Categories
мэдээ цаг-үе

Хөдөөнөөс гараагаа эхэлсэн хүүхдийн эмч нар

Хүүхдийн эмч гэдэг хамгийн хүнд мэргэжил. Юу нь өвдөж, ямар зовуурьтай
байгаагаа хэлж чадахгүй болохоор нялх хүүхдүүд бүр ч хэцүү. Тиймээс өвдсөн тохиолдолд
эмчээс гадна эцэг эхийн асаргаа сувилгаа, анхаарал халамж хамгийн чухал. Манай эцэг,
эхчүүд хүүхдийнхээ өвчин, биеийн байдлыг шууд л эмчтэй холбох гээд байдаг гэнэ.
Хүүхдийн эмч өвчтөнөөсөө гадна эцэг, эх, эмээ өвөө гээд ар гэрийнхэнтэй бүгдтэй
нь холбоотой болдог. За тэгээд худууд, хадам бэр, хүргэнүүд хоорондоо муудалцаж,
тэрнээс л болж хүүхэд өвдчихлөө, тэрэнд тэгээд хэлээд өгөөч гээд л эмч нарт зовлонгоо
тоочиж гардаг гэнэ. Хүүхдийг нь эмчилж байгаа эмч ар гэрийн асуудлыг хүртэл зохицуулах
нь энүүхэнд аж.

Хүүхдийн эмч хэмээх энэ амаргүй мэргэжлээр 1986 онд Анагаахын дээд
сургуулийг 80-аад оюутан дүүргэсэн байна. Тухайн үед Хүүхдийн факультет гэдэг байсан
бөгөөд дотроо группээр хуваагдана. Нэг групп 12 оюутантай. 1986 онд дээд сургуулиа
дүүргэсэн Хүүхдийн факультетийн долдугаар группийг бид энэ удаа “Нэг ангийнхан”
буландаа урьсан юм. Ч.Ванган, Г.Цэен, Ж.Батжаргал, Ч.Нямаахүү, Ч.Энх-Амгалан, Ч.Сэрчмаа,
Ц.Алтанцэцэг, А.Алтантуяа, Ц.Сэржмаа, Г.Оюунцэцэг, Д.Тунгалаг хэмээн нэг нэгийгээ
овогтой нь хэлж байлаа. Аргагүй л зургаан жил цуг сурсан гэдэг нь мэдрэгдэж байв.
Тэд саяхан төгсөлтийнхөө 30 жилийн ойг тэмдэглэжээ.

1986 он гэдэг цаг өөр байсан үе. Арваннэгүүлээ төгссөн долдугаар
группийнхэн дипломоо гардаж аваад бүгд хөдөө ажиллахаар томилогдсон байна. Ингээд
гурав, дөрвөн жилийн дараа ихэнх нь хотод ирж мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажиллажээ.
Хөдөө орон нутгат ажиллах тэр жилүүдэд л холбоо тасарсан аж. Түүнээс хойш хамгийн
багаар бодоход жилд хоёр удаа уулздаг.

1981 он нэгдүгээр курс

Уулзах болгондоо оюутан ахуй цагаа, хэрхэн хичээлдээ шамдан мэрийж,
өдөр шөнөгүй давтдаг байснаа ярина. Эдний групп бүгд л жигд сайн сурдаг, маш даруухан,
хичээлээ тараад л номын санд сууцгаана. Группээрээ нийлж хичээлээ давтахдаа бие
биедээ ярьж өгнө, тайлбарлана, тусална. Бусад их, дээд сургуулийн оюутнууд хичээлээ
тараад кино үзэх гээд явж байхад эднийхэн номын санд очно. Бие биетэйгээ өрсөлдөнө,
атаархана гэсэн ойлголт байгаагүй гэнэ. Хичээлээ тараад 50 мөнгөний гөөхий нэгийг,
10 мөнгөний үнэтэй аяга хар цай уухад л болчихно, тэгээд л номын сан руу явна. Нэг
төгрөгтэй байхад бол өлсөхгүй. Хагас порц аарц 50 мөнгө, печень 40 мөнгөний үнэтэй
байсан цаг. Стипенд буух бол хамгийн аз жаргалтай үе. Мөнгөтэй болохоороо группээрээ
“Улаанбаатар” орж хуйцаа авч иднэ. Завсарлагаанаар явдаг болохоор хичээлийн цаг
болчихоод яарцгаана. Ингэж суухдаа “Ресторан гэдэг бол хүлээнэ гэсэн үг” гээд л
бие биеэ тайвшруулдаг байжээ. За тэгээд архи ууна гэсэн ойлголт байгаагүй гэнэ.
Эмэгтэй хүн бол согтууруулах ундаа хэрэглэж болохгүй гэсэн бодолтой, хоорондоо ам
мурийж байсан үе үгүй гэхэд хилсдэхгүй.

Долдугаар группийн ахлагч Ч.Ванган. Тэрээр хуучнаар бол сайд нарын
буюу Нэгдсэн II эмнэлэгт ажиллаж байгаад Анагаахын дээд сургуульд орсон болохоор
аль ч талаасаа бодсон хамгийн туршлагатай, насаараа ч ахмад нь. Тэгээд ч ангидаа
цорын ганц эрэгтэй. Ч.Ванган л бүгдийг нь зангидан, удирдаж, зохицуулж, зааварлаж,
хичээлийг нь давтуулдаг байжээ. Дөнгөж аравдугаар анги төгсөөд ирсэн охид түүнийг
Ванган ах аа гэж дуудна. Одоо ч ингэж дууддаг гэнэ. Цагаан сараар бүгд Ванган ах
дээрээ очиж золгодог бичигдээгүй хуультай.

Эдний группт өнөөдрийг хүртэл хүүхдийн эмчээр ажиллаж байгаа хоёр
хүн байдаг. Ийм хэцүү ажлыг 30 гаруй жил хийж байгаа нь үнэхээр бахархмаар хэмээн
биширнэ. Тэдний нэг Г.Цэен. Баянгол дүүрэгт амьдардаг эцэг эхчүүд түүнийг анддаггүй.
Г.Цэен эмч Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлгийг байгуулалцсан эмч нарын нэг. Одоогоос
гуравхан жилийн өмнө буюу 2013 он гэхэд тус дүүрэг нь Хүүхдийн эмнэлэггүй цорын
ганц дүүрэг байсан гэдэг. Г.Цэен эмч одоо бол гавьяаныхаа амралтыг эдлээд сууж байх
ёстой юм. Гэвч хүүхдийн эмч ховордсон энэ үед түүний туршлага, мэдлэг чадвар нь
юу юунаас илүү үнэтэй тул эмнэлгийнхэн нь үргэлжлүүлэн ажиллаач хэмээн гуйжээ. Г.Цэен
дээд сургуулиа дүүргээд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд хуваарилагдан очсон. Түүнд
Ж.Батмөнх даргын албан даалгавраар томилолт өгсөн бөгөөд тухайн суманд нэг эмчийн
орон тоог нэмж гаргаж байсан түүхтэй. Ингээд л гуравхан сартай хүүхдээ тэвэрчихсэн
очихдоо ажил дээрээ ч очиж амжилгүй дуудлагаар явж байснаа дурсав. Эмнэлэгт жижүүр
эмчээр хоносон өдрүүдээ нийлүүлээд бодоход зургаан жил болсон гэнэ. Эдний группийн
А.Алтантуяа мөн мэргэжлээрээ 30 жил ажиллаж байгаа. Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн
эмнэлгийн эмч. Ангийнхныхаа уулзалтад ирэх гэсэн боловч өвчтөн хүүхдийнх нь бие
хүнд байгаа тул очиж чадахгүй нь хэмээн утасдав.

1982 он хоёрдугаар курсийн дадлагын
хичээл

“Нэг ангийнхан”-ы маань бас нэгэн бахархал нь доктор Ж.Батжаргал.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хоол судлалын төвийн захирлаар ажилладаг. Эх,
хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн стандартыг боловсруулахад оролцож түүгээрээ докторын
зэрэг хамгаалжээ. Хүүхдийн эмчээр төгссөн долдугаар группийн зарим нь уламжлалын
эмч болсны нэг нь Ц.Сэржмаа. Тэрээр өдгөө “Монгол эмнэлэг” төв буюу хуучнаар “Улаанбаатар”
сувилалд ажилладаг. Хөдөлмөрийн баатрын охин Д.Тунгалаг нь “Шинэ эрин” сувиллын
эмч. Өдгөө Чехэд амьдарч байгаа Г.Оюунцэцэг уламжлалын чиглэлээр дагнан хилийн чанадад
эмчээр ажилладаг.

Анагаахын дээд сургуулийн оюутан болоод анхны хичээл нь 111 дүгээр
өрөөнд орсныг дурсав. Анатомийн хичээл заахаар орж ирсэн багш нь шууд л оросоор
лекцээ уншсан байна. Ер нь тухайн үед Ангаах ухааны дээд сургуулийн бүх хичээл орос
хэл дээр ордог байсан гэнэ. Номнууд нь ч бүгд орос. Тиймээс маш сайн сурсан аж.

Ийнхүү хүүхдийн эмчийн долдугаар группийнхэн нэг л мэдэхэд IV курстээ
орсон байв. Зөвхөн хичээлдээ шамддаг байсан охид бүгд найз залуугүй байгаагаа гэнэт
анзаарчээ. Мэргэжлийн хичээлүүд нь түлхүү ордог болж ачаалал нь харьцангуй хөнгөрсөн
байсан гэнэ. Харин V курстээ бүгд найз залуутай болцгоож зарим нь гэрлэж ээж болцгоосон
байна. Хамгийн сайн багш нараар хичээл заалгаж байсан тэд өөрсдийгөө их азтайд тооцдог
аж. Ингээд багш нарыгаа дурсав. Доктор, профессор Агваандорж, Хөдөлмөрийн баатар,
гавьяат эмч Гэндэнжамц, гавьяат эмч, доктор, профессор Малчинхүү, гавьяат эмч, мэс
заслын багш Ичинхорлоо, ардын эмч Жав. Тухайн үед багш нар нь маш хариуцлагатай
ажилладаг, оюутнууддаа ихэд анхаарал тавьдаг байв.

Эдний группийн зарим нь одоо ч хөдөө орон нутагтаа ажиллаж байгаа.
Ч.Нямаахүү гэхэд Ховд аймагт хүүхдийн мэдрэлийн эмчээр ажилладаг. Ч.Энх-Амгалан
нь Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга. Ц.Сэрчмаа нь Өвөрхангай аймгийн Засаг
даргын харьяа Эрүүл Мэндийн газрын даргаар ажилладаг.

Тухайн үед сангийн аж ахуйд явах нь хамгийн сайхан байсан гэж бүгд
л хэлцгээх. Зарим нь бүр сангийн аж ахуй явна гэж уйлж байжээ. Анх оюутан болсон
намраа л явсан. Нийтдээ таван жил дараалж явахдаа ургацын далайгаа идээд л, орой
нь намжаадна. Бүжиглэхээ ингэж хэлдэг аж. Болоогүй, группийн дарга Ч.Ванган хангалтын
албыг хариуцдаг байсан болохоор охидууддаа талх, мах арын хаалгадаж өгнө.

Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор 1000 оюутны жагсаал болж байж.
Түүнд эдний групп оролцсоноо дурсан ярив. Хөдөө аж ахуйн дээд сургууль дээр байрлаж,
Төв цэнгэлдэх хүрээлэн дээр бэлтгэл хийнэ. Бүгдийнх нь биеийг борлуулна гээд Туул
голын эрэг дээр аваачиж наранд шарна.

Эмч хүн гэдэг гэртээ ч, ажил руугаа явах замдаа ч үргэлж өвчтөндөө
сэтгэл зовниж байдаг гэнэ. Эмнэлгийн хаалгаар орж ирэхэд шөнө ажилласан сувилагч
нарын царайг хараад өвчтөнүүд нь ямар хоносныг мэдэж болдог. Царай нь баргар бол
нэг л юм болсон гэсэн үг. Харин намбатайхан алхаад, царай нь гэрэлтэж байвал бүх
юм зүгээр.

Хүүхдийн эмч нар маань өөрийнхөө хүүхдүүдийг бол эмчилчихдэг гэнэ.
Харин ач, зээ нараа бол зүрхэлдэггүй аж. “Өөрөө эмчилж байна гээд хүндрүүлбэл хэцүүднэ”
гэж боддог. Тиймээс хүүхдүүдийнх нь хүүхдүүд өвдөхөд ангийнхан руугаа утасдаад л
“Алив чи үзээдэх, одоо очлоо” гэнэ.

Ер нь эмч хүн гэдэг хамгийн гол нь хүн чанартай, хүнлэг сэтгэлтэй
байх нь хамгаас чухал хэмээн тэд ярьцгааж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *