2016 оны Ханс Христиан Андерсений нэрэмжит утга зохиолын шагналыг Японы зохиолч Харуки Мураками хүртжээ. Энэхүү шагналыг Данийн гүнж гардуулан өгсөн байна.
Өнгөрсөн Ням гарагт болсон шагнал гардуулах ажиллагааны үеэр Мураками үндэстэн ястнаар ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг, сүүдэртэйгээ хэрхэн нүүр тулах тухай үг хэлсэн байна.
“Бусдаас өөрсдийгөө тусгаарлахын тулд хэр өндөр хана босгох, бусдаас өөрийгөө хэр хатуу тусгаарлах, түүхийг өөртөө зориулж хэр их өөрчлөхөөс үл хамааран эцэстээ бид бүгд өөрсдийгөө сүйтгэх болно” хэмээн тэрээр хэлжээ.
67 настай зохиолчийн үг сүүлийн үед дүрвэгдсээс зайлсхийх бодлого барих болсон Европ тивийнхэнд хандсан мессэж гэж хүмүүс үзэж байна.
Нобелийн шагналд нэр нь байнга яригддаг Мураками нийгмийн зөрчилтэй сэдвүүдийн талаар үгээ үе үе хэлдэг.
Тэр бас нийгэм болон улс үндэстэн бүрт хувь хүмүүсийн нэгэн адил сүүдэртэй тал байдаг тухай ярьжээ.
Мураками “Зөвхөн хувь хүн өөрийн сүүдэртэй талтай нүүр тулах ёстой биш. Улс үндэстэн, нийгэм бүхэн бас ингэх шаардлагатай. Хүнтэй адилхан улс үндэстэн, нийгэм бүхэнд өөрийн сүүдэртэй тал гэж бий” гээд “хэрвээ гэрэлтэй тал байдаг л бол төдий чинээ хар, сүүдэртэй тал бас байх ёстой” гэжээ.
“Сүүдрээ хүлээн зөвшөөрч, зэрэгцэн амьдарч сурахад тэвчээр шаардлагатай” гэсэн Мураками ингэхгүй бол өсөлт хөгжилд саад болно, эцэстээ сүүдэртээ дийлдэж сүйрнэ хэмээн сургамжилсан байна.
Ингэхдээ Андерсений “Сүүдэр” хэмээх зохиолыг жишээ болгон ярьжээ.
Андерсений нэрэмжит шагналыг өмнө нь “Харри Поттер”-ийн зохиолч Ж. К. Раулинг, “Шулмын шүлгүүд”-ийн зохиолч Салман Рушди нар хүртэж байв.
Шагналыг 500,000 крон буюу $73,800 дагалддаг аж.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Муракамиг шагналд тодруулахдаа шагналын комиссийнхон “сонгодог хүүрнэл зохиолын арга техникийг орчин үеийн поп урлаг, Японы уламжлал, зүүд мэт реализм, философийн өгүүлэмжтэй зоригтой холбосон нь түүнийг Андерсений өвийг үргэлжлүүлэгч гэж үзэхэд хүргэж байна” гэсэн юм.