Categories
мэдээ улс-төр

Шинэ цэвэрлэх байгууламж барих ажлыг шуурхайлах чиглэл өгөв

УИХ ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Туул голын бохирдлын асуудлаар ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Сүхбат ахалж ажилласан байна.

Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал ус нийлдэг зургаан цооногоос мэргэжлийн байгууллагууд дээж авч судлахад хүн амын эрүүл мэндэд хортой хром, мөнгөн ус, зэс, цайр зэрэг хүнд металлуудын бохирдол маш өндөр гарчээ. Үүнтэй холбоотойгоор Ажлын хэсгээс Туул голын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байна гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Төв цэвэрлэх байгууламжид 8.1 тэрбум төгрөг зарцуулахаар болж, хөрөнгийг гаргасан. Харгиаг шинэчлэх хэмжээний хөрөнгийг хотын төсвөөс гаргасан ч технологийн шинэчлэл буруу яваад хор саармагжуулах бодисыг жил бүр улсын төсөвт 80-90 сая төгрөгөөр суулгадаг болсон. Хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлж үзсэн үү.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан:

-Төв цэвэрлэх байгууламжид засвар хийх зорилгоор Ерөнхий сайдын багцад 8.1 тэрбум төгрөг суулган, шийдэрлэж өгсөн. Энэ ажил дээр ажлын хэсэг ажиллаж байна. Эцсийн дүгнэлт гараагүй байгаа. Нийт 25 ажил төлөвлөснөөс 100 хувь биелэсэн 12 ажил бий. Зарим ажил огт хийгдээгүй, нийлүүлэх ёстой материал нь Германд, Орост, Эрээнд ирчихсэн байгаа гэдэг. Өмнөх нийслэлийн орлогч, ерөнхий менежер хоёр нь “Би авна, чи авна” гэж хэрэлдсээр байгаад 12 -хон ажил 100 хувийн биелэлттэй байгаа. Гэтэл 3.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Заримд нь 100 хувь санхүүжилт олгосон хэрнээ ажил нь яваагүй гэсэн хариулт өглөө.

Эцэст нь УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөхөөр болов. Үүнд:

  • Туул голыг тусгайлан хамгаалах, бохирдлыг бууруулах, цаашид бохирдлоос урьдчилан сэргийлэх, тодорхой эрх бүхий байгууллагад хариуцуулах, улсын тусгай хамгаалалтад авах чиглэлээр судлан, хууль бусад шийдвэрийн төсөл боловсруулах УИХ-д мэдүүлэх.
  • Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн асуудал хэт удаашралтай байгаа тул шинэчлэлийн ажлыг шуурхайлах чиглэлд анхаарч ажиллах, нээлттэй тендэрийн шалгаруулалт явуулж, шинээр төв цэвэрлэх байгууламж барих ажлыг гүйцэтгүүлэх.
  • Туул голын орчимд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосны улмаас эвдрэлд орж, нөхөн сэргээлт хийдгээгүй талбайд байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэн, нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулан, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах.
  • Төв аймгийн Заамар сумын нутагт олгогдсон алтны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хуулийн хэрэгжилтийг хангуулах зэрэг 10 гаруй даалгаврыг Засгийн газарт өгөхөөр болж, шийдвэрлэлээ.
  • Улаанбаатар хотын хэмжээнд бохир ус цэвэрлэх долоон байгууламж ажилладаг, тэр бүгд бохир усаа Туул гол руу нийлүүлдэг нь бохирдлын хамгийн том шалтгаан болж байна гэж ажлын хэсгээс мэдээллээ. Мөн Туул голын ай сав газар ашигт малтмалын олборлолт, хайгуул хийж байгаа аж ахуйн нэгж ч цөөнгүй байжээ. Тухайлбал, Төв аймгийн Заамар суманд алтны ашиглалтын 10, хайгуулын 98 лиценз олгогдсон байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *