Их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн тэгш ойд зориулсан үзэсгэлэн өнөөдөр Үндэсний музейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Их зохиолчийн эдэлж хэрэглэж байсан зүйлсээс авахуулаад түүний зохиол бүтээлүүдийн эх хувь тавигджээ. Д.Нацагдорж нь 31 хэн наслахдаа нэг хүний хийж бүтээж барамгүй их зүйлсийг ард түмэндээ өв болгон үлдээсэн гавьяатан билээ. Түүний сод ухаанаас төрсөн “Миний нутаг”, “Хэнз хурга” шүлгүүд нь одоо ч уншигдсаар өсвөр үеийн хүүхэд залуусыг хүмүүжүүлсээр байгаа билээ. Тэрбээр цөөхөн хэдэн өгүүллэг, шүлэг бичсэн ч бүгд ард түмний соён гэгээрлийн түүчээ болон 20-р зуунаас 21-р зууныг дамнан өвөөс өвд өвлөгдсөөр байгаа юм.
Сонирхуулахад Д.Нацагдорж нь Монголын зохиолчдын эвлэлийн хорооны хэвлэл болох “Залуучуудын үнэн” сонинд ажиллаж байхдаа “Үзэг” хэмээх нууц нэрээр зохиол бүтээлээ туурвидаг байжээ. Тэрбээр латин үсгийн дүрмийг санаачлан зохиож, гадаадад захиалах бичгийн машины үсгийн хэлбэр маягийн талаар санал боловсруулж, Монгол хүний хурууны даралт, бичиж зохих онцлогийг судалж, түүний үсгийн тэмдэгт хэрхэн ямар байдалтай байхыг зохион судалж гаргасан анхны зохион бүтээгч нэгэн ажээ.