Categories
мэдээ цаг-үе

Д.Жаргалсайхан: Манайх шиг засаглалтай оронд “Bank of China” орж ирээд ч гавьтай зүйл болохгүй

Эдийн засагч Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-Олон улсын валютын сан уу, Хятадын хөнгөлөлттэй зээл үү гэсэн хоёр хувилбар ид яригдаж байна. Таныхаар аль хувилбар нь дээр вэ?

-Монгол Улсын Засгийн газар шууд төлөх ямар ч чадваргүй болтлоо гадаад, дотоодын өрөнд баригдсан учраас хүнээс мөнгө гуйж таарна. Гуйхдаа мэдээж зээлж авна. Бага хүүтэй, урт хугацаагаар өгөх боломжтой нь Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл байх. ОУВС тодорхой нөхцөлтэйгөөр өгдөг. Энэ удаад ОУВС, Хятад хоёр хамтрах боломж бий гэж харж байна. Учир нь Хятадын мөнгө саяхан ОУВС-д орсон. Тэгвэл бид өрөө дарах хэмжээний зээл авчих болов уу. Мэдээж өр дарлаа гээд эдийн засагт өөрчлөлт орохгүй. Гэхдээ энэ маягаараа цаг алдвал илүү их өрөнд орох эрсдэлтэй. Төр засаг эдийн засгаа удирдаж чадахгүй, нийт ард түмнийг гэхээс илүү тодорхой бүлэглэлийг төлөөлөөд байна л даа.

-Бизнесүүдийг дэмжиж байж л эдийн засаг тэлнэ. Компаниудаа яаж дэмжвэл үр дүнд хүрэх бол?

-Бизнесээ дэмжихийн тулд үнийг чөлөөлж, төр бизнест оролцохоо болих хэрэгтэй. Төрийн өмчит компаниудыг бүгдийг нь хувьцаат компани болгох шаардлага бий. Чөлөөт өрсөлдөөнийг урамшуулж, бонд гэх мэт есөн шидийн мөнгийг хувааж нууж өгдгөөсөө татгалзах ёстой.

-Дифляци гэсэн ойлголт эдийн засагт гараад ирлээ. Иргэдийн худалдан авах чадвар унасан учраас ийм үзэгдэл ажиглагдаж байна гэх юм…?

-Худалдан авах гэж юуг хэлээд байна гэдгээс эхэлнэ л дээ. Хоол хүнс, өргөн хэрэглээний бараа авах нэг хэсэг бий. Нөгөө талд хадгаламжаасаа том зүйл худалдаж авах дунд ангийн хэрэгцээ гэж байгаа. Энэ утгаар нь авч үзвэл хүн амын 20 хувь ядуу байна. Ахиад 20, 30 хувь нь ядуу руу ороход бэлэн болчихсон. Хэзээнээсээ өндөр хувьтай байгаагүй дундаж анги харьцангуй багасчихлаа. Тийм учраас сегмент болгоны худалдан авах чадвар юунаас хамаарч байна вэ гэдгийг хэлэхгүй бол ерөнхийлөхөд хэцүү. Жишээ нь өндөр орлоготой хүмүүс дуртайгаа хэрэглээд явна. Хадгаламжтай хүмүүс нэг хэсэгтээ тэвчинэ. Бага орлоготой хэсэг буюу хүн амын бараг хагас нь хэцүү байдалд байгаа нь үнэн. Үүнээс гарах гарц нь ажлын байр. Ажлын байрыг хувийн хэвшил бий болгодог. Хувийн хэвшилд ажлын байр нэмэх боломж одоогоор алга. Ер нь хувийн хэвшил хумигдаж байна. Компаниудын худалдан авах чадвар буюу хөдөлмөрийн бүтээмж бага байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засаг идэвхгүй болж байна гэсэн үг.

-Эдийн засаг идэвхгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Хямралын байдалд орчихоод идэвхгүй болчихлоо л доо. Гадагшаа экспортолдог бүтээгдэхүүний үнэ уначихаар уул уурхайн салбар уруудлаа, ийм шалтгаанаар хямарсан гэж яриад байгаа. Үнэн хэрэгтээ тийм биш. Монголын хувьд үүнээс илүүтэйгээр улс төрийн, засаглалын чанартай хямрал нүүрлэсэн. Бид бонд авснаас болж өрөнд орсон. Бондоо юунд зарцуулахаа төлөвлөлгүйгээр авсан. Энэ бол засаглалын асуудал. Юунд зарцуулахаа тохироогүй, шийдээгүй байж хүнээс мөнгө зээлнэ гэдэг хариуцлагагүй явдал. Тэгээд сандрангуутаа зам тавьчихсан. Гэтэл замыг урт хугацааны дэд бүтцийн хөгжлийн зээл гэж тусдаа зээлээр тавьдаг. Мөнгөө яаж хуваасан нь ил тод биш, бүлэглэлүүд нь хуваагаад авчихдаг гэж ирээд яривал асуудал их бий.

-Дээгүүрээ мөнгө хувааж идээд байгаа бүлэглэлүүдийг задалж хүчийг нь сулруулахын тулд яах ёстой юм бол?

-Ардчилсан оронд зах зээл гэдэг аж ахуйгаа хянаад явдаг зах зээлийн ардчилал гэсэн ойлголт байдаг. Манайд үүнийг явуулах сонирхолгүй хүмүүс төр засаг хянадаг болгоод хувиргачихсан. Улс төрийн нам гэдэг олон хүний үзэл бодлыг илэрхийлдэг институци байхаа больчихлоо л доо. Тодорхой хэсэг бүлэглэлийн сонирхлыг төлөөлсөөр өнөөг хүрсэн. Үүнийг зогсоож, улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох хэрэгтэй. Улс даяар иргэний нийгмийг хүчтэй болгох шаардлага бий. Ер нь зах зээлийн ардчилалд хамгийн чухал хүчин зүйл бол иргэдийн, иргэний нийгмийн хяналт шалгалт байдаг. Энэ механизмыг сэргээхгүйгээр хямралаас гарахгүй. Ойлгохгүй удах тусам хямралд илүү их өртөнө. Төлбөрийг нь бүгдээрээ нийлээд төлнө. Хожих хүмүүс нь бидний нэрийн өмнөөс шийдвэр гаргаж өөрсдөө завшаад байгаа этгээдүүд.

-Эрдэнэтийн 49 хувь дээр ямар байр суурьтай байгаа вэ, төр зуун хувь авах нь хэр зөв шийдэл бол?

-Ер нь бол Оросын Засгийн газраас Эрдэнэтийн хувийг авах нь зөв. Процедурын хувьд эргэж харах асуудал бий. Эрдэнэтийн хувийг Монголын Засгийн газраас ч авах хэрэгтэй.

-Эрдэнэтийн хувьтай холбоотой асуудлыг УИХ хэлэлцээд Оросын талд байсан 49 хувийг төр засаг авчихлаа гэж бодъё. Тэгвэл Эрдэнэт өнөөдрийнхөөсөө ч уруудна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Мэдээж. Монголын төрийн эрхийг улс төрийн намууд гартаа авдаг. Улс төрийн намууд нь хэн бэ гэхээр том асуултын тэмдэг гарчихаад байна л даа, яг өнөөгийн нөхцөлд. Товчхондоо, ил тод биш бизнесийн бүлэглэлүүд улс төрийн намуудыг худалдаад авчихсан.

-Таван толгой гэх мэт том төслүүд яагаад ч юм урагшилж өгдөггүй. Таны яриад байгаа бүлэглэлүүдийн зодоон том төслүүдийг гацаагаад байна уу?

-Бизнесийн нууц бүлэглэлүүд буюу ил тод биш үйл ажиллагаатай компаниудын л хийж байгаа ажил. Дахин хэлэхэд улс төрийн намыг хувьчлаад авчихсан нь гол асуудал болоод байна.

-Улстөрчид энэ тэр нам гэхээс илүү, ашиг сонирхлоороо нам дамжаад нэгдчихлээ гэсэн шүүмжлэл таны хэлж байгаатай агуулга нэг санагдлаа…?

-Компаниуд улс төрийн аль аль намд нь орчихсонд хамаг учир байгаа юм. Энэ талаас нь харахаар улс төрийн нам гэдэг институци бараг алга болчихсон. Ганц манайд ч биш посткоммунист орнуудад улс төрийн намууд гэсэн институциудыг нөлөө бүхий бизнесийн нууц бүлэглэлүүд, үйл ажиллагаа нь тодорхой биш бизнесийн группууд авчихсан байгаа. Монголын удирдлагууд гэхэд л бүгдээрээ том бизнесийн эзэд. Тэр хүмүүсийн хоорондын тохиролцоогоор бүх зүйл өрнөж байна. Намын нэр, өнгө ямар ч хамаагүй болчихсон. Түүн шиг худлаа юм байхгүй.

-“Bank of China” Монголд салбараа нээх асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашгийг хөндөх учраас эсэргүүцээд байна л даа. Ер нь манайх шиг засаглалтай оронд “Bank of China” шиг банк орж ирээд гавьтай зүйл болохгүй дээ. Оруулсан нэртэй, гарсан ч юм шиг, орсон ч юм шиг ажиллах болов уу. Жинхэнэ либериал эдийн засагт бусад орнуудын банк орж ирэх нь тийм онцгой асуудал биш. Ер нь өндөр хөгжилтэй, зөв явсан улс оронд мөнгөний, хөрөнгийн урсгал чөлөөтэй байх тусмаа сайн. Гэхдээ төр засаг нь авлигагүй байх ёстой.

-Тэгэхээр одоо яах ч ёстой юм…?

-Наадах чинь асуулт л даа. Иргэний нийгэм хүчтэй хөгжиж, төр засгийг хянадаг шалгадаг системийг хүчирхэгжүүлэхээс өөр ямар ч сонголт байхгүй. Иргэний нийгмийг хүчтэй хөгжүүлэхийн тулд хараат бус хэвлэл мэдээллийг хүчтэй хөгжүүлэх ёстой. Гол шалтгаан нь бидний толгойноос коммунист сэтгэлгээ арилахгүй байна. Хүчнээс айж байна, хүчний байгууллагууд нь хүчтэй байна. Улс төрийн намуудын удирдлагыг үг дуугүй дагадаг яахаас ч буцахгүй бүлгүүд бий болчихож. Үүнээс гарахын тулд хоорондоо сайн ярилцах хэрэгтэй. Харамсалтай нь ярилцах механизм нь бага байна.

-“Де факто”-гийн зочид их сонирхолтой хүмүүс байдаг. Зочдоо ямар шалгуураар сонгодог вэ?

-Амьдралдаа өөрчлөлт хийсэн, нийгэмд нөлөө болохуйц үзэл санаатай, том хэргийн төлөө зүтгэдэг хүмүүсийг урихыг оролддог. Нэвтрүүлгээ орос, англи, монгол хэлээр хийж байна. Орос, англи хэл эзэмшлээ, баруун зүүнгүй сурлаа, олж авсан мэдлэгээ олон хүнд хүргэе гэсэн чин хүсэлтэй явдаг. Энэ бүхнээ ашиглаад нэлээд баян болъё гэсэн зорилго тавьж байснаа больсон (инээв).

-Хамгийн сонирхолтой ярилцагч чинь хэн байв?

-Олон хүн бий. Мэдээж Далай лам маш сонирхолтой ярилцагч. Уянга гээд хараагүй бүсгүй байна. Яг хараатай юм шиг амьдарч яваа эмэгтэй. Ийм хүмүүсээс эрч хүч авдаг. Улс орны лидерүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, хаан, ханхүү, Нобелийн шагналтан гээд яривал сонирхолтой зочид олон доо. Энэ бүхний цаана тодорхой хувь заяа, өөрчлөлт байдаг. Тэр бүхэн нь яаж бий болсон, ямар зан характер, хэр тэвчээртэй хүн ийм зүйл хийж чаддаг вэ гэдгийг яриулах сонирхолтой шүү. Ер нь амжилтын цаана асар их хөлс хөдөлмөр, шударга ёс, сахилга бат байдаг юм билээ.

-Тэгвэл урьж ярилцахад нэлээд цаг авсан зочин хэн бэ?

-Далай лам. Ярилцах гэж нэг жил хөөцөлдсөн.

-Уриад ярилцаж чадаагүй яваа, ярилцахсан гэж хүсдэг хүн гэвэл хэн байна?

-Түдэв гуай. Хэнээр ч яриулаад хавьтуулахгүй байна. Ухаан санаа нь саруул байгаа дээр ярилцаад авахсан гэж бодох юм. Ер нь энэ хорвоод гайхамшигтай хүмүүс олон бий. Тэр хүмүүсийг монголчуудтайгаа уулзуулж, нөлөөлөхүйцээр асуулт тавиад яриулахсан гэж зорьж явна даа.

-Гадны томчуудаас урихаар төлөвлөсөн хүмүүс өчнөөн биз?

-Зөндөө бий. Тодорхой улсын удирдлагуудаас байгаа. Гэхдээ одоохондоо нэрийг нь дурдаад яахав. Саявтар хойд хөршийн төмөр замын дарга байсан Якунинтай ярилцлаа. Монголд телевизийн ярилцлага өгдөггүй хүн байгаа юм. Их ширүүн характертай нөхөр. Ярилцлага хийх тохиролцоог дөрөвдүгээр сард Москвад хийгээд энд ирэхэд нь ярилцсан.

-Та эдийн засгийн чиглэлээр нийтлэл бичээд нэлээд удаж байна. Ер нь анх хэний саналаар бичиж эхэлсэн юм бэ?

-Талийгаач Ц.Балдоржийн саналаар. 2009 оны долдугаар сарын 1-нээс бичихээр шийдсэн юм. Хөтөлдөг булангаа нэг ч долоо хоног алгасаагүй. Бичсэн нийтлэлээ бизнес радио 98.9-д орой бүр 18.30 цагт өөрөө уншдаг. Энэ жилээс “Де факто тойм” гэж хийж эхэлсэн. Долоо хоногийн онцлох дөрөв, таван үйл явдлыг, яагаад ийм юм болов гэдгийг хараат бусаар тайлбарлахыг оролдож байна. Юу ч хийгээгүй хэрнээ би тэгэх байсан юм гэж ярьдаг хүмүүсийн нэг болчих вий гэж айдаг. Эргээд харахад өөрөөс хамаарах бүхнээ хийжээ гэсэн мэдрэмж төрөхөөр амьдрах хэрэгтэй. Ер нь би их өөдрөг хүн. Улсаа хөгжиж дэвжинэ гэдэгт итгэдэг. Хүн амын маань хагас нь залуус, дарангуйллын системийг мэдэхгүй хүүхдүүд өсч өндийж байна. Тэр хүүхдүүд эрхийг нь хязгаарласан зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ер нь монголчууд хамтраад, хийж бүтээгээд, бүтээснээ дэлхийд зарж борлуулаад сайхан амьдрах бүрэн боломжтой, эрхтэй хүмүүс.

-Англи хэлийг бие дааж сурав уу, эсвэл сургууль номоор нь явж байж энэ хэмжээнд эзэмшсэн үү?

-Ямар нэг зүйлийг төгс сайн эзэмших хэцүү, би англи хэлийг төгс эзэмшээгүй. Гэхдээ төгс сурахын төлөө тэмүүлэх хэрэгтэй. Одоо ч сурсаар яваа. Яаж хэлбэл дээр юм, англи, америк, австрали, канадуудын хэллэгийн ялгаа нь юу байна гэж ирээд яривал хэзээ ч дуусашгүй танин мэдэхүйн ертөнц л дөө. Миний хувьд англи хэлийг 18 наснаасаа 20 хүртлээ бие дааж судалсан. 18-тайдаа Орост очмогцоо англи хэл илүү чухлыг ойлгоод сурч эхэлсэн. 20 настайдаа англиар ойлгож ярих болсон минь миний амьдралд том өөрчлөлт авчирсан гэж боддог. Ер нь гадаад хэл сурахад ахиад нэг хүн бий болж байгаа юм шиг ертөнц хүний дотоодод нээгддэг.

-Таныг олон жил бодибилдингээр хичээллэсэн гэж сонссон. Бодибилдингээс өөр ямар спортоор хичээллэдэг байв. Ер нь спорт хүнд юу өгдөг гэж боддог вэ?

-Москвад сурах үедээ цанаар хичээллэж эхэлсэн. Сургуулийнхаа эдийн засгийн салбарын багт орж цанаар арван километрт гүйдэг байсан юм. Ломоносовын их сургуульд сэлж чаддаггүй хүүхдийг төгсгөдөггүй хуультай. Тавь, жараад онд маш олон залуус усанд сэлж чаддаггүйгээсээ болж үрэгдэж байсан учраас ийм шийдвэр гаргасан байдаг юм. Ийм түүхтэй сургуульд сурсан учраас мэдээж сэлэх дуртай. Талын цанаа хориод жилийн өмнө уулын цана болгосон. Бодибилдингээр 24, 25 жилийн турш хичээллэж том биетэй, булчинтай болж үзсэн л дээ. Хийж байгаа ажилд таарахгүй гэсэн шалтгаанаар больсон. Тэгж их унтаж, идээд байвал хэзээдээ юугаа бичихэв гэмээр юм билээ. Одоо гольф тоглож байна. Ер нь хүн зовлогоо зовоох ёстой. Боломжтой бол биеийн тамир хийж биеэ зовоовол нөгөө зовлон нь бага даа. Өвдөх зовлон нь.

-Төрд ажиллаж байсныг тань мэднэ. Гэхдээ нэг их удаан ажиллаагүй. Дэмий санагдсан уу?

-Хувийн бизнес хийе гэж боддог байсан юм. Хийж эхэлж байтал М.Энхсайхан “Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд англи хэлтэй хүн хэрэгтэй байна, чи яриад байхаар хийгээч” гэсэн. Тэгээд М.Энхсайханы Засгийн газрын үед Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга болж байлаа. Энэ албанд гурван жил хагас ажилласан. Дараа нь баруунд тэтгэлгээр сурах боломж гарч 2000 онд Америк явсан. Найзууд дөч гарсан хойноо мастер хийхдээ яадаг юм гэж шоолж л байсан. Тоохгүй яваад санхүүгээр мастер хийгээд ирсэндээ баяртай байдаг. Эргэж ирээд төрд ажиллаад дэмий юм байна, шийдвэр гаргах түвшинд л биш бол бүх юм дээрээс хамааралтай учраас үр дүн бага гэж бодоод хувийн салбарт арваад жил ажилласан.

-Та санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн үү?

-Санхүүгийн эрх чөлөөний хувьд юуг ямар хэмжээнд хүсч байгаагаа тодорхойлохгүй бол шунал гэдэг хязгааргүй. Бүх юманд дээд хязгаар гэж байх ёстой. Гэхдээ зарим хүмүүст тийм хязгаар байдаггүй юм шиг санагддаг. Хүний наад захын хэрэгцээ гээд харахаар сайхан ор, тохитой дээвэр, эрүүл саруул уур амьсгал, юу байх нь хамаагүй а-гаас б-д хурдан хүргэдэг унаа байх ёстой гэж боддог. Ийм төвшинд хүрээд урсгал зардлаа даагаад явж байгаа бол санхүүгийн эрх чөлөөнд хүрчихсэн гэсэн үг. Би ингэж л боддог.

-Таны хувьд нийтлэл бичих, нэвтрүүлэг хийх ажил бизнес болж чадсан уу?

-Миний хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар нэг хэмжээгээр бизнес болж чадсан. Хэрвээ би хүнд хэрэгтэй үнэ цэнэ бүтээж байгаа бол тэрийг мөнгөөр илэрхийлж болох учиртай. Жишээ нь би компаниудад мөнгөөр лекц уншдаг. Харин залуус, оюутнуудад үнэ төлбөргүйгээр лекц уншдаг.

-Хувийн томоохон компаниудад хэр үнэтэй уншдаг вэ?

-Томоохон, олон ажилтантай компанид бол маш үнэтэй уншдаг. Хэрвээ намайг нэг компани уриад, нэг ажилтандаа ганц шил шар айраг авч өгч байгаа юм шиг үнэ хэлбэл би очихгүй. Учир нь би ажилтнуудад нь нэг шил шар айраг ууснаас илүү үнэ цэнийг өгч байгаа. Тэр үнэ цэнийг би хийсэн юмаараа батлах ёстой. Миний хувьд монгол, орос, англиар бичсэн номнуудтай. Бичсэн номнууд минь хамгийн том баталгаа.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *