Улсын Их Хурлын чуулганы өчигдрйин үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нар танилцуулсан юм.
Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн байна.
Монгол Улсад арбитртай холбоотой харилцааг 1995 оноос Гадаад худалдааны арбитрын тухай хууль, 2003 оноос Арбитрын тухай хуулиар тус тус зохицуулж иржээ. Арбитрын тухай хуульд 2007 оны 08 дугаар сарын 03-нд, 2011 оны 02 дугаар сарын 10-нд, 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус тус нэмэлт, өөрчлөлт орсон боловч зарчмын шинжтэй өөрчлөлт тусгагдаагүй болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулгадаа дурдав.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Арбитрын тухай хуулийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Олон улсын худалдааны эрх зүйн комиссоос боловсруулсан “Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хууль”-д нийцүүлэх чиглэлийг баримтлан боловсруулсан боловч Монгол Улс одоог хүртэл Загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтад бүртгэгдээгүй байна. Тус жагсаалтад бүртгэгдсэн улс орнууд эрх зүйн маргааныг арбитрын журмаар шударгаар, үр нөлөөтэй шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн, олон улсын стандартад нийцүүлэн арбитрын ажиллагааг явуулдаг, бизнес эрхлэхэд таатай улс хэмээн хүлээн зөвшөөрөгддөг ач холбогдолтой юм байна.
2016 оны эхний найман сарын байдлаар Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитр 110 маргаан хүлээн авснаас 58 хэрэг маргааныг нийтдээ хянан шийдвэрлэсэн бол 2016 оны эхний хагас жилийн дүн мэдээгээр иргэний хэргийн анхан шатны шүүх нийт 33254 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 21242 хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн журмаар хянан хэлэлцсэн хэргийн тоо 350 дахин их байгаа төдийгүй арбитраар шийдвэрлүүлэх боломжтой олон тооны маргаан шүүхээр шийдвэрлэгдэж, арбитрын хүртээмж хангалтгүй байгааг тэрбээр мөн танилцуулгынхаа үеэр мэдээлсэн юм.
Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өөрийн орны онцлог, Загвар хуульд нийцүүлэн, бусад улсын туршлагыг судлан боловсруулжээ. Үүнд, арбитрын ажиллагааны харьяаллыг арбитрын хуралдаан болох газар гэсэн утгаар 2003 оны хуульд тусгагдсаныг өөрчилж арбитрын ажиллагаанд үйлчлэх эрх зүйн хүрээг тодорхойлдог гэсэн утгаар томьёолсон аж. Арбитрын шийдвэрээр үүрэг хүлээх магадлалтай тал нь арбитрын үндсэн шийдвэр гарахаас өмнө өмч хөрөнгөө захиран зарцуулах зэргээр шийдвэрийг хэрэгжих боломжгүй болгох тохиолдол байдаг. Иймд арбитрын бүрэлдэхүүнээс аль нэг талд үүрэг болгосон түр арга хэмжээ нь арбитрын шийдвэр бодит байдалд хэрэгжих нөхцөлийг хангах ач холбогдолтой гэж үзэн “Арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ, урьдчилсан тогтоол” гэсэн бүлгийг шинээр боловсруулсан байна. Мөн Арбитрын бүрэлдэхүүн нь түр арга хэмжээ авах тухай хүсэлт гаргасан талд уг арга хэмжээтэй холбогдуулан зохих санхүүгийн баталгаа гаргахыг шаардаж болохоор тусгажээ. Түүнчлэн түр арга хэмжээ авах шаардлагагүй байсныг хожим тогтоосон бол түүний улмаас аль нэг талд учирсан зардал, хохирлыг нөхөн төлүүлэх тухай шийдвэрийг арбитрын бүрэлдэхүүн гаргаж болох зохицуулалт шинээр тусгасан аж. Загвар хуульд тусгасан шинэлэг зохицуулалтыг судлан, цахим харилцаа холбоогоор арбитрын гэрээг байгуулахад мэдээллийн өгөгдөл солилцох хэлбэрийг ашиглах боломж, нөхцөлийг төсөлд тусгахын сацуу Арбитрын хэлэлцээр бүхий гэрээний аль нэг талтай холбоотой дампуурлын хэрэг үүссэн тохиолдолд арбитрын хэлэлцээр хүчин төгөлдөр үргэлжлэх эсэхийг хэрэг гүйцэтгэгч, эрх хүлээн авагч шийдвэрлэх бөгөөд талуудын маргаан үүсгэж байгаа гэрээнээс хэрэг гүйцэтгэгч, эрх хүлээн авагч татгалзвал маргааныг шүүх дампуурлын хэрэгтэй хамтад нь шийдвэрлэх зохицуулалт тусгажээ.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар, Х.Баделхан нар Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан, Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Б.Баттөмөр, Д.Дамба-Очир, З.Нарантуяа нар саналаа хэллээ.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, иргэд шүүхээр дамжуулан төрөөс үйлчилгээ авдаг ч шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байх нь олонтаа. Шүүхээс гадуур асуудлыг шийдвэрлэх гарц бол арбитрын шүүх юм, энэ хуулийн төслийн хүрээнд эрх зүйн орчныг сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж байгааг дэмжиж буйгаа илэрхийлээд хэлэлцүүлгийн явцад найруулгын шинжтэй засварууд хийх шаардлагатайг онцолж байв. Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир Монголын арбитрын байгууллагуудын шийдвэр бусад улс оронд хүчин төгөлдөр хэрэгждэггүй, дахин арбитраар орох шаардлагатай байдаг талаар хэлээд цаашид Монгол Улсын Арбитрын шүүхийн шийдвэрийг олон улсын хэмжээнд хүчинтэй болгох талаар судалгаа хийж, анхаарал хандуулах нь зүйтэй гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа энэ хуулийн төслийн талаар олон жилийн турш ярилцан, боловсруулсан бөгөөд манай улсад арбитрын байгууллагын үүрэг, ач холбогдлыг нэмэгдүүлэх шаардлага байгааг хэлж байв. Аж ахуйн шинжтэй хэрэг маргаан, гэрээ хэлцэлээс үүдэлтэй маргааныг арбитрын шүүхээр шийдвэрлүүлж байвал цаг хугацаа, хөрөнгө хэмнэхийн зэрэгцээ шүүхийн ачааллыг бууруулах ач холбогдолтойг тэрбээр онцлоод Монгол Улсын арбитрын шүүгчдэд тавих шаардлагыг олон улсын жишиг нийцүүлэх, бусад улс орны арбитрын шүүгчид Монголын арбитрын үйл ажиллагаанд оролцох боломжийг бүрдүүлэх шаардлага байгааг хэлсэн юм.
Ингээд байнгын хорооны саналаар Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.6 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы хуралдаан өндөрлөсөн билээ.