Categories
мэдээ цаг-үе

Ё.Лхагвасүрэн: Цахим гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд мэдээллээ нууцал

-Зургаан жилийн турш садар самуун бичлэг хийж, мөнгө олдог байсан этгээдийг баривчилсан-

Цахим төрлийн гэмт хэрэг үйлдэгчид сүүлийн үед нэлээд нэмэгдэж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас иргэдэд анхааруулсаар байгаа. Бага насны хүүхдээс эхлээд өсвөр насныхан, залуус цахим гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэгтэн болсон тохиолдол цөөнгүй байгаа гэнэ. Мөн сүүлийн үед өсвөр насны охид, эмэгтэйчүүд цахим гэмт хэргийн золиос болж, хохирох нь ихэсчээ. Шинэ төрлийн гэгдэх цахим гэмт хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн сүүлийн үед ноцтой цахим гэмт хэргүүдийг эрчимтэй илрүүлж байна. Хамгийн сүүлд гэхэд Баянгол дүүргийн иргэн бусдын хувийн мэдээллийг хууль бусаар олж авч, дарамталсан хэрэг гарсан байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Дээрх хэргийг ярихаас өмнө Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар ярья. Энэ хэлтэс интернэт орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус хэлтэст цахим гэмт хэрэгт мэргэшсэн алба хаагчид ажиллаж байгаа. 2016 оны гуравдугаар улирлын байдлаар 20 холбогдогчтой 18 гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Интернэт ертөнцийг ашиглан бусдын эд хөрөнгийг далайлган авсан долоон хэрэг гарсан. Фишинг буюу хортой код ашиглан бусдын мэдээллийг хууль бусаар олж авсан, ашигласан дөрвөн гэмт хэрэг шалгагдаж байна. Интернэт орчинд мөрийтэй тоглож, үүнийг зохион байгуулж, эрхлэн явуулсан гэх үндэслэлээр нэг иргэнийг шалгаж байгаа. Мөн бусдыг залилан мэхэлсэн гурав, садар самуун сурталчилсан хоёр хэргийг шалгаж байна. Энэ мэтээр цахим гэмт хэрэг үйлдэгчийг илрүүлсээр байна.

Харилцаа холбооны газраас гаргасан хамгийн сүүлийн судалгаагаар Монгол Улсын хүн амын гуравны хоёр нь өдөр бүр интернэт ашиглаж, мэдээлэл авч, түгээж байна гэсэн байна лээ. Ялангуяа бага насны хүүхдүүдтэй холбоотой хэрэг их байна. Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ илүү анхаарал тавих шаардлагатай болж байна. Өмнө нь таны хүүхэд гадуур явж байгаад гэмт хэргийн хохирогч эсвэл холбогдогч болдог байсан бол одоо гэртээ байж байгаад цахим гэмт хэрэг үйлдэх, хохирогч болох боломжтой болсон. Эцэг, эхчүүд интернэт орчинд таны хүү, охин хэнтэй харилцаж байна, ямар мэдээлэл олон нийтэд түгээж байна гэдгийг үзэх, байнга хяналт тавьж байх шаардлагатай. Болж өгвөл бага, өсвөр насны хүүхдэд фэйсбүүк болон бусад хаягийг нээж өгөхгүй, ашиглуулахгүй байх нь зүйтэй. Мөн насанд хүрсэн хүмүүс ч интернэтийг соёлтой хэрэглэх хэрэгтэй юм. Интернэт соёл гэдгийг хүмүүс буруугаар ойлгоод байдаг. Өөрийнхөө гоё гарсан зургийг фэйсбүүк, твиттертээ оруулсныгаа соёл гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ нь өнгөц ойлголт юм. Интернэт соёл гэдэг маань наад захын мэдэгдэхүүнтэй болох шаардлагыг хэлж байгаа юм. Фэйсбүүк, твиттерт холбоо сайтууд бий болсон. Тэнд ихэвчлэн насанд хүрэгчдэд зориулсан мэдээлэл тавьсан байдаг. “Энэ мэдээллийг үзнэ үү”, “Та энэ зар сурталчилгаан дээр дараад орно уу” гэх мэт. Ийм мэдээлэл рүү орох нь аюултай. Үүгээр дамжуулаад хортой код буюу фишинг кодоор дамжуулж таны нууц үгийг хуулбарлаад авчихдаг. Үүнээс болоод таны мэдээллийн аюулгүй байдал алдагдаж байна. Саяхан Баянгол дүүрэгт оршин суух 30 настай Г гэгч нь хортой код ашиглан зургаан иргэний хувийн мэдээллийг олж авч, түүгээрээ дамжуулан айлган сүрдүүлж, дарамталсан хэрэг гарсан. Гэмт этгээд нэг иргэнээс сая төгрөг, таван иргэнээс 2400 ам.доллар авч байсныг илрүүлээд, шалгалтын ажил хийгдэж байна. Б гэгч нь гурван иргэний захидал харилцааны байдлыг зөрчих гэмт хэрэг үйлдсэн. ЭЦГ-ын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 135.2, 149.2, 209.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тиймээс иргэд өөрийнхөө фэйсбүүк хаягийг нягталж үзэх шаардлага бий болоод байна. Фэйсбүүк найз болсон хүмүүсээс хэдэн хүнтэй нь танил, огт танихгүй хэдэн хүн байна. Танихгүй хүмүүст та болон таны хүүхдүүд өөрийнхөө хувийн мэдээллийг хэрхэн хүргэсэн байна вэ гэдэгт байнга анхаарал хандуулах хэрэгтэй. Хүмүүс өглөө хэдэн цагт хаашаа явж байгаа, ямар хоол идсэн, аль дэлгүүрээр хэсэж, ямар юм авч байгаагаа хүртэл сошиал ертөнцөд оруулж байгаа нь эргээд танд, таны хүүхдэд хортой гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Саяхан Баянгол дүүрэгт садар самуунд уруу татсан бичлэг төлбөртэйгөөр цацдаг эмэгтэйг саатуулсан гэсэн үү?

-Тийм ээ. Бусдыг садар самуунд уруу татсан контент үйлдвэрлэсэн дөрвөн хэрэг шалгагдаж байна. Хамгийн сүүлд Баянгол дүүргийн “Өндөр цалинтай ажилд өөртөө итгэлтэй залуу охидыг авна” гэх зарын цаана садар самуунд уруу татан, мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байсан хэргийг илрүүлсэн. Зургаан жил орчим үргэлжилсэн энэ үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид нэлээн хугацаанд судалсны дүнд илрүүлсэн байгаа. Баянгол дүүргийн III хороонд оршин суух хаягтай 26 настай, эмэгтэй Г гэгчийг шалгаж байна. Г нь 2010 оноос эхлэн ийм төрлийн хэргийг үйлдэж байсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байгаа. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 231.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ хэргийг өмнө нь гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд, эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Сэжигтэн Г нь дээрх зарын дагуу ажилд орохоор ирсэн зүс царай, бие хаа сайтай залуу охидыг шалгаруулан авч, АНУ-д байрлах насанд хүрэгчдэд зориулсан цахим хуудаст өөрийн үүсгэсэн студиэр дамжуулан ажиллах охин тус бүрийг нууц нэр өгөн бүртгэн авч, цахим орчинд вэб камер ашиглан садар самуунд сурталчилсан гаж үйлдэл хийлгэн, төлбөртэйгөөр цацаж ашиг орлого олж байжээ. Тэрбээр гэмт үйлдлээ халхавчлах үүднээс нэг жилээс илүүгүй хугацаагаар байр түрээслэн охид бүсгүйчүүдийг ажиллуулах студийг байгуулдаг байсан нь тогтоогдсон.

-Гэр бүлээрээ түлэгдсэн хүмүүст туслах аян өрнүүлж байна гээд иргэдийн мөнгийг хувьдаа завшсан хэрэг гарсан гэж байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Өмнө нь цахим төрлийн залилангийн хэрэг гардаг байсан. Ихэнх нь дэлхийн томоохон брэнд бүтээгдэхүүний нэрийг ашиглан “Та сугалаанд шалгарлаа” гэх мэтээр залилдаг байсан. Тэгвэл сүүлийн үед өөр хэлбэрээр залилж эхэлж байна. Фэйсбүүк орчинд бусдын зовлонгоор ашиг хонжоо хайгчид “2016 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө нэгэн айлд гал гарсны улмаас гэр бүлийн хүн түлэгджээ. Бяцхан охин түлэгдэж ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Өдөрт 1-1,3 сая төлж байгаа тул бусдаас тусламж хүсч байна” гэсэн мэдээлэл цацагдсан. Ийм хандив тусламж хүссэн мэдээлэл гарч, олон хүн уг мэдээллийг бусдад түгээж, зарим сайхан сэтгэлтэй хүн мэдээлэл дээр байх дансанд мөнгө шилжүүлэн сэтгэлийн дэм өгсөн байна. Харамсалтай нь тусламж хүссэн мэдээлэлд дурдагдсан данс нь өөр хүний данс байсныг цагдаагийн алба хаагчид тогтоон шалгаж байгаа. Хэдийгээр нэг айлын гурван хүн түлэгдэн биеийн байдал нь хүнд байдалтай байгаа нь үнэн ч бусдын зовлонгоор ашиг хонжоо хайгчид байхыг үгүйсгэх аргагүй юм. Цагдаагийн алба хаагчид уг асуудлыг судлан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Одоогоор ямар зорилгоор өөр хүний данс бичиж олон нийтэд мэдээлэл тараасан бэ гэсэн асуудлыг шалгаж байна. Иргэд бусдад тусламж өгөх гэж байгаа бол өөрийн биеэр очиж, ар гэрийнхэнтэй нь уулзаж байж өгөх нь илүү найдвартай юм.

-Секс сүрдүүлгийн гэмт хэргийн тоо сүүлийн үед буурч байгаа гэсэн үү?

-Энэ төрлийн гэмт хэргийн гаралт өмнөх жилүүдээс хэд дахин буурч байна гэсэн судалгаа гарсан. Гэхдээ секс сүрдүүлгийн гэмт хэрэг бүр гарахгүй байгаа гэсэн үг биш. Өсвөр насны охиддоо эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй. Гэмт хэрэгтнүүд охидын зургийг хууль бусаар олж авч, дараа нь дарамтлах хэрэг гарч байна. Гэмт этгээд “Хэрэв надад мөнгө өгөхгүй бол энэ зургийг нь аав, ээж, хайртай хүнд чинь үзүүлнэ” гэж дарамталсан хэрэг цагдаагийн байгууллагад хэд хэдэн удаа шалгагдсан.

-Цахим гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд юуг анхаарах ёстой вэ. Бусдын дарамт шахалтад орсон тохиолдолд хамгийн түрүүнд яах ёстой вэ?

-Интернэтийн хэрэглээ, хөгжил дэвшил манай улсад маш хурдацтай хөгжиж байгаа. Дэлхий нийтийн жишгээр хүссэн хурдаа авч ашиглаж байна. Хандалт, хэрэглэгчдийн тоо олон улсын стандартын дагуу явж байгаа. Манай улсын хүн амын 70 орчим хувь нь интернэт ашиглаж байгаа. Ийм олон интернэт хэрэглэгч бий болчихсон учир амар хялбар аргаар мөнгө олох гэсэн этгээдүүд байсаар байна. Цахим гэмт хэрэгт өртөхгүй байх ганц боломж бол иргэн та өөрөө. Фэйсбүүктээ байгаа огт танихгүй найзууддаа ямар төрлийн мэдээлэл өгөөд байгаа, хувийн чанартай мэдээлэл хэр олон байгааг харах ёстой. Санал бодлоо солилцож байгаа контент дээр юу бичээд байгааг нь ажиглах ёстой. Хэрэв өөрийнхөө хувийн мэдээллийг хэт их оруулсан бол үүнийг устгах хэрэгтэй. Ингэж байж өөрийгөө гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж чадна. Мөн хэн нэгэн таныг дарамталж, мөнгө төгрөг нэхэх, хууль бус үйлдэл хийхийг оролдох юм бол цагдаагийн байгууллагад тэр даруй хандах ёстой. Гэмт хэрэгтнүүдийн тавьсан болзлыг хүлээж авах тусам тэд даварч, илүү их зүйл шаарддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Цагдаагийн байгууллага таны хувийн мэдээлэл олон нийтэд цацагдахаас урьдчилан сэргийлж чадна гэдгийг хэлмээр байна.

Э.БААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *