Categories
мэдээ нийгэм

Томуугийн вакциныг үнэ төлбөргүй хийж байна

Сүүлийн үед эмнэлгүүдийн хүүхдийн тасаг ачааллаа дийлэхгүй болжээ. Ханиадтай хүүхдүүд дүүргийн эмнэлгүүдийн коридорт хэвтэн эмчлүүлж байгаа бол хувийн хүүхдийн эмнэлгүүд хүртэл ачааллаа дийлэхгүй болсон байна. Хэтэрхий олон хүүхэд эмчлүүлж байгаагаас болоод хүүхдүүдийн ханиад бүрэн эдгэхгүй байгаа ажээ. Нэг дүүрэгт гурван эмч зэрэг үзлэг хийж байгаа хэдий ч иргэд доод тал нь нэг цаг дугаарлан байж хүүхдээ үзүүлж байна. Мөн эцэг, эхчүүд хүүхдийнхээ ханиадны эм, эмнэлгийн зардлыг дийлэхгүй байдалд хүрсэн байна. Учир нь ханиадны улиралтай зэрэгцүүлэн эмийн сангууд эмний үнээ нэмсээр байгаа нь иргэдэд хүндрэлтэй байгаа аж. Ханиад томууны гол шалтгаан хүйтний улирал бөгөөд агаарын бохирдлоос ч үүдэлтэй аж. Хортой утаа нь ханиадтай хүүхдүүдийн уушгины цоргыг нарийсгах, амьсгалын замд ачаалал өгөх, хоолой хорсох, өвчлөлийн эдгэрэлтийг удаашруулах гол шалтгаан болдог байна. Түүнчлэн шинээр төрж буй нярай, бага насны хүүхэд төрөлхийн болон олдмол харшилтай байх нь элбэг болжээ. Ийм харшилтай хүүхдүүд ханиад хүрэхдээ маш хурдан төдийгүй уушгины хатгалгаа болон хүндрэх нь их байдаг аж.

Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцин ажээ. Манайд улсын болон хувийн эмнэлгүүд томуугийн вакцин хийж байна. Эрдэмтэд жил бүр томуугийн хэлбэрийг сайтар судлаж тогтоосны дараа тэр жилдээ дэгдэж болох хамгийн өндөр магадлалтай вирусийн эсрэг, вакциныг бүтээдэг. Хэрэв вирусийн хэлбэр нь үнэн зөв тогтоогдсон бол тэр жилдээ энэ вакцин нь хүмүүсийг ханиад томуутай холбоотой өвчнөөс хамгаалж чаддаг байна. Вирус нь хэдийгээр яг онож тогтоогдоогүй ч байсан энэ вакцин тодорхой хэмжээний хамгаалалт үзүүлдэг ажээ.

Вакцин, хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа үйлчилж эхэлнэ. Нэг жил хүртэл хамгаалах үйлчилгээ нь үргэлжилдэг.

Томуугийн вакциныг зургаан сартай болон түүнээс дээш насны хүүхдүүд, хөгшид, насанд хүрсэн хүмүүс ч хийлгэж болно.

Томуугийн вакциныг арав, арваннэгдүгээр сард хийлгэвэл илүү сайн. Гэхдээ арванхоёрдугаар сард ч гэсэн хожимдохгүй. Ес хүртэлх насны хүүхдүүд анх удаа вакцин хийлгэж байгаа үед томуугаас хангалттай сайн хамгаалахын тулд дөрвөн долоо хоногоос багагүй хугацааны дараа давтан хоёр дахь удаа хийлгэх шаардлагатай болдог. Томуугийн вакцинд харшлын урвал өгөх нь ховор. Гэхдээ тус вакциныг өндгөнд ургуулж гаргаж авдаг учраас өндгөнд харшилтай хүмүүс хийлгэх хэрэггүй.

Ямар нэгэн зүйлд хүнд хэлбэрийн харшил өгч байсан хүмүүс вакцин хийлгэхийг хориглоно. Мөн өмнө нь томуугийн вакцин хийлгэхэд мэдэгдэхүйц хариу урвал өгч байсан бол эмчид мэдэгдэж зөвлөгөө авах хэрэгтэй.

Хүндэвтэр болон хүнд өвчтэй хүмүүс өвчнөө эдгэртэл хүлээж бүрэн эрүүлжсэний дараа вакцин хийлгэхийг зөвлөж байна. Хөнгөвтөр өвчлөгсөд харин вакцин хийлгэх боломжтой юм.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ хийж буй. Мөн нийслэлийн зургаан дүүргийн 86 цэцэрлэгийн 23 мянга гаруй хүүхдэд үнэ төлбөргүй хийж эхэлжээ.

Томуугийн вакциныг:

Сонгинохайрхан дүүрэгт: 38, 78, 80, 81, 84, 90, 91, 111, 116, 117, 125, 127, 148, 156, 158, 163, 170, 188, 192, 195 дугаар цэцэрлэг

Чингэлтэй дүүрэгт: 173, 224, 43, 31, 124, 56, 126, 83, 102, 103, 174, 155, 154 дүгээр цэцэрлэг

Баянгол дүүрэгт: 15, 30, 47, 57, 133, 141, 33 дугаар цэцэрлэг

Багануур дүүрэгт: 131, 132, 138, 139, 142, 193, 194, 235, 241 дүгээр цэцэрлэг

Сүхбаатар дүүрэгт: 36, 51, 109, 130, 150, 159, 166, 171, 175, 205, 217, 225 дугаар цэцэрлэг

Баянзүрх дүүрэгт: 115, 128, 167, 168, 169, 172, 199, 200, 201, 202, 203, 20, 210, 213, 32, 3, 45, 52, 62, 63, 64, 6, 8 дугаар цэцэрлэг, 40 дүгээр хүүхдийн клиник сувилалд тус тус томуугийн вакцин хийж байна.

Н.ГАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *