Categories
мэдээ улс-төр

Оффшор дансны хуулийг буцаахыг дэмжив

УИХ-ын Хууль зүйн Байнгын хороо өнөөдөр хуралдав. Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны гишүүд нэлээд санал зөрөлдөж байв. Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа зарчмын зөрүүтэй 60 гаруй саналаар санал хураахаар болсон. Гэвч Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “60 гаруй зарчмын зөрүүтэй санал гарч байгаа нь энэ хуулийн төслийн нэр томьёо цэгцрээгүй байгааг харуулж байна. Тиймээс хуулийн төслийг долоо хоногоор хойшлуулъя” гэдэг санал гаргав. Түүний саналыг гишүүд дэмжиж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг долоо хоногоор хойшлуулав.

Үүний дараа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Гэвч Байнгын хорооны гишүүдээс нэлээд шүүмжлэл гарсан тул хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахыг дэмжив.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нэлээд шүүмжлэл хэлэв. Тэрбээр “Оффшор бүсэд 32 их наяд ам.доллар төвлөрч байна. Энэ мөнгө нь хөгжиж байгаа орнуудын өрнөөс хол давсан. Зөвхөн тэр мөнгөнөөс татварыг нь суутгавал зарим орны гадаад дахь өрийг бүрэн дарах боломжтой гэсэн судалгаа гарсан байна. Өнөөгийн нөхцөлд гадны улс орнууд Сангийн яам болон татварын байгууллагатайгаа хамтарч тэдгээр мөнгөний эх үүсвэрийг шалгах, зохих татварыг нь төвлөрүүлэх, улс орон руугаа татах ажиллагааг идэвхтэй зохион байгуулж, ажлын хэсэг хүртэл байгуулж байна” гэв.

Улмаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Нямдорж нар хуулийн төслийг буцаах саналтай байгаагаа илэрхийлж тэдний саналыг байнгын хороо дэмжив.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *