Categories
мэдээ улс-төр

Ж.Бямбадорж УИХ-ын даргатай уулзав

УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр Хүний эрхийн үндэсний комиссын даргаар улираан томилогдсон Ж.Бямбадорж бараалхлаа. Уулзалтын эхэнд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж итгэл найдвар хүлээлгэн нэр дэвшүүлж, улираан томилсонд талархал илэрхийлээд тус комиссын дарга томилогдсон даруйдаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргад бараалхдаг журамтайг дурдав.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд Хүний эрхийн үндэсний комисс багагүй ажлыг хийж, дотооддоо төдийгүй Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд нэр хүндээ өсгөж чадсан. Ирэх жилүүдэд иргэдийн хөдөлмөрлөх эрхийн асуудалд түлхүү анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөж байна. Нийгмийн өөрчлөлт, шинэлчлэлтэй холбоотойгоор 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй цаг үеийн шаардлага үүсч байна. Улсын Их Хурлын зүгээс анхаарал хандуулахыг хүсье” хэмээн хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд Хүний эрхийн үндэсний комиссын даргаар улираан томилогдсонд нь Ж.Бямбадоржид баяр хүргээд Монгол Улсын Хүний эрхийн байгууллагын нэр хүндийг өсгөсөн байдал, ажлын дадлага, туршлага зэрэг олон хүчин зүйлийг үндэслэн нэр дэвшүүлж, улираан томилсон гэдгийг онцлов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *