Categories
мэдээ цаг-үе

Т.Амина: “Асан дурлая” тоглолтынхоо дараа эх орноо тойрно

Т.Амина зурган илэрцүүдЦас цагаан охин “Асан дурлах” насанд хүрчээ. Цагаан даашинзтай эрвээхэй жаахан охин “Каспер” гээд дуулж байсныг хүмүүс санаж байгаа даа. Тэрбээр багадаа анх тайзан дээр гарахдаа “Бөөлжих гээд ч байгаа юм шиг, айж сандарч” байсан бол өдгөө айдсаа догдлол болгон хувиргаж, тайзан дээр чөлөөтэй биеэ авч явдаг эрхэмсэг бүсгүй болж хувирчээ. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Улсын филармонийн гоцлол дуучин Т.Аминагийн “Асан дурлая” бие даасан тоглолт энэ сарын 11-ний өдөр “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд болно. Залуу дуучин удахгүй болох тоглолтдоо бэлтгэж байх үеэр нь цөөн хором ярилцсан юм.

-“Асан дурлая” тоглолт ямар онцлогтой байх бол?

-Би нэгдүгээр ангиасаа дуулж эхэлсэн юм. Урлагтай амьдралаа холбосны 20 жилийн ой энэ өдрүүдэд болж байна. Бас уран бүтээлийн хоёр дахь цомгоо өлгийдсөн давхар баяр тохиож байна л даа. Хүүхэд ахуй үедээ 21 аймгийн 240 гаруй сумаар явж, бие даасан тоглолтоо хийсэн удаатай. “Асан дурлая“ бол мэргэжлийн уран бүтээлч болсон цагаас маань тооцвол нийслэл хотдоо хийж байгаа анхны бие даасан уран бүтээлийн тоглолт юм л даа. Тоглолтод мэргэжлийн баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Төрийн шагналт Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын филармонийн симфони найрал хөгжим, эстрадын жазз Баянмонгол чуулга, Монголын хүүхдийн ордны найрал дуучид, “Star dance” бүжгийн хамтлаг оролцох юм. 100 гаруй хүн миний тоглолтод оролцож байгаа. Бүх дуу маань амьдаар эгшиглэнэ. Халуун дулаан уур амьсгалаар дүүрэн гайхамшигтай үдэш болно гэж найдаж байна.

-Нэгэн дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд цагаан даашинзтай жижигхэн охин дуулж байсныг чинь санаж байна. Охиноо урлагт хөтлөхийг бодоход ээж, аав тань урлагийн хүмүүс үү?

-Миний аав найранд гурван даваатай, наадамд гурван дугараатай гэдэг шиг жирийн сайхан монгол хүн. Монголчууд сайхан дуулдаг, урлагт хайртай, авьяас билигтэй ард түмэн. Тэр утгаараа урлагийн өндөр мэдрэмжтэй, айхавтар шүүмжлэгчид байхгүй юу. Намайг анх дуулж эхлэхэд гэрийнхэн маань төдийлөн ойшоож дэмжээгүй. Тэмцээн уралдаанд түрүүлж, хоёрдугаар ангидаа “Дэлхий цагаан” тоглолтыг Хүүхдийн ордны тайзан дээр хийхэд маань “Охиноо урлагийн хүн болоход нь хурцалж хөглөж, чадлынхаа хэрээр дэмжинэ” гэж аав, ээж хүлээн зөвшөөрч эхэлсэн юм.

-Сүүлд дунд сургуулийн ахлах ангийн сурагч байхдаа төрийн бус байгууллагын урилгаар ирж дуулахыг чинь харж байсан л даа. Аав, ээж хоёр тань чиний менежер болчихсон байсан уу?

-Жаахан хүүхэд хамгийн наад зах нь зам гарч чадахгүй, дуулах газраа олоод очиж мэдэхгүй шүү дээ. Би бол ээж, аавыгаа гайхамшигтай гэж боддог. Үр хүүхдийнхээ сайн сайхан ирээдүйн зорилгынх нь төлөө ээж маань ажлаасаа татгалзаад намайг хөтөлж, өнөөдрийг хүртэл явж ирсэн. Эргэлт буцалтгүй урлагийн хүн болж, мэргэжлийн уран бүтээлч болтол маань дэмжсэн хүн ээж маань. Аав арын албаа даагаад үлдэнэ. Ээж маань намайг гараасаа хөтөлж өсгөсөн. Оюутан болж байж л би ээжийнхээ өврөөс гарсан даа. Энэ хүртэл намайг хамгаалж ирсэнд нь би дэндүү их баярладаг юм.

-Ах чинь бас хамтлагт дуулдаг хүүхэд байсан?

-Манай том ах Хөгжим бүжгийн сургуульд төгөлдөр хуурын ангид сурч байсан. Дууны үг, ая хийдэг. Ганц, хоёр дуун дээр хамтарч дуулсан л даа. Ах маань их сургууль төгсөөд ажил амьдралаа хөөгөөд урлагаас өөр замаар явсан.

-Т.Амина эхнээсээ л дуучин болох нь тодорхой байсан уу, өөр мэргэжил сонирхож үзсэн үү?

-Ээж, аав бол эмч болгоно гэдэг байсан юм. Миний охин том болоод мундаг эмч болно гэдэг байлаа. Сурлага сайтай, хими физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурсан. Эмч болно доо гэж өөртөө итгэсэн цаг хугацаа байсан л даа. Яг сургууль төгсөх болоход “Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно” гэдэг шиг болж болохгүй. Өдийг хүртэл урлагийн замаар явсан болохоор дуулаачийн мэргэжил хамгийн ойр дөт санагдсан. Тэгээд дуучин болохоор шийдээд СУИС-д орж суралцсан юм.

-“Асан дурлая” гээд дуулаад байгаа. Т.Амина ингэхэд асч дүрэлзсэн дурлалтай учирсан болов уу?

-Асан дурлачихсан явж байна (инээв). Догдлол, сайхан мэдрэмжээр хөглөгдөж явна. Тийм учраас тоглолтоо ингэж нэрлэсэн.

-Тоглолтоо хийсний дараа Т.Амина ямар уран бүтээл рүү орох төлөвлөгөөтэй байна?

-Би сургуулиа төгсөөд, өнгөрсөн жил урлаг судлалын ухааны мастер хамгаалсан. Ардын жүжигчин Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонид гоцлол дуучнаар ажиллаж уран бүтээлээ туурвиж байна. Цаашдаа сайхан уран бүтээлүүдийг түмэн олондоо хүргэнэ гэсэн бодолтой байгаа. Шинэлэг өнгө аястай, өргөн цар хүрээтэй, утга агуулгатай сайхан бүтээлүүдийг хүргэнэ. “Асан дурлая” тоглолтын дараа эх орноо тойрч, багадаа очсон газар бүртээ дахиж очиж, ард түмэндээ уран бүтээлээ өргөн барьж, энэ олон жилийн хайр хүндэтгэлийн хариуд сэтгэлийн бэлэг болгож, талархлын тоглолт хийнэ. Бүх сумаар очно. Очиж амжаагүй 100 гаруй сумаараа явна. Эх орныхоо өнцөг булан бүрт очиж ая дуугаа өргөнө дөө.

Үргэлжлүүлээд боловсрох хэрэгтэй, суралцах шаардлагатай гэж өөрийгөө үздэг. Урлаг судлалын ухааны чиглэлээр докторт сурна. Уран бүтээлээ ч хийгээд явна. Миний гурав дахь цомгийн ажил эхэлчихсэн байгаа.

-Т.Амина зөвхөн дуулж яваагүй, бас оюутан байхдаа ажил хийсэн байх. Өнгөрсөн хугацаанд ямар ажил хийж үзэв?

-Амьдрал баян шүү. Тухайн үед сургалтын төлбөр, автобусныхаа мөнгийг олох, ээжийгээ авч явсан хариуцлагатай цаг үе байсан учраас шантрах, ухрах эрх байгаагүй л дээ. Тэгээд сурахынхаа зэрэгцээ УБТЗ-д лавлан мэдээлэгчээр таван жилийн турш ажилласан. Үргэлжлүүлээд филармонид ажиллах болсон.

-Т.Амина ямар уран бүтээлд дуртай вэ, юунаас илүү эрч хүч авдаг вэ?

-Дуу хөгжим миний сэтгэлийг хөглөдөг. Одоо бол дуу хөгжимгүйгээр өөрийгөө төсөөлөхөд бэрх. Амаргүй үед эсвэл сайхан мэдрэмж авахыг хүссэн үедээ дандаа дуу сонсдог. Уран бүтээлчийн хувьд байнга эрэл хайгуулж хийж, шинийг эрэлхийлэх учиртай, судалгаа хийх шаардлагатай учраас төрөл бүрийн ая эгшгүүдийг сонсдог доо. Тэр дундаас хуучны дуунуудыг илүүд үздэг. Ардын дуугаа сонсоно. Миний машинд ардын болон уртын дууны цомог явдаг. Ихэвчлэн жолооны ард явахдаа сонсдог. Зарим хүн “Хэдтэй болоод ийм дуу хөгжим сонсдог юм” гэж шүүмжилж магадгүй. Гэхдээ би чинь монгол хүн шүү дээ. Ардын урлаг, язгуур хөг аялгуунд жил ирэх тусам улам л дуртай болоод байгаа. Тэрнээс таашаал авдаг. Ардын дуунаас тухайн үеийн амьдралын философийг мэдэрдэг, маш их санаа өгдөг шүү. Бодох юм ч их байдаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *