Categories
мэдээ цаг-үе

Ц.Цогзолмаа: Эдийн засгийн томоохон реформ хийх шаардлагатай байна

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай ярилцлаа.

-УИХ-аар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах тусгай хөтөлбөрийг хэлэлцэж байгаа. Гэвч бодитой хэрэгжих боломж бага, хэтэрхий ерөнхий зүйлс тусгасан гэж үзэж байна. Үнэхээр уг хөтөлбөрийг хэрэгжүүлээд эдийн засгийн хүндрэлээс гарч чадах уу?

-Улс орны эдийн засаг хүнд байна. Ард иргэд болон шийдвэр гаргах түвшнийхний санааг зовоож буй асуудал болсон. Эдийн засгийн асуудал хэлэлцэж, шийдвэрлэх гэж буй үед бодит байдал чухал нөлөөтэй. Манай улсын эдийн засгийн төлөвлөлт цаасан дээр, уламжлагдаж ирсэн арга барилаараа л яваад байна. Төсөв хямралтай үед инфляцийг 20 хувиар танах гэхчлэн арга барилаар явж байгаа. Яг энэ замаараа бид өнөөгийн үүсээд буй эдийн засгийн хямралыг давах боломжгүй. Тиймээс төлөвлөлт, арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Нэг ёсондоо эдийн засгийн томоохон реформ хийх шаардлагатай байна. Ийм шинэчлэл хийе гэх үүргийг УИХ-ын гишүүд Засгийн газар болон Сангийн яамныханд өгч байгаа. Төсвийг таная гэхээр цалин хасна, орон тоо цомхотгоно гээд байж болохгүй. Юуны тулд бүхэл бүтэн мэргэжлийн яам ажиллаж байгаа билээ дээ. Тиймээс бодит байдал ямар байгаа вэ гэдгийг зөв олж харж байж төлөвлөх хэрэгтэй. Хүнд хэцүү үед хүүхдийн 20 мянган төгрөгийг өгөхгүй гэж байгаа мөртлөө түүнээс илүү ач холбогдол багатай асуудал дээр мөнгө төсөвлөөд явж байна. Ер нь судалгаа шинжилгээ дутуу, асуудалд нухацтай ханддаггүй зүйлс өөрчлөгдөхгүй яваад байна гэх зүйл ажиглагдаж байгаа. Засгийн газар 1.8 жилийн дотор эдийн засгийн бусад эх үүсвэрийг судлаасай. Гаднаас хөрөнгө оруулалт татаж байж л эдийн засгаа сэргээх боломжтой мэт ярих юм. Гэтэл дотоодын нөөц, эх үүсвэрээ ашиглаж эдийн засгаа солонгоруулах арга замыг хаймаар байна. Мэдээж хэрэг хөрөнгө оруулагчдыг татах нь зөв. Гэхдээ эрх зүйн тогтвортой үйл ажиллагаатай болъё л доо. Тэгэхгүй бол гадныхан ч манайд хөрөнгө оруулахаас зайлсхийдэг болсон байна. Гол шалтгаан нь тогтолцооны тогтворгүй байдал. Нэг нам нь гарч ирээд өмнөхийнхөө хийсэн ажил, үйлчилгээг хүчингүй болгоод явдаг. Энэ бүхний цаана Монгол Улсын хөгжлийн тогтвортой байдлыг харах боломжгүй болоод байна.

-Төсөв батлахдаа нэлээн таналт хийсэн гээд байгаа. Гэхдээ бодитоор хасаж чадаагүй гэх яриа бий. Төсөвт ямар, ямар шаардлагагүй зардал тусгасан бол?

-Тодорхой жишээнүүдийг цаас хараад ярьж болно л доо. Гэхдээ ерөнхий агуулга, зарчмын хувьд үнэхээр тэсвэрлэх ёстой зардал юу байв гэдэг зарчмаа тогтох байсан. Үүнийгээ хямралын үед тэсвэрлэх ёстой. Хоморголоод бүх төрийн албан хаагчдын цалинг хасах буруу. Магадгүй өндөр албан тушаалтан буюу арай илүү цалин авч буй хүмүүсийн цалинг 30 хувиар багасгах санал тавьсан. Ийм байдлаар мэдрэмжтэй, зохистой байдлаар танах ёстой. Нөгөөтэйгүүр төсөв хэмнэх гээд байгаа бол тансаг хэрэглээгээ хасаж болно.

-Таны ярьж буй зүйлсийг ирэх оны төсөв дээр танаж чадсан уу?

-Ерөнхийдөө нэлээн танасан. Орж ирсэн төсвийн шүүсийг нэлээн шахсан байх гэж бодож байгаа. Нэлээн олон асуудлыг буцаасан. Буцаасны үр дүнд төсвийн өрийн босгыг боломжийн хэрээр багасгасан байх гэж бодож байгаа. Ер нь ерөнхийлөөд яваад байвал үр дүнд хүрэхгүй. Шуудхан 2017, 2018 онд төсвийн алдагдал хэдэн хувиар багасах вэ гэдгийг нарийвчлан тооцож зоригтой тоо тавья гэсэн. Зорилгодоо хүрэхийн төлөө эрмэлзэлтэй ажиллая гэх зарчим дээр тохиролцож чадсан учраас төсвийн өрийн босгыг багасгах чиглэлийн асуудал нэгдсэн ойлголттой, үр дүнд хүрсэн гэж харж байгаа.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар ярьж байгаа. Хэрвээ уг хөтөлбөрийг эхлүүлвэл төсөвт хэзээ тодотгол хийх вэ. Төсвийн тодотголоор нэн тэргүүнд анхаарах зүйлс юу вэ?

-“Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэх ОУВС-гийн шинжээчид манай улсад ажиллаад явсан. Дүгнэлт хараахан гараагүй байх. Эцсийн дүгнэлт гарвал мэдээж хэрэг УИХ-аар хэлэлцэх байх. Тэр үед саналаа хэлнэ. “Стэнд бай” хөтөлбөрийг өмнө нь хоёр удаа авахдаа төсвийн сахилга батыг сайжруулах тал дээр үр ашгаа өгч байсан. Аль зардлыг хасах, алийг нь үлдээх ёстой вэ гэдгийг нарийн тооцоолж байсан юм билээ. Тэгэхгүй бол бид хоорондоо ярилцаад таная гэхээр аль нэг сайд миний багцаас хасах гэлээ гээд салбар салбараар өрсөлдөөд байдаг. Харин “Стэнд бай”-д хамрагдсанаар асуудлыг эрэмбэлж байгаад шаардлагатай санхүүжилтийг шийдэж өгдөг. Үүгээрээ өндөр агуулгатай. Нөгөөтэйгүүр энэ хөтөлбөрт хамрагдчихвал зээлжих зэрэглэл буураад хөрөнгө оруулагчид үргэх магадлалтай.

-Харин ч зээлжих зэрэглэл дээшилж гадны улс орнууд хөрөнгө оруулалт хийнэ гээд байх шиг байна?

-Үгүй. Өнгөрсөн хоёр удаагийн хөтөлбөрийн үр дүнгээр аваад үзэхэд “Стэнд бай” хэрэгжиж буй цаг хугацаанд хөрөнгө оруулалт буурч байсан. Яахав, Япон зэрэг улс орон тусална гэж буй нь төсвийн сахилга бат сайжрахтай холбоотой. Асуудлаа тодорхой болговол хөрөнгө оруулна гэж байгаа. Түүнээс биш бизнесийн тодорхой салбаруудад хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй. Стратегийн буюу түншлэлийн хүрээнд туслахад бэлэн байна гэж байна.

-Энэ удаагийн парламент нийгмийн халамжид чиглэсэн бодлогыг хумиад байх шиг анзаарагдаж байна. Хүүхдийн мөнгийг л гэхэд 2019 он хүртэл хуримтлал хэлбэрээр хойшлуулсан. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг мөн хугацаанд нь баталсангүй?

-Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад хүүхдийн мөнгийг зайлшгүй бэлэн мөнгөөр авах ёстой буюу нийт хүүхдийн 60 хувьд олгож байгаа. Үлдсэн хэсгийн мөнгийг хуримтлал хэлбэрээр буюу бэлэн бус байдлаар олгож байна. Хамрагдах хүрээ хумигдаагүй. Хүүхдүүд бүрэн хамрагдаж байгаа. Хүүхэд харах үйлчилгээний асуудлыг нэг хэсэг зогсоосон нь үнэн. Ажлын байр бий болгож байсан гэх өнцгөөс л хараад байгаа. Олон хүн ажлын байраа бэлдчихээд байтал зогсоочихлоо гэж ярьсан. Гэтэл ажлын хэсэг байгуулагдаад ажлаа эхлэх үед хүүхэд харах үйлчилгээг эрхлэх гэж буй хүн сургалтад хамрагдсан уу, аюулгүй хоол хүнсээр хангаж чадах уу гэхчилэн асуудал хөндөгдсөн юм. Өнөөдөр бодит байдал дээр зарим газар нэг өрөө түрээслээд ямар ч сургалтгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хүүхдэд өдөрт гурван удаа бантангаас өөр хоол өгөхгүй. Хоол хүнснээс авах амин дэм, витамины хэрэгцээг хангахгүй байна гэхчилэн олон зөрчил илэрсэн. Гэхдээ иргэд нэгэнт энэ үйлчилгээг хүсэж байгаа гэдэг утгаар нь үргэлжлүүлэхээр боллоо. Уг үйлчилгээнд зургаан мянган хүүхэд хамрагдаад, 2500 орчим иргэн ажлын байраар хангагдсан учраас үйл ажиллагааг нь сайжруулаад, аттестатчилал явуулаад үргэлжлүүлье гэж ярьсан. Тэгэхгүйгээр одоогийн байдлаар нь үргэлжлүүлбэл тэнд маш олон хүүхдийн эрх зөрчигдөж байна гэдгийг ажлын хэсэг тодруулчихлаа. Ажлын байр, ажиллаж буй боловсон хүчинд нь аттестатчилал хийх хэрэгтэй. Хүүхэд харах үйлчилгээ нэг ёсондоо яг л цэцэрлэг шиг байх ёстой. Тийм хэмжээнд ажиллуулахыг шаардах нь төрийн үүрэг. Энэ утгаараа цаашид ажлыг нь улам сайжруулаад явна. Ер нь аливаа халамжийн бодлогод хойрго хандаж буй зүйл байхгүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль яагаад хойшлогдсон бэ гэхээр хууль эрхзүйн орчин хангалттай хэмжээнд биш байна. 2004 онд уг хуулийн хэрэгжилт тийм ч сайнгүй байсан. Гэр орондоо байхдаа удаа дараа хүчирхийлэл үйлдсэн хүн цагдаад баривчлагдаж 24 цаг болоод зөрчил гэж авч үзээд байсан. Гэр бүл доторх гэмт хэрэг байнга давтагдаж сүүлдээ хүний амь нас хохирох болсон. Гэр бүлийн хүчирхийллийн хуулиар гэмт хэрэгт тооцогддоггүй байсан юм.

-Одоо Эрүү, Зөрчлийн тухай хуультай хамт орж ирэх үү?

-Тэгнэ. Хугацааг нь хойшлуулсан түр шалтгаан бий. Эрүүгийн хуультай хамт өөрчлөлтүүдийг нь хийх ёстой. Ингэж байж эхнэрээ дарамтлаад байгаа нөхрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч буюу гэмт хэрэгтэн байна гэсэн зүйл заалттай болгох юм. Түүнээс биш өмнөх хуультай ижил байдлаар зөрчлийн хэмжээнд яваад байж болохгүй. Бусад хуультайгаа уялдуулах зорилгоор хугацааг нь хойшлуулаад ажлын хэсэг ажиллаж байна. Ялангуяа эмэгтэй гишүүд бүгдээрээ энэ хуулийн ажлын хэсэгт багтсан. Нэг ёсондоо гурван удаа цагдаагийн дуудлагад бүртгэгдсэн бол давтан хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр гэмт хэрэгт хамааруулж шалгана. Тэгэхгүй бол арав, хорин удаа дуудлага өглөө гэхэд зөрчил гэж үзээд торгоод явуулдаг. Ингэж гэр бүл доторх хүчирхийллийг таслан зогсоох эх сурвалж болж чадахгүй байна.

-УИХ-ын эмэгтэй гишүүд нэгдээд албан бус бүлэг байгуулна гэж байсан. Албан бус бүлэгтэй болчихвол хэрхэн ажиллая гэж төлөвлөж байгаа вэ?

-Ерөнхийдөө эмэгтэй гишүүд маань албан бус бүлгийн зохион байгуулалтад орж ажиллаж байна. Ялангуяа нийгмийн шинж чанартай хуулиудын ажлын хэсэгт орсон. Нөгөөтэйгүүр нийгэм дэх хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн чиглэлээр анхаарал татаж буй асуудлыг анзаарч байгаа. Гэхдээ олон нийтийн анхаарлын төвд орж буй асуудал болгоныг барьж аваад шоу хийгээд байхгүй. Үнэхээр бодитой хуулийн заалтуудыг өөрчилж нийгэмд хэрэгтэй үр дүнгийн төлөө ажиллана. Тулгамдаж буй асуудлыг хуваарилж аваад туршлага, мэдлэгтээ тулгуурлан ажиллая гэж ярилцсан. Жишээлбэл, миний хувьд хоёр ажлын хэсэгт орж хууль өргөн барьчихсан явна.

-Ямар хууль өргөн барьсан юм бэ?

-Хоёр хууль өргөн барьсан. Эхнийх нь хүүхэд төрүүлсэн ээж бүр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байх тухай. Хоёрдугаарт нь, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль. Өнөөдөр ажил хийдэггүй хүн ээж боллоо гэхэд хохиролтой. Ажилгүй учраас төрөхийн өмнөх болон дараахь тэтгэмжээ авч чадахгүй байна. Тиймээс ажилгүй ээжүүд хүүхэд төрүүлбэл нийгмийн даатгалын шимтгэлийг улс төлнө. Нэг хүүхэд төрүүлбэл улсад 1.5 жил ажилласнаар тооцож нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас төлөх юм. Дөрвөн хүүхэд төрүүлсэн эмэгтэй улсад нэг ч жил ажил хийгээгүй байлаа гэхэд дараа нь зургаан жил ажилласан болж тэтгэврээ тогтоолгоно. Нэг ёсондоо ажилгүй ээжүүдэд чиглэсэн төрийн үйлчилгээ гэсэн үг.

-Эдийн засаг хүнд байгаа үед Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг зарим салбарт 90 хувиар хөнгөлөх гэж байгаа. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагыг хамруулах боломжтой биз дээ?

-Олж буй орлогынхоо хэмжээгээр татвар төлдөг нь аль ч нийгмийн үнэн зүйл. Хэвлэл мэдээллийнхэн бол бусад салбартай л адил нийгэмд үйлчлээд явж байгаа. Нийгмийг эрүүлжүүлэхээр ажилладаг. Тэр утгаараа татварын зөв бодлогоор дэмжих ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *