Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригийн Их хурлын чуулганаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэ нь малчин гаралтай С.Чинзориг гишүүний санаачлан боловсруулсан малчдын насыг таван жилээр урагшлуулах хуулийн төсөл юм. Уг хуулийн төсөл батлагдсанаар хориос доошгүй жил малчнаар ажилласан 55 настай эрэгтэй, 50 настай эмэгтэй тэтгэвэртээ суух болж байна.
Малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулсан Чинзориг гишүүн үнэхээр хөдөөнөөс гаралтай гэдэг нь үнэн байх л даа. Өвөрхангай аймгаас Их хуралд сонгогдсоныг олон түмэн мэднэ. Харин малчин түмэндээ сүрхий хайртай юм шиг дүр үзүүлж, тэдний ахуй амьдралыг жигтэйхэн мэддэг хүн шиг нийгэмд тодорч байгаа гишүүний хүүхдүүд мал малладаггүй. Малын бууцанд дөхөх нь бүү хэл Монголын нийгэмд ч амьдрах дургүй. Эхнэр хүүхэд нь англи, америкаар л байдаг юм гэж дуулддаг. Тийм атал чухам юуны учир малчдын тэтгэврийн насыг урагшлуулах гэж улайран зүтгээд байна вэ гэхээр хөдөөд залуу малчид ховордоод байгаа гэнэ.
Нэг ёсондоо манай эрхэм гишүүн Чинзоригийг өвөл идэштэй, зун намрын цагт айрагтай байхыг нь бэлдэх хүмүүс цаашдаа дутагдаж магадгүй хэмээн тэвдэж сандарсандаа малчдыг эрхлүүлэх ээлжит аргаа ийн сэдсэн хэрэг л дээ. Чуулганы хуралдааны үйл явцаас энэ байдал нь илэрхий анзаарагдаж байсан. Тухайлбал, “Малчдын залуу халааг бэлтгэхэд энэ хууль ихээхэн хөшүүрэг болно. Тиймдээ бид тэтгэврийн насыг таван насаар наашлуулж өгье, малчнаар ажилласан жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлж тооцдог болъё гэдэг асуудлыг тусгасан. Мөн Их хурлаас баталсан Нийгмийн даатгалын талаар баримтлах бодлогод малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцна гэж заасан байгаа. Энэ хууль цаашдаа хэрэгжээд явах байх” гэж улайм цайм мэдэгдсэн.
Я.Содбаатар, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Д.Мурат, Н.Энхболд, М.Билэгт нарын олон гишүүд уг хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж, “Монголын малчин түмэнд хүлээлт үүсгэсэн төрийн шийдвэр боллоо”, “Нүүдлийн мал аж ахуйг хамгаалахад маш том хувь нэмэр орууллаа”, “Залуу малчдын тоог бууруулахгүй авч үлдэхэд зөв бодлого болж чадна” гэх зэргээр хоолойгоо чичрүүлэн байж ихэд нялуун тайлбаруудыг өгч байлаа. Хөдөөд залуу малчид ховордож байна гэдэг бол Монгол төрийн түшээдийн айж сандрах биш, харин ч баярлаж бахархах зүйл юм.
Малчид үр хүүхдээ, ирээдүй хойч үеэ боловсролтой, соёлтой, мэдлэг чадвартай хотын иргэн болж төлөвшүүлэхийг зорьж байна.
Өөрсөд шигээ уулын мухар сахисан өрөвдөлтэй, гунигт хувь заяаны эзэд болгохгүй гэж тэмцэж байна. Гэвч Монголын төр малчдаа эгээ л хоцрогдсон, бүдүүлэг амьдралтай нь хадаж орхих гэж, улмаар устгаж үгүй болгон мөхөөх бодлогоо тулган шаардсан хэвээр. Бидний амьдарч буй соёлт нийгэмд, нийслэл хотод зэрлэг бүдүүлэг омгийнхон ороод ирэх вий гэсэндээ уг хуулийг хэрэгжүүлэх гэж амь тэмцэн зүтгэцгээж байгаа нь илт.
Ц.Даваасүрэн гишүүн “Монгол Улс нийслэл хотын утаатай тэмцэх мөнгөөрөө малжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн бол илүү үр дүнгээ өгөх байсан. Хэдэн зуун тэрбум төгрөгийг наад зах нь малын хашаа саравч болгосон бол Улаанбаатарын утаа багасах байсан” гэж Их хурлын чуулганы танхимд хэлж байна. Энэ чинь юу гэсэн үг вэ. Малчдаа хотод оруулж ирэхгүй, хөдөөдөө нүүрэндээ үстэй адгуусынхаа нуруун дээр үүрд дуусаг гэсэн төрийн түшээдийн санаа бус уу.
Малчид хүүхдээ бараг л арван настайд нь сургуульд оруулж болно гэх хуулийг төр засаг гаргаж байсан. Энэ бол маш холын урхагтай, туйлын буруу шийдвэр болсон. Ерөөсөө нүүдэлчин малчдыг устгах гэсэн бодлогын хөрс суурь нь гэж хэлж болно. Ерөнхий боловсролын сургуульд сурах насандаа орж суралцаагүй бол тухайн хүүхэд харанхуй бүдүүлэг хүн болохын эхлэл тавигддагийг хэн хүнгүй бүгд мэднэ. Мөн малчдын зээлийг хүүг бууруулах тухай хууль байна. Малчдыг малгүй болгох, модыг нь бариулах гэсэн хамгийн харгис хууль. Эл бүхний үргэлжлэл нь саяхан баталсан малчдын тэтгэврийн насыг наашлуулах хууль юм. Эрт тэтгэвэрт суулаа гээд малчдад ямар нөлөө байна вэ, ингэхэд. Бодит амьдрал дээр бодоод үзье л дээ.
“Хөгшин бид хоёр тэтгэвэртээ гарлаа. Одоо энэ мал манайд хэрэггүй” гээд хоттой хонь, зэлтэй үхрээ уул руу туухгүй нь лавтай. Тэтгэвэртээ суусан суугаагүй малаа хариулах нь үнэн. За яахав дээ, төрөөс таван төгрөг л авах юм биз дээ. Монголын төр малчдыг бусдаас илүү ингэж харж үзэж байгаа нь Америкийн индианчуудын амьдралыг эрхгүй санагдуулдаг. Энэ тухай манай сонин “Монголын малчдыг Америкийн индианчуудын хувь заяа хүлээж байна” гэж бичиж байлаа. Америкчууд индианчуудаа устгахдаа тэдэнд зориулсан тусгай хуулиуд гаргаж байсан түүх бий.
Америкийн дэлгүүрүүдийн гадаа индианчуудын өдтэй толгой, монхор хамартай зурагт самбар байдаг. Тийм дүрс бүхий самбартай дэлгүүрээс архи, тамхиа наян хувийн хөнгөлөлттэй худалдан авна. Бусад хүнсний бараагаа үнэ төлбөргүй авах эрхтэй. Ингэж төр засгаараа тэтгүүлснийхээ үр дүнд индианчууд архичин, тамхичин болсон. Ямар ч ажил алба хийх шаардлагагүй учир амьд үхдэлүүд болоод эцсийн дүнд устаж үгүй болсон.
Яг ийм эмгэнэлт хувь заяаг Монголын төр малчиддаа үүрүүлж байна. Өнөөдөр бид бэлчээрийн мал аж ахуйг сайн дурын аж ахуй гэж үзэх хэрэгтэй. Жалга жалгын мухар сахисан малчдыг дэмжих бус мах, сүүний чиглэлийн фермерүүдийг бодлогоор дэмжих цаг нь ирсэн. Улаанбаатарын ойр орчимд Төв аймгийн нутаг дэвсгэрт, мөн Дархан, Эрдэнэтийн чиглэлд мах, сүү, тариалангийн хичнээн олон фермерүүд үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой. Үүнд төр засгийн зүгээс жижигхээн зохицуулалт л хийгээд өгчихвөл болох нь тэр. Төрийн зохицуулалт л дутагдаж байгаа.
Түүнээс “Гацуурт” компаниас аваад хувийн өч төчнөөн аж ахуйн нэгжүүд амжилттай ажиллаж байна. Малчдыг аанай л зэрлэг бүдүүлэг нийгэмд нь хашиж орхино гэж хоолой нийлүүлэн орилолдоод байгаа гишүүд орчин үеийн шинжлэх ухаанаа дагасан фермерийн аж ахуйг дэмжих хэрэгтэй. Түүнээс биш хөдөөд залуу малчид ховордлоо хэмээн хуулийн төсөл барин саарал ордон дотроо сандарч гүйлдээд байгаа чинь зэвүүрхэл төрүүлж байна. Тэгэхээр яг жинхэнэдээ Чинзориг гэж нөхөр малчдынхаа амьдралыг мэддэгтэй, тэднийг хайрлаж энэрсэндээ тэтгэврийн насыг нь урагшлуулах гээд байгаа юм биш гэдэг нь ойлгогдож байгаа байх. Их хурлын эрх ямбат гишүүнийг өвөл нь идэштэй, зун нь айрагтай байлгахын тулд Монголын малчид үр хүүхдээ битгий золиосой гэдгийг эцэст нь хатуухан хэлье.
Б.БАТБОЛД