Categories
мэдээ цаг-үе

А.Мөнгөншагайтай “Гуч хүрсэн бүсгүй” дуугаа өөрөө дуулна гэж ер бодоогүй

“Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагайтай ярилцлаа. Түүний
“Гуч хүрсэн бүсгүй” дуу сүүлийн үед хит болоод буй. Дуучин маань шинэ уран бүтээл
тойрсон сонин хачин ихтэй явна. “Сэлэнгэд хамтлагаараа очиж хэдэн дуу дуулсан юм.
Та бүхэнд “Ижийгээ гомдоож болохгүй” гэдэг сайхан дуугаар бэлэг барья гээд дуулчихлаа.
“Одоо бид гурваар ямар дуу дуулуулмаар байна” гэсэн чинь “Гуч хүрсэн бүсгүй” гээд
шаагьчихсан. Манай хоёр “Өө, тэрийгээ Шагайтай л ярь” гэсэн хэмээн хуучиллаа.

-Энэ дуу яаж төрсөн бэ. Дуу төрсөн түүхээс яриач?

-Дуу зохиохдоо айхавтар хичээж, “Би ийм дуу хийх ёстой” гэж өөртөө
үүрэг даалгавар өгдөггүй л дээ. Амьдралын алхам, хэмнэлээс шинэ санаа төрж байдаг.
Нийтийн дуучин залууг дэмжиж дуу зохиож өгөх гээд “Манай найз, яруу найрагч байдаг
юм. Энэ хүнээс шүлэг авч өгье” гээд Я.Отгонбаяр найз дээрээ дагуулж очсон юм л даа.
Отгоо маань өмнө нь “Гурван бүдүүн” хамтлагийн “Бид нэг ангийнхан” гээд бүтээл дээр
хамтарч ажилласан юм. “Гуч хүрсэн бүсгүй” гэж шүлэг гаргаж ирснээ “За, чи энийг
ч тоохгүй биз дээ” гээд цаашаа тавьчихгүй юу. “Үгүй ээ, би тооно” гээд авч үзсэн
чинь үнэхээр гоё шүлэг байсан. Тэр тусмаа дахилт нь их таалагдсан. “Нүүр дүүрэн
мишээх нь монгол бүсгүйн донжтой, нүд хөмсөг сормуус нь уран галбирлаг шидтэй” гээд
л. Их гоё уран яруу, бас жаахан аальгүй үгтэй. Би чинь дандаа л уянгын дуу хийж
байсан шүү дээ. Үгийг нь уншингуут гэнэт гоё аялгуу төрсөн. Гитартай явж байсан
л даа. Гитараа гялс бариад “Гуч хүрсэн бүсгүй гэдэг цаанаа нэг л эрхэмсэг” гээд
шууд дуулсан чинь ая нь урсаад орж ирсэн. Тэрхэн агшинд энэ дуу маань шууд төрсөн
дөө. Отгоо маань “Ямар гоё ая ороод ирэв ээ” гэсэн. Хүмүүс “Чиний нөгөө донжтой
дуу” гэдэг. Энэ дууг хамт явсан уран бүтээлч залуу гуйгаад “Энийг чинь би дуулаад
хит болгоё” гэлээ. Өөр нэг нийтийн дууны залуу уран бүтээлч бас “Авъя” гээд ярьж
байна. “Ер нь борлуулчихдаг юм уу” гэж бодоод үнэ хэллээ. Тэгээд байж байсан чинь
нэлээд хэдэн хүн санал тавилаа. Өөрөө дуулъя гэж эхлээд ер бодогдоогүй. Хамтлаг
байгуулснаас хойш би ганцаараа уран бүтээл хийгээгүй л дээ. Манай хамтлагийн залуус
бол нэг нэгээрээ уран бүтээл хийсэн шүү дээ. Нэг зохиолын дуучин залуу бүр “Машинаа
өгье, ах дуугаа өгчих” гэлээ. “Өө тэгье” гэсэн. Дуугаа зарчихлаа. Нөгөө залуу маань
дуугаа сураад дууллаа. Тэр нь надад ерөөсөө таалагддаггүй.

-Гуч хүрсэн эмэгтэйг мэдэрч дуулахын тулд өөрөө бас гуч гарсан байх
хэрэгтэй л дээ?

-Яг тийм. Сар бэлтгүүлээд нэг л санаанд хүрсэнгүй. Найз нөхөд маань
“Чи энэ гоё дуугаа өөрөө дуул” гэж зөвлөсөн. Тэгэнгүүт би хамтлагаараа дуулчихъя
гэж бодоод нөгөө хоёртоо санал тавьсан чинь дэмжээгүй. Болох юм болоод болохгүй
юм болдоггүй л юм билээ. Эхнэр маань ч гуч хүрч байгаа эмэгтэй болохоор “Шагай,
чи энэ дуугаа өөрөө дуулаач” гэсэн. Тэгээд би нөгөө залуудаа “Чиний дуулалт надад
таалагдахгүй байна. Дуугаа буцаалаа, машинаа ав” гээд наймаа буцсан. Тэгээд л өөрөө
дуулсан. Гуч хүрсэн бүсгүй гэдэг дууг гуч гарсан залуу бяртай, бас яравгардуу, донжтой,
пээдгэр дуулах хэрэгтэй юм байна гэж бодсон. Наймаа буцсан чинь дуу авсан залуу
маань жаахан гомдлоо. Тэгэхээр нь би түрүүн өөрийн чинь хэлсэн үгийг хэлсэн юм.
“Үгүй, чи ер нь гуч хүрсэн бүсгүй үзсэн юм уу” гэсэн чинь “Ах аа, та боль л доо,
ямар аймаар ярьдаг юм бэ” гэсэн (инээв). Ийм түүхтэй дуу.

-Энэ дуу цацагдаж эхлэхэд хүүхнүүдээс маш их талархал сонссон байх?

-Олон эмэгтэйгээс талархлын үг сонсч байгаа. “Таны дууг сонсоод өөрөөрөө
бахархаж баярлаж догдолдог болсон” гэсэн сэтгэгдэл их ирсэн. Энэ дууг гарах хүртэл
би ямар нэг пэйж хуудас, фэйсбүүк хаяггүй байсан. Би зурагт ч үздэггүй. Хамтлагийнхаа
дууг хийчихээд бясалгал, номын ажлаа хийгээд явдаг байсан. Сошиал ертөнцөөс их хол
хүн л дээ. Дуугаа гаргаад интернэтэд тавих болсон чинь нөхдүүд “Та өөрийн гэсэн
хаяг, пэйж хуудастай байх хэрэгтэй” гэсэн юм. Ингээд дуундаа зориулж “Гурван бүдүүн
дуучин Шагай” гэсэн хаягтай болсон ш дээ. Хэд хоногийн дотор 5000 найзтай боллоо.
Би чинь даруухан талдаа хүн. Би тэгдэг ингэдэг гээд ярьж явдаггүй, телевизийн нэвтрүүлэгт
ч оролцдоггүй байсан л даа.

-Та цаашдаа ч бас ганцаарчилсан тоглолт хийх үү?

-Нэгэнт ийм дуу гаргачихсан болохоор олон хүн хандаж байна. Зарим
нь “Дараагийн донжтой дуу хэзээ гарах вэ” гэж шаардаж байна. Дараагийн донжтой дуун
дээр ажиллаж байгаа. Мөн л бүсгүйчүүдэд зориулсан дуу байх юм.

-“Гурван бүдүүн”, “Ноён бондгор” гээд содон нэртэй байх нь хүмүүсийн
анхаарлыг татахад илүү дөхөм болдог уу?

-Би багадаа хийд оронд шавилж байсан. Хөдөө мал малладаг байлаа.
Анх 2002 онд хотод ирээд шууд поп стилиэр дуулж бүжиглэдэг хамтлаг байгуулахад хүмүүс
гайхсан л даа. Эрдэнэтийнх болохоор тэндхийн амьдралын хэв маяг нөлөөлсөн болов
уу. Малынхаа захад гитар бариад суудаг байлаа. Тухайн үеийн рок хамтлагуудыг их
сонсдог. Монголынхоо хамтлаг дуучдаас бол “Хурд”, “Харанга”-ын шинэ дуунуудыг дуулдаг
хүүхэд байлаа. Хамгийн эхлээд “Такт гурав” гэдэг нэртэй хамтлаг байгуулсан. Дараа
нь “Скай зон“ болгосон. Тэнгэрийн заадас гэсэн утгатай.

-Нөгөө хоёр бүдүүнээ яаж олж авсан бэ?

-Багын найзууд л даа. Бид багадаа айхавтар тарган байгаагүй. “Гурван
бүдүүн” гэж нэрлээд л жин нэмсэн ш дээ. Үгийн хүч гэдэг аймаар байгаа биз. “Гурван
бүдүүн”-ий өмнөхөн “Free man” гэдэг нэртэй байсан. Шинэ уран бүтээл гаргаад хамтлагийн
нэр даацтай сонсогдохгүй байна гээд хэсэг уран бүтээлч нөхөдтэйгөө зөвлөж байгаад
“Гурван бүдүүн” гэж нэрлэхээр шийдсэн. Энэ нэрэнд би эхэндээ дургүй байсан л даа.
“Ийм нэр өгчихөөр биднийг хүмүүс хошин шогийн хамтлаг гэж бодох юм биш байгаа. Охид
тоохгүй ш дээ” гээд эсэргүүцдэг байв. Эхлээд “Гурван бүдүүн” гэсэн чинь ийм нэртэй
хамтлаг гэж юу байсан юм бэ гэсэн хүн ч байсан. Нэгэнт ийм нэр сонгосон болохоор
уран бүтээлээ тууштай хийж явсаар байгаад хичээл зүтгэл, хөлдөлмөрийнхөө үр дүнд
гараад л ирсэн. Бид бас 2005 онд “1000 кг” гэдэг цомог гаргасан. “Ямар аймаар нэртэй,
дуутай хамтлаг юм бэ” гэдэг байсан. Одоо бол биднийг хүмүүс мэднэ дээ.

-Хийдэд шавилж суусан үе ертөнцийг үзэх үзэлд тань нөлөөлсөн байх.
Ер нь шашны хэв маягтай уран бүтээл хийх санаа төрж байсан уу?

-Дуун ухаан гэж Буддын шашинд бий. Хөгжмийн маш том соёл. Үүнийг
судалдаг. Багадаа сүм хийдэд шавилан сууж байхад өвгөн лам нарын хоолой, уншлага
номын ая дан гайхамшигтай санагддаг байв. Би тэндээс л аялгуу эгшгийн сайхныг мэдэрсэн.
Миний ертөнцийг үзэх үзэл, бусдыг энэрэх зөөлөн сэтгэлээс хөг аялгуу төрдөг байх
гэж боддог. Багш нарын сургаал ном намайг хүмүүжүүлсэн. Өвгөн багш маань “Ээжийгээ
хайрладаг хүн бусдыг хайрладаг, ээжийгээ шүтдэг хүн бурхныг шүтдэг” гэж сургасан.
Ээж гэдэг агуу бурхан байгаа биз. Тэр бүхэн нөлөөлдөг ч юм уу, манай “Гурван бүдүүн”
хамтлагийн ээжийн тухай дуунууд хит болдог. “Ижийгээ гомдоох учиргүй” гэдэг сэтгэл
зүрхнээс төрсөн аялгуу. Би хөгжим тоглодог ч нот мэдэхгүй л дээ. Багаасаа хийд оронд
шавилж суугаагүй бол ийм ая эгшиг төрөхгүй, дуу хөгжимтэй холбогдох зам мөр тохиохгүй
байсан гэж боддог. Би багадаа сурлагатай хүүхэд байсан. Гуравдугаар ангид байхад
ээж маань сургуулиас гаргаад хийдэд шавилуулж байлаа.

-Та ер нь лам төрхтэй хүүхэд байсан уу?

-Багадаа таргандуу, лам төрхтэй хүүхэд байсан. Аав маань шүтлэгтэй.
Өвөө лам хүн байсан. Би өглөө бүхэн бурхандаа мөргөдөг. “Онц дүн авахад минь туслаарай”
гэж хүсдэг хүүхэд байлаа. Манайх мянга гаруй малтай байсан болохоор малаа маллах
хэрэгтэй болсон. Хонь хариулж байхдаа хээр дуулдаг. Хөгжмийн боловсрол хаана эзэмшсэн
бэ гэж хүмүүс асуудаг. Үнэндээ би хэн нэгнээр яаж дуулахыг заалгаж байгаагүй. Аав,
ээж маань намайг дуучин болно гэхэд дэмждэггүй байсан ч одоо бол надаар бахархдаг.
Мэргэжлийн сургууль төгссөн ч над шиг хит дуу бичиж чадаагүй хүмүүс байдаг шүү дээ.
Би шашин судлаач хүн. Сүүлд сэтгэл судлалаар сурсан. Одоо ч би Удирдлагын академид
сурч байгаа. Хүн тал бүрийн мэдлэгтэй байх учиртай.

-Таны халзан стиль шашны ажилтай холбоотой юу?

-Урт үстэй явсан үе бий. Гэхдээ л багаасаа үсээ хусуулаад сурчихсан.
Энэ нь ч зохидог санагддаг. 1991 оноос хойш шашны ном үзсэн. Одоо ч өдөр тутмын
уншлага, бясалгалаа хаяагүй. Энэ талаараа хүмүүст зөвлөгөө мэдээлэл өгдөг ажилтай
шүү дээ.

-Хамтлагийн хувьд уран бүтээлийн олз омог хэр байна вэ?

-Бид 13 жил болсон байна. Арван жилийн ой гэж тэмдэглээгүй. 15 жилийн
ой нижгэр хийх байх аа. Энэ хугацаанд хамтлагаараа бас дангаараа уран бүтээл хийцгээж
л байна.

-Та ламынхаа ажлаар орлого олдог уу, хоолойгоороо хоолоо олж байна
уу?

-Манай “Гурван бүдүүн” хамтлагийг хүмүүс мэддэг. Энд тэнд тоглолт
ихтэй байдаг. Саяхан Сэлэнгэд тоглоод ирсэн. Гадагшаа тоглолтоор явдаг. Аав, ээжийн
тухай дуунууд маань хит болсон учраас энд тэнд хурим найранд их уригддаг. Гэхдээ
дан урлагаар хоолоо олж иднэ гэдэг хэцүү л дээ. Монголын зах зээл бага. Тийм учраас
хоолны бизнес янз бүрийн юмнууд хийж байна. Шашин талаасаа би хүмүүст сэтгэл зүйн
зөвлөгөө өгдөг. Надад хандсан хүмүүст тусалдаг. Архангайгаас тодорсон Зая гэгээний
Гүшиг дацан гэж бий. Тэр хийдийг барих бүтээх ажил, хийдийн гадаад дотоод зохион
байгуулалтад оролцож явдаг.

-Таныг хамтлагийнхаа бүх хит дууг зохиосон гэдэг. Бусад уран бүтээлчдэд
дуу нийлүүлдэг үү?

-“38-тай аав”, “Ижийгээ гомдоох учиргүй” дуунууд “Гурван бүдүүн”
хамтлагт маш их нэр хүнд, орлого авчирсан гэж би хэлдэг юм. Би зуугаад дууны ая
зохиосон байна. Дөч гаруйг нь манай хамтлаг дуулсан. Бусдыг нь хамтлаг, дуучдад
өгсөн. Ноён Бондгорт хүртэл дуу өглөө шүү дээ.

-Шинэ жилийн захиалгаа аваад эхэлсэн гэсэн үү?

-Авч эхэлсэн. Гучин нас бол ажил хөдөлмөрийн талбарт амжилт гаргах,
амьдрал нь жигдэрсэн төгс нас юм байна. Ямар ч албан газарт гуч хүрсэн, гуч гарч
байгаа бүсгүйчүүд гол ачааг нь нугалж байдаг. Албан байгууллагуудаас захиалга ирж
байгаа. Эрдэнэтээс саяхан “Гуч хүрсэн бүсгүй” гээд VIP тоглолт хийгээч гэсэн санал
ирсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *