Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“331 ханлиг улс”-аа захирч байж Монголын төр өөдөө нар харна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль яах вэ, манийн амьдралд хамаатай биш. Харин орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Монголын 331 бие даасан ханлиг улсын эзэд эхнээсээ тодорч байна, цаагуур чинь. Сумдын засаг ноёд болоод иргэдийн хурлын дарга нар сонгогдож буйг хэлж байна. Төрийн сэнтийд заларсан эрхмүүд ард түмэнд таалагдахын тулд “Нутгийн өөрөө удирдах ёс”, “Орон нутгийн бие даасан байдал” хэмээн нялуурч дэлүүрснийхээ горыг өнөөдөр амсч байгаа. Албан тушаалын зөөлөн суудал мөрөөдсөн дарга нар ийнхүү Монголд 331 бие даасан ханлиг улсыг бий болгосон.

Одоо тэднийхээ эрхэнд бөхөлзөж байгаа нь өрөвдмөөр. Жилийн жилд ашигт малтмалаас тэрбум тэрбум доллар олно гэж хөөрцөглөдөг. Гэтэл өнөө ханлигийн эзэд хайгуулын лиценз өгнө гэж гонж доо. Засгийн газрынхаа өөдөөс бахархалтай нь аргагүй салаавч үзүүлнэ. Төрийнхөө толгой дээр сандайлж суугаад пээдэлзэн байгаа жалгын ноёдын өмнө “Арева”, “Бороо гоулд” гээд уул уурхайн томоохон компаниуд арга буюу сөхөрдөг.

Өнгөрөгч жил төрийн сайдаа очиход “Халхгол” хэмээх ханлиг улсын иргэд яалаа. Бараг л манай нутаг дэвсгэрээс зайл гэх нь холгүй угтсан биз дээ. Монголын төр ийм л дархлаагүй, хөл суурьгүй, үхээнц байдалтай байхад юун хөгжил дэвшил, бүтээн байгуулалт. Ёстой санасны гарз. Харин 331 ханлиг улсаа захирч, нэгдсэн бодлогод зангидаж гэмээнэ сая нэг өөдөө нар харах өдөр ирнэ. Тийм заяа байна уу.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *