Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгийнхэн өргөтгөсөн хурлаараа төрийн албаны томилгооны талаар хэлэлцжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болов. Бүлгийн хурлаар эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам болон төрийн албаны томилгоо, томилогдсон хүмүүсийн чадамжийн талаар хэлэлцсэн байна. Бүлгийн хурлаар хэлэлцсэн томилгооны асуудлаас үүдэж Төрийн албаны тухай хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна гэж гишүүд санал нэгдсэн гэнэ.

Эрх баригч намын хувьд УИХ-ын сонгуулийн дараа төрийн албаны халаа, сэлгээг ураг төрлийн хэлхээгээр хийж, нэлээд хэл ам дагуулсан. Тухайлбал, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирлаар томилогдсон. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан төрсөн дүү Д.Баярсайханаа Төрийн банкны гүйцэтгэх захирал болгосон. С.Батболдын хүү Б.Баттүшиг Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүнээр томилогдсон. Мөн УИХ-ын гишүүн Сү.Батболд эхнэр Х.Отгонтуяагийн дүү, туслах Б.Асралт Гаалийн Ерөнхий газрын даргаар томилогдсон. Н.Энхболдын худ А.Цогцэцэг эрүүл мэндийн сайдаар ажиллаж байна. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр Мөнхбаатар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга болсон. Сангийн яамны сайд асан Я.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч болсон. Шадар сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр БХБЯ-ны газрын дарга болсон. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Гадаад харилцааны яамны ТЗУГ-ын даргаар очсон. ХЗДХ-гийн сайд С.Бямбацогтын төрсөн дүү С.Тунгалагтамир ХНХ-ын яамны газрын дарга болсон гэхчилэнгээр төрийн албыг төрлийн алба болгож, томилгоог ургийн хэлхээгээр хийсэн байх жишээтэй.

Ц.БУЛГАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *