Categories
мэдээ соёл-урлаг

А.МӨнхбат: Энэ дуу надад маш их буян заяа, аз хийморь дагуулсан

Хурдны өлгий гэгддэг Сүхбаатар аймгаас гаралтай, СТА дуучин Андбаатарын Мөнхбат олон сайхан бүтээлээрээ үзэгч олны танил болсон уран бүтээлч. Түүний “Тод магнай”, “Адуучны хийморь”, “Манай адуу” зэрэг дуунуудыг сонсогчид сайн мэднэ. Дуулахын хажуугаар морь уядаг болсон нь өвөг дээдэс нь хурдны олон адуутай байсантай холбоотой гэнэ. Тун удахгүй хөдөө орон нутагт тоглолтоо хийх гэж байгаа түүнтэй уулзаж ярилцсан юм.

-Уг нь бол та бодибилдингийн тамирчин хүн юм байна. Яаж яваад урлагийн хүн болчихов?

-Би 2000 онд Улсын багшийн их сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгсөөд 2007 он хүртэл “Аварга” биеийн тамирын сургууль, “Тайхар” клубт дасгалжуулагч багшаар ажилласан. 2006 онд МУГЖ, УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн санаачлан зохион байгуулсан “Нутгийн салхи” нэртэй нийтийн дууны улсын наадамд эрхэм дуучин С.Цэрэнчимэдийн дуулсан дуугаар амжилттай оролцсон юм. Энэ тэмцээнд ятгатай яруу сайхан дуунуудыг дуулсан 1000 оролцогчоос сүүлийн аравт тунаж үлдсэн. Тэр үеэс спорт хэмээх их айлаас урлагийн алтан замд хөл тавьж өнөөдрийг хүртэл арван жил аав, ээж, адуугаа магтсан дуунуудаар уран бүтээлээ баяжуулж түмэн олондоо хүргэж байна даа.

-Дуулах ур чадварт яаж суралцсан талаараа яриач?

-Дээхнэ үед П.Адарсүрэн, Б.Энхбаяр, Г.Мөнхбаяр гээд ятгатай дуулдаг дуучдыг ихэд хүндэтгэдэг, С.Цэрэнчимэд гуайн дуунуудыг хүүхэд байхаасаа л дуулдаг байлаа. Энэ нь миний хүмүүжилд их нөлөөлсөн гэж боддог. Аав, ээж, адуу, нутаг, ус гээд монголчууд бидний сэтгэл зүрхэнд их ойр байдаг сайхан сэдвийг сонсож өссөндөө сэтгэл дүүрэн байдаг. Яагаад гэвэл энэ сайхан уудам Монгол орон маань, нүүдэлчдийн соёл цаашлаад бидний шүтээн болсон морины эрдмийг магтан дуулсан дуунууд нь миний бага насны амьдралтай их холбоотой. Тиймээс сэтгэлд маань ч их ойр байдаг. Дуулахад ч дөхөм.

Аав, ээжээс төрөхдөө авч гарсан жаахан юм ч байсан нь нөлөөлсөн байх. Дуулах ур чадварын тухайд гэвэл тухайн үедээ кассет сонсдог байлаа. Хүүхэд байхдаа урлагийн үзлэгийн “Яргуй” наадамд их оролцож, сум дээр ирсэн тоглолт бүрийг үзэхээс гадна өөрийгөө их дайчилна. Нэг нэртэй дуучны тоглолтыг үзчихээд дуучин болно гэнэ. Цирк үзчихээд циркчин болно гээд л өглөө болгон гүйнэ. Брюс Ли, Шварцнеггерийн тоглосон кино их гардаг байсан үе. Түүнийг үзээд дуурайна. Хүүхэд насны мөрөөдөл гэдэг хязгааргүй. Энэ их хязгааргүй мөрөөдөл маань миний амьдралд их нөлөөлсөн гэж боддог. Би барилдана, дуулна, аль аль талд нь өөрийнхөө хэмжээнд хичээллэж үзсэн. Энэ бүхэн урлагийн хүн болоход нөлөөлсөн байх.

-Өөрөө өөрийгөө боловсруулж, дуулах урлагт суралцсан дуучин гэж ойлголоо.

-Ер нь бол тийм. Би Соёл урлагийн их сургуульд сураагүй, мэргэжлийн уран бүтээлчид намайг жаахан ад үзэх хандлагатай байдаг. Уран сайханч байж дуучин гэлээ гэдэг. Яахав дээ, юу гэж хэлүүлэх нь хамаагүй. Намайг бол ардын авьяастан гэсэн ч болно. Бараг энэ нэр нь надад гоё санагддаг. Хамгийн гол нь дуулж байгаа дуунуудаа мэргэжлийн түвшинд хүргэх ёстой. Сонсогчдын боловсрол ч их өндөр болсон. Олон уран бүтээлч нийтийн дууны салбарт хүч үзэж байгаа энэ үед хамгийн том шалгуур бол сонсогчид. Тийм учраас сонсогчдын таашаалд нийцсэн уран бүтээлийг хийх ёстой гэсэн өндөр шаардлагыг өөртөө тавьж хөдөлмөрлөн ажилладаг. Би цол хэргэм хүртэж, магтуулахын төлөө уран бүтээлч болоогүй. Өөрийн хүсэл сонирхол, энэ сайхан нандин зүйлсээ магтан дуулсан уран бүтээлийг өртөөлөн түмэндээ хүргэж байгаадаа сэтгэл дүүрэн байдаг.

-Та урын сандаа хичнээн дуутай вэ?

-Би арван жил дуулахдаа арван удаа тайлан, зургаан удаа бие даасан тоглолтоо хийсэн байдаг. СТА дуучин Л.Банзрагч, СТА, ардын дууч Д.Бурмаа нартай хамтран гурван тоглолт хийсэн. Гурван удаа Монголын бүх аймгаар тойрч тоглолтоо хийсэн байгаа. 360 суманд, сая гаруй хүнд уран бүтээлээ хүргэсэн гэсэн өөрийн маань тэмдэглэгээ бий. Уран бүтээлээ Монгол Улсынхаа өнцөг булан бүрт хүргэх нь уран бүтээлч бидний үүрэг. Малчны хотонд ч очиж дуулах ёстой гэж боддог. Зөвхөн Улаанбаатарт төдийгүй хөдөө орон нутагт байгаа малчин түмэн, нүүдэлчдийн соёл иргэншлийг авч яваа манай уудам сайхан нутгийн өнцөг булан бүрт суугаа 300 гаруй мянган малчин түмэн, 70 гаруй мянган уяачдад бүтээлээ хүргэх юмсан гэж боддог. Тиймээс ч үргэлж хөдөө орон нутгаар явж түмэн олонтойгоо ая дуугаараа золгодог.

-Намайг ярихад та морины зүчээ бариад зав муутай байна гэж хэлж байсан. Таныг морь их сайн мэдэхээс гадна уядаг гэж сонссон юм байна.

-Монгол түмний шүтээн бол морь. Сүлдэндээ хүртэл дээдэлсэн байдаг. Миний бага нас хурдны эх өлгий Сүхбаатар аймагт өнгөрсөн. Өвөг дээдэс маань хурдны удмын морьтой айл байлаа. Хуучнаар бол Хонгор сумынх. Алаг, зээрд адуу хурдлуулна. Би ч морины дэлэн дээр өсч өндийсөн тул миний шүтээн бол морь.

-Та морины тухай олон сайхан дууг сонсогчдын хүртээл болгосон. Анхны морины тухай дуу тань ямар нэртэй байв?

-2006 онд С.Чимэдцэрэн гуайн дуулсан “Малчин заяа”, “Адуучны хийморь”-ийг дуулж байлаа. 2009 онд найз СТА, ая зохиогч Б.Пүрэвсүрэнгийн аялгуу, яруу найрагч Л.Төмөрбатын шүлэг “Манай адуу” дууг түмэн олондоо хүргэсэн. Энэ бол миний уран бүтээлийн шинэ үеийн эхлэл. Энэ дуу маань надад маш их буян заяа, аз хийморь, ерөөл дагуулсан. Олон сайхан морины дуу араасаа дагуулсан булган сүүлтэй уран бүтээл. Түүнийг дуулснаасаа хойш хөдөө орон нутаг, ялангуяа Сүхбаатар аймгаараа явж байхдаа олон сайхан хурдны хүлгийг ах, дүү, найз нараасаа бэлгэнд авсан. Олон түмний итгэл буян шингэсэн хүлгүүдээ хурдлуулсан.

-Хэзээнээс эхэлж морь уядаг болов?

-2009 оноос морь маань их хурдалж байгаа. Долоо дахь жилдээ хурдан хүлгүүдээ уяж байна. Энэ монгол адуу, уяаны соёл гэдэг бидний нэг бахархал. Яагаад гэхээр дэлхийд биднийг таниулж байгаа эрийн гурван наадмын нэг хэсэг нь монгол морины соёл. Монгол эр хүний мэдэх ёстой зүйлийн нэг гэж боддог. Тиймээс ч үүнд гар бие оролцож, мориныхоо тухай дууг дуулж, уяачидтайгаа ойрхон байж, олон сайхан адуугаа хурдлуулж, олон айрагт түрүү хүртэж их сайхан байна.

-Энэ жил таны морьд аль зэрэг хурдлав?

-Анх 2012 онд алаг соёолонгоороо Төв аймгийн Баянцогт сумын наадамд түрүүлж байсан. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ойд таваар давхиулсан. Энэ жил өнтэй сайхан наадлаа. Сүхбаатар аймагтаа морьдоо уяж байна. Манай аймгийн бүх сумаас хурдны морьд төрж байна. Төрийн наадмын 30 айргийн 14-15 нь Сүхбаатарын адуу. Ийм сайхан хийморьтой үед нутаг орондоо морьдоо уяаж хурдлуулж байгаа. Нийтдээ аймаг, сумын наадмаас 14 айрагт түрүү хүртлээ. Мөнххаан сумандаа гэхэд азарга маань таваар орж, даага маань түрүүлсэн. Хэнтий аймагт болсон таван том наадамд миний шаргал даага айраг түрүү хүртлээ. Хязаалан маань Архангайд, Мөнххаанд гурваллаа, Хэнтий аймгийн Мөрөн сумын наадамд дөрвөөр давхилаа. Монгол адууны буян заяа их сайхан дууг дуулсных юм байлгүй дээ.

-Хөдөө орон нутгаар тоглолт хийх гэж байгаа гэдгээ та түрүүн хэлсэн. Энэ талаараа манай уншигчдад сонирхуулаач?

-Үндсэн ажлаа орхигдуулахгүйн тулд уран бүтээлээ хийж байгаа. Сүүлийн таван жилд Л.Банзрагч, Д.Бурмаа хоёртой хамтран уран бүтээл туурвисан. Бид гурав Цагаан сарын өмнө “Амартүвшин” гэж хуучны сайхан дууг хамтдаа дуулж дүрсжүүлсэн юм. Маш сайхан ерөөлтэй дуу, бүх шүлгийнх нь эхний үсэг А үсгээр эхэлсэн.

Ачтайхан ээжтэйгээ

Алаг үртэйгээ

Амраг ханьтайгаа

Ард зон олноороо гээд. Миний хувьд Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ай.Төмөр-Очирын үг, СТА Ш.Батсайханы аялгуу “Адууны нутаг Дарьганга” гэдэг дууг дуулж, дүрсийг нь хийлгэсэн. Удахгүй Дорнод аймгийн сумуудаар аялан тоглолт хийх гэж байна. Хэнтий аймгийн Батноров суманд очиж тоглоно. Яагаад гэхээр өнгөрсөн жил гурван түмэн адууны баярт миний шаргал даага аман хүзүүдэж шагналд нь надад азарга бэлэглэсэн. Энэ нутгийн буян надад, манай адуунд шингэсэн тул би энэ нутгийн зон олонд очиж ая дуугаа өргөх ёстой юм байна гэж бодож байгаа.

Ю.Дэлгэрмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *