УИХ-ын гишүүн А.Сүхбаттай ярилцлаа.
-Цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн асуудал нэлээн яригдаж байгаа. Ажлын явц ямар байна вэ?
-Цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг өмнөх Засгийн газрын үед боловсруулсан. ТЭЗҮ-ийг боловсруулахын тулд дунджаар 2.5 сая ам.доллар буюу таван тэрбум төгрөг зарцуулсан байна лээ. ТЭЗҮ боловсруулах асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас захиалж Ус сувгийн удирдах газраас зохион байгуулсан байдаг. Үнэхээр хайран санагдаж байна. Монголын эрдэмтэн, судлаачид хамаагүй бага үнээр ТЭЗҮ боловсруулах боломж байсан. Туршигдсан, шинэ технологиор шинэчлэх ашигтай санал гарч байгаа. Бид гадныхан бол бурхан гэдэг сэтгэхүйгээсээ салах цаг болсон. Гадныхныг хэт их шүтэж байгаагийн нэг жишээ нь цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ. Үүнийг гадаадын компани гүйцэтгэсэн юм билээ. Өнөөдөр цэвэрлэх байгууламжийн асуудлыг байнгын хороогоор хэлэлцэж байна. Уг нь чиг үүргийнхээ дагуу Улаанбаатар хотын захиргаа уг асуудлыг шийдэх ёстой. Гэтэл байнгын хорооны хурлаар хэлэлцэж эхэлж байгаа нь цэвэрлэх байгууламжийн асуудал нэлээн ноцтой хэмжээнд очсоныг харуулж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын гадаад өр 24 тэрбум ам.доллар болчихлоо. Самурай, Чингис, Мазаалай бондын хөрөнгөөр өнгөрсөн дөрвөн жил гараа угаасан байна. Гэтэл 350-400 сая ам.долларын хөрөнгө гаргаад дэлхийн шилдэг технологи бүхий цэвэрлэх байгууламж барьчихаж чадаагүй л байна. Ирэх онд зайлшгүй хийгдэх ёстой асуудлыг шийдвэрлэх юм бол төв цэвэрлэх байгууламжийн асуудалд нэн тэргүүнд тавигдах ёстой. Энийг шийдэж чадахгүй бол гэр хорооллын дахин төлөвлөлт, барилга байгууламжид техникийн нөхцөл өгөх ажил явагдахгүй. Яагаад гэвэл Улаанбаатар хотын газар доор байгаа усан сангийн нөөц дуусаж байна. Бид өнөөдөр 00-доо цэвэр ус ашиглаж байна. Цахилгаан станцууд цэвэр усаар ажиллаж байгаа. Ийм завхарсан, мулгуу хэрэглээтэй улс дэлхий дээр алга. Ганц жишээ хэлье л дээ. Сингапур улс байна. Тэд ундны усныхаа хэрэглээний 20-30 хувийг далай тэнгисийн усыг цэвэршүүлж авч байгаа. Үлдсэнийг нь борооны усыг цэвэршүүлэх технологиор гарган авч байна. Гадаад улс ингэж л амьдарч байна шүү дээ. Гэтэл бид бурхнаас заяасан, байгаль дэлхийн хишгийг үргүй гаргаад хаяж байгаа. Одоо бид цэвэрлэх байгууламжийн ажлыг хурдхан шиг эхлүүлэхгүй бол болохгүй. -Таван тэрбум төгрөгөөр хийгдсэн ТЭЗҮ хэр болсон юм бэ?
-Өчигдөр болсон хэлэлцүүлгийн үеэр энэ ТЭЗҮ-ийг холбогдох албаны хүмүүс нэлээн шүүмжилж байна. Яагаад ийм богино хугацаанд, яарч тэвдэж ТЭЗҮ боловсруулсан юм бэ. Эрдэмтэн, судлаачдыг энэ ажилд оролцуулж, санал бодлыг нь сонсохгүй яасан юм бэ. Тендер зарлах үед олон компани өрсөлдсөн. Тэдний ТЭЗҮ-ийг яагаад харж үзсэнгүй вэ гэхчилэн олон асуудал яригдаж байна.
-Ер нь цэвэрлэх байгууламж барих ТЭЗҮ-ийг ийм их хөрөнгөөр хийлгэх шаардлага байсан юм уу. Багахан үйлдвэр барих хэмжээний төсөв биз дээ?
-Хариуцлагагүй, хулгай хийдэг байсны л жишээ л дээ. 2.5 сая ам.доллараар ТЭЗҮ хийлгэнэ гэж юу байхав дээ. Хоногт 200 м3 ус цэвэршүүлэх ийм л байгууламж шүү дээ. Энэ ТЭЗҮ-ийг боловсруулсан гадны компани олон улсад хэдэн зуун цэвэрлэх байгууламж барьсан туршлагатай газар юм билээ. Тэд өмнөх хийсэн ажлынхаа нэг жижигхэн зургийг аваад тавихад л үсрээд 100 мянган ам.доллар хэрэгтэй байлгүй дээ. Гэтэл 2.5 сая ам.доллар гаргачихсан байна. Би төв цэвэрлэх байгууламжийн бүтэн нэг өдрийн үйл ажиллагаатай танилцсан. Маш хөшүүн, үр дүн муутай ажилладаг юм билээ. Өчигдрийн хэлэлцүүлгийн үеэр Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү мэдээлэл хийсэн. Бохирын усыг 75 хувийн бохирдолтойгоор Туул голд нийлүүлж байна гэсэн. Бохирыг 25 хувьтай л цэвэрлэж байна гэсэн үг. Бүхэл хогийг нь авч үлдээд бусдыг нь Туул руу оруулчихаж байгаа хэрэг. Туул руу нийлж байгаа тунгаагуурын хоолойны усны зургийг би авсан. Хар хоормог Туул голд цутгаж байна лээ. Тийм байхад амьтай голтой амьтан байтугай юу ч тогтох аргагүй. Тэр ус урссаар зургаа, долоон км-ийн цаана Балж голтой нийлж байгаа. Тэнд нь Америкийн төслөөр орж ирсэн ус шүүдэг аппарат тавьсан байна лээ. Тэндхийн үйл ажиллагаа иймэрхүү дүр төрхтэй байна. Цэвэрлэх байгууламжийн анхан шатны дамжлага буюу том хог түүж авдаг хэсэгт гутлын түрий, бээлий, том хүний живх, цамц гээд юу л бол юу гарч ирж байгаа юм.
-Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл хэзээ эхлэх юм бэ. Сүүлийн хоёр жил хангалттай ярилаа шүү дээ?
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
-Гадна, дотнын хөрөнгө оруулалтаар урсгал засвар хийдэг. Сүүлийн 20 жилд 50 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байдаг юм билээ. Тэр мөнгө хаашаа орсон бэ. Том мөнгө оруулаад л байдаг. Гэтэл үр дүн байдаггүй. Үйл ажиллагаатай нь танилцаад явж байхад лаг шахдаг хоёр насос нь ажиллахгүй байна. Ажил хариуцлагын үйл явц ямархуу байгаа вэ гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Ер нь бол их, бага гэлтгүйгээр шахааны бизнес нүүрлэчихэж гэж харсан. Тэнд харгиа байгууламж байгуулсан байдаг. Арьс ширний үйлдвэрээс ирж байгаа хүнд элементүүдийг ялгаад ахуйн хэрэглээний бохирын хэмжээнд аваачих ёстой. Тэрийг нь төв цэвэрлэх байгууламж хүлээж авна. Гэтэл бохироо нийлүүлж буй арьс, ширний 28 үйлдвэрээс тал нь шууд төв цэвэрлэх шугамтайгаа холбогдчихсон байна. Тэр үйлдвэрүүдийн хол, ойр байх хамаагүй. Хууль бол хууль. Гэтэл энийг арьс, ширний үйлдвэрийн тал хувь нь л мөрдөж байна.
-Шинэчлэлийн ажил хэзээ эхлэх юм бэ?
-Уг нь хотын захиргааны хийх ёстой ажил гэж түрүүн хэлсэн шүү дээ. Тэд дийлэхээ байгаад байнгын хороонд хандаж байна. Байнгын хорооноос УИХ-д өргөн барина. УИХ тогтоол гаргаад Засгийн газарт чиглэл өгөөд явах байх. Ер нь бол цэвэрлэх байгууламжийг анх ахуйн хэрэглээний усыг цэвэршүүлэх зорилгоор оросууд барьж өгсөн шүү дээ. Гэтэл өнөөдөр машин угаалгын газар, арьс, ширний үйлдвэрүүд бохироо нийлүүлж байна. Сүүлдээ төв цэвэрлэх байгууламжийн бохироос мөнгөн ус хүртэл илэрсэн. Энэ бол маш ноцтой. Иймд төв цэвэрлэх байгууламжийг барина. Гэхдээ дэлхийн жишгээс хоцрогдсон үйлдвэр барьж болохгүй. Сүүлийн үед гарч буй шилдэг технологиор барих ёстой. Өнөөдөр төв цэвэрлэх байгууламжид 500 мянган тонн лаг хадгалагдаж буй. 30, 40 жилийн хур лаг гэсэн үг. Энийг бордоо болгож чадаагүй. Бид өнөөдөр лагийг хог гэж ойлгоод байгаа. Хогноос яаж салах вэ л гэж ярьж байна. Уг нь ашигтайгаар хэрэглэж болно. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлыг маш хурдан эхлүүлэхгүй бол болохгүй. Дор хаяж таван жил байгуулах том бүтээн байгуулалт шүү дээ.
-Ер нь ачаалал их гэж ярьж байгаа. Иймэрхүү байдалтай хэзээ хүртэл тэсэх бол?
-Шинэ байгууламжтай болтол яаж тэсэж үлдэх вэ гэдэг асуудал чухал болчихоод байна. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хүнд байна. Ийм үед дунджаар 350 сая ам.долларыг шийдэж өгнө гэвэл хэцүү. Хөрөнгө мөнгийг ямар аргаар шийдэх вэ гэх асуудал тулгарч байна. Уг нь хуульдаа төрийн өмч гээд заачихсан. Төр энэ байгууламжаа яаж шинэчлэх вэ гэхээр концессын гэрээгээр шийдэж болно. Хөнгөлөлттэй, урт хугацааны зээл авч болно. Ямар байгууллага шинэчлэх вэ гэдэг бид бүхний сонголтын асуудал. Маш няхуур, судалгаатай хандахгүй бол болохгүй. Би өмнөх дарга нартай нь уулзаж үзсэн. Хятадын тал, Солонгосын тал тэдэн хувийг нь цавчаад гэхчилэн ярьдаг. Төрийн албан хаагч хүн ингэж яриад сууж байж болохгүй. Тиймээс бид нэг хадаасны үнийг ч гэсэн тооцож байж ажил хийлгэх ёстой. Маш сайн хяналттай явахгүй бол болохгүй.
-Урсгал зардалд ч юм уу, шинэчлэлд зориулан ямар нэгэн хөрөнгө ирэх оны төсөвт суугдаж байгаа юу?
-Төсөвт суулгахад хүндрэлтэй байна. Бид улайсан данстай эдийн засаг хүлээж авсан. Гэхдээ хийхгүй байя гэвэл шалтаг олдоно. Хийе гэвэл арга олдоно гэдэг. Тэгэхээр зээлээр ч болтугай бариулахаас өөр аргагүй. Нөгөө талаас концессын гэрээгээр бариулна гэхээр хүндрэлтэй. Концесс гэдэг бол барьж байгуулаад улсдаа шилжүүлэх, эсхүл бариад, ашиглаад, улсад шилжүүлэх зарчимтай. Гэтэл өнөөдөр концессын гэрээгээр бариад, ашиглаад, улсад шилжүүлэх газар олдохгүй. Өнөөдөр усны үнэ хэдэн төгрөг байгаа билээ. Шалан дээр уначихсан байгаа шүү дээ. Нэг литр цэвэр ус 50 мөнгөний үнэтэй байна. Бохир ус цэвэрлэхэд 30 мөнгө авч байгаа. Ийм байхад яаж үр ашгийн тооцоо хийж, зарлага орлогын тэнцлийг барих вэ дээ. Судалгаа хийж үзсэн. Бохир ус цэвэрлэхэд 90 мөнгө авдаг байвал болж байгаа юм. Нэг куб/м ус цэвэрлэхэд 900 төгрөг гэсэн үг.
-Одоо яаж ажиллавал үр дүнд хүрэх вэ?
-Байнгын хороогоор яригдаад эхэллээ. Одоо УИХ ажлын хэсэг байгуулах байх. УИХ-ын даргын захирамж гарах байх гэж бодож байна. Тэгж байж л үр дүнд хүрнэ шүү дээ. Тэрнээс биш зүгээр нэг хэлэлцүүлэг хийгээд яваад байвал байдал өөрчлөгдөхгүй. Дахиад арав, хорин жил ч ийм байдалтай явж мэднэ.
Өнөөдөр Улаанбаатар хотын зүрх юу вэ гэвэл төв цэвэрлэх байгууламж. Яагаад зүрх гэж хэлж байна вэ гэвэл шинээр барьж байгуулах төв цэвэрлэх байгууламж эргээд саарал ус нийлүүлэх юм. Саарал ус гэж 95 хувийн цэвэршүүлсэн усыг хэлж байгаа. Тийм усаа бид 00, машин угаалга, цахилгаан станцууддаа хэрэглэе л дээ. Ингэж чадвал өдөр шөнөгүй ажиллаж буй 13 усан сан, 200 худгийн ачааллыг багасгана. Саарал усаа сайн ашиглана гэдэг тэр хэрээр ундны усаа нөөцөлж байна гэсэн үг.
-УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа. Өмнө нь гаргадаг байсан задгай зардлуудаа олигтой танаагүй юм биш үү?
-Төсөв эцсийн байдлаар орж ирээгүй байна. Хэлэлцүүлгийн шатанд явж байгаа болохоор гишүүд өөрсдийн саналаа хэлж байгаа. Аль болох үргүй зардлыг таная гэж ярьж байгаа шүү дээ. Адууныхаа хэрээр исгэрч, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэж үг бий. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэдэгчлэн асуудлыг бид шийдэх л болно. Өөр зам байхгүй. Төсвийн тодотголоор зарим асуудал орж ирээд унасан. Төсвийг туйлдуулж байгаа хамгийн чухал хүчин зүйл гадаадын өр, зээл шүү дээ. 2018 онд гэхэд 24 тэрбум ам.долларын хүүнд л гэхэд нэг тэрбум ам.доллар төлнө. Ийм байхад эдийн засаг сэргэх хэцүү.
-Сэргээхийн тулд гадаадын төсөл хөтөлбөрт хамрагдъя гэж ярьж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Аргаа барсан байдалд шилжиж буйн хэлбэр. Дампуурлын хэв маяг гэж харж байгаа. Монгол Улс ядуу буурай улс орнуудын дундаж зэрэглэлд орчихсон яваа. Дампуурлын харангын дохио ирчихлээ гэж ойлгох хэрэгтэй. Хаа хаанаа бодолтой, хянуур, хариуцлагатай хандахгүй бол болохоо байчихлаа. Манайд хариуцлагын тогтолцоо алга. Бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байна гэдэг болохоо байсны шинж. Грекийг хар л даа. “Стэнд бай”-д хамрагдаад сэхсэн нь хаана байгаа юм.
-“Стэнд бай”-д хамрагдвал төсвийн зарцуулалтад хяналттай болчих учраас эсэргүүцээд байгаа хүмүүс бий. Уг нь таны хэлснээр “Гэрээсээ хулгай хийдэг” нөхдүүд багасах юм биш үү?
-Гадаад өр, зээл эдийн засгийг хүндрүүлээд байна шүү дээ. Маш олон тэрбум цаасан мөнгө хэвлэсэн. Монгол төгрөгийн сулралыг авчирсан. Энэ байдлуудыг бодох хэрэгтэй. “Стэнд бай”-д хамрагдаад эдийн засаг сайжраад явчихдаг бол сайн л биз. Гэхдээ тийм дүр зураг харагдахгүй байна.
-Та монгол бөхийн жудаг, ёс зүйн талаар их ярьж байсан. Шударга бус үйлдэлтэй их тэмцдэг байлаа. Одоо улс төрд орсноор шударга бус зүйлтэй хэрхэн тэмцэх вэ. Засчихмаар, буруу тогтолцоог хэр зэрэг анзаарч байна вэ?
-УИХ-д хоёр дархан аварга, нэг аварга цолтой хүн сууж байна. Тэднийг ард түмэн яагаад сонгов. Бид монгол ёс заншлаа сайн мэддэг, уламжлалаа тээж явдаг. Ард түмэнтэйгээ ойрхон яваа болохоор биднийг сонгосон байх гэж бодож байгаа. Парламентын гишүүн болоход надад нэг төсөөлөл байсан. Гишүүд улс орны өмнө тулгарч буй асуудлыг шийдэх үүрэгтэй хүмүүс. Энэ удаагийн УИХ-д дийлэнх олонхи нь шинээр сонгогдсон хүмүүс. Тэднийг нэг зүйлд уриалаад байгаа юм. Бидэнд ард түмэн өндөр итгэл хүлээлгэж шударга ёсыг тогтоогоод өг, улс орныг хөгжүүлээд өг гэж сонгосон. Тангараг өргөсөн шинэ гишүүд маань дөрвөн жилийн дараа дүнгээ тавиулна. Миний хувьд нэг ч удаа чуулганы хуралдаан таслаагүй. Өөрийнхөө оролцоогүй байнгын хорооны хуралд ч гэсэн сууж байгаа. Ард түмэн маань одоо “Дээгүүрээ л болчихдог юм” гэх сөрөг бодлоосоо салаасай гэж бодож байна. Хүн бүрт улс төр хамааралтай болчихсон үед бид сайн ажиллахаас өөр аргагүй. Зөв, мэргэн бодлогоо тодорхойлж унасан эдийн засгаа богино хугацаанд босговол Монгол Улс сэргээд явчихна.