Categories
мэдээ улс-төр

Ж.Батсуурь сайд хилийн чанадад байгаа эрдэмтэн, судлаачдыг урьжээ

БСШУС-ын сайд Ж.Батсуурь дэлхийн өнцөг булан бүрт судалгаа, шинжилгээний ажил хийж байгаа судлаачдад хандан ил захидал илгээжээ. Уг ил захидалд монгол эрдэмтэн, судлаачид гадаадын өндөр хөгжилтэй орны эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудад дэлхийн түвшний судалгааны ажил хийж, олон шинэ бүтээл туурвиж байгаад бид бахархаж байдгаа илэрхийлсэн байна.

Тэрээр цааш нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд шинэ хандлага, шинэ хамтын ажиллагааны арга хэрэгслүүдийг ашиглах асуудал амьдралаас урган гарч байна. Шинэ Засгийн газар улс орны ирээдүйн хөгжлийн гарц бол шинжлэх ухаанд суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх явдал гэж үзээд үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө шинжлэх ухаанд зарцуулах төсвийн мөнгийг тав дахин нэмэх зорилт тавин ажиллаж байгааг дурджээ.

Засгийн газар эх орондоо эрдэмтэн судлаачдынхаа ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх гол газар болох шинжлэх ухааны парк барьж байгуулах ажлыг эхлүүлээд байгаа. Тиймээс эх орныхоо шинжлэх ухааныг хөгжүүлж хүн ардаа баян чинээлэг амьдрах боломжтой, хүчирхэг эдийн засагтай орон болгох их үйлсэд оролцоно уу хэмээн хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монгол эрдэмтэн, судлаачдаа БСШУСЯ урьж байгааг сайд ил захидалдаа онцолсон байна.

Ингэхдээ эхний ээлжинд гадаадад байгаа эрдэмтэн, судлаачдын хаяг, хийж байгаа ажлын тухай мэдээллийг цуглуулж сан бүрдүүлэхээр болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *