Categories
мэдээ нийгэм

Итгэмжлэх захидлаа гардуулав

Ц.Жамбалдорж Монгол Улсаас НҮБ-ын Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сан /ОУХААХС/-гийн дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр тохоон томилогдсон Итгэмжлэх Захидлаа тус байгууллагын Ерөнхийлөгч Канаёо Нванзед гардуулах ёслол 10 дугаар сарын 28-ны өдөр ОУХААХС-гийн Төв байранд болов. Тус арга хэмжээнд Ази, Номхон далайн хэлтсийн дарга хатагтай Х.Ким, түүний орлогч Найжел болон ЭСЯ-ны зөвлөх С.Даваадаш нар байлцав.

Итгэмжлэх захидлаа гардуулсны дараа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдорж ОУХААХС-гийн Ерөнхийлөгч К.Нванзе нар харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Тус сангийн шугамаар 30 гаруй сая ам.долларын өртөг бүхий гурван төсөл сүүлийн 20 жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж, Монгол Улс тус сангийн идэвхтэй гишүүн, төсөл, санхүүжилт хүлээн авагч түнш болсныг Элчин сайд Ц.Жамбалдорж уулзалтын үеэр онцлон дурдав.

Элчин сайд Ц.Жамбалдоржийг Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сангийн дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр тохоон томилсон тухай Итгэмжлэх захидлыг хүлээн авч байгаадаа баяртай байгаагаа Ерөнхийлөгч Нванзе илэрхийлж, Элчин сайдтай Ром хотноо идэвхтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа мэдэгдэв. Монгол Улс тус байгууллагын гишүүнчлэлийн санхүүжилтийн асуудлыг энэ оны эхэнд нааштай шийдвэрлэсэнд тэрээр Монголын талд талархал илэрхийлж, Монгол Улстай Ром дахь НҮБ-ын салбар байгууллагууд идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэв.

НҮБ-ын Хөдөө аж ахуй хөгжлийн олон улсын сангийн шугамаар Монголд хэрэгжүүлж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлага” төслийг үргэлжлүүлэх асуудлаар тус сангийн төлөөлөгчид Улаанбаатарт ажлын уулзалтууд хийж, тохиролцоонд хүрсэн мэдээллийг хүлээн авсандаа баяртай байгаагаа Элчин сайд илэрхийлэв. Монголын тал тус сангийн нөхцлүүдийг хүлээн авч байгаад талархаж байгаагаа Ноён Нванзе илэрхийлж, цаашид төслийн санхүүжилтийн асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, нааштай шийдвэрлүүлэхэд Монголын Засгийн газар, ЭСЯ хичээл чармайлттай ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

ОУХААХС нь өөрийн хөтөлбөр хэрэгжүүлдэг ихэнх улс орнуудтай Хамтын ажиллагааны Стратегийн баримт бичиг байгуулдаг бөгөөд энэхүү баримт бичиг нь 9-10 жилийн хамтын ажиллагааны хүрээг тогтоодог талаар Ерөнхийлөгч К.Нванзе дурдаад Монол Улстай 4-5 жилийн хугацаатай Стратегийн Хамтын ажиллагааны хөтөлбөр /Country Strategy Note/ байгуулах боломжтой гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *