзэж байна. Яагаад гэвэл аливаа юм цагтай. Орчлон ертөнцийг төсөөлж байгаа та бидний төсөөлөл бол ерөнхийдөө зарчмын хувьд ижил боловч та нар өөр цагт төрж өссөн, би өөр цагт төрж өссөн учраас нийлэхгүй юм бидэнд их бий. Тийм учраас би ингэж боддог, ингэх нь зүйтэй гэж ярих нь өөрийгөө тулгасан хандлага болно. Тиймээс миний үгийг өнгөрсөн цаг дээр аваачиж “Эдний үеийнхэн ийм юмыг ингэж боддог юм байна, манай үеийнхэн үүнийг яаж бодвол зүгээр вэ” гэдгийг ухаандаа сайн тунгаах хэрэгтэй. Тэрнээс “ахмадын үг алт” гээд яваад байвал зарим нь хольцтой шүү. Цагийн хольцтой. Тэрнээс ухааны хольц бол хамаа алга.

-Та нэгэнтээ “Хөгжмийн амин сүнс бол аялга байдаг” гэж хэлсэн байдаг даа. Тэгвэл номын ариун сүнс гэвэл юуг хэлэх бол?

-Би тэгж хэлсэн нь үнэн. Аялга гэж хэлний аялгын тухай биш хөгжмийн аялгын талаар хэлсэн хэрэг. Номын амин сүнс гэдгийг номт мэргэд л хэлнэ. Орчлонгийн хүмүүс хүнийхээ хувьд бүгд ижил. Тэгэхдээ тухайн үндэстэн гэх юм уу, мянга мянган жилд оршсон нутаг ус гэх юм уу, эрхэлсэн ахуй юм уу эсвэл тэнгэрээс өгөгдсөн оюун ухааны өгөгдлүүд нь өөр өөр байгаа. Хэрвээ ийм л өөр өөр байгаа бол тухайн үндэстний номынх нь ч амин сүнс, хөгжмийнх нь ч амин сүнс өөр өөр байгаа. Өөр байна аа гэдэг нь Оросын хөгжмийн амин сүнсээс Монголын хөгжмийн амин сүнс илүү гэсэн үг бас биш. Тухайн үндэстний оюун соёлын бүтээмж бусад үндэстнийхээс илүү юм уу, дутуу байх албагүй. Өөр л байна. Өөр байгаагаараа давуу талтай.

-Монгол үндэстний бусад үндэстнээс өөр байх оюун соёл юу байдаг бол?

-Бидний хэчнээн мянган жил дөрвөн төрөл, таван хошуу малаа адуулж маллаж ирсэн энэ соёл монгол хүнийг хүн болгосон гэж жинхэнэ оюун ухаант хүний хувьд би боддог юм. Мал бол монгол хүний багш гэж заримдаа би хэлдэг. Өөрөөр хэлбэл, мал малласан хүн даарахын, өлсөхийн, өнчрөхийн, ядрахын, зовохын бүх зовлонг юуны түрүүнд малаасаа мэдэрдэг. Эндээс хайр бий болдог. Энэ хайр монголчуудыг бусад үндэстнүүдээс хамаагүй өндөрт авч явдаг гэж би итгэдэг. Төмс тарьдаг хүн бол арай өөр л гэж би бодоод байна шүү дээ. Хөдөө хээр өнчирсөн ботгоо дотроо эзэн хүн бодохдоо үр хүүхэдтэйгээ зүйрлэн боддог. Тэр нь монгол хүнийг хүнлэг, энэрэнгүй байх, орчлон ертөнцтэйгөө зөв харилцах харьцааг бидэнд суулгасан. Та нар өнөөдөр өөрийгөө арван есөн настай, хорин таван настай гэж бодож байна. Энэ бол таны төрсөн нас, оны тоо яах аргагүй мөн. Ер нь бидний хэн ч байлаа гэсэн монгол хүний настай чацуу байгаа. Миний санаа ойлгогдож байна уу. Өөрөөр хэлбэл, монголчуудын мянга мянган жилд туулж ирсэн туршлага, оюун санааны бүхэл бүтэн бодомжийг өөртөө тээж яваа. Тиймээс бид өөрсдийгөө хэдхэн настай хүн гэхээсээ илүүтэй хэдэн мянган жилийг туулсан монгол хүнийг өөр дээрээ ачиж яваа бодгаль гэж ойлгох хэрэгтэй. Энэ бодгалийг бүтээсэн бүүвэйн дуу, тэр ингэний гингэнээ, хонь тойглох аялгууны үндэс нь монгол хөгжмийн амин сүнс юм гэж би хөгжмийн зохиолч хүний хувьд боддог. Тэгэхээр Монголын утга зохиолын амин сүнс нь монгол хүнийг барьж байдаг, бусдаас ондоо, давуу байлгаж чаддаг мянга мянган жилийн өгөгдөлтэй холбоотой тэр үзэл санаа юм.

-Таныг “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин доор” уран сайхны кинонуудын хөгжмийг туурвисан уран бүтээлч гэдгийг Монголын ард түмэн мэднэ. Та Монголын хөгжмийн ертөнцөд гандан буурахгүй мундаг бүтээлүүдээ дархлан туурвиж чадсан уу?

-Намайг хүмүүс их юм хийсэн хөгжмийн зохиолч гээд байдаг юм. Яг эргээд харахаар ерөөсөө юу ч хийгээгүй юм шиг байна шүү. Залуус та нар энэ үгийг Жанцанноров зөндөө юм хийчихээд худлаа маяглаж байна гэж бодож магадгүй. Тэгвэл миний насанд ирчихээд нэг бодоод үзээрэй. Хүний хүсэл, хийх чадамж хоёр гэж хязгааргүй аварга юм байдаг юм даа. Хязгааргүй зүйл гэж ерөөс байдаггүй л юм гэсэн. Энэ аварга их юмаа хүн бардаггүй юм байна. Барж чадах насандаа бүтээж туурвихгүй бол сүүлдээ харамсах шинжтэй. Би өөртөө их харамсаж байгаа. Аливаа бүтээлийг хүн уншиж ашиглахаас гадна өөрсдөө бүтээх хэрэгтэй. Хэвлүүлж нийтлээд алдар сууд гарвал өөр хэрэг. Чиний бичиж байгаа ном бол гайхамшигтай бүтээл байх болно. Чи л хийж байгаа учраас өөр хэн ч хийж чадахгүй. Яагаад чи гэсэн нэг бодгаль байгаад байна гэвэл одоохондоо хүнийг хувилаагүй байна. Солонгост тугал хувилсан л юм гэсэн. Чамайг хувилаагүй л байгаа бол энэ орчлонд цорын ганцаар байгаа. Өөр яг чам шиг бодгаль хорвоо дээр байхгүй. Хэрвээ чи ганцаараа л байгаа бол чиний чадах юмыг бусад хүн яагаад ч хийж чадахгүй. Тиймээс та нар “Өнөөдөр нэг роман биччихье” гэж өөрийгөө зовоогоод хэрэггүй. Бүх амьдралдаа болсон, болоогүй бүх зүйлээ зүгээр л цаасан дээр тэмдэглээд бичээд бай гэж зөвлөе. Жаран насны босгон дээр очоод эргээд нэг хараарай. Тэр тэмдэглэсэн зүйл чинь гайхамшгийг бүтээсэн байх болно.

-Та өөрөө тийм тэмдэглэл хөтөлж байв уу?

-Би ийм зүйл тэмдэглээгүйдээ үнэхээр их харамсаж байна. Бусдыг өөрийнхөө ийм салан замаар явуулахгүйн тулд залуучууддаа эртхэн сануулж хэлж байгаа минь энэ. Та бүхэн Сүхбаатарын талбайн урд байдаг Марко Пологийн хөшөөг мэдэж байгаа. Тэр хүн бол Италиас наашаа ирж Их Монгол Улсад арван долоон жил болсон. Бараг тагнуулын ч чиглэлийн хүн байх. Нутагтаа очоод шоронд орсон. Шоронд ороод хийх юм байхгүй юм чинь монгол оронд байсан тухайгаа бичсэн. Ном гаргасан. Марко Пологийн тэмдэглэл одоо Монголын түүхийн салшгүй нэг хэсэг болсон. Номонд дуртай хүн бүхэн уншсан л байх ёстой. Нэг хүний тэмдэглэл нэг үндэстний түүхийг босгоход хэрэг болж байна. Тиймээс залуучууд маань бүхэл бүтэн нэг том үндэстний нэг том бодгалийн хувьд өөрийгөө үлдээх хэрэгтэй. Бид дал насалж байгаа нь насалж байгаа биш мөнхөрч байгаа юм шүү дээ.

-Яагаад мөнхөрч байгаа гэж. Орчлонгийн жамаар элэгдэж байгаа хэрэг биш үү?

-Хүмүүний энэхэн заяанд төрсөн энэ байгаа үеэ мөнхөрч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Нэг л өдөр алга болно. Та бид далан жилийн дараа уулзана гэж болзоо тавиад нэмэргүй. Хэн ч байсан энэ байгаа биеэрээ уулзахгүй. Зуун жилийн дараа бид бүгдээрээ хэн нэгийгээ харахгүй. Тэгэхээр ямар ч байсан мөнх бус гэдгийг ойлгох учиртай. Бид сэтгэж чадаж байгаа бол одоо мөнх байгаа гэдгээ ухаарах ёстой. Би тэгж бодож байна. Тэмдэглэлээ компьютерт найдалгүйгээр гараараа бичих хэрэгтэй. Би агуу их хөгжмийн зохиолч Самбын Гончигсумлаатай арван зургаан жил хамт ажилласан. Цагийнхаа автобусанд суусных нь дараа “Ямар урагшгүй хүн бэ, би” гэж өөртөө харамсаж сууна. Хэлж байсан үг бүхнийг нь тэмдэглэх нь яав аа гэж байна шүү дээ. Хүн гэдэг арван хэдэн жил өнгөрөхөд л аливаа зүйлийг мартаж байна. Тиймээс гайхамшигт бодгаль болсон хүнийг давтах боломжгүй учраас л авьяас гайхамшигтай гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Авьяас бол өгөгдөл мөн. Алдарт зохиолч Ванчинбалын Инжанаши “Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийрийг хөшиж юугаа хийнэ” гэсэн. Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадна гэсэн үг бол хүнийг ямар нэгэн хэмжээгээр ухаарч танина л гэсэн үг. Тэр хүнийг юунд гуних, юунд ухаажих, юунаас айх гэдгийг мэдэхгүй байж зохиол бичиж болохгүй. Тийм учраас манай энэ утга зохиолчид бол агуу их хүн судлаачид, хүн бүтээгчид байдаг. Авьяасыг ухаанаар зодохгүй бол авьяас хүнд очиж наалдахгүй

-Та бол Монголын хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтнээс гадна соёлын томоохон төлөөлөгч. Монгол судлал сүүлийн үед гадагшаа хандлагатай боллоо гэцгээх юм?

-Монгол судлалын төвийг Монголоос алдчих вий гэж айх огт хэрэггүй. Хөрс нь Монголд байгаа юм чинь юунаас нь айх юм. Хамгийн гол нь Монголыг л судалж байг л дээ. Хаана ч төвлөрч байсан Монголыг их л судалж байвал сайн биз дээ. Америктаа төвлөрөөд судална уу, Япондоо төвлөрөөд судална уу ямар хамаатай юм. Бидэнд социализмын үеийн сонин сэтгэлгээ байна. Тэр нь харамч зан. Уртын дууг минь харийнхан сурчих вий, манай тийм зүйлийг сурчих вий, судалчих вий гэсэн хармын сэтгэлгээг орхих хэрэгтэй. Монгол хүн хэдий чинээ оюун санааны тусгаар тогтнолтой байх тусам Монголын яруу найраг дэлхийд хөрвүүлэгдэж, Монголын морин хуурыг дэлхий хөгжимдөж, монгол уртын дууг дэлхий дуулсан цагт л монгол үндэстний оюун санааны дархлаа бэхжинэ. Намайг гэхэд Өмнөд монголчуудад уртын дуу заалаа гээд шүүмжлээд байдаг. Нэг өмнөд монгол ирээд уртын дуу заалгах гэхэд нь “Чи хятад биз дээ” гэж хөөгөөд явуулах ёстой юм уу. Энэ хүн чинь монгол шүү дээ. Монгол хүн монгол дуугаа суръя гээд ирэхэд ийм хүйтэн хөндий хандаж болохгүй. Бид социализмын үеийн сэтгэлгээнээсээ салахгүй байгаа бас нэг зүйл бол өөрсдийгөө дандаа бага буурай, жижиг гэж бодох. Хүн бүхэн тэгж боддог. “Монголын утга зохиол Орос, Хятадын утга зохиолд нөлөөлсөн нь” гэж огт бодохгүй. Яагаад бид гаднын соёлд нөлөөлж болдоггүй юм бэ. Тийм муу улс юм уу, бид. Тэр Иранд байгаа үндэсний уран барилгад нь манай Өлзийт хааны оюун санаа орсон зүйл байж л байна. Хүлэгийн улс, Батын улс байж л байсан. Арвангуравдугаар зуунд Монголыг л дуурайна уу гэхээс өөр хэнийг дуурайх юм бэ. Монголын сэтгэлгээ, соёл дэлхийг тэр үед атгаж л байсан биз дээ. Тиймээс залуучууд оюунаа жаахан онгойлгох хэрэгтэй.

-Оюунаа яаж онгойлговол зүгээр бол?

-Монголын үнэртэй бүтээлийг сайтар мэдрэх хэрэгтэй. Дэндэвийн Пүрэвдорж гуайн “Сэгс цагаан богд”, Тангадын Галсан найрагчийн бүтээлүүдийг уншихад монгол, хөдөө амтагдана, мэдрэгдэнэ, үнэртэнэ, хөөе. Одооны найрагчдын шүлгийг уншихад ямар ч үнэр байхгүй юм. Хүн бол боловсруулдаг нэг л тархитай. Таван мэдрэхүйгээрээ сайхан, муухайг ялгана. Үнэртэх, амтлах хоёр нь хэрэглээ болсон. Тиймээс энэ талын урлаг замбараагүй хөгжчихсөн. Үнэртэх урлагийн чиглэлд гэхэд “Шанель”, “Диор” энэ тэр гээд өчнөөн олон брэнд бий болчихсон. Энэ чинь ахуйн хэрэглээнд тулгуурласан мэдрэхүйн эрхтэнд таалагдахын тулд арилжааны урлаг болоод хөгжчихсөн. Амтлах гэхэд тогоочийн урлагийг дурдахад хангалттай. Чих, нүд, мэдрэх гурваа хүн сайн хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжимтэй холбоотой бүх урлаг чихээр дамжиж нөгөө л тархинд очно. Дүрслэх урлаг нүдээр дамжина. Мэдрэхүй хэлээр дамжина. Гурил гэж бичихэд гурил л амтагдана. Урлаг гэдгийг нам төртэй холбон ойлгож огт болохгүй.

Төрийн дуулал ч юм уу, намын тухай дуу гэдэг чинь бидний сайн сайхныг ашигласан дээрэм байхгүй юу. Урлаг бол эцсийн эцэст эр, эм хоёр хүний бие биедээ таалагдах, сайхан байх гэсэн харьцаан дээр бий болсон зүйл. Урлагийн түүхэнд ийм зүйл бичсэнийг би олж хараагүй. Гэхдээ би тэгж л боддог. Монгол Улсын төр дэлхийн улс гүрнүүдтэй хөл нийлүүлэн явна, тэгэхдээ сонгодог нүүдлийн соёлоо хадгална гэж яриад байгаагаа амьдрал дээр нотолж хийж бүтээх хэрэгтэй. Хийхэд боломж, гарц бий. Гэхдээ УИХ-ын гишүүн С.Жавхлангийн яриад байгаагаар хийж болохгүй. Өөрөөр хэлбэл, морио уная ч гэдэг юм уу, хог арилгая гэж болохгүй. Жавхлан бол юу бодох ёстой вэ гэхээр морио унуулахын тулд морь унадаг хүмүүсийг урамшуулдаг тогтолцоог бий болгох ёстой. Мотоциклиор мал хариулна гэдэг чинь хамгийн амархан зүйл. Хоёр литр бензинээр зуун километр газар явна. Хамгийн хурдан бүтээл. Яагаад ашиглаж болохгүй гэж. Тэгэхээр яах ёстой вэ гэвэл ямааны ноолуурт урамшуулал олгож болж байгаа юм чинь, тариа тарьдаг хүнд төрөөс урамшуулал олгож байгаа юм чинь эмнэг сургадаг хүнд урамшуулал олгодог болчих хэрэгтэй. Аргал түүдэг, аргал түлдэг айлд урамшуулал олгоод мод түлдэг өрхөд торгууль тавих ёстой байхгүй юу. Сүүгээрээ, нэхийгээрээ бүтээгдэхүүн хийдэг, тэмээгээрээ нүүдэг айлд урамшуулал өгөх ёстой. Монголчуудыг малаас нь салгахгүй гэвэл ийм л арга хэрэглэх учиртай.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *