Categories
мэдээ нийгэм

НҮБ-аас Монголд 79 сая ам.долларын хөгжлийн тусламж үзүүлэхээр болов

yamМонгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагад гишүүнээр элссэний 55 жилийн ой, НҮБ-ын өдөр тэмдэглэх арга хэмжээ энэ сарын 21-ний өдөр Гадаад харилцааны яаманд болов. Энэ үеэр “НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн нээлтийн арга хэмжээ болжээ.

Энэ үеэр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн “Нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэх Монгол Улсын хүчин чармайлтад дэмжлэг туслалцаагаа тогтмол үзүүлж, хамтран ажиллаж ирсэн НҮБ, түүний төрөлжсөн болон системийн байгууллагуудад Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

“НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичиг нь ирэх 5 жилд Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын системийн байгууллагуудтай өрнүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, тэдгээрээс гарах үр дүнг тодорхойлсон бодлогын баримт бичиг юм.

Ирэх таван жилд НҮБ-тай хамтран хэрэгжүүлэх хөгжлийн тусламжийн уг хөтөлбөр нь үндэсний хөгжлийн стратеги, бодлого, зорилтууд тухайлбал, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”-д төдийгүй өнгөрсөн жил НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтаас баталсан “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-тэй нягт уялдаж байгааг мөн тэмдэглэхийг хүсч байна.

Хөгжлийн тусламжийн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Хөгжлийн хүртээмжтэй өсөлт, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг дэмжих; Нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн чанартай, тэгш үйлчилгээг нэмэгдүүлэх; Олон нийтийн оролцоо, хариуцлагыг бэхжүүлэх гэсэн 3 үндсэн зарчим, чиглэлийн хүрээнд хүнс хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол, соёл, байгаль орчин зэрэг эдийн засаг, нийгмийн хөгжлийн бүх салбарыг хамарч, нийт 79 сая ам.долларын хөгжлийн тусламжийг НҮБ-аас манай улсад үзүүлж хамтран ажиллана.

Монгол Улсын Засгийн газар улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээх, өсгөх, нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийн ахуй амьдралыг сайжруулах, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангах, үндэсний нийт орлогыг нэмэгдүүлж, дундаж-дээгүүр орлоготой орон болох зорилтыг тавьж, 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө баталж, хэрэгжүүлж эхлээд байна.

Төр, засгаас тавьж буй хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангах, урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүд, төсөл, хөтөлбөрүүдийг бодит үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд НҮБ-аас үзүүлэх дэмжлэг, туслалцаа чухал хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэж байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *