Categories
мэдээ нийгэм

6 секунд тутамд нэг хүн тархины харвалтад өртөж байна

“Тархины харвалтын эсрэг дэлхийн өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдөр тэмдэглэдэг. Тархины харвалт нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх гол шалтгаан болдог гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Харвалт нь дэлхий дээрх нас баралтын хоёрдугаарт эрэмбэлэгддэг, аюултайд тооцогддог өвчний нэг аж.

Жилд 17 сая хүн тархины харвалттай амьдардаг бөгөөд 6 секунт тутамд нэг хүн тархины харвалтанд өртдөг гэнэ.

Энэ талаар өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Манай улсын хувьд 2009 онд харвалт судлалын нийгэмлэг байгуулагджээ. Энэ тухай Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн, Улсын нэгдүгээр эмнэлгийн мэдрэлийн зөвлөх эмч Р.Амарбаясгалан хэлэхдээ “Энэ жил долоо дахь жилдээ эл өдрийг тэмдэглэж байгаа. Энэ жил “Тархины харвалт эмчлэгддэг, мэдлэг, арга, үйл ажиллагаа чухал” уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Одоогоор манайд улсын нэг болон гуравдугаар төв эмнэлэг эмнэлэгт Тархины харвалтын төв ажиллаж байна” гэлээ.

“Тархины харвалтын дэлхийн өдөр”-ийг угтан энэ сарын 27-ны өдөр нэг болон гуравдугаар эмнэлэг нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах аж. Энэ хүрээнд иргэд олон нийтэд харвалтын эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлахаас гадна эмч, мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, үнэ төлбөргүй үзлэг хийх аж.

Мөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, нийслэлийн түргэн тусламжийн эмч нарыг сургагч багшийн сургалтанд хамруулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Дашрамд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд:

  • Иргэд шинж тэмдгийг эрт тани, түргэн тусламж дуудах
  • Анхны арга хэмжээг зөв авах
  • Харвалтын төвд 3 цагийн дотор яаралтай хандах ёстой гэж зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *