Categories
мэдээ цаг-үе

Меланья Трамп

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч тэрбумтан Дональд Трамп ялалт байгуулсан тухай мэдэгдсэн даруйд шинэ тэргүүн хатагтайн тухай яригдсан. Тус улсын түүхэнд хоёр дахь удаагаа хожим нь Америкийн иргэн болсон бүсгүй тэргүүн хатагтай болж байгаа юм. XIX зуунд Ерөнхийлөгч асан Жон Куинс Адамсын эхнэр Луиза Жонсон нь англи эмэгтэй, АНУ-д төрөөгүй анхны тэргүүн хатагтай байсан. Харин Меланья Трамп 2001 онд ногоон карт авч, арван жилийн өмнө АНУ-ын иргэн болжээ.

Меланья Трампын жинхэнэ нэр нь Меланья Кнавс. Тэрээр хуучнаар Югослав, одоогийн Словенийн Севнице хэмээх хотод 1970 онд төржээ. Аав нь хуучин машин засч зардаг, ээж нь хүүхдийн хувцасны үйлдвэрт ажилладаг тарчигхан амьдралтай айл байсан гэдэг. Харин охин Меланья нь аливаа юманд шаргуу, зорьсондоо хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөдөг байсан хэмээн цуг сурсан найзууд нь хожим дурсан ярьжээ. Тэрээр маш эелдэг зантайгаас гадна муухай үг хэлдэггүй байсан гэнэ.

Америкийн шинэ тэргүүн хатагтайг тэрбумтан нөхрийнхөө ачаар олны танил болсон гэж зарим нь боддог. Үнэндээ бол тийм биш. Меланья нь Д.Трамптай танилцаж гэр бүл болохоосоо өмнө олны танил болчихсон байжээ. 16 настайгаасаа загвар өмсөгчөөр ажиллаж нэлээд амжилтад хүрсэн. Түүгээр ч зогсохгүй кино урлагт хүчээ сорьсон. Хичээлдээ маш сайн Меланья дунд сургуулиа дүүргээд Любянскийн их сургуульд архитекторч мэргэжлээр суралцсан. Оюутан байхдаа нэгэн гэрэл зурагчинтай танилцаж царайлаг бүсгүйг загвар өмсөгч болохыг ятгажээ. Ингээд л Меланья сургуулиа орхисон. Загварын ертөнцөд хүчээ сорихоор Италийн нэгэн загварын агентлагтай гэрээ байгуулж Миланыг зорьсон байна. Удалгүй Парист ажиллахаар болжээ. Тэр үед хамар, урууландаа гоо сайхны мэс засал хийлгэж хөхөө томруулсан. “GQ”, “Max” сэтгүүлийн эхний нүүрэнд түүний зураг гарсан нь тухайн үедээ нэлээд шуугиан тарьсан гэдэг. Ингэж Меланья барууны загварын ертөнцөд алдаршчээ. “Vogue”, “Glam­our” зэрэг сэтгүүлтэй гэрээ байгуулан ажиллаж байсан боловч Европт загварын ертөнц санхүүгийн хувьд уналтад орсон тул Америкийг зорьжээ. 1990-ээд оны дунд үеэс Нью-Йоркт суурьшиж 1999 онд түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн үйл явдал тохиосон юм. “Allure” сэтгүүлд зургаа авахуулж байхдаа тэрбумтан Дональд Трамптай танилцсан байна. Д.Трам 52, Меланья 28 настай байсан үе. Бүсгүй тэрбумтанд ихэд таалагдсан тул шууд л утасных нь дугаарыг гуйсан гэдэг. Эхэндээ Меланья нүүр өгөөгүй бөгөөд хожим нь энэ талаараа “Тухайн үед Дональд Трампын талаар би тийм ч сайн мэддэггүй байсан. Би өөрийн гэсэн амьдралтай, ертөнцтэй байлаа. Тиймээс түүний ямар амьдралтай талаар ойлголтгүй байсан” хэмээн дурсан ярьсан байдаг. Д.Трамп нэлээд хичээл зүтгэл гаргаж байж залуухан бүсгүйн сэтгэлийг эзэмдсэн.

Нэртэй загвар өмсөгч бүсгүйд хайртай болсноо Дональд өөрөө олон түмэнд зарлаж байсан түүхтэй. Нэгэн радиогийн нэвтрүүлэгт оролцохдоо үлдсэн амьдралаа цугтаа өнгөрүүлэх хайр сэтгэлтэйгээ учирсан тухайгаа ярьжээ.

2004 онд залуу хосууд сүй тавьж, Меланья 12 кратын алмаазан шигтгээтэй, 1,5 сая ам.долларын үнэтэй бөгж бэлгэнд авсан. 2005 оны нэгдүгээр сарын 22 бол тэдний амьдралын хамгийн баяртай өдөр. Тэд Флоридагийн “Bethesda-by-the-Sea” сүмд хуримласан юм. Тухайн үедээ нэлээд шуугиан тарьсан хурим болсон талаар одоо ч яригдаж бичигддэг. Арнольд Шварценеггер, Билли Жоэл, Рудольф Жулиан зэрэг алдартнууд гээд нийтдээ 350 зочин цайллагандаа урьсан.

Дашрамд дурдахад, саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар Д.Трампын өрсөлдөгч асан Хиллари нөхөр Билл Клинтоны хамт тэрбумтны цайллаганд оролцсон байдаг. Тухайн үед хэвлэл мэдээллийн бүх л хэрэгслээр энэ хуримын талаар мэдээлсэн гэнэ. Ёслолын ажиллагаанд зориулсан баялууг 3000 сарнайгаар чимсэн аж. Харин сүйт бүсгүй Меланьягийн 200000 ам.долларын үнэтэй хуримын даашинз онцгой сэдэв байлаа. 20 кг жинтэй даашинзыг урлахад 550 цаг зарцуулсан байна. Гэхдээ яг хэдэн ам.доллараар захиалан хийлгэсэн талаар янз бүрээр ярьцгаадаг. Меланья Трамп нэгэн ярилцлагадаа 100000 ам.доллар төлсөн гэжээ. “Christian Dior”-ийн загвар зохион бүтээгч Жон Гальяно даашинзыг 100 метр цагаан атласаар урлаж сувд зэрэг эрдэнийн чулуугаар гоёжээ. Меланьягийн хуримын даашинзтай зургийг “Vogue” сэтгүүл эхнийхээ нүүрэнд тавьж тэр дугаартаа “Тэрбумтантай гэрлэх арга” гарчигтай нийтлэл гаргасан юм. Энэ бол Дональдын гурав дахь гэрлэлт байсан.

Одоогоос арван жилийн өмнө Меланья хүүгээ төрүүлж Бэррон Уильям Трамп гэдэг нэр хайрласан. Хүү 10 настай хэдий ч хослол өмсч, аавтайгаа гольф тоглож, заавар, тушаал өгөх дуртай аж. Бэррон Уильямыг бага Трамп ч гэдэг. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп цагаачдын талаар ямар бодлого баримтлахаа сурталчилгааныхаа үеэр маш тодорхой ярьсан байдаг. Меланья ч энэ бодлогыг нь бүрэн дэмжиж байгаа гэнэ. Үүнийг сонссон олон хүн гайхаж байгаагаа илэрхийлээд хэдхэн жилийн өмнө Меланья өөрөө АНУ-ын иргэншилгүй байсныг сануулжээ. Дональд Трамп улс төрийн чухал асуудлаар ч эхнэртэйгээ зөвлөлддөг гэнэ.

Дональд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд словенчууд хамгийн их баярласан гэнэ. Словен бүсгүй Америкийн тэргүүн хатагтай болно хэмээн тус улсын иргэд ихэд бахархаж байгаа гэнэ шүү.

Ирэх онд албан ёсоор АНУ-ын тэргүүн хатагтай болох Меланья Трамп ямар асуудал дээр анхааран ажиллахаа саяхан мэдэгдсэн билээ. Олон нийтийн сүлжээгээр ялангуяа насанд хүрээгүй хүүхдийг доромжлох явдалтай шийдэмгий тэмцэх аж. Өөрөө арван настай хүүтэй болохоор хүүхэд ямар эмзэг болохыг сайн мэддэг гэнэ. АНУ-д олон нийтийн сүлжээгээр дамжин сэтгэл санааны хохирол амссан хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд 88 хувиар нэмэгдсэн байна. Ийм асуудлаар олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах “Childline” байгууллагад нэг жилд гэхэд 4500 хүүхэд ханджээ.

Нэг хэсэг өөрийн загвараар гоёл чимэглэл болон цаг зах зээлд гаргаж байсан Меланья удахгүй нөхөр, хүүхдийнхээ хамт Цагаан ордонд нүүж очно. Словен, серби, англи, франц, герман гээд таван гадаад хэлтэй түүнийг дээд сургууль төгсөөгүй хэмээн нэг хэсэг өөлсөн. Өнгөрсөн долдугаар сард Меланья Трампын 1995 оны үед авахуулсан нүцгэн зургийг нь “New York Post” сонин хэвлэсэн. Үүнд Дональд тайлбар хийхдээ “Тэр үед Европт ийм зураг моод байсан” гэсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн явуулсан санал асуулгаар нэр дэвшигч Хиллари Клинтон ялна гэсэн дүн гарч байсан. Гэтэл Бүгд найрамдах намаас нэр дэвшигч ялалт байгуулсан нь америкчууд төдийгүй дэлхий нийтийн гайхшралыг төрүүлсэн билээ. Шинэ тэргүүн хатагтай юу хийхийг одоогоор урьдчилан хэлэхийн аргагүй. Ямар ч байсан энэ сарын 10-ны өдөр Цагаан ордонд Дональд Трамп, Барак Обама нар уулзахад Меланья Трамп, Мишель Обаматай ярилцсан юм. Энэ үеэр удахгүй тэргүүн хатагтай болох тэрээр Цагаан ордны дотоод ажилтай танилцсан байна. Америкийн түүхэн дэх хамгийн үзэсгэлэнтэй гэгдэж буй тэргүүн хатагтай удахгүй Цагаан Ордонд нүүн ирж нарийн бичгийн дарга, тогооч, бие хамгаалагчтай болно. Харин тэргүүн хатагтайн хувьд юу хийхийг цаг хугацаа л харуулах байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *