“Монгол” Эдийн засгийн ахлах сургуулийн захирал, доктор, гавъяат
эдийн засагч Н.Дашзэвэгтэй ярилцлаа.
-Ам.долларын ханш өнгөрсөн долоо хоногт 2700 төгрөг даваад эргэж
уруудлаа. Долларын ханшийн огцом өсөлтийн шалтгаан нь таныхаар юу вэ?
-Суурь нөхцөл муудсан. Өөрөөр хэлбэл төгрөг долларын харьцаа ихээхэн
алдагдсан байгаа. Дээр нь Монголбанк валютын ханшийн зөв стратеги, тактик баримталж
мэдэхгүй байна л даа. Монголбанк зөв бодлого явуулсан бол ханшийн уналт маш бага
байж болох байсан. Тэдний хувьд ядахдаа нөөцгүй болчихсон гэж ярихаа зогсоох ёстой.
-Төв банк энэ сарын 3-наас хойш валютын дуудлага худалдаанд оролцоогүй.
Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн “Интервенц хийгээд ч нэмэртэй юм болохгүй” гэж мэдэгдэж
байснаа нэг ам.долларын ханш 2700 төгрөг давангуут интервенц хийсэн үйлдэл эдийн
засагчдад ямар харагдсан бол. Жишээ нь танд…?
-Энэ бол агуу тэнэглэл. Монголбанкны удирдлага ийм мэдэгдэл хийх
ёсгүй. Төгрөгийн ханшаа, эдийн засгаа алах мэдэгдэл шүү дээ. Ер нь нөөцгүй болсон
тухай Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын өмнөх мэдэгдлүүд ч маш буруу. Долларын
төлөө дайнд уриалсантай ижил утгатай мэдэгдлүүд байсан. Дажгүй сэтгэдэг хүмүүс бол
төгрөгөөс салахын түүс болж байгаа нь булзах аргагүй үнэн.
-Монголбанкны ерөнхийлөгч валютын нөөцгүй, интервенц хийгээд ч ханшид
нөлөөлөхгүй, долларын ханш хэсэгтээ сулрахгүй гэх мэт мэдэгдлийг дөрөв таван удаа
албан ёсоор хийсэн. Мэргэжлийн гэхээс илүү улстөрчийн байр сууринаас асуудалд хандаад
байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Мэргэжлийн гэхээсээ илүү энгийн логик сэтгэлгээ алгал даа, энэ хүнд.
Монгол банк төгрөгөө, улмаар эдийн засгаа “алснаар” МАН-аа цаашдын сонгуульд оролцох
нүүргүй болгож байна. Ийм л улс төр харагдаж байна. АН-ыг шүүмжлэх аргаа олохгүй
л байна.
-Сангийн сайд хамгийн сүүлд долларын ханшийн өсөлтийг анхааралтай
ажиглаж байна гэж хэллээ. Ер нь Сангийн сайдын үг, үйлдэл мэргэжлийн түвшинд байж
чадаж байна уу. Энэ хүн ам.долларын ханшийг огцом өсгөхгүйн төлөө ямар нэг гарц,
шийдэл гаргаж, ажил хэрэг санаачлав уу, ер нь…?
-Сангийн сайд ханшаа, улмаар эдийн засгаа, улсаа ард түмнээ хорлочихлоо.
Төсвийн алдагдал, төсвийн санхүүжилт бол инфляци, ханшаа хөөрөгдөх нэг том хүчин
зүйлс мөн л дөө. Энэ тал дээл Сангийн яам муу ажиллаж байна.
-Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч зах зээлд паник, шок үүсгэхээр
мэдэгдлүүдийг удаа дараа хийх нь хэр зөв хандлага вэ, бусад улсын хувьд ямар жишиг
байдаг юм бол?
-Маш буруу хандлага. Ер нь ийм жишиг хаана ч бас байхгүй. Бусад оронд
Төвбанк, Сангийн сайд нь ингэж мэдэгдсэн бол шууд огцруулна. Улс төрийн соёлтой
оронд бол өөрсдөө сайн дураараа огцорно гэж том асуудал бий. “Уучлаарай миний зүгээс
ханш уналтын эсрэг юу ч хийж чадахгүй нь. Өөрөөр сэтгэж өөрөөр ажиллах хүмүүс байвал
энэ ажлыг хийж эх орноо авраач” гэж хэлээд л огцорно.
-Монголбанкны ерөнхийлөгч цаашид иймэрхүү маягаар улстөрчийн байр
сууринаас асуудалд хандсаар байвал байдал ямраар эргэх бол?
-Ханш улам унаж, гадаад өр 100 хувь нэмэгдэж, эцэст нь МАН л хохирно.
Орон нутгийн сонгуулиар иргэд МАН-д дургүйцэж эхэлж буйг бид бултаараа харлаа. Тэгэхээр
Төвбанкны ерөнхийлөгчийн байр суурь энэ янзаараа удвал олон нийт дараагийн сонгуулиудаар
МАН-д эсэргүүцэл үзүүлнэ.
-Ерөнхий сайд ханшийг захиргааны аргаар тогтворжуулах үүрэг чиглэл
өглөө. Ингэх нь хэр зөв шийдэл вэ?
-Одоо захиргааны аргыг хэрэглээд үзэх сүүлчийн боломж л байна. УИХ,
Монголбанк ханшийг барих захиргааны аргыг үнэ тогтворжуулах хөтөлбөр, орон сууцны
найман хувийн зээл зэргээр хийсэн бол төв банк өнөөдөр 3-4 тэрбум ам.долларын нөөцтэй
байх боломжтой байсан.
-Одоо үүсчихээд байгаа нөхцөл байдал Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийг
огцруулах хэмжээнд хүрсэн үү. Эсвэл энэ хоёр хүнийг харзнавал аятайхан шийдэл гарна
гэсэн хүлээлт, итгэл байна уу?
-Төвбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын мэдэгдлүүд ханшийг удирдлагагүй
унах зам руу нь туугаад л өглөө шүү дээ. Ялангуяа Монголбанкны одоогийн хэнэггүй,
мэдлэггүй удирдлагыг солихгүй бол иргэд, аж ахуйн нэгжүүдийн төгрөгөөс зугтах хандлага
ихэснэ үү гэхээс багасахгүй. Ханш гэдэг бол Төвбанкиндаа хэр итгэлтэй байгааг харуулдаг
эд. Энэ итгэлийг Монголбанкны шинэ удирлага бий болгож чадсангүй. Энэ хэрээр эрх
баригч МАН-д дургүйцэх иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэнэ.
-Долларын ханшийн өсөлтөөс цөөхөн хүн ашиг олж байгаа гэсэн шүүмжлэлтэй
та санал нийлэх үү. Санал нийлж байвал валютын захад ямаршуу байдал үүсчихээд байгааг
энгийнээр тайлбарлаж өгөөч?
-Ханшаар тоглодог хүмүүс, арилжааны банкууд ашиг олж байна. Валютын
зах дээр сандрал үймээн үүсээд эхэлчихсэн. Дээр нь гадныхан хатгаад өгвөл удирдлагагүй
ханш уналт, түүнийг дагасан инфляцийн цогилт хүчээ авна. Эцэст нь ядуурлын далайд
ард түмэн живнэ. 2012 оны долдугаар сарын нэгэнд долларын албан ханш 1342 төгрөг
байсан. Өнөөдөр 2452 төгрөг болчихсон. 1110 төгрөгөөр буюу 83 хувиар унасан байна.
Ханшийн энэ их уналтаас болж үгүйрч хоосорч буй иргэд, аж ахуй эрхлэгчид босч тэмцэх
эдийн засаг, нийгмийн суурь нөхцөл бүрдчихсэн гэсэн үг. МАН яаралтайгаар, цаг алдалгүй
Монголбанкны удирдлагыг солихгүй бол иргэд тэмцэлд нэгдэж босоод ирж магадгүй нөхцөл
үүссэн. Энэ тэмцэл цаашилбал УИХ-ыг огцруулах жагсаал үймээн болохыг ч үгүйсгэх
аргагүй.
-Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, үйлдвэрлэлээ хөгжүүлж байж ам.долларын
ханшийг сулруулна. Засгийн газар энэ чиглэлээр ажиллаж чадаж байна уу?
-Монголд гадаадын хөрөнгө орж ирэхгүй. Аль салбарт ашиг хийх юм бэ
гэхээр хариулт олдохгүй байна шүү дээ. Иймд гадаадын хөрөнгө оруулалтыг дуудна,
таатай нөхцөл бүрдүүлнэ гэх зэрэг гэнэн бодлоо төр засгийн удирдлагууд хаях хэрэгтэй.
Оюу толгойн ил уурхайн хөрөнгө оруулалттай өнөөдрийн хөрөнгө оруулалтыг харьцуулж
ярих нь логикгүй. Харин валютаа бариад ороод ирье гээд байгаа гадны банкийг зохих
дүрэм, дэглэм, хязгаарлалт тогтоож оруулж ирэх хэрэгтэй байна.
-Таныхаар яг яавал, ямар алхмууд хийвэл ам.долларын ханшийг тогтворжуулах
боломжтой вэ?
-Валютын нөөцгүй онцгой байдал үүссэн. Энэ нь ойрын 1-2 жилдээ үргэлжлэх
хандлагатай учраас валютын нөөц, алтны олборлолт, худалдаан дээр онцгой байдлыг
бий болгож, төрийн зохицуулалтаа ухаантай хийх ёстой. Миний хувьд ийм үзэл бодолтой
яваа, УИХ-ын зарим гишүүдийг тааралдвал хэлж байгаа. Энэ арга хэмжээтэй уялдаад
экспорт, импорт дээр ч зохицуулалт хиймээр байна. Улсын төсвөө ч валютын нөөцтэй
уях хэрэгтэй.
-Дифляцийн үед мөнгөний бодлогод инфляцийг найман хувь гэж тавих
нь хэр зөв шийдэл гэж та бодож байна вэ. Зарим эдийн засагч ханш 10-20 хувиар өсөх
хүлээлтийг бий болгочихлоо гэсэн тайлбар хэлж байна…?
-2016 оны долдугаар сарын 1-нд долларын албан ханш 1992 төгрөг байсан.
Өнөөдөр 2452 төгрөг болж 460 төгрөгөөр буюу 23 хувь уначихаад байна. Энэ бол тодорхой
хугацааны дараа инфляци хоёр оронтой тоогоор өсөх суурь нөхцлийн нэг л дээ. Ханш,
инфляци хоёр бие биеэ дагаад ойролцоо хувиар өөрчлөгддөг. Гэвч иргэдийн худалдан
авах чадвар сүүлийн жилүүдэд эрс унасан учраас инфляцийг барьж, тэр ч байтугай сүүлийн
саруудад дифляц үүсгээд байгаа. Монголбанк энэ чиглэлийн тооцоо судалгаагаар муу
байх шиг байна. Төвбанкны хувьд инфляцийг өндрөөр онилох нь буруу. Инфляцийн хүлээлтийг
бий болгож төгрөгөөс зугтах үзэгдлийг хөөрөгдөж байна. Монголбанк бодлогын хүүг
нэг нэгжээр нэмэх юм уу бууруулахад ханш, инфляци, эдийн засгийн өсөлт, ажилгүйдэл,
төлбөрийн болон гадаад худалдааны тэнцэлд ямар хугацаанд ямар тооны өөрчлөлт авчрах
вэ гэдгээ хэлж мэдэхгүй байна. Таамгаар хөдөлж байна гэсэн үг.
Засгийн газар, Сангийн яам төсвийн хүрээний мэдэгдэл, улмаар эдийн
засгийн өсөлтөө гурван жилээр таамаглаж болоод байхад Монголбанк төлбөрийн тэнцлээ
гурван жилээр харж ханшийн сценариа бас л гурван жилээр харж ярьж чадахгүй, мэдэхгүй
байна. Мэдлэг нь дутаад байна л даа. Гадарладаг эрдэмтдээсээ зөвлөгөө авах ч үгүй
юм.
-Том төслүүдээ хөдөлгөх нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах
нэг том суваг гэж эдийн засагчид хэлж байгаа. Энэ Засгийн газарт одоо яригдаж байгаа
том төслүүдийг хөдөлгөх чадамж байна уу?
-Хөдөлгөх нь гол биш. Ухаантай хөдөлгөх нь чухал. Таван толгойг зөв
болгомоор байна. “Чалко”-тай хийсэн хулхи гэрээг төр засгийн өндөр түвшинд ярьж
өөрчлөхгүй бол компанийн захирлууд өөрчлөх боломжгүй. Хятадын Засгийн газартай төмөр
замын тээврийн дамжин өнгөрөх гэрээ, далайн боомт ашиглах гэрээ гэх мэтээ яаралтай
байгуулмаар байна. Тэгвэл нүүрс, төмөр зам гэх мэт салбаруудад хөрөнгө оруулагчид
орох гэж уралдана, үнэ өснө. Засгийн газрын бонд ч үнэ хүрээд эхэлнэ.
-Долларын ханшийг чангалахгүй байх нэг хөшүүрэг бол мэдээж экспорт.
Экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжихэд өнгөрсөн засгийн үед хэр анхаарсан гэж
та боддог вэ. Энэ Засгийн газрын үед экспортын үйлдвэрлэлд анхаарч чадаж байна уу?
-Экспортыг нэмэгдүүлэх боломжтой ямар компани байна түүнийгээ л дэмжье.
Одоо шинэ төсөл гэх цаггүй болж байна. Экспортын үндэсний зөвлөлийг үйлдвэрлэгчид,
эрдэмдтийн оролцоотой яаралтай байгуулж, Ерөнхий сайд нь удирдаж сар бүр хуралддаг
болох хэрэгтэй. Төслийн зөв тооцоо судалгаа чухал байна. Хөгжлийн банк, Чингис бондоор
дөрвөн цементийн үйлдвэр байгуулсан нь илүүдэл үүсгэчихсэн. Үнэнийг хэлэхэд Хятад,
Орос хоёр Монголоос цемент авахгүй. Валютын тогтмол, уул уурхайн бус эх сурвалж,
нөөцтэй болохгүй бол Монгол Улс 5-10 жилийн дараа газар нутгаасаа өгөхөд тулах эрсдэл
байна. Энэ удаа ч яахав, ОУВС, Хятадын зээл гэх мэт түр аргалах хэрэгсэл олдож болох
байх. Арван жилийн дараа арван талаас зэрэг “архирвал” бид яах болж байна вэ гэдгээ
санаж ажилламаар юм даа.
-Монгол банк яг одоо ямар бодлого явуулах ёстой гэж та бодож байна?
-Дэлхийн санхүүгийн зах зээлээс тусгаарлагдсан Монголын өвөрмөц хөрсөнд
ургах тэр бодлогыг Монголбанк явуулах ёстой. Юугаа онилохоо мэдэхгүй байна л даа.
Зах зээл хөгжсөн орнуудад инфляцийг дагаад санхүүгийн хүүнүүд нь хоорондоо уялдаад
хөдлөөд явчихдаг. Төвбанкууд нь ч уялдуулсан, хамтарсан бодлого явуулдаг. Гэтэл
монголд тийм биш байгаа. Инфляци хасах гарч байхад хүүнүүд 15-25 хувьтай л байгаа
нэг хэлбэр. Энэ бол Монголын санхүүгийн зах зээл гажигтай, стандарт биш байгааг
харуулж байна. Гадны санхүү, банкны байгууллага ч Монголд алга, дотоод өрсөлдөөн
ч алга. Стандарт биш арга хэмжээ л мөнгөний зах зээлийн өвчнийг анагаана. Энэ бол
төрийн зохицуулалтыг ухаантай, чадварлаг явуулах хэрэгтэйг харуулж байна. Монголбанкны
удирдлага над мэтийн эрдэмтийг уриад бодлогоо хянуулж, зөвлөгөө авч болно шүү дээ.