Categories
гадаад мэдээ

Нигерт 75 мянган хүүхэд өлсөж үхэх эрсдэлтэй байна

nigerya

НҮБ-аас Нигерийн зүүн хойд нутагт ойрын хэдэн сарын хугацаанд 75 мянга орчим хүүхэд өлсөж үхэх эрсдэлтэй байна гэж мэдэгдсэнийг ВВС уламжлав. НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Питер Лундбергийн мэдэгдсэнээр, “Боко Харам” босогчдын бүлэглэлийн түшиц газар байсан тус бүс нутагт нийтдээ 14 сая хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаа аж.

Тэрээр мягмар гаригт Нигери улсын нийслэл Абужа хотод мэдэгдэл хийх үеэрээ “Энэ хямралыг шийдвэрлэх хангалттай санхүүжилт НҮБ-д байхгүй” хэмээн цохон тэмдэглээд, “Хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй 14 сая хүн, тэдний дотор 400 мянган хүүхэд байна. Хэрвээ бид яаралтай ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол ойрын хэдэн сарын дотор 75 мянган хүүхэд өлсөж үхэх эрсдэл нүүрлээд байна” гэжээ.

2009 оноос “Боко Харам” бүлэглэл Нигерийн зүүн хойд нутгийн Борно муж болон бусад газарт халдлага үйлдэж эхэлснээс хойш хэдэн арван мянган хүн амь үрэгдэж, хоёр сая гаруй хүн орон гэрээсээ дүрвэсэн байна. Өнгөрсөн долдугаар сард НҮБ-аас Борно мужид 250 мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалд ороод байна хэмээн анхааруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *