Categories
мэдээ цаг-үе

Сэгс цагаан богд ууланд сэрүү унах болоогүй байна

Хатан суудлын застав дээр аяны тоосоо үргээж хоносон “Говийн гайхамшигт зургаа”-гийнхан маань Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт байдаг Цагаан богд уулыг зорин хөдөллөө. Нутгийнхны ийн нэрлэх уул бол ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн найраглалаар алдаршсан Сэгс цагаан богд хайрхан билээ. Алтайн өвөр говьд ид зунаараа. Ялаа шумуул, царцаа дэвхрэг л харин улирлын эрхээр бараа сураггүй алга болжээ. Бор шаргал далавчтай жигтэйхэн гоё эрвээхэй хоёр хоногийн өмнө майхан дээр ирж суухад зурагчин П.Отгонбаатар ихэд олзуурхан зургийг нь дарсныг эс тооцвол хорхой шавьж ч таараагүй гэж хэлж болно. Ээж хайрханд тэр жил наймдугаар сард очиход энд тэндгүй гүйлдэж байсан замба гүрвэлүүд ч ичсэн бололтой, ганц нь ч бараагаа харуулаагүй сэн. Цагаан бургасны шанд дээр бил үү, харин загийн шар хэмээх хачиг элсэн дээр олноор явж байхыг үзсэн. Алтайн өвөр говийн цаг агаарын байдал хорин хэмээс дээш дулаахан байсан. Тэгэхэд Улаанбаатарт цас ороод хасах хэмтэй байсныг санаж байна.

Шар хулсны баянбүрд дээр мазаалайн мөр үзсэн болохоор үндсэндээ говийн баавгайтай таарсан мэт сэтгэл хангалуун байцгаасан. Учир нь мазаалайн тухай бичлэг цахимаар нэг байдаг болохоор тийн сэтгэл цадацгаасан байх талтай. Говийн хадан уулын сайр даган явах бидний аяллын зам улам бартаатай болсоор. Хоёр талаар хүрээлсэн сүрлэг хадан байцууд агуй, нүх ихтэй нь ямар нэг амьтны ухархайг нь ухсан гавалтай төстэй. Эгц хадан уулын энгэрт хүний хөл хүрэхгүй шахуу харагдах нэгэн хүнхэр агуйг сайн эр Хөөтийн агуй гэдэг аж. Өвөрхангай аймгийн прокуророор ажиллаж байсан Хөөт хэмээх хүн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын сайн эр Дашдаваагийн хэргийг шалгаж байгаад нэг л өдөр “Хуульчийн ажлаа өглөө. Хулгайчийн замд орлоо” гэсэн бичгийг ажлынхаа ширээний нүдэнд хийж орхиод оргож одсон гэх. Дашдаваа, Хөөт хоёрын тухай аман домог говийнхны дунд элбэг. Дашдаваа сайн эрээс гадна элдэв увдистай хүн байсан шиг яригддаг. Түүнийг барихаар олон хүн бүслэн очиход дөч тавин хувь Дашдаваа болж хувилчихаад алийг нь барихаа мэдэхээ байсан үед жинхэнэ Дашдаваа нь зугтаад явчихдаг байсан, мөрдөнд түгжчихэд цоож нь ямар ч түлхүүргүй онгойдог байсан гэх мэт үлгэр домог шиг зүйл зөндөө яригдана.

Хүж хад

Хөөтийн агуйг үзэж, Сүүжийн булгийг чиглэн хөдөлсөн манай фургон хадан хавцгай өөд хаазлан зүтгэж байгаад унтарч хүч алдан ухрав. Чулуу ивэн байж газрын хэвгийд бууж ирвэл зүүн хойд талын дугуйны тахир гол гээч юм хугарчээ. “Эзгүй хээр газар ингээд балардаг байжээ” гэж бодтол жолооч маань ерээд оны баячуудын барьдаг байсан данхар хар гар утас шиг юм бариад уулын оройгоод гараад явчихдаг юм. Урт антеннтай мөнөөх зүйлийнх нь дуу чимээ ч сүртэй. “Байна уу, байна уу, Эхийн гол оо” гэж дээр үеийн сумын холбооныхон шиг хашгирсаар хоёр зуугаад километрийн цаана байгаа хүргэн ахтайгаа холбогдож машины сэлбэгээ захьчихаад бууж ирсэн. Тэгэхнээ тэр зүйл нь говийнхны “ховч хар” хэмээн нэрлэсэн сүлжээ сайн барьдаг бэсрэг станц ажээ. Жолооч маань “Нутгийн бараа хараад машин эвдэрсэн нь ёстой аз боллоо. Хар сайрын хөндийд хааш хаашаа эзгүй цөлд саатсан бол яана” гэж биднийхээ сэтгэлийг засаж байна. Нээрээ л усгүй элсэн цөлд Говь-Алтай, Баянхонгороос алс эзгүй хээр суучихсан бол бид яалтай билээ. Мань эр уулын оройгоос “ховч хар”-аа барин бууж ирэхдээ “За, Эхийн голоос хүргэн ахаа сэлбэг аваад ир” гэлээ гэж байна. “Хэдэн километр газар билээ” гэсэн чинь “Хоёр зуун тавин километр. Мотоцикльтой хүнд юухан байхав” гэж байна. Холхон саахалтын газрын тухай ярьж байгаа юм шиг хээвнэг байгаа нь говийнхны уудам дэлгэр нутгийнхаа тэнгээр сэтгэж ярьдгийн ганц жишээ болмоор.

Өргөнөөрөө 7.1 метр бүдүүн Хаан
тоорой

Алтайнхныхаа фургонд шилжин суусан бид хадтай аараг сүлжин явсаар үдшийн бүрийгээр Сэгс цагаан богд хайрхны зүүн талд отоглосон түрүү машиныхан дээрээ ирцгээсэн. Сэгс цагаан богд уул дэргэдээс нь харахад хэвтэж байгаа ачаатай тэмээ шиг хүглийж үргэлжилсэн хар хайрхан байна. Дэндэвийн Пүрэвдорж гуай ч энэ сайхан нутгийг үнэндээ л бишрэн шүтэж алдаршуулжээ. Сэгс цагаан богд бол мазаалай, хулан, хавтгай, хар сүүлт, аргаль, янгир, ирвэс, шилүүс, чоно үнэг зэрэг хээрийн зэрлэг ан амьтдын төрөлх өлгий нутаг юм. Энд говийн гоёо, бажууна, таана хүмүүл цулхираас эхлээд төрөл бүрийн эмийн ховор ургамал, хонин хармаг, чонон хармаг, харгана, буйлс, заг, тоорой, хайлаас, сухай гээд говийн өвөрмөц өнгө төрхийг бүрдүүлсэн мод бут ургахаас гадна ёл, хойлог, эрээн хавиргат хахилга, ногтруу зэрэг жигүүртэн элбэгтэй. Сэгс цагаан богд байгалийн үзэмж төгсөөс гадна хилийн зааг Торгоны замын дагуух нутгийн хувьд Ойрад, Зүүнгарын хаант улс, Түвд, Хятадтай холбоотой олон түүхийн гэрч болж арвангуравдугаар Далай лам, Жаа лам Дамбийжанцангаас өгсүүлээд олонд алдартай хүмүүсийн эерэг, эсрэг эрчис домог болон үлдсэн нутаг аж. Шинэжинстийн уугуул зураач Батжаргал ах “Манай нутагт хятадууд хулангийн махаар консерв үйлдвэрлэж гаргадаг байсан гэхээр овоо их хулантай байсан байгаа биз” гэж байсан.

Сарны саруулд загийн галын гэрэлд тойрон сууцгаасан гучаад хүний сонорыг мялааж

“Аяа сайхан говь минь

Алтан шаргал говь минь

Солонгын долоон өнгө билээ

Идээний таван амт билээ

Ижил нь үгүй үнэртэн билээ

Солонгон уул буюу Ногоон цав. Баянхонгор
Шинэжинст сум

Ид шидийн үзэсгэлэн билээ” гэсэн сөөнгө хоолой сонсогдох нь яруу найрагч Мөнхтогтох дүүгийн дуу мөн. Сэгс цагаан богд уулын савдаг нь цагаан тэмээ унасан урт цагаан сахалтай өвгөн байдаг гэх бөгөөд нутгийн зарим хөгшчүүл савдаг нь цагаан тэмээтэй Дугар зайсан гэлцдэг аж. Энэ тухай насаараа энэ нутагт цаг уурчаар ажилласан, бидний хамгийн ахмад настан Дашчирав гуай хуучилсан шиг сууна. Олон хоногийн аялалд хамт явсаар ижилдэн дассан Алтай, Хонгор нутгийн залуус сэтгэлдээ гунигтай, дуугаа хураан сууцгаана. Маргааш нутаг нутгийн зүг хүлгийн жолоо зална гэхээс “учрахын баяр их тусмаа хагацлын гуниг хүнд” хэмээх Урианхай найрагчийн үгийн үнэнг мэдэрцгээсэн биз.

“Хувь тавилангийн ээдрээ” олон ангит киноны хүний наймаачин авгай, “Намрын синдром” уран сайхны киноны кондуктор, “Хархны өгөөш”, “Хайрын эрэлд” зэрэг арваад кинонд дүр бүтээсэн Монголын радиогийн найруулагч, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Сарантуяа бүсгүй гал тогоотой шадарлаж, хээрийн цай пурхийлгэнэ. Говь-Алтайнхан хонин тогоонд хорхог шаржигнуулж, Цагаан богд уулын савдгийг аргадан, сэтгэлийн сэржим өргөцгөөлөө. Говийн их дархан цаазат газрын байгаль хамгаалагч Доржсүрэн ахын дуу яльгүй өндөрсөж “Танай сонины сэтгүүлч Гангаа юу хийж байна” гэж палхийтэл асуулаа. Хэлэх үг ч олдсонгүй. Монгол даяарын арслан сэтгэгч, Шар бичээч овогт Жамбалын Гангаа шиг байгальд элгэн халуун хайртай сэтгүүлч Монголд хэзээ дахин төрөх бол. Тэр бол Монголынхоо нутгаар их аялсан, тэр хэрээрээ уншигч олон аян замын тэмдэглэлээ жинхэнэ утгаар уншуулж мэдрүүлж чаддаг чадварлаг бичээч байлаа.

Дээлтэй төрсөн ах минь болсон эл ачтанаа хоёр жилийн өмнө бурхан болсныг Доржсүрэн ахад дуулгавал хэсэг чимээгүй байснаа хуурайшиж борлосон хацрыг нь зуран гашуун гунигийн горхи салаалан урсах нь түүдгийн гэрэлд гялалзана. Сайн хүнийг дурсахад санаа сэтгэл ариусдаг гэгчээр Доржсүрэн ах ийн хүүрнэж байна. “Гангаа бид хоёр цэргийн онжавууд. Манай хүн “Алдар” спорт хороонд хүндийг өргөлтөөр ах Пүрэвсүрэнтэйгээ хамт хичээллэдэг байлаа. Уржнан бид хэд энэ Алтайн өвөр говиор хамт явсан. Би газарчилсан ухаантай юм. Мөн ч хээгүй сайхан хүнсэн. Хүний сайныг…” гээд санаа алдав. Биднийг ийн хөөрөлдөж суутал Говь-Алтайн боловсролын салбарт олон жил ажилласан Баян-уулын уугуул Энхжаргал зураач “Гангаатайгаа “Алдар”-т хамт байлаа. Хүний дээд байсан даа” гэж хажуугаас үг ивсэн шиг сууна.

“Тоост их говийн

Тортогт хөх асар

Сэгс цагаан богддоо

Сэтгэл хоргодоод болдоггүй” тэмээчин бүсгүй Сүхбат гуайн нутаг бидний буурилсан газраас хөөрхөн зайтай аж. Хүн бүхэн л Сүхбат гуай, яруу найрагч Долгорын Нямаа хоёрын тухай, 44 жилийн дараахь уулзалтын сайхныг хүүрнэцгээнэ. Амбасэлмаа сэтгүүлчийн хийсэн нэвтрүүлэг ард түмний сэтгэлд хоногшжээ. Шөнө дунд мотоциклийн дуу цингэнэсээр ирсэн нь манай унааны “түргэн тусламжийн эмч” Шинэжинстийн малчин Сүхдалай, цэргээс энэ хавар халагдсан хүүгээ морин жолооч болгон ирсэн хэрэг байлаа.

“Анагай гурван цоохор

Ажин гурван ширдэг

Ах дүү гурван хаалга

Аман гурван сээр

Ар гурван дэл

Алаг гурван шанд

Задгай гурван хээр

Зах гурван бамбуу”-гаа алдаршуулсан Сэгс цагаан богдоос хөдөлж, Монголын хамгийн том тооройг очиж үзэв. Хаан тоорой хэмээн нэрийдсэн эл модыг зургаан хүн гараа барин алдалмаар бүдүүн юм билээ. Эхийн голын суурин орж сэрүүн сайхан баян бүрдээр нь сэтгэлийн мэлмийгээ баясгаж өнжсөн аяллынхан Алтай сайхан нутгаас зорин ирсэн багийнхнаа нутгийн хилийн овооноос үдэж өгөхөд хүн бүхэн нүдэндээ баяр, гунигийн нулимстай зогсоцгоосон билээ. Ээж хайрхны бэлээс алтайнхны унаанд сууж явсан Мөнхтогтох, Батхуяг хоёрыгоо харахад хаврын ноолорсон ботго шиг юмнууд болцгоосон байж билээ. Шинэжинст сумын нутагт Солонгон уул хэмээн алдаршсан Ногоон цав уул үнэхээр үзэсгэлэнтэй газар юм. Хүж хад гэсэн сонин тогтоцтой газар ч очлоо. Шинэжинстийнхэн энэ жил ноолуур нь дэлхийн зах зээл дээр өндөр үнэлэгддэг Залаажинстийн цагаан ямаагаа УИХ-ын тогтоолоор үүлдрийг нь тогтоолгож баталгаажуулсандаа сэтгэл өндөр байцгаана лээ. Энэ сумын хоёр зуун мянган малын тэн хагас нь цагаан ямаа юм билээ.

Баянхонгор аймгаас хөдөлж Баацагаан суманд хоноглон, Монгол бөхийн овоонд мөргөж, Бөөн цагаан нуурт сүслэн, Баян тооройд буудаллаж, Ээж хайрханд залбиран, Захын усны хавтгай үржлийн төвд зочлон, Гантөмөрийн сайрт цүү хаян, Отгоны уснаа үдлэн, Хар сайрын хөндийг хөндлөн туулж, Баруун шаргын баян бүрдэд тухлан, Шар хулс-Цагаан бургасны баян бүрдээр орж, Хатан суудлын хавцлыг өгсөн, Сэгс цагаан богд уул, Сүүжийн булаг, Эхийн гол, Хаан тоорой, Ногоон цав, Дөш уул, Зуун мод, Хүж хад гэсэн маршрутаар аялсаар Их Богд уулаа арлан Түйн голынхоо хөвөө Номгон хайрхныхаа бэлд ирэхэд даруй хоёр мянга гаруй километр замыг ардаа эвхжээ. Баянхонгорын төвд орж ирүүт аяганы амсар зуув уу, үгүй юу салхинд хөөгдсөн хамхуул шиг Улаанбаатарынхаа унаанд суухад говийн донсолгоот замаар орос тэрэгний хатуу явдалд дассан бидний таван уран бүтээлч зөөлөн буйданд тухалсан мэт нүд анилдан дугжирвай. Алтайн өвөр говьд зунтай айлсан явсаар гурван мянган километр замыг туулан нийслэл хотдоо үүрээр хөл тавихад шөнийн орсон цасны жавар хүрэм нэвт жиндүүлж хүйтний ам наашилсныг өөрийн эрхгүй ойлгуулав аа.

Л.БАТЦЭНГЭЛ

Гэрэл зургуудыг

Д.БАТБОЛД

П.ОТГОНБААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *