Categories
мэдээ нийгэм

“Эрт эхэлж- илҮҮ мэргэших”-Сонголт

Амьдрал тэр чигээрээ сонголт юм. Ямар хүн болохыг хүсэх, хэн байх гэж зорихоос эхлээд ямар замаар явах, хэнтэй нөхөрлөх, юу сурч мэдэх, яаж хийж бүтээх, хэрхэн аж төрөх гээд нэг сонголтоос үүдэн үргэлжлэх олон олон сонголтын үр дүнгээр “амьдралын чанар” тодорхойлогдоно. Бид өдөр бүр цаг мөч бүхэнд сонголт хийж байдаг. Өглөө эрт босох уу? үгүй юу?, ямар хувцас өмсөх вэ? ямар ном унших вэ? гэх мэт нэг өдрийн сонголтоос ямар сургуульд элсэх вэ? юу сурч мэдэх вэ? юунд зорьж тэмүүлэх вэ? юуг хэрхэн яаж хийж бүтээх вэ? гэсэн нэгэн насны амьдралаа сонгох сонголтын хооронд амьдардаг. Жижгээс томрох эдгээр сонголтуудын зөв буруугаас бидний амьдрал шалтгаална. Харин хувь хүний сонголтоос улс орны хөгжил, ирээдүй шууд хамаарна. Тиймээс сонгохынхоо өмнө танин мэдэх хэрэгтэй юм. Хамгийн түрүүнд өөрийнхөө хүсэл зорилго, авьяас чадварыг танин мэдэх хэрэгтэй. Дараа нь амьдарч буй нийгмээ, цаг үеээ ойлгон мэдрэх гэж хичээ. Цаашлаад өөрийн улс орныхоо хөгжлийн бодлого чиг баримжааг дэлхийн улс орнуудтай харьцуулан дүгнэж, ойлгон ухаарах мэдлэг мэдээллээс хоцрохгүй бай. Жишээ нь, та бидний амьдарч буй XXI зуун бол техник технологийн хөгжил дэвшлийн зуун. Хүн төрөлхтөн технологийн шинэ шинэ эрэл хайгуул хийсээр байна. Үүнийг дагаад бүтээгчид, сэтгэгчид, инженерүүд, үйлдвэрлэлийн нарийн мэргэшлүүдийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж, онолын тодорхой мэдлэгтэй, практик дээр дадлагажсан, ур чадвартай, өндөр мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх асуудал чухлаар тавигдах болов. Энэ орон зайг нөхөж буй инженерийн боловсролын хамгийн том систем бол дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн “Коосэн” хэмээх “онолын мэдлэг-дадлага, аргачлал” хоёрыг хослуулсан дээд боловсрол олгох тогтолцоо юм. Өндөр түвшний, мэргэжлийн сургууль гэсэн үгсийн товчлол бүхий Коосэн сургууль нь Япон улсын техник технологи, аж үйлдвэрийн салбарын хурдацтай хөгжлийн гол хөдөлгөгч хүч байсаар иржээ. 1960-аад оны эхэн үеийн Япон улсын хөгжлийн бодлогыг харвал, үйлдвэрлэгч орон болох том зорилгын хүрээнд үйлдвэрлэлийг хөгжүүлж чадах, өндөр мэргэжлийн мэргэшсэн инженерүүдийг бэлтгэхэд ихэд анхаарчээ. Энэхүү түүхэн хэрэгцээ шаардлага өнөөгийн Монгол орны өмнө тавигдаж байгаа нь анхаарал татна. Бүтээгч бус хэрэглэгч эдийн засагтай, үйлдвэрлэгч бус наймаалагч улс орон болоод буйн үр дүн нь өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн хямрал, өрийн дарамт, ажилгүйдэл, ядуурал юм. Энэхүү бодит бэрхшээлийг даван туулах арга зам аж үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, өндөр мэргэжлийн инженерүүдийг бэлтгэх, өөрсдөө хийж бүтээх гэсэн үндэсний ухамсарыг сэргээх явдал. Тэгэхээр аж үйлдвэрлэл, техник технологийн хөгжлөөрөө дэлхийн тэргүүлэгч улс орны нэг болж чадсан Япон орны туршлагаас суралцах, хамтран ажиллах цаг үеийн захиалга байна гэсэн үг. Япон улсад 1962 онд анхны Коосэн сургууль байгуулагдаж байсан бол өдгөө ам бүл 57 болж, Коосэн Үндэсний Технологийн Хүрээлэн гэх нэгдсэн удирдлагын тогтолцоо бий болсоор даруй 12 жилийн туршлага хуримтлуулжээ. Сонголтын тухай өгүүлж эхэлсэн энэхүү нийтлэл уншигч таньд үнэн зөв мэдлэг мэдээлэл өгөх гэсэн ганцхан зорилготой. Үнэн зөв мэдээлэл нь зөв сонголт хийхэд нөлөөлдөг учраас тэр. Бидний танд хүргэх дараагийн баталгаат мэдээлэл бол Япон улсын Коосэн сургуулиудыг нэгтгэн удирдах дээд байгууллага болох Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газар байгуулагдаж буй тухай мэдээлэл юм. Хөгжихийг, хийж бүтээхийг хүсэж буй хүүхэд залууст “сонголт хийх” бас нэгэн шинэ боломж нээгдэж байна. Коосэн боловсролын систем гэдэг нь “хүсэл мөрөөдлөө эрт танин мэдэж, мэргэжлээ эрт сонгож, хийж бүтээхийн амтанд эрт орж, аливааг хийх аргачлалд эрт суралцаж, илүү дадлагажиж, илүү мэргэшиж, илүү ихийг бүтээх” боломжийг бүрдүүлсэн систем юм. Коосэн сургалтын давуу тал нь “эрт эхэлж-илүү мэргэших” гэж ойлгож болно. Дунд сургуулиа төгсөөд 15 настайдаа Коосэн сургуульд элсэн орж таван жил суралцаад дээд боловсролтой өндөр мэргэжлийн инженер болох, хүсвэл дахин хоёр жил гүнзгийрүүлэн сурч мастер, цаашлаад доктор хамгаалж ч болох энэхүү сургуулийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй андуурах хандлага элбэг тохиолддог. Коосэн сургуулийн элсэлт есдүгээр анги төгсөгчдөөс эхэлдэг учраас тийнхүү анхдуурахад хүргэдэг. Гэтэл Коосэн сургууль нь бусад дээд сургуулиас дадлага давамгайлсан сургалтаараа ялгарах онцлогтой дээд боловсрол олгох тогтолцоо юм. Манай улсын боловсролын системд цоо шинэ зүйл учраас буруу зөрүү ойлгогдож, үнэлэгдэх явдал их. Коосэн дээд боловсролын системийн онцлогийг дараах зургаас харж болно. (Зураг №1)

Коосэн сургууль нь “эрт эхэлж-илүү мэргэших” боломж, давуу талыг бүрдүүлж чадсан өндөр мэргэжлийн инженер бэлтгэх тогтолцоо. Тиймдээ ч Японы Коосэн сургууль төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдаж чаддаг, дэлхийн жишигт нийцсэн өндөр мэдлэг мэргэжилтэй инженерүүд байдаг, улс орныхоо аж үйлдвэр техник технологийн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн түүхтэй. Дэлхийн техник технологийн хөгжлийн түүчээ болсон Коосэн сургуулийн үнэ цэнэ: Бүтээгчдийг бага наснаас нь эхлэн бэлтгэж, хүүхэд залуусын тархи оюунд инженер техникийн мэдлэг ухааны суурь шавыг бат бөх тавьж, сэтгэл ухамсарт нь аливааг санаж сэдэж, сайжруулж, зорьж, эхэлж чаддаг, эхэлсэн ажлаа төгс дуусгаж чаддаг “Япон чанар”-ыг суулгаж өгдөгт оршино. 1970-аад оноос эхлэн аж үйлдвэрлэл, техник технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлж эхэлсэн “Япон чанар”-ын үр үндэсийг тарилцсан, өнөөдөр ч “Япон чанар”-ыг хадгалж, үргэлжлүүлж яваа шилдэг инженерүүдийн ихэнх нь Коосэний төгсөгчид байдаг. Тиймээс дэлхийд гайхагдах “Япон чанар” Коосэн гэгч боловсролын брэндээс үүсэлтэй. Энэхүү системийг Монголд нутагшуулахаар хичээн зүтгэж яваа оюунлаг залуус цөөнгүй бий. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Коосэн сургууль гурав байгаа бөгөөд цаашид энэ тоо нэмэгдэх биз ээ. Дэлхий тэр чигээрээ хийж бүтээх хүсэл тэмүүлэл тийш явж байна. Саяхан цоо шинэ сонсогдож байсан био, нано технологийн тухай ойлголт шинжлэх ухааны эрдэмтдийн хувьд энгийн мэдлэгийн түвшинд хүрч, энэ талбарт хүчээ соригчдын дунд манай улсын эрдэмтэн судлаачид цөөнгүй хувийг эзлэх болов. Дэлхийн ямар улс орон шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд өндөр ач холбогдол өгч, ямар хүмүүс шинэ нээлт хийж байна тэр улс орон хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж, хаанахын ямар сургууль батлагдсан мэдлэгийг түгээж байна тэндхийн оюутан залуус дэлхийн шилдэгүүд болж, ямар компаниуд дэлхийн шилдэг залуусыг урьж ажиллуулж байна тэд бүтээж, үйлдвэрлэж, хөгжиж, хүрээгээ тэлсээр байна. Товчхондоо, хэн хаана хийж бүтээж байна, тэд хөгжиж урагшилж, тэргүүлж байна. Бидэнд ч тийм боломж бий. Коосэн боловсролын систем нь “эрт эхэлж-илүү мэргэших” боломж. Коосэн боловсролын систем нь “хийж бүтээх сэтгэл, сэтгэлгээ, мэдлэг туршлагад суралцах” боломж.

“Эрт эхэлж-илүү мэргэших” сонголт таны гарт.

“КООСЭН” Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгч Ц.БАЙГАЛМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *