Categories
мэдээ цаг-үе

Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуульд хичээл хаялт болсонгүй

Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн сурагчид болон эцэг эхчүүд 11:00,13:00,15:00 цагуудаас 10 минутын жагсаал зохион байгуулна, хичээл хаяна гэсэн мэдээлэл өчигдөр зарим хэвлэлээр гарсан. Тус сургуулийн гуравдугаар давхарт кеймбриджийн сургалттай “Монгол Тэмүүлэл” ахлах сургууль үйл ажиллагаа явуулдгаас болоод анги танхим нь хүрэлцдэггүй гэнэ. Тиймдээ ч тус сургууль гурван ээлжээр хичээллэдэг аж. Үүнээс болоод сурагчид дугуйлан секцэнд хамрагдаж чадахгүйд хүрлээ, оройн цагаар хичээллэхэд хүүхдүүдийн суралцах чадварт сөргөөр нөлөөлж байна хэмээн 115 дугаар сургуулийн эцэг эхчүүд нэлээд гомдолтой байгаа юм байна. Мөн тэд кеймбриджийн сургалттай “Монгол Тэмүүлэл” ахлах сургуулийг өндөр төлбөртэй хувийн сургууль гэж ойлгож, зарим хэвлэлд буруу, ташаа мэдээлэл өгчээ. Ингээд бухимдсан эцэг эхчүүд жагсаал зохион байгуулна, хичээл хаялт зарлана гэх мэдээлэл тараасан байна. Дээрх асуудлыг сурвалжлахаар өчигдөр 115 дугаар сургуулийг зорилоо. Биднийг очиход 13:00 цаг болж байсан бөгөөд ямар ч жагсаал цуглаан, хичээл хаялт болоогүй байв. Харин өглөө хичээллэсэн хүүхдүүд хичээлээ тарж, дараагийн ээлжний сурагчид хичээлдээ ирцгээж байгаа харагдлаа. Гэхдээ хичээл завсарлагааны үеэр нь энэ сургуулийн коридороор явахад автобусанд орчихсон ч юм шиг олон хүүхэдтэй, бусад сургуулийг бодвол жижгэвтэр талбайтай сургууль болох нь анзаарагдаж байлаа.

115 дугаар сургуулийн сурагчид

Нэгдүгээр давхарт ажиллаж байсан жижүүр багшаас жагсаал хийх юу болсон, эцэг эхчүүдийн төлөөлөл ирсэн эсэхийг лавлахад “Зарим нэг хүмүүс худлаа мэдээлэл тараасан байж магадгүй. Жагсаал болохгүй, сургуулийн үйл ажиллагаа, эцэг эхчүүдийн бухимдалтай байгаа асуудал зэрэг бусад мэдээллийг бага ангийн сургалтын менежерээс тодруулаарай” гэв.

Ингээд 115 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер Н.Оюунчимэгээс дараахь зүйлсийг тодрууллаа.


-Танай сургууль дээр өнөөдөр жагсаал зохион байгуулна, хичээл хаялт болно гэж байсан юу болсон бэ?

-Манай сургуулийн зүгээс ийм мэдээлэл тараагаагүй. Жагсаал, цуглаан, хичээл хаялт болохгүй шүү дээ. Өмнө нь хоёр ээлжээр хичээллэдэг байсан боловч хүүхдүүдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой сүүлийн хоёр жилд гурван ээлжээр хичээллэж байгаа.Үүнд эцэг, эхчүүдийн төлөөлөл бухимдаж, дээд давхарт байгаа Кембрижийн сургалттай сургуулийг гаргах саналтай байгаагаа илэрхийлээд байна. Гэхдээ зарим эцэг, эхчүүд энэ “Монгол Тэмүүлэл” сургуулийг хувийн сургууль гэж ойлгоод, буруу мэдээлэл тараасан тохиолдол ч бий. Тиймээс өнөөдөр эцэг эхчүүд нэг ойлголттой болох гэж өөрсдөө сургууль дээр цуглаад хуралдана гэж байгаа юм байна. Тэд өмнө нь хичээл хаялт зарлаад, хүүхдүүдээ сургуульд явуулахгүй байя гэж хүртэл ярьцгаасан байна лээ. Сургуулийн удирдлагуудын зүгээс эцэг, эхчүүддээ үнэн зөвийг тайлбарлана. Манай хоёр сургууль чинь хоёулаа л төрийн өмчийн сургууль. Тэгэхээр Кембрижийн сургуулийн шинэ байр хэзээ ашиглалтад орох, эднийх хэзээ нүүх зэргийг БСШУЯ хариуцаж, шийдэх юм шүү дээ. Адилхан л сургууль учраас манай хоёр сургуулийн дунд бол үл ойлголцсон, бие биенээ буруутгасан зүйл огт байхгүй.

115 дугаар сургуулийн сурагчид

-“Монгол Тэмүүлэл” сургууль хэзээ шинэ байрандаа орох эсэх талаар салбарын яамнаас асууж, сурагласан уу?

-Энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас “Монгол Тэмүүлэл” сургуулийн шинэ байрыг Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравт барьж байгаа, удахгүй ашиглалтад орно гэж байсан. Сүүлд албан бичиг явуулж асуухад бидэнд хариу өгсөнгүй. Бид эцэг, эхчүүддээ тайлбарлахдаа хоёрдугаар улирлаас эхлэн хоёр ээлж болно гээд хэлчихсэн байсан юм. Гэтэл “Монгол Тэмүүлэл”-ийн шинэ байр энэ ондоо ашиглалтад орохгүй юм шиг байна гээд эцэг эхчүүд бухимдаад, хичээл хаялт хүртэл зарлана гэж ярьцгаажээ.

-Гурван ээлжээр хичээллэхээр хамгийн сүүлийн ээлж хэдэн цагт тарж байна?

-Бага ангийн хувьд 1200-гаад сурагчтай. Нийт есөн бүлэг гуравдугаар ээлжинд хичээллэж байгаа. Хуваарийн дагуу өглөө 08:00 цагаас эхний ээлж хичээллээд, 11:00 цагаас тарж, өдрийн ээлж 11:30-аас 15:00 цаг хүртэл хичээллэдэг. Харин оройны ээлжийн хичээл 15:30-аас ороод 19:30 цагт тардаг юм. Сүүлийн хоёр жилд сурагчдын тоо эрс нэмэгдсэн. Учир нь манай сургуулийн ойролцоо буюу Хан-Уул дүүргийн “Оргил” рашаан сувиллын ойр орчимд сүүлийн жилүүдэд олон орон сууцны хороолол баригдсантай холбоотой юм. Гэхдээ сургуулийнхаа зүгээс авах бүх арга хэмжээг авсан. Тухайлбал, секц дугуйлан хичээллүүлэхээ больж, урлаг заалаа голоор нь хоёр хувааж, тасалгаа хийгээд, хоёр анги хичээллүүлж байна. Мөн дуу хөгжмийн тэнхимд ч ангиуд хичээллэж байна.

-Эцэг, эхчүүд жагсаал хийнэ, хичээл хаяна гэж бухимдаж байгаа юм байна. Ингэтлээ бухимдах яг ямар шалтгаан байна. Одоо үүсээд байгаа хамгийн хүндрэлтэй зүйл юү вэ?

-Ямар ч байсан сургалтын үйл ажиллагаа тасалдахгүй хэвийн явж байна. Хамгийн хэцүү нь хоёрдугаар ангийн хүүхдүүд 15:30 цагаас хичээллэж байгаа юм. Бага насны хүүхдүүд амрах цагаар хичээллэхээр идэвх нь суларч, нойр нь хүрнэ. Ер нь 18:00 цагаас хойш хүүхдийн тархи зааж байгаа хичээлийг хүлээж авахад хүндрэлтэй байдаг. Энэ хавьд түгжрэл их, хүүхдүүд халтиргаа гулгаа, зам тээврийн осолд өртөх магадлалтай. Мөн эцэг, эхчүүд дугуйлан, секцээ хичээллүүлж өгөөч. Бид хүүхдүүдээ хөгжүүлмээр байна гэх шаардлага тавиад байна.

-Яг хэддүгээр ангиуд оройны ээлжинд хичээллэж байна?

-Хоёр, тавдугаар ангийнхан оройн ээлжинд хичээллэж байгаа. Хоёрдугаар ангийн эцэг, эхчүүд их бухимдаж байна.

-Ахлах ангиудаа орой хичээллүүлж болдоггүй юм уу?

-Ахлах ангийн хүүхдүүдийг ээж, аав нь ирж авдаггүй учраас бусдад дээрэмдүүлэх, гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй. Харин бага ангийн хүүхдүүдийг ээж, аав нь ирж авдаг болохоор харьцангуй гайгүй байдаг юм.

-“Монгол Тэмүүлэл” сургуулийг нэг, хоёр анги илүү гаргаж өгөөч гэвэл боломжгүй юу?

-Боломжгүй юм билээ. Эднийх ОУ-ын хөтөлбөр хэрэгжүүлдэг учраас нэг хүүхдэд ногдох талбай хүртэл стандартын дагуу байх ёстой гэж ярилаа.

“Монгол Тэмүүлэл” ахлах сургуулийн сурагчид

Харин “Монгол Тэмүүлэл” лаборатори сургуулийн захирал ярихдаа “115 дугаар сургуулийн зарим эцэг, эхчүүд бухимдаж байх шиг байна. Ер нь бол ганцхан энэ сургууль гурван ээлжээр хичээллээд байгаа юм биш шүү дээ. Манайх ямар нэгэн хувийн сургууль биш. Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, ихэнх хичээлээ англи хэлээр ордог, хос сургалттай, олон цагаар хичээллэх, гадаад хэлийг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байдаг. Тиймээс нэг ээлжээр хичээллэдэг. БСШУС-ын яамны харьяа, ОУ-ын Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг гурван сургууль байдгийн нэг нь манайх. 115 дугаар сургуультай адилхан төрийн эзэмшлийн, үнэ төлбөргүй сургууль. Гэхдээ шилдэг сурагчдыг сонгон шалгаруулж авдаг ахлах сургуулийн статустай юм. Сургуулийн байрны асуудлыг бид шийдэхгүй, БСШУС-ын яам мэдэх асуудал шүү дээ. Ямар ч байсан сургуулийн шинэ байр баригдаж байгаа. Гэхдээ манайх 115 дугаар сургуулийн ихэнх анги танхимыг эзлээд байгаа зүйл байхгүй, манайх ч мөн анги танхим хүрэлцэхгүй асуудалтай л байна гэлээ.

Тиймээс дээх сургуулиудын асуудалтай холбогдуулан БСШУСЯ-аас зарим зүйлийг тодруулахад “Зарим хэвлэлээр 115 дугаар сургууль хичээл хаялт зарлана гэх мэдээлэл гарсан байна лээ. Үүнтэй холбогдуулаад манайх хуралдаж байна. Одоохондоо яг ингэж шийднэ гэсэн хариу хэлэх боломжгүй байна. Дээрх хоёр сургуульд анги танхимын хүрэлцээ муу байгааг бид ойлгож байгаа” гэв.

Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн анги танхим хүрэлцээгүй байгаагаас болоод эцэг, эхчүүд нэлээд бухимдаж, дээрх мэдээллүүдийг гаргаад буй юм байна. Гэхдээ “Монгол Тэмүүлэл” болон 115 дугаар сургуулийн удирдлагууд болон сурагчдын дунд үл ойлголцох зүйл байхгүй аж. Харин оройн цагаар хичээллэдэг хүүхдүүд өглөө эсвэл өдөр хичээллэдэг болохыг хүсч, эцэг эхчүүд нь ч асуудал тавиад байгаа нь энэ аж.

Энэ үеэр 115 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагчаас зарим зүйлийг тодруулахад “Өглөө хичээллэхэд эрт босох нь жаахан хэцүү байдаг. Гэхдээ өдөр хичээллэвэл гоё. Одоо болохоор манай анги орой хичээллэж байгаа. Хичээл тарахад гадаа их хүйтэн, харанхуй болчихсон байдаг. Ээж хэтэрхий орой хичээллэж байна гээд багшид хэлж байсан. Хичээл тарахын үед нойр хүрээд байдаг” гэж ярилаа. Ингээд тус сургуулийн эцэг эхчүүд үдээс хойш багш, ажилчидтай нийлээд хамтдаа нэлээд асуудлыг ярьж, хуралдсан байна. Хурлынх нь дараа эцэг, эхчүүдийн төлөөлөл болох Наранбаатараас ямар асуудал ярилцсан талаар асуухад “Бид эхний ээлжинд сургуулийн энэ асуудлыг нэг их сүр болгохгүй байхаар шийдсэн. Багш, эрхлэгчидтэй сайн ярилцлаа. Мөн жагсаал хийх, хичээл хаях асуудлаа хойшлуулсан. Цаашид асуудал шийдэгдэхгүй бол хандах ёстой газар нь хандаж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө. Одоохондоо яаж шаардлага тавих, ямар алхам хийх хэрэгтэй зэргийг хуульч, мэргэжлийн хүмүүсээс асууж, зөвлөгөө авч байна” гэсэн юм.

Н.ГАНЧИМЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *