Categories
мэдээ цаг-үе

Г.ТЭМҮҮЛЭН: Австрид манайхаас 20 сарлаг аваачаад сарлагийн махан стейкний ресторан нээчихсэн байх жишээтэй

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.

-Засгийн газраас Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах
хөтөлбөр боловсруулсан. Харин УИХ-ын гишүүд хангалтгүй гэж үзээд дахин ажлын хэсэг
байгуулан сайжруулах гэж байна. Ер нь ямархуу хөтөлбөр болсон бэ?

-Уг хөтөлбөрийг манай бүлгийн хурал дээр ярьж байгаад ажлын хэсэг
гаргахаар болсон. Засгийн газраас оруулж ирсэн хөтөлбөрийг сайжруулах зорилгоор
ажлын хэсэг ажиллаж байна. Монгол Улсад эдийн засгийн хүндрэл биш хямрал нүүрлэчихсэн.
Бүхий л шатанд, аль ч салбарынхан үүнийг мэдэрч байгаа. Хүндрэлийг даван туулах,
тогтворжуулах хөтөлбөр бодитой хэрэгжээсэй, хүрэх үр дүн нь ирэх жилүүдэд тодорхой
харагдаасай гэж бодож байна. Орж эхэлсэн хөтөлбөрт ийм, ийм төслийг урагшлуулна,
ингэснээр эдийн засгийн өсөлт гурван хувьд хүрнэ, орлого тэдэн хувьд хүрнэ гэхчилэн
ерөнхий байдлаар бичсэн байна лээ. Гэхдээ энэ төлөвлөгөөний хүрээнд салбар тус бүрийн
макро түвшинд хүрэх үр дүнг, зорилго, цаг хугацаатайгаар нь нарийвчлан тодорхойлох
хэрэгтэй байна. Мөн өмнөх Засгийн газруудын үед оруулж ирж байсан, олон жил улиг
домог болтлоо яригдаж буй зарим төсөл хөтөлбөрүүд бахь байдгаараа ороод ирчихсэн
байна. Зарим нь бүр сүүлийн арав гаруй жил зүгээр л яриад байдаг хөтөлбөр ч багтсан.
Тиймээс ажлын хэсэг салбар, салбарын чиглэлээр хэлэлцүүлэг, уулзалт хийж эрдэмтэн
судлаачид болон бизнес эрхлэгчдийн санаа бодлыг сонсож байгаа. Ингэж ажиллан хөтөлбөрөө
чамбайруулахаас өөр аргагүй. Тэгэхгүй бол өмнөх Засгийн газрын алдааг давтаад явах
нь. Өнөөдрийн нөхцөл байдалд цаг хугацаа аргацааж, тооцоо судалгаагүй ажиллах боломжгүй.
Бодит үр дүн л хэрэгтэй. Иргэд болон аж ахуйн нэгжүүдийн амьдралд бодит үр дүнгээ
өгөхүйц хямралаас хөтөлбөр байх ёстой гэж харж байгаа. -Үр дүнгийн тооцоо, судалгааг
огт тусгаагүй гэж үү?

-Ерөнхийдөө тусгаагүй. УИХ дээр танилцуулсан байдлаас аваад үзвэл
ерөнхий тунхгийн шинж чанартай л орж ирсэн. Энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр
гадаад валютын нөөц нэмэгдэнэ гэх жишээтэй. Мэдээж ойлгомжтой шүү дээ. Нэг ам.доллараар,
эсхүл нэг тэрбум ам.доллараар нэмэгдэх юм уу гэсэн тодорхой үр дүнгийн судалгаа
байхгүй. Нарийн тооцоолъё гэдэг үүднээс ажлын хэсэг байгуулагдсан. Манай аж ахуйн
нэгжүүд зардлын гол ачаалал болоод байгаа банкны зээлийн хүүг бууруулж өгөөч, зогсолтгүй
өсөөд байгаа долларын ханшийг бариад өгөөч гэж хүсээд байгаа. Малчид мал хямд учраас
банкнаас зээл аваад хэрэглээгээ нөхөж байна. Малчид маань гол амьжиргааны эх үүсвэр
болсон малыг нь, махыг нь үнэтэй болгоод өгөөч гэхчлэн бодитой зүйл л хүлээж байна
шүү дээ.

-1.8 жилийн хугацаатай хэрэгжих юм байна лээ. Дунд нь тодорхой хугацаанд
хөтөлбөрийн үр дүнг дүгнээд явах уу?

-Цаг хугацаатай холбоотой, үр ашгийн дүгнэлтийн асуудлыг өмнө нь
огт дүгнэж байгаагүй юм билээ. Түрүүчийн Засгийн газрын үед “Эдийн хямралаас гарах
100 хоногийн хөтөлбөр” баталж байсан. Гэтэл 100 хоногийн дараа бүх зүйл хэвэндээ
л байлаа. Аливаа хөтөлбөр өөр дээрээ үнэлгээний хэсэгтэй байх ёстой. Үнэлгээг хэрхэн
тооцох вэ, аргачлал нь тоон байх уу, чанарын байх уу, ямар хүчин зүйлээр үнэлэх
вэ гэдгээ тодорхой тусгахгүй бол хөтөлбөр өөрөө тунхгийн чанартай болчихдог. Тиймээс
үр ашгийн дүгнэлт маань үнэлгээ хийнэ гэсэн үг.

-Хэтэрхий олон салбар хамарчихсан байна лээ. Уг нь цөөхөн хэдэн гол
салбартаа тулгуурлаад эрчимтэй ажиллаж болохгүй юу. Бүгдийг зэрэг явуулах боломж,
нөөц, чадавхи хомс болов уу гэж бодож байна?

-Эхний зургаан сарын хугацаанд аль салбарт гол ачааллаа үүрүүлэх
вэ. Дараагийн саруудад хүлээгдэж буй үр дүн энэ салбараас ирнэ гэхчлэн нарийвчлах
ёстой. Татварыг нэмээд, татвар төлөгчдийн халаас руу гараа дүрээд санхүүгийн хямралыг
даван туулж чадахгүй. Үүссэн зээлийг дараагийн зээлээр аргацаана гэсэн асуудал бас
байж болохгүй. Магадгүй гаднаас хоёр тэрбум ам.доллар орж ирээд хэсэг хугацаанд
аргацааж магадгүй. Гаднаас мөнгө орж ирлээ гэхэд өдрөөс өдөрт өсөж буй валютын ханшийг
л хэсэгтээ барих байх. Түүнээс биш асуудлыг нэг мөсөн шийдэж чадахгүй. Тиймээс хүссэн
ч, эс хүссэн ч 1.8 жилийн хугацаанд эдийн засгийн макро түвшний хүрээнд том бодлогын
реформ хийх ёстой. Аж ахуйн нэгжүүдэд Засгийн газраас баримтлах бодлого нь хугацаатай,
тодорхой, ойлгомжтой байх ёстой.

-Уг нь энэ хөтөлбөрийг ирэх оны төсөвтэй уялдуулж баталсан бол гарах
үр дүн нь илүү бодитой байх байсан юм биш үү?

-Цаг хугацаа тулсан гэдэг үүднээс төсвөө баталчихлаа. Одоо ОУВС-гийн
хөтөлбөрт хамрагдахаас өөр арга байхгүй байхаа. Бид гурван жил бүсээ чангалж байж
хонгилын үзүүрт гэрэл харагдах уу, үгүй юу л болчихсон байна. 1992 онд П.Жасрай
гуайн “Одоо л нэг хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэдэг шиг 2019 оноос гялтайх
нь уу, үгүй юу гэдэг асуудал байна. Бүр нарийн яривал Монгол Улсын тусгаар тогтнол
эдийн засгийнхаа хүрээнд ямар байх вэ гэдэг зүйлээс ч хамаарах гээд байна. Гурван
жилд зарлагаа 50 хувь бууруулж байж төсвийн тэнцлийг барих боломжтой болно.

-Засгийн газар хангалттай түвшинд ажиллаж байна уу. Засгийн газраас
оруулж ирсэн төсөл хөтөлбөрийг УИХ унагаад байна. Уг нь нэгдээд ажиллах ёстой байтал
нэг л эвлэж өгөхгүй байх шиг харагдах юм?

-Яахав, шүүмжлэлийн өнцгөөс хандаж байгаа байх л даа. Төсвийн тодотгол
болон хэд хэдэн хуулийн төслийг буцааснаас ингэж харагдаж байж магадгүй. Тухайн
үед оруулж ирсэн төсвийн тодотголыг буцаасан асуудал бий. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт
тусгасан байсан бодлогын асуудлаас гажсан зүйл гарсан учраас буцаасан. Татвар нэмэх
тухай асуудлыг ч дэмжиж болохооргүй байлаа. Нэг талаасаа УИХ-ын зүгээс Засгийн газрыг
ирэх дөрвөн жилд ямар бодлого баримталж ажиллах вэ гэдэг асуудлаар тодорхой чиглэл
өгсөн. Ирэх дөрвөн жилд ямар нэг байдлаар хий улс төржихгүйгээр, популизм ярихгүйгээр
ажиллая.

-Өнгөрсөн долоо хоногт ирэх оны төсвийг баталчихлаа. Гэхдээ оноос
өмнө амжаад “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдчихвал тодотгол хийнэ. Тэр үед юун дээр
илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Энэ хямрал айл гэр, аж ахуйн нэгж, бүх түвшинд хүн бүрт мэдэгдэж
байгаа. Иймээс “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлж өр зээл нэмэгдүүлэхгүй байх, төсөв,
санхүүгийн сахилга батыг сайжруулах, зардлыг бууруулж эдийн засгийг эрүүлжүүлэх
зайлшгүй шаардлага тавигдаж байна.

-“Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлбэл төрийн албаны данхар бүтцийг
өөрчлөх гэхчилэн олон ажил эхлэх байх. Үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-Төрийн албаны бүтэц сүүлийн дөрвөн жилд үндэслэлгүйгээр 30-40 мянган
албан хаагчаар нэмэгдэж бараг 200 мянгад хүрлээ. Төрийн албаны бүтэц олон улсын
жишиг зарчмын дагуу хамгийн бага бүтцээр, үр дүнтэй үйлчилгээ ард түмэнд хүргэх
ёстой. Төр татвар төлөгчдийн мөнгөөр албан хаагчдаа цалинжуулдаг учраас аль болох
бага зардал гаргах ёстой. Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж буй сая нэг зуун мянга
гаруй хүн бий. Тэдний 200 мянга нь төрийн албан хаагч гээд бодоод үз дээ, бараг
25 хувь. Гэтэл бусад улс орны жишгээр аваад үзэхэд Японд нийт төрийн албан хаагчдын
харьцаа 7-8 хувьтай, Австрали, Америкт дээд тал нь 15 хувьтай байдаг. Төрийн ой
санамж, бодлогын залгамж чанар гэдэг маань боловсон хүчнээрээ уг нь дамжиж хадгалагддаг
ёстой. Би ч өөрөө энэ улс төрийн горыг биеэрээ амсаж, хийж байсан ажил маань зогсоод
харамсаж байсны хувьд хэлж байгаа юм.

-Төсвийн орлогыг нэлээн тулгаж тавьсан байна лээ. Магадгүй тооцоолсон
хэмжээнд хүрэхгүй байж мэднэ. Хоосон горьдохоор нүүрсний үнээ гадаад зах зээлийн
үнээр худалдах боломж байхгүй юу. Гэрээнд өөрчлөлт оруулж болох уу?

-2020 он хүртэл уул уурхайгаас олох орлого нэг их таатай байхгүй.
Дэлхийн зах зээлийн үндсэн хэрэглэгч Хятадын зах зээл сайнгүй байгаа. 2014 оноос
хойш нүүрс, төмрийн хүдэртэй холбоотой бүх хэрэглээгээ хумьсан. 2020 он хүртэл алтнаас
бусад дийлэнх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ төдийлөн сайн байхааргүй байна. Гэхдээ
одоогийн түвшнээс доошоо унахгүй. Тэгэхээр хэсэгтээ уул уурхайн бүтээгдэхүүний үнэ
тэсрэлт хийж байсан үе рүү буцаж очно гэж байхгүй. Тэгэхээр бид зэсээс ч, нүүрснээс
ч айхтар хүлээлт үүсгэх хэрэггүй. Нүүрсний үнэтэй холбоотой ярихад эцсийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэх чиглэлийн бодлого баримтлахгүй бол болохгүй болчихлоо. Өнөөдөр гадаад
зах зээлд 200 ам.доллар байхад бид яахаараа 40 ам.доллараар өгдөг юм гэх асуудал
хөндөгдөж байна. Эцсийн бүтээгдэхүүнийг зөвхөн нүүрсээ угаах байдлаар хязгаарлаж
ойлгож болохгүй. 7.2 тэрбум тонн нүүрсний баялагтай Таван толгойн орд дээр л гэхэд
90 орчим хувь нь эрчим хүчний нүүрс. Цаана үлдэж буй 10 хувь нь коксжих буюу
200 ам.долларын үнэд хүрэх нүүрс. Эрчим хүчний зориулалтын нүүрсээ яах вэ гэдэг
асуудал гарна. Дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэе. Ядаж нүүрсээ угааж нэмүү
өртөг шингээе, боломжит дээд үнэд нь хүргэх гарцаа хайцгаая. Бүгдээрээ энэ их нүүрсний
нөөцөө ашиглаж эрчим хүч үйлдвэрлэдэг, экспортлогч орон болъё. Таван толгойд суурилаад
цахилгаан станц барина гэж бид долоон жил ярьж байна. Би өмнө Эрдэнэс МГЛ-д дэд
захирлаар ажиллаж байхдаа 300 Мвт-ын ТЭЗҮ-ийг 2013 онд хийж дуусгаж байсан. Уг нь
тэр хавраа барилгын ажил эхлээд 2017 оны намар цахилгаан станц маань ашиглалтад
орох төлөвлөгөөтэй явсан. Гэтэл хий улс төржсөөр тэр хүн хүч, цаг хугацаа зарцуулсан
ТЭЗҮ-ийг ашиглалгүй байсаар ямар ч ажил урагшилсангүй. Засгийн эрх барьж буй нам
ТЭЗҮ боловсруулна гэдэг. Миний мэдэхийн дараа нь дахиад хоёр ч ТЭЗҮ хийчихсэн. Дараагийн
дөрвөн жилд дахиад ТЭЗҮ гэж битгий яриасай л гэж бодож байна. Эцсийн бүтээгдэхүүн
буюу эрчим хүч үйлдвэрлээд эхэлвэл байнгын тогтсон үнэтэй, хэрэглэгч нь бэлэн байдаг.
Таван толгойн нүүрсийг түүхийгээр нь экспортод гаргая гэж ярихаасаа илүүтэй урд
хөрштэйгээ хамтраад усны асуудлаа хамтарч шийдээд нүүрсний нөөцөө бүрэн ашиглаж,
6000 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцтай болох боломжтой. Манай дотоодын
хэрэгцээ 1000-1500 мегаватт. Үүний дүнд эрчим хүчний гадаад зах зээлийн хамаарлаас
салж, нүүрс, түүхий эдийн үнийн савалгаа, эрсдэлээс бүрэн хамгаалагдана. Цаашид
бусад нүүрсний төслүүдээ энэ байдлаар ашиглаж чадвал 5-10 мянган мегаватт эрчим
хүчийг жилдээ экспортлох боломжтой болно. Энэ асуудлыг хөрөнгө оруулагчид ч сонирхох
өндөр магадлалтай.

-Оюу толгойн хувьд бүтээн байгуулалтын ажил эхэлснээс хойш иргэдийн
амьжиргаанд эерэгээр нөлөөлж эхэлсэн. Харин Засгийн газар гэрээнд заасныхаа дагуу
яг хэдийгээс үр шимийг нь хүртэх юм бэ?

-Оюу толгойд
Монголын төр хувь үр ашиг хүртэнэ, ашигтай ажиллана гэсэн үндсэн зарчмын хүрээнд
уг төслийг эхлүүлсэн. Тэгэхээр эцсийн дүндээ төр яах гэж бизнест орж байна вэ. Ашиг
олохын төлөө л орж байгаа. Оюу толгой төслөөс мөн л ашиг олохын төлөө орсон. Харилцан
ашигтай гэрээ хэлцлийг хийж, УИХ-аар хэлэлцэж, зөвшөөрөл олгон тухайн төслийг эхлүүлсэн.

Тухайн төслийг эхлүүлэхэд Монгол Улсад орох үр өгөөжийг шууд үзүүлэх
өгөөжөөр хэмжиж тохиролцсон. Бусдаар шууд бус үр өгөөж нь ямар ч хэмжээнд байж болно.
Нэгэнтээ Засгийн газар өөрийн төрийн аж ахуйн нэгжээрээ дамжуулан бизнест орж буй
бол үр өгөөж нь татвар, хураамж болон ноогдол ашгаар хэмжигдэх ёстой. 2009 онд байгуулсан
гэрээгээр Монгол Улсад шууд үр өгөөжөөрөө ашигтай төсөл байсан. Төслөөс гарах нийт
мөнгөн урсгалын 53 хувийг Монгол Улсын Засгийн газарт төвлөрүүлэх гэрээ хэлцэлтэй
байлаа. Энэ гэрээний дагуу жил болгон авах татвар маань доод тал нь 500-700 сая
ам.доллар байхаар, мөн дээр нь нэмж 2019 оноос хойш ноогдол ашиг авах боломжтой
байсан. Ноогдол ашиг нь 300-500 сая ам.доллар буюу жилдээ нийт татвар хураамж, ногдол
ашгаар нэг тэрбум гаруй ам.доллар улсын төсөвт төвлөрүүлэхээр байлаа. Гэтэл хий
хоосон улстөржөөд, ард түмэнд таалагдахын тулд шийдвэр гаргаж байгаад өмнөх бүх
сайн зүйлүүдээ Дубайд очоод үгүйсгэчихсэн. Харалган бодлого төрд явсны гай л даа.
Өмнөх алдаагаа давтахгүй ажиллах, том төслүүд дээр сургамжтай байхын тулд өмнөх
асуудлыг харин зарчмын хувьд ярьж байх ёстой.

-Тэгвэл төрийн өмчийн энэ олон аж ахуйн нэгжүүдийг цаашид яаж авч
явах, энэ олон төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэх ёстой юм бэ?

-Улс төржилт, хий хоосон намчирхлаас ангид байж бизнес зах зээлийнхээ
зарчмын дагуу хэрэгжинэ. Адаглаад ядаж төрийн өмчийн компаниуддаа компанийн сайн
засаглалыг яаж хэрэгжүүлэх вэ, яаж олон улсын жишигт хүргэв гэдгээс эхлэх хэрэгтэй.
Уг нь бол тэр компани төрийнх байна уу, хувийнх байна уу ялгаагүй л ашгийн төлөө
ажиллаж, дэлхийд өрсөлдөх хэмжээний том компани болох зорилготой байгаа. Гэтэл бид
ядаж Хятад шиг, Казакстан шиг, Сингапур шиг төрөөс хараат бус байдлаар бүх үйл ажиллагаагаа
явуулах, зах зээлийнхээ зарчмаар өөрсдөө шийдэх дархлааг нь эрх зүйн орчны хүрээнд
энэ компаниуддаа хийх хэрэгтэй байна. Төрөөс ямар нэг дарамт шахалт, дэмжлэг туслалцаа
ч байх ёсгүй. Дээрх улсын төрийн өмчийн компаниуд төрөөс хэр хамааралтай байгаагаа
өдөр тутам төрөөс ирж буй утасны дуудлага, албан бичгээр нь хэмждэг байна.

-Та хөдөөгийн тойргоос сонгогдсон гишүүн. Малчдын амьдралыг сайн
мэдэх хүмүүсийн нэг. Өнөөдөр хөдөөний амьдралд тулгамдаж буй гол асуудал юу вэ.
Тэнд шинэчлэлийн ямар реформ хийж болохоор харагдаж байна вэ?

-Сүүлийн арав гаруй жил Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур уул
уурхай гэж ярилаа. Хөдөө аж ахуйг бараг мартсан гэж хэлж болно. Уг нь хүссэн хүсээгүй
эдийн засгийн тулгуур салбар хөдөө аж ахуй. Тэр дундаа уламжлалт мал аж ахуй байж
таарна. Би хөдөө орон нутгаас сонгогдсон 48 гишүүний нэг. Өөрөө ч сүүлийн 20 гаруй
жил морь малтай ойр явсан хүний хувьд малчдын маань амьдралд юу тулгарч байна, бид
цаашид юу хийх ёстой вэ гэдэг асуудлыг сайн мэднэ. Хөдөө аж ахуйн салбарт бид өмнө
нь явж ирснээсээ илүүтэй шинэлэг байдлаар бодлого, шийдлээ гаргах зайлшгүй шаардлагатай.

Бодит байдлыг аваад үзэхэд өнөөдөр мал, малын мах, түүний түүхий
эдийн бүтээгдэхүүний үнэ уначихаад байна. Энийгээ дагаад малчдын амьжиргаа дордлоо.
Нэг төлгөөр өнөөдөр хоёр шуудай гурил авч чадахгүй болж байна. Гэтэл төр засаг өнгөрсөн
хугацаанд малчдынхаа амьжиргааны эх үүсвэр болсон малын түүхий эдийн үнийг тогтвортой
байлгах зөв бодлого барьж ажилласан бол өнөөгийн нөхцөлд хүрэхгүй байлаа. Цаашид
бид яаж үнэгүйдлээс хамгаалагдсан мал аж ахуйтай болох вэ. Малчдын маань орлогын
эх үүсвэр махыг бид хэрхэн үнэтэй бөгөөд тогтвортой байлгах вэ. Монгол малыг бид
хэрхэн эрүүлжүүлэх вэ гээд олон асуудал тулгарч байна. Өнөөдөр бид малаа үнэтэй
байлгая, махаа гадаад зах зээлд экспортолъё гэж байгаа бол малаа эрүүлжүүлэх асуудлыг
онцгой анхаарч, төрийн нэгдсэн бодлого, зохицуулалтаар шийдвэрлэхээс өөр аргагүй.
Малаа эрүүлжүүлэх асуудлыг сүүлийн 20 гаруй жил бид орхигдууллаа.

Өнгөрсөн есдүгээр сард Хятадад болсон дэлхийн мах экспортлогч, импортлогч
орнуудын олон улсын хурал, экспод оролцоод ирлээ. Дэлхий ямар түвшинд хүрсэн, юунд
зорьж байна, тэрнийхээ төлөө юу хийж буйтай танилцлаа. Энэ олон улсын хурал, үзэсгэлэнгийн
үеэр хятадууд ирэх жилүүдэд аль улсаас хичнээн хэмжээний мах импортлох квотоо тогтоож
байна. Мах импортлогч улс орнууд ямар шаардлага тавьж байна, юун дээр анхаарал хандуулдгийг
нь бид эндээс сурч, бодлого шийдэлдээ анхаарах ёстой. Дэлхийн хамгийн том зах зээл
болох урд хөрш маань 2017 онд 90 сая үхрийн мах авах гэж байгаа. Хятадын зах зээл
жилээс жилд нэмэгдэж байна. Хоёр жилийн өмнө 60 сая үхэр авдаг байсан бол ирэх жил
90 сая болж өслөө. Дахиад хоёр жилийн дараа магадгүй арван саяар нэмэгдэнэ. Энэ
зөвхөн үхрийн махных нь хэрэгцээ нь шүү, гэтэл бид 60 сая малтай гэж цээжээ дэлдэж
байдаг. Адаглаад ядаж хээлтэгч болон хээлтүүлэгч малынхаа бүтцийг зөв гаргаж ирэхгүй
бол 90 саяаас нэг саяыг нийлүүлэхэд тогтвортой хугацаанд нийлүүлж чадахгүй.

Тэгэхээр бид эрэлт байгаа зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэхийн төлөө
зорилготой ажиллах ёстой. Эхний ээлжинд махаа хил гаалиар гаргахад тавигддаг олон
улсын стандарт, шаардлагыг нь хангадаг болох хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал бидний
эдийн засгаа нөгөө солонгоруулах гээд байгаа боломж нэгээр бүрдэнэ. Манай монгол
мал шиг уг нь байгалийн, экологийн цэвэр бүтээгдэхүүн ховор. Гэтэл ирэх жил Хятадад
үхэр нийлүүлэх гэж байгаа Испани, Аргентин, Бразил гээд улсууд өөрсдийнхөө үхрийг
борлуулах маркетинг хийхдээ манай үхэр ямар нэг химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэггүй,
байгальд энэ монголчуудын яриад байгаа шиг тааваараа бэлчээрлэж, 300 гаруй эмийн
ургамал идэж байна, дээр нь манай 36 сартай үхэр 500 кг, өөхний зузааны давхарга
нэг см болтлоо нимгэрж чадлаа гээд хөдөө аж ахуйдаа шинжлэх ухаанчаар хандаж байгаагаа
рекламдаж байна. Өнөөдөр бид малынхаа ашиг, үр шимийг нь сайжруулахын тулд энэ асуудалд
шинжлэх ухаанчаар хандахгүй бол хэдийнэ хоцрогдчихлоо. Манайд идэшний бүдүүн үхэр
250-300 кг л татаж байгаа. Нэг ёсондоо дэлхийн стандартаас хоёр дахин давжаарчихаж.
Дээрээс нь өөхний давхарга ямар байгаа билээ. Мөн хэдэн жил тэжээж байж 250 кг жинд
хүрч байгаа вэ гэх мэтчилэн малаа эрүүлжүүлэхээс гадна үүлдэр угсааг нь сайжруулах
ажил хийхгүй энэ зах зээлд өрсөлдөж чадахгүй нь ээ.

-Та нутагтаа малын шинэ үүлдэртэй болохоор төсөл эхлүүлсэн гэсэн.
Тэр төслийнхөө талаар ярихгүй юу. Таны ярьж буй дэлхийн стандартад нийцэх үү?

-Өнгөрсөн жил Архангайнхаа зарим нэг суманд илүү нугаламтай барга
хуц нийлүүлсэн. Төлгөн хуц гэхэд 50-70 кг жин татаж байгаа. Жирийн малчин айлуудын
хонь нас бие гүйцээд сайн л бол 40-50 кг жин хүрч байгаа биз дээ. Тэгэхээр малчин
түмэн маань тооноос илүү чанарыг эрхэмлэх хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улс 60 сая малтай
байж болно. Нэг малаас хэдэн кг мах гаргаж байна вэ гэдэг чухал. Магадгүй 20 сая
малтай мөртлөө амьдын жингээр 60 сая малтай дүйцэхүйц байж болно. Цаашлаад бэлчээрийн
даацад яаж эерэгээр нөлөөлөх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Малын тоо нэмэгдэж байна
гэдэгт баярлахаас илүүтэй үүлдэр угсааг сайжруулах, эрүүлжүүлэх чиглэлд анхаарах
цаг болсон.

-Ярихынхаа оронд аль нэг аймгийг сонгож аваад жишиг хэмжээнд очтол
эрүүлжүүлээд, үүлдэр угсааг нь сайжруулж болохгүй юу?

-Би яг наадхыг чинь л зориод байна. Өмнө нь бидний мал аж ахуйн салбартаа
хийдэг байсан зүйлүүд маань өнөөдөр байхгүй болчихож, энийгээ эхний ээлжинд ядаж
сэргээе. Сум, баг бүрт байдаг байсан малын угаалгын ванн, усан сан маань алга. Хавар,
намартаа бүх малаа байндаж, туулга хийдэг байсан зүйл алдагдсан байна. Үгүй ядаж
л угаалга, туулгаа хийснээр малын арьс, ширний бүрэн бүтэн байдлыг хадгалдаг байлаа.
Гэтэл өнөөдөр ширээ тушаах гэхээр энд тэндээ хачигт баригдаад цоорчихсон болохоор
үйлдвэрүүд голоод байдаг. Социализмын үед хаврын 13, намрын найм гэсэн мал эрүүлжүүлэх
төлөвлөгөөт ажил хийдэг байсан. Үүнийг ядаж сэргээх хэрэгтэй. Зөв чиглүүлээд, бодлогын
түвшинд ажиллавал монгол малын брэнд үүсгээд явж болно.

-Мал эрүүлжүүлэх тухай олон жил ярьж байна. Дорвитой хийж буй ажил
бий юү?

-Улсын хэмжээнд вакцин үйлдвэрлэдэг ганцхан газар байна. Биокомбинатад
сүүлийн 20 жилд нэг ч хөрөнгө оруулалтын ажил хийгээгүй. Одоо л Унгараас 25 сая
ам.долларын зээл, тусламжаар шинэчлэл хийхээр ярьж байгаа. Улсын хэмжээнд өнөөдөр
нийт малынхаа 20, 30 хувьд хүрэх хэмжээний л вакциныг үйлдвэрлэж байгаа. Байгаа
нь магадгүй аль 20 жилийн өмнөх стандартын бүтээгдэхүүн. Өнөөдөр гарсан ханиад томууг
дарах боломжгүй болчихсон байдаг. Тиймээс төрийн бодлогоор малаа эрүүлжүүлэх тогтолцоог,
бүтцийг нь үндэс суурьтай нь авч бий болгох хэрэгтэй. Энэ чиглэлээр үйл ажиллагаа
явуулж буй жижиг, дунд үйлдвэрүүдийг, хувийн хэвшлийг дэмжих хэрэгтэй болжээ. Хэрэв
төрөөс зөв бодлого баримталж дэмжээд өгвөл аймаг болгонд мал эрүүлжүүлэх чиглэлийн
үйлдвэрүүд бий болно. Үндэсний үйлдвэрлэл гээд байдаг хэрнээ мал эмнэлэг, эмийн
сангуудаар орохоор гаднаас орж ирдэг цагаан тариа гэж бидний хэлж заншсан тариаг
л өргөн авч байна. Үүний оронд үндэсний эмийн үйлдвэрийн ижил чанартай тариа яагаад
байж болохгүй гэж. Ганцхан энэ тариа л монгол малчны түрийвчнээс хэдэн төгрөг гаргаж
байна вэ, хэдэн төгрөг гадагш урсаж байна вэ гэдгийг судалбал маш өндөр тоо гарна.

-Улс бодлогоо боловсруулаад ажиллавал монгол мал хэзээ бүрэн эрүүлжиж
чадах бол. Нэг захаас нь хөөгөөд вакцин тариагаа хийгээд явж болохгүй юу?

-Хөдөө аж ахуйтай холбоотой, монгол малыг эрүүлжүүлэхтэй холбоотой
хуулийн төсөл санаачлаад боловсруулаад явж байна. Засгийн газартайгаа хамтраад ажил
хэрэг болгоно. Бидэнд мал аж ахуйд суурилсан асар том нөөц бололцоо бий. Энгийн
жишээ хэлье л дээ. Хөдөөгийнхөн маань шар сүүгээ асгаж байгаа. Гэтэл Швейцарьт яаж
байна гээч. Шар сүүнд шинжилгээ хийсний дүнд ямар их амин дэм байгааг тогтоочихож.
Судалгаандаа тулгуурлаад шар сүүний ундаа, чихэр, шоколад хийдэг болсон. Гэтэл манайд
мал аж ахуйд тулгуурласан шинжлэх ухааныг орхигдуулсан. Мал аж ахуйн салбар өөрөө
өөрийнхөө хөгжлөөр явж байна. Малчин түмний нуруун дээр л явдаг. Япончуудын бас
нэг судалгаа бий. Тэд монгол сарлагийн сүүг судалсан байгаа юм. 3000 метрийн өндөрт
бэлчээрлэж хамгийн өндөр үр ашигтай ургамал идэж буй мал өөр байхгүй. Тэгэхээр сарлагийн
сүүтэй дүйцэхүйц амин дэм, тослогтой сүү байдаггүй юм. Австрийн өндөр ууланд манайхаас
20 гаруй сарлаг тээвэрлэж очоод ресторан нээчихэж. Австрид монгол сарлагийн махан
стейкний ресторан бий. Жилийнхээ хэрэгцээнд дөрөв, тавыг нь хэрэглэдэг гэсэн. Нэг
таваг хоол 30-40 еврогийн үнэтэй. Гадныхан ингэж монгол гэдэг нэрээр брэнд үйлдвэрлээд
байна. Бидэнд байгаа давуу талыг нээж өгөөд байна. Гэтэл манайхан ашиглаж чадахгүй
юм. Мал аж ахуйгаа бүрэн ашиглаж чадахгүйгээс болоод сүүний хэрэглээнийхээ 90 хувийг
гадаадаас авдаг боллоо. Уг нь мал аж ахуйн орон. Зах зээлийн гажсан тогтолцоог дагаад
өнөөдөр хөдөө үнээгээ бүтэн саадаг айл алга. Өглөөд ганцхан удаа саадаг болсон.
Хонь ямаагаа бүр саахаа больчихож. Тэгэхээр ядаж л сүүнийхээ хэрэгцээг өөрсдөө бүрэн
хангадаг болъё л доо. Өөрсдөд байгаа нөөц бололцоогоо ашиглаж брэнд бий болгох бүрэн
боломжтой. Гэтэл Аж үйлдвэрийн парк гэхчлэн том зүйл яриад байдаг. Том зүйл хайх
хэрэггүй. Үйлдвэр байгууллаа гэхэд “Эрдэнэт” шиг, “Оюу толгой” шиг байх албагүй.
Улс орны хөгжил дэвшил анхан шатны нэгжээс эхэлдэг. Сум дүүрэг, хороо багаасаа эхлэх
ёстой.

-Зорилтот зах зээл рүү нь л хандуулах хэрэгтэй шиг байгаа юм. Америкт
л гэхэд органик хүнсний ногоо бусдаасаа хэд дахин өндөр үнэтэй байдаг. Тэрэн шиг
органик үхрийн махны брэнд гаргаж болох уу?

-Тодорхой зах зээл рүү чиглэхгүй бол болохгүй. Богино хугацаанд ямар
арга хэмжээ авах ёстойгоо тодорхойлох ёстой. Ойрын хэдэн жилдээ махаа түүхийгээр
нь экспортолж чадахгүй юм байж. Тэгвэл эцсийн бүтээгдэхүүнээр гаргая. Бүтэн боловсруулсан,
хагас утсан мах гаргаж болно. Дотоодын хэрэгцээндээ борц болгоод ашиглая. Гадаад
зах зээл рүү утсан мах гаргая. Гадны улсад утаж хатаасан мах нэг кг нь 100 ам.доллар
хүртэл хүрч байгаа. Эцсийн бүтээгдэхүүн ямар үнэд хүрдэг вэ гэдгийг энэ жишээнээс
л хар. Өвөр монголчууд байна. Тэдэнтэй уулзахад сарлагийн сүү, борц авъя гэдэг.
Махаа түүхийгээр нь нийлүүлж чадахгүй юм бол хамгийн гол нь хагас боловсруулаад,
байнга нийлүүлээч гэж байгаа юм. Энэ асуудлыг ажил болгохын тулд Засгийн газар дэмжлэг
үзүүлэх ёстой. Би гэхэд аймгийнхаа хэмжээнд хоёр сум сонгож аваад, Шилийн гол аймагтай
ч юм уу харилцаа тогтооё гэж бодож байгаа. Мөн болж өгвөл ирэх жилээс жижиг, дунд
үйлдвэрүүдийг байгуулъя. Өөрсдийнхөө нөөц бололцоонд тулгуурлаад мах утдаг, хатаадаг
тоног төхөөрөмж оруулаад ирж болно. Хятадад тийм үйлдвэр байна. 20 үхрийн махыг
таван цагийн дотор утаж хатаадаг. Тийм төхөөрөмж 30 сая төгрөгийн үнэтэй. Нэг суманд
ийм техник ахадна. Арай хямд үнэтэй, арай бага хүчин чадалтай машин оруулаад ирье.
Хятадуудыг оруулж ирээд инновацийг нь нутаг орондоо суурьшуулаад авах хэрэгтэй.
Нэг суманд хэрэгжүүлэхэд дорхноо газар аваад үргэлжилнэ. Түүхий эд бүрийг боловсруулах,
нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох бүрэн боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *