Categories
гадаад мэдээ

Пак Гын Хэ Ерөнхийлөгч ард түмнээсээ хоёр дахь удаагаа уучлал гуйлаа

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе өнөөдөр 10 цаг 30 минутад бүх ард түмэндээ хандан үг хэлж, уучлалт гуйжээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “Ард түмэн та бүхнээс дахин уучлалт гуйж байна. Бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нь намайг хүнд хэцүү үед сэтгэл санаагаар дэмжиж, тусалж байсан хүн юм. Би эх орон, иргэдийнхээ төлөө бүх амьдралаа зориулан ажиллаж байхдаа зарим үед надтай эртнээс танил байсан хүмүүсээс тусламж гуйдаг байсан.

Гэвч энэ нь өөрийнхөө найз нөхөд, дотно хүмүүсийг албан ажилтайгаа холбосон нь миний алдаа байсан бөгөөд би энэ үйлдэлдээ уучлалт гуйж байсан. Би Ерөнхийлөгчийн албан тушаалыг авсан цагаасаа эхлэн эх орныхоо эдийн засгийг өсгөх, иргэдийнхээ амьдралыг улам дээшлүүлэх зорилготой ажиллаж байна.

Зорилгоо биелүүлэхийн тулд Засгийн газартайгаа хамтран олон тооны ажлыг төлөвлөн гүйцэтгэж байсан бөгөөд уг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зориулсан улсын мөнгөнөөс тодорхой хэсэг хүмүүс их хэмжээгээр завшиж байсныг бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас илрүүллээ.

Өөрөөр хэлбэл миний үүрэг болгосон ажлыг гүйцэтгэх явцдаа миний танилууд мөнгө завшиж байсан юм байна. Мөнгө завшсан хэрэгт холбогдуулан миний эртний танил, бизнес эрхлэгч Чуй Сүн Шил болон миний туслахаар ажиллаж байсан Ан Жунг Боб нарт эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорьсон.

Гэвч энэ бүхэнд ажилдаа хариуцлагатай хандаж чадаагүй надад ч буруу байгаа. Иймд би цаашдаа хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас дуудсан цагт мэдүүлэг өгч, өөрт хамаарах хүрээллийг бүхэлд нь шалгуулах болно.

Би иргэд та бүхний итгэлийг алдсандаа болон надтай хамт төрийн албанд үнэнч зүтгэж байгаа Засгийн газрын бусад гишүүдээсээ уучлалт гуйж байна.

Ингээд би энэ асуудал дэгдсэнээс хойш ард иргэдээсээ 2 дахь удаагаа уучлалт гуйж байгааг минь та бүгд хүлээн авна уу” хэмээн хэлсэн байна.

Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе нь бүх ард түмэндээ хандаж үг хэлэх үед хоолой нь зангиран нүдэнд нь нулимс цийлэгнэж байсан бөгөөд тэрээр Чуй Сүн Шил-тэй холбоотой байж болох бүх албан байгууллага, хүмүүсийг шалгах үүргийг цагдаагийн газарт өгсөн бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу хатуу хариуцлага тооцон зохих ял шийтгэлийг оноохыг үүрэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *