Categories
мэдээ соёл-урлаг

Эхийн сэтгэл/Өгүүллэг/

Аймшгийн орчинд хэн л амьдрахыг хүсэх билээ. Гэхдээ тэрхүү аймшгийн орчлонгоо хүн өөрөө өөрөө дотооддоо бүрдүүлээд түүнийгээ эргэн тойрноосоо хайгаад байдаг бололтой юм шиг. Нэг тиймэрхүү бодолтой хүний тухай бичих гэсэн юм. Түүний нэрийг Сансаргэрэлтэх гэдэг. Уг нь их сайхан нэртэй хүн байгаа биздээ. Даанч бодол нь гэж авах юм байхгүй хүн дээ. Итгэлээ алдаж энэ хорвоод юу хийж яваагаа ч мэдэхээ байсан нэгэн хөөрхий. Эх нь уг нь түүнийг хүнээс дутаахгүй л гэж өглөөнөөс орой болтол бөгтийтлөө ажиллаж бусад хүүхдүүдийн л адил өсгөсөн. Гэвч хүний хувь тавилан гэж байдаг бололтой. Тийм сайхан эхээс төрсөн ч гэлээ Сансарт хар багийн л бусдыг хардах дарамтлах ямар нэг юмыг үргэлж муу талаас нь харах гэх мэт бүхий л шинж чанарууд бүрджээ. Одоо тэрээр 32 настай. Ээж нь л түүнийг хүүгээ гэж хажуудаа үлдээж хамт амьдарч байгаа болохоос биш ах дүү нар нь түүнийг нэгэнт хүний тооноос хасчээ.

-Еэ эжий минь тар наадхаасаа холдооч дээ, манайд хүрээд ир гэж хүүхдүүд нь хэлдэг боловч

-Үгүй дээ хүүхдүүд минь би л энэ хүнийг хүн болгож авахгүй бол хэн миний хүүг гэхэв гэж ээж нь халгаадаггүй байлаа.

Он цаг улиран одсоор өвлийн дунд сарын нэгэн хүйтэн салхитай өдөр Сансар гэрээсээ гарч яваад нэгэн хүнтэй учирчээ. Тэр хүн түүнийг гэртээ авчиран хооллож ундлан, дулаан хувцас хүртэл өгч энэ цагаас хойш манайд бай, би ганцаараа амьдардаг хүн, би чамд гоё юм зааж өгье гэжээ.

Тэр хүн элдвийн сонин зүйл хийдэг, гэрээр нь дүүрэн элдэв янзын яс, хохимой толгой, аль эсвэл сонин сонин зургууд өлгөөтэй байдаг байлаа. Яагаад ч юм бэ Сансарт энэ бүхэн нь их л учир утгатай юм шиг санагдаж хүүхэд насандаа эргэж очсон мэт санагдан тэр хүний ажлыг сонирхож эхэлжээ. Угтаа тэр хүн нь хар домч хүн байв. Гэр нь гэж хав харанхуй яг л аймшгийн агуйд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх нь түүнд бүр ч аятайхан санагдана. Амьдралдаа яг л ийм орчинг хүсээд байсан юм шиг, бүр нэг сэтгэл нь баясан хөөрч гэртээ ч очихоо байжээ. Хайртай ээж нь тэр хооронд нь галаа түлэн хүүгээ орой болгон хүлээн хоолоо дахин дахин халаан үүдрүүгээ ширтэн үдшийг барна. Гэвч Сансар угаасаа эхийнхээ сэтгэлийг өчүүхэн ч ойлгох чадваргүй нэгэн байлаа. Бурхан түүнд хүн биш чөтгөр илгээсэн бололтой гэмээр санагдавч хүүгээ нэг л өдөр цайны сүү бариад ээжээ гээд ороод ирнэ дээ гэж итгэн хүлээнэ.

Нэг их шуургатай шөнө хүүгээ ирэхгүй болохоор нь эх нь дээлээ нөмгөн хөдрөн гэрийнхээ гадаа гаран зогсжээ. Муу хүүгээ ирж явна гэж тэр зүүдлээд сэржээ. Хашааныхаа хаалга онгорхой орхиж уу гэж шалгахаар харанхуйд бүдчин алхаж байтал хаалга нээгдэн нэг хүн ороод ирлээ.

-Сансар аа чи юу, миний хүү хаагуур яваад байгаа юм бэ дээ гэж ээж нь хэлэн ойртон очход тэнгэрт цахилгаан цахин хүүгийнх нь нүүрийг тодрууллаа. Тэрээр мөн ч гэлээ царай нь яг л баримал мэт хүрлийж харагдав. Ээж баярлан хүүгээ очин тэвэрч авахад түүний бие нь яг л цогцос мэт хүйт дааж байлаа.

-Хүү минь чи чинь даарчихаа юу даа, бараг осгочих шахсан байна шүү дээ гэж ээж нь хэлэхэд тэрээр юу ч дуугарсангүй дороо зогтусан зогсчихов. Дахин цахилгаан цахиж бороо хувингаар цутгах мэт орж эхлэхэд эмгэн хүүгээ гэрлүүгээ хөтлөн оруулах гэж чирсэн боловч тэрээр яг л амьгүй мэт гөлийсөн харцаар түүн рүү ширтэж байснаа буцаад хашаагаар гараад харанхуйд хаашаа ч юм уусан алга болов. Эмгэн араас нь хэчнээн дуудсан ч тэр эргэж харсангүй. Тэр дахиж ирсэнгүй. Ээж нь хүүгээ хүлээгээд л байв. Олон хоног хүлээлээ.

Гэтэл нэг өдөр хоёр цагдаа гэрт нь ирлж хүүгийнх нь талаар асуув. Дараа нь нэг зураг үзүүлээд хүү чинь хогийн жалганд хөлдөж үхсэн байдалтай цогцос нь олдлоо. Та сэтгэлээ бариарай гэж хэлэв. Аянга ниргэх мэт эхийн сэтгэлд харанхуй нөмөрч газарт үхэтхийн унав. Би юуг буруу хийсэн юм бэ, миний бусад хүүхдүүд сайхан л явна, энэ хүүхэд минь яагаад ийм хувь тавилантай юм болоо гэж баахан гаслан хэдэн өдрийг элий балай юм шиг л өнгөрүүлэв. Тэрээр хүүгээ оршуулчихаад чулууг нь тэврэн баахан уйллаа. Хэзээ нэгэн өдөр хүүгээ хүн шиг хүн болж цайны сүү дөхүүлж өгнө гэж бодож явсан юмсан… гэж бодохоос голруу зурах шиг болж байв.

Гомдол тайлагдаж дуусаагүй байтал нэгэн шөнө хүүгээ дахиад л зүүдлэв. Хашаагаараа орж чадахгүй хаалга нүдээд байна гэж зүүдэлжээ. Тэгээд бушуухан шиг орноосоо босон хувцсаа өмсөж эхлэхэд нь хүүхдүүд нь гайхан

-Ээжээ та яав, энэ харанхуй шөнө хаачих гээвээ гэж гайхан чангаахад нь

-Хүү минь хуучин гэртээ ирчихээд хашаагаараа орж чадахгүй байна гэж би сая зүүдэллээ. Хүү минь амьд юм шиг байна гэж зүтгэхэд нь хэн ч болиулж чадсангүй хам хум хувцсаа өмсөөд хамт даган гарлаа. Тэгээд явсаар эзэнгүй байсан хуучин хашаанд ирэхэд хашааных нь хаалга онгорхой бүтээлэгтэй байсан гэрийн өрхний завсраар бүдэгхэн гэрэл сүүмэлзэж байгааг олж харав.

-Хүү минь ирчихэж би та нарт хэлээгүй юу гэж эх хэлэн гүйн гэртээ орвол нээрэн хүү нь гал түлээд сууж байв. Тэнд байсан ах нь ч гайхан дэргэд нь дөхөж очоод үхсэн хүн амилчихсан явж байдаг юм байх даа гэж дотроо сэжиглэнгүй бодоод

-Хүүш чи чинь хаанаас гараад ирэв ээ гэж түүний мөрнөөс нь зөөлөн татахад

Тэрээр эргэж харан хүн аймаар хүйтэн харцаар түүнийг цоо ширтээд юу ч хэлэлгүй гэрээс гаран урьдын адил хаашаа ч юм бэ зугтан алга болов.

Үе үе ингэж гэрээ эргэх болсонд түүнийг зарим хүмүүс сүнс нь байх ч гэлцэх болов. Гэхдээ ээж нь хүүгээ амьд гэж итгэсээр байлаа. Ямар нэг юманд ховсдуулчихаад байна гэж тэрээр бодож байлаа. Түүнийг үхсэн гэж итгэхгүй байх шалтгаан ч түүнд байлаа. Учир нэг өдөр тэрээр оршуулгийг нь эргэхээр явжээ. Магадгүй тэнд өөр хүн оршуулсан байх гэж тэрээр хардаж байлаа. Тэгээд очтол хүүгийнх нь оршуулгийг юу ч үгүй ухчихсан байв. Түүнийг харсан эх хойш саван унаж хоёр гараа урдаа барин залбирч

-Бурхан минь амьдралдаа их л юм үзлээ, гэтэл ийм юм үзэх дутуу байсан юм байжээ гэж сэтгэл нь үймрэн алчуураа аван мэгшин уйлав. Хүүгийнх нь авсны таг хагас нээлттэй харагдаж байв. Эмгэн өөрийн мэдэлгүй нүх рүү орон авсны тагыг нээж үзлээ. Гэтэл юу болсон гээч. Тэр дотор ямар ч цогцос байсангүй. Эгээтэй л өөрөө ухаан алдаж унаад тэр дотор үүрд нойрсчихсонгүй арай гэж нүхнээс гарч ирлээ. Эмгэн гуниг зовлонгоо дааж ядан хаачихаа мэдэхгүй явж байтал оршуулгын манаач гэх нэг хүн түүн дээр дөхөн ирлээ.

-Тэр оршуулга таны таньдаг хүнийх чинь байсан юмуу гэж асуухад нь

-Тиймээ миний хүү байсан юм, гэтэл одоо хаачихав, та нарт харсан юм байхгүй биз гэж эмгэнийг горьдлого тээсэн нүдээр түүн рүү харахад

-Түрүү долоо хоногт шөнө хэсэг хүмүүс энд ирээд тэнд нэг юм хийгээд гэрэл гаргаад байсан. Ямар нэг шашны бүлэглэлийнхэн бололтой дуу дуулаад нэг ёслол үйлдээд байсан. Би айгаад очоогүй. Гэтэл дараа өглөө нь л тэр оршуулганы таг нь онгорхой байж байсан гэж түүнийг хэлэхэд

-Ямар хүмүүс гэнээ хүү минь, чи хаана байдгийг нь мэдэхүү, миний хүү амьд ч байж магадгүй шүү дээ гэж эцсийн горьдлогоо тээн нүүр рүү нь царайчлангуй ширтэхэд нь

-Энүүгээр үе үе ирдэг тийм хүмүүс бий. Би нэгнийх нь гэрийг мэднэ. Та тийшээ очоод үз гэж хаягийг нь сайтар зааж өглөө. Эцэс цуцалтгүй хэдэн сар нөгөө хүний гэр орчмыг эргүүлдсэний эцэст эмгэн тэр хүмүүсийн цуглардаг газрыг оллоо. Тэр нь өнөөх Сансарын анх очиж байсан уулын орой дээрх хар гэр байв. Гэхдээ тэр гэр лүү орьё гэсэн ч хоёр аймар хар нохой үүдэнд нь уяатай хавьтуулах шинжгүй байв. Эмгэн тэгээд нэг арга бодов. Хүүгийнхээ төлөө эх хүн юу ч хийхээс буцахгүй болсон байлаа. Ингээд тэрээр тэр бүлэглэлд элсэхээр шийджээ. Тэд бүтэн сайн өдөр болгон цуглардаг бөгөөд тэндээ ямар нэг шашны зан үйл хийдэг аж. Ээжийгээ сүүлийн үед юу хийгээд яваад байгааг мэдэхээ байсан хүүхдүүд нь санаа нь зовж байлаа. Гэвч ээж нь үгэнд орох шинжгүй зөрүүдэлж байсан учир зөнд нь орхижээ. Эмгэн нэг өдөр зүсээ хувилган хар алчуур толгойдоо зангидан хүзүүндээ томоос том эрх зүүгээд сүртэй гэгч нь тэр гэр лүү нэвтрэн оржээ. Тэгээд тэрээр тэдний аргыг олж яваандаа бүх нууцыг нь илрүүлжээ.

-Тэр байгууллага хүмүүсийг өөрийнхөө бүлгэмд элсүүлэхдээ хэзээ нэг өдөр бүлгэмийнхээ төлөө үхэж ч чадна гэсэн амлалт авдаг байна. Тэгээд тэд ариун бурхан эзнийхээ төлөө цаг нь болохоор амиа зольдог бөгөөд дараа нь бүлгэмийнхэн нь шарил дээр нь очин онцгой ёслол үйлдэн түүнийг дахин сэрээдэг байна. Тэгэхдээ тэрээр ямар ч сүнсгүй хоосон мах бодь болсон байдаг бөгөөд бүлгэмийнхээ ахлагчийн хэлсэн бүхнийг нь биелүүлдэг албат боол нь болж хувирдаг ажээ. Тэд түүний хий гэснийг нь л робот мэт биелүүлдэг болдог байлаа. Ийм амьд сүг болсон зомбинуудаараа төрийн томчуудын эсвэл баян бизнесменүүдийн захиалсан аллагыг гүйцэлдүүлж их хэмжээний мөнгө авдаг болох нь тодорхой болов. Хөөрхий эмгэн энэ бүхнийг мэдээд хүүгээ буцаж ирэхгүй зомби болсныг ойлгож энэхүү ёс бус үйлдэл хийж байгаа бүх өөдгүй амьтдыг тэр тамруу нь заавал илгээнэ дээ гэж шийджээ. Ингээд нэг өдөр гомдол шаналалаа сэтгэлдээ багтааж ядсан эх энэ бүхнийг илчлэхээр цагдаагийн байгууллага руу алхаж явтал нарийн гудамжинд гэнэт хүү нь урдаас нь гараад ирэх нь тэр.

-Хүү минь гэж эх сэтгэлээ барьж чадахгүй түүн рүү хоёр гараа сарвайн тэмүүлсэн ч энэ бол миний хүү биш шүү дээ гэж бодоод нэг алхам хойш ухраад түүнийг ирж явахыг харж зогсов. Гэтэл тэрээр ойртон ирээд эмгэнийг юу ч болоогүй юм шиг хэвлийд нь дүрж орхиод цааш явлаа. Хөөрхий эх газарт үхэтхийн унасан ч хүүгийнхээ араас гараа сунгасаар “Миний хүү …” гэсээр сүнс нь тэнгэрт халив. 2013/11/20

О.ӨНӨРЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *