Categories
мэдээ соёл-урлаг

С.Цогтсайхан: Их урлагийн гэр бүлд багтах хувь заяатай төрсөндөө баярлаж явдаг

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, СУИС-ийн
багш, МУСТА С.Цогтсайхан хэдхэн хоногийн өмнө “Учиртай гурван толгой” аялгуут эмгэнэлт
жүжигт Нансалмаагийн дүрд тоглосон юм. Түүнтэй шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцсаныг
сонирхуулъя.

-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга саяхнаас Монгол Улсын Үндэсний
урлагийн их театр гэгдэх болж нэрээ өөрчилсөн. Анхныхаа уран бүтээлээ ч үзэгчдийн
хүртээл болгосон. Шинэ уран бүтээлийн гол дүрд таныг тоглосон гэсэн?

-Чуулга маань саяхан арваннэгдүгээр сарын эхээр, Засгийн газрын шийдвэрээр
Монгол Улсын Үндэсний урлагийн их театр болж нэр маань өөрчлөгдсөн. Манай хамт олон
их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн 110 насны ойд зориулан 1934 онд Д.Нацагдорж,
Д.Намдаг нарын бүтээл “Учиртай гурван толгой” аялгуут эмгэнэлт жүжгийг яг тэр үеийн
дуулалт хэлбэрээр нь найруулан тавьсан. Найруулагчаар Н.Болд, уран бүтээлийн зөвлөхөөр
МУУГЗ А.Цэдэн-Иш ажиллаж, гол дүр болох Юндэнд СТА Б.Батмэнд, Балганд дуучин Д.Наранхүү,
Хоролмаад СТА Ц.Түмэнжаргал нар тоглож, миний хувьд Нансалмаагийн дүрийг бүтээх
эрхэм хариуцлагатай үүрэг ноогдсон. Энэ дүрийг бүтээхийн тулд тэр үеийн талаар нэлээд
ул суурьтай судалгаа хийж, их өвөрмөц Нансалмаагийн дүрийг бүтээлээ. Манай үзэгчид
Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг сайн мэддэг бол бид энэ удаад
ардын дуунуудын аялгуунд оруулсан хэлбэрээр анх удаагаа бүтээлээ. Энэ нь Үндэсний
урлагийн их театрын урын сангийн бодлоготой нийцэж, уран бүтээлчдэд илүү ойр, сайхан
бүтээл болсон. Нээлтээ их зохиолчийн төрсөн өдрөөр нь, төрсөн нутаг болох Гүн галуутайд
хийж Багануур дүүргийн үзэгчдэдээ бэлэг барьж, амжилттай тоглоод ирлээ.

-Урлагийн их замд хөтлөгдсөн түүхээсээ дурсана уу?

-Хүүхэд байхаасаа би дуучин болно гэж мөрөөддөг байлаа. 1990 онд
Соёл урлагийн дээд сургууль байгуулагдахад анх уртын дууны ангид элсэн орж Зууны
манлай уртын дуучин, МУАЖ, Төрийн соёрхолт Н.Норовбанзадын анхны дээд мэргэжлийн
уртын дуучин шавь болох гавьяат багш Ц.Дэлгэрийн ууган шавь нь болж, энэ мундаг
хүмүүсийн заасан эрдмийг өвлөж суралцсандаа их бахархдаг. Сургуулиа төгсөөд
1996 онд УАДБЧуулгад дуучнаар орж байлаа. Намайг энд 20 гаруй жил ажиллах хугацаанд
чуулга маань ҮДБЭЧ, дараа нь Үндэсний урлагийн их театр гээд нэрээ гурван удаа сольж,
би ч уран бүтээлээ түмэн олондоо хүргэсээр явна.

-Тантай нэгэн цаг үед хамтарч уран бүтээлээ хийж байсан, одоо ч хамтран
ажиллаж байгаа дуучин яах аргагүй Б.Батмэнд. Та хоёрыг анхны дуэт дуучдын нэг гэдэг.
Хамтарсан уран бүтээлүүдийнхээ талаар уншигчдад сонирхуулаач?

-Тийм ээ, бид театрынхаа тайзнаа тавигдсан “Сүнжидмаа” дуулалт жүжгийн
Сүнжидмаа, Мянганы дүр, сая “Учиртай гурван толгой”-н Юндэн, Нансалмаа зэрэг гол
дүрүүдийг хамтдаа бүтээсэн. Түүнээс гадна 2000 оноос хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс
А.Энхтайван, А.Байгалмаагийн “Санасан шүү чамайгаа” дууг анхны дуэт хэлбэрээр хослон
дуулж эхэлсэн тэр үеэс үзэгч түмнийхээ талархлыг хүлээсэн. Түүнээс хойш олон сайхан
дуу дуулсан. Хаана ч явсан үзэгч сонсогчдодоо хэдийнэ танил болж, дуугий минь аялах
нь уран бүтээлч хүний хамгийн том бахархал гэж боддог. Уран бүтээлч хүний хувьд
тайз дэлгэцийн бүтээлүүдэд ард түмний дунд домог болон ардын дуунд мөнхөрсөн Сүнжидмаа,
Нансалмаа, Хандармаа, Сийриймаа, Алгирмаа зэрэг олон сайхан Маагийн дүрүүдийг бүтээснээрээ
би их бахархдаг.

-Та бол дэлхийн улс орнуудаар явж ардынхаа урлагийг нэлээд сурталчилсан
дуучин. Гадаадын улс орнуудаар яваад уран бүтээлээ толилуулж байхад ямар бодол төрдөг
вэ?

-Үндэсний урлаг бол Монгол тусгаар тогтнолын баталгаа гэдэг. Тиймээс
Үндэсний урлагийн их театрын хувьд гадаад дотоодын үзэгчдэдээ ардын урлагаа сурталчлан
таниулах, өвлүүлэн үлдээх асар их үүрэгтэй. Миний хувьд дэлхийн 10 гаруй орноор
явж, уртын дуугаа түгээж сурталчлан таниулахаас гадна олон улсын ардын урлагийн
наадамд амжилттай оролцож байсан. Олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээнд
дөрвөн удаа тэргүүн байр эзэлсэн юм байна. Хүмүүс намайг бөхөөр бол Дархан аварга
юм байна гэж хошигнодог.

-Та бол Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин. Тэгвэл бие даасан
уран бүтээлийнхээ талаар манай уншигчдад сонирхуулаач?

-Би 2005 оноос хойш “Санасан шүү чамайгаа”, “Уяхан замбуу тивийн
наран дор”, “Хатан салхины аялгуу”, “Ээжийн үнэртэй сүүн аялгуу” зэрэг бие даасан
болон хамтарсан уран бүтээл хийж, үзэгч түмэндээ хүргэсэн. Их Монгол Улс байгуулагдсаны
800 жилийн ойд зориулан бүтээсэн “Их төрийн голомт” уран сайхны киноны Өүлэн эхийн
дүрд тоглосон. Мөн “Хөсөгтөн” хамтлагтай хамтран “Жаран цагаан адуу” хэмээх сайхан
бүтээлээ хийж, хамтдаа гадаад орноор аялан тоглосон.

-Та сайхан багшийн шавь, одоо өөрөө шавь нараа бэлтгэж яваа багш
хүн энэ талаар ярина уу?

-Би СУИС-д арав шахам жил уртын дууны багшаар ажиллаж, олон сайхан
шавьдаа өөрийн мэддэг бүхнээ зааж сургаж явна. Миний шавь нар ирээдүйд алдартай
сайхан дуучид болно гэдэгт итгэлтэй байдаг. Би шавь нараараа ч их бахархдаг.

-Та бол олны танил болсон уран бүтээлчээс гадна “Алдарт эхийн одон”-той
ээж хүн, гэр бүлийнхээ талаар яривал манай уншигчдад их сонин байх болов уу гэж
бодлоо?

-Уран бүтээлч хүнийг амжилтанд хүргэдэг хамгийн чухал зүйл бол хань
ижил, гэр бүл байдаг. Урлагийн хүний ажил цаг наргүй байдаг. Бүхий л цаг үед гэр
бүл, үр хүүхдээ анхаарах хань гэдэг чухал. Миний хань тийм л хүн. “Алдарт эхийн
одон”-гоо гардаж авахдаа ээжээрээ бахархаж, хайрлаж, их огшдог юм билээ. Уяхан Замбуутивийн
наран мандсан Монгол нутагтаа их урлагийн гэр бүлийн нэгэн үеийнхэнд багтаж гурван
цагийг холбох хувь заяанд төрсөндөө би баярлаж явдаг. Үндэсний урлаг үеийн үед дэлгэрэн
хөгжих болтугай хэмээн ерөөе!

Ю.ДЭЛГЭР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *