Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн эхнэр, нөхрийн асуудал гэж ойлгох нь учир дутагдалтай

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс Түр хамгаалах байртай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг байлгах Түр хамгаалах байранд хамгаалалтад авдаг шүү дээ. Энэхүү байр байгуулагдаад хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна?

-2014 оны хоёрдугаар сард Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн Түр хамгаалах байр байгуулагдаж, дөрөвдүгээр сарын 7-нд анхны үйлчлүүлэгчээ хүлээн авч байсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд манай байгууллага 617 гэр бүлийн 1,122 хүнийг хүлээн авч үйлчиллээ. Түр хамгаалах байранд ирж байгаа иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг. Харин насанд хүрсэн найман эрэгтэй ирсэн.

Ер нь судалгаанаас харахад, 385 насанд хүрсэн эмэгтэй, 368 эрэгтэй хүүхэд, 361 эмэгтэй хүүхдийг түр хамгаалах байранд авч, гэр бүлийн хүчирхийллийн золиос болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа. Манай түр хамгаалах байраар үйлчлүүлж буй хүмүүс сэтгэл зүйч нартай ганцаарчилсан уулзалт, ярилцага хийж, өөрийн шийдэж чадахгүй байгаа асуудалдаа гарц олж, цагдаагийн алба хаагчдаас хууль, эрх зүйн зөвлөгөө авдаг.

-Танай байгууллагад хэрхэн хандах ёстой вэ?

-Түр хамгаалах байрны үйл ажиллагаа Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код журмаар зохицуулагддаг. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж эрүүл мэнд, амь насанд нь аюул учирч болзошгүй, бие махбодод хохирол учруулсан, байнгын дарамтад байлгасан, айлган сүрдүүлж, дарамталсан, дагаж мөшгөсөн, хүчирхийллийн түвшин өндөр, дунд байгаа иргэдийг хүлээн авдаг.

Бүх дүүргийн цагдаагийн хэлтэс, албад, төрийн болон төрийн бус байгууллагаас манайд үйлчлүүлэгч нарыг холбон зуучилж ажиллаж байна. Манай байгууллагаас явуулж байгаа сурталчилгаа, үүрэн телефоны хэрэгслүүдээр дамжуулж буй мессэжийг аваад иргэд өөрсдөө ч манай байгууллагад хандаж ирэх тохиолдол ихэсч байна.

-Хоёр жилийн хугацаанд 1,000 гаруй хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалжээ. Тэгвэл гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл шалтгааныг судалж, урьдчилан сэргийлэх, асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар ажил хийж байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил нь гэр бүлийн хүрээнд үйлдэгддэгээрээ онцлог юм. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхэд нөлөөлж буй маш олон шалтгаан бий. Архидалт, ядуурал, ажилгүйдэл, хардалт зэргээс ихэвчлэн шалтгаалж байгаа хэдий ч цаад үндсэн шалтгаан нь хувь хүний суурь хүмүүжил, зан чанартай маш их холбоотой гэдэг нь олон улсын байгууллагуудын олон жилийн тандалт судалгаагаар тогтоогдсон байдаг.

Мөн үйлчлүүлэгчдийн сэтгэл санааны байдал, айдас түгшүүрийн түвшин зэргийг манай сэтгэл зүйчид судалдаг. Гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл судалгаанаас харахад, хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх нь эрчүүд, тэр дотроо нөхөр, хамтран амьдрагч, хойд эцэг, хүргэн нь байдаг. Хувь хүнийхээ үүднээс харахад, манай эрчүүд, залуучууд ухамсар, ухаан муутай, багахан зэргийн амьдралын бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хатгүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй, сэтгэл зүйн хувьд гутранги байдалд орсон нь харагддаг. Энэ байдлаасаа болж бухимддаг, архи ууж сатаардаг, тэр чинээгээрээ гэр бүлдээ сөрөг хандлагыг бий болгож байгаа юм. Хэн нэгэнд найдаж хүлээх бус өөрөө эхнэр хүүхэд, ар амьдралаа өөд нь татаж явах ёстой эр хүн гэдгээ ойлгох хэрэгтэй гэж бодогддог.

Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн эхнэр, нөхөр, хамтран амьдрагчийн хоорондын асуудал гэж ойлгох нь учир дутагдалтай юм. Төрсөн болон хойд, хадам эцэг, эх, төрсөн ах эгч, дүү нарын хооронд ч бас хүчирхийлэл үйлдэгдэж байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл нь хэн нэгэн хүний ганц нэг удаагийн санамсаргүй, тохиолдлын үйлдэл бус, харин тодорхой зорилгод хүрэх үүднээс төлөвлөгдсөн хэрэг.

Хохирогч нь хүчирхийлэл үйлдэгчийн хяналтад байдгаас ихэнх тохиолдолд давтагдан үйлдэгдэж, улам даамжирч байдаг онцлогтой. Олон улсын эрх зүйн актад гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн талаас нь ойлгож, энэ хэрэг дээр илүү анхаарал хүч тавьж, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг жишиг байдаг. Нийгмийн үзэгдлийнх нь хувьд ангилж үзэх юм бол энэ төрлийн гэмт хэрэг хамгийн хүнд, хор уршигтай нь. Гэмт хэрэг үйлдэгдэж байгаа нь тухайн гэр бүл дэх хүчирхийлэл туйлдаа хүрч байна гэсэн үг юм.

-Танай байгууллага ямар утсаар дуудлага хүлээн авч үйлчилж байна вэ. Орон нутгаас хандах тохиолдол байдаг болов уу?

-Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр түр хамгаалах байранд тусгай дугаарын 107 утсыг 2014 оны аравдугаар сараас эхлэн 24 цагаар ажиллуулж байна. Ингэснээр тусламж үйлчилгээ шаардлагатай байгаа иргэд маань үнэ төлбөргүй утсаар холбогдон хамгаалах байрны тухай болон хүчирхийллийн талаарх мэдээлэл, зөвлөгөө авдаг болсон.

Манай байгууллагад энэ гурван жилд биеэр болон утсаар хандан зөвлөгөө, мэдээлэл авсан нийт 5,317 иргэн байгаагаас 107 тусгай дугаарын утас руу 4,800 хүн холбогдсон байдаг. Зөвхөн Улаанбаатар хотоос ч бус хөдөө орон нутгаас ч бас хүмүүс ярьж зөвлөгөө авдаг.

“Малын бэлчээр дээрээсээ ярьж байна. Хадам эцэг, эх дарамтлаад байна. Ийм асуудал гарлаа, би хаана хандаж болох вэ” гэх мэтээр холбогддог. Зарим тохиолдолд үйлчлүүлэгч маань овог, нэр, хаяг, байршлаа хэлэхгүйгээр бидэнтэй холбогдож зөвлөгөө авдаг. Үйлчлүүлэгч зөвшөөрвөл бид харьяа аймгийн цагдаагийн газар, хэлтэстэй нь холбогдож мэдээллийг дамжуулж, холбон зуучилж ажиллаж байна.

-Сэтгэл зүйн шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх тал дээр ямар ажил хийж байгаа вэ. Мөн ээжийгээ дагаад Түр хамгаалах байранд ирсэн хүүхдүүдийн хичээл, сургуулийг хэрхэн зохицуулж байна?

-Сэтгэл зүйчид маань утсаар болон биеэр тусламж үзүүлж байгаа. Ирсэн үйлчлүүлэгчдийг сэтгэл зүйн сорилд оруулж, тайвшруулах дасгал, трейнинг хийлгэж байна. Манайд сэтгэл заслын үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байгаа учир Монгол Улсын Боловсролын их сургуулийн Сургалтын албанаас үнэ төлбөргүй сургалтад хамруулахаар болсон.

Мөн Улаанбаатар их сургуулийн болон Хууль сахиулахын их сургуулийн багш нар манай үйлчлүүлэгчдэд сэтгэлзүйн болоод хууль, эрх зүйн зөвлөгөө өгч байгаа. Манайд ээжийгээ дагаад давхар хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд их ирдэг. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 10 орчим хүүхэд ирж байсан.

Хамгаалалтад авагдсан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл нь орхигдох гээд байдаг тул бид үйлчлүүлэгч зөвшөөрвөл сургуулийнх нь нийгмийн ажилтан, багш нартай холбогдож хичээл, даалгаврыг нь авч хийлгэдэг. Мөн Хан- Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулан, хүүхэд, эмэгтэйчүүдийг төрөл бүрийн сэдвээр сургалтад хамруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *