Categories
мэдээ спорт

Өсвөрийн шатарчид Гүржийг зорилоо

Гүрж улсын Батуми хотноо аравдугаар сарын 18-31-ний хооронд өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох билээ. Тус тэмцээний 8, 10, 12 насны ангилалд манай 18 шатарчин оролцох бөгөөд өчигдөр Гүржийг зорилоо.

Батумид болох өсвөрийн ДАШТ-д өрсөлдөх Монголын багийг их мастер Б.Хатанбаатар ахлах бол шүүгчээр Э.Номин-Эрдэнэ ажиллах юм. Энэ удаагийн багт өсвөрийн дэлхийн аварга, сурагчдын дэлхийн аваргын мөнгөн медальт, Ази тивийн аварга Д.Мөнхзул, өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт, сурагчдын дэлхийн аварга, Ази тивийн аварга Е.Төгстөмөр, сурагчдын дэлхийн аваргын мөнгөн медальт, Ази тивийн аварга Г.Амартүвшин нарын шилдэг 18 тамирчин багтсан.

ФИДЕ буюу Олон улсын шатрын холбоо 1951 оноос эхлэн залуучуудын ДАШТ, 1979 оноос өсвөрийн шатарчдын ДАШТ-ийг анх зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Манай өсвөрийн шатарчид 1984 оноос дэлхийн аваргад оролцож эхэлсэн бөгөөд одоогоор дэлхийн аваргын зургаан медальтан төрөөд байна. Тодруулбал, 2001 онд анхны медалийг Б.Мөнгөнтуул авчирч байсан бол Д.Номин-Эрдэнэ, Д.Мөнхзул нар дэлхийн аварга цолыг хүртээд байгаа. Мөн Б.Мөнгөлзул, Е.Төгстөмөр нар мөнгө, А.Энхтуул хүрэл медаль хүртэж байсан. Анхны медалийн эзэн их мастер Б.Мөнгөнтуул тус тэмцээнээс хос медаль /мөнгө, хүрэл/ хүртсэн цорын ганц шатарчин юм.

ТАМИРЧДЫГ ТАНИЛЦУУЛЬЯ:

ХӨВГҮҮД:

12 нас:

  1. Ганзоригийн АМАРТҮВШИН /СМ, Сурагчдын дэлхийн аварга, Ази тивийн аваргын мөнгөн медаль/
  2. Дамбасүрэнгийн БАТСҮРЭН /FM Сурагчдын Азийн аварга/
  3. Эрдэнэбатын БАТЖАРГАЛ
  4. Цог-Очирын ТЭНГИС

10 нас:

  1. Есөнтөмөрийн ТӨГСТӨМӨР /Өвөрийн шатарчдын дэлхийн аваргын мөнгөн медаль, Сурагчдын дэлхийн аварга, Ази тивийн аварга/
  2. Лхагважамцын ОЧИРБАТ /СМ, Сурагчдын дэлхийн аваргын мөнгөн медаль, Ази тивийн аварга/
  3. Баяртнарын ЭРХЭС
  4. Хэрлэнгийн ТЭМҮҮЖИН

8 нас:

  1. Эрдэнэбатын АЗЖАРГАЛ /Спортын мастер, Сурагчдын дэлхийн аваргын хvрэл медаль, Ази тивийн аваргын мөнгөн медаль, Сурагчдын Азийн аваргын мөнгөн медаль/
  2. Батсvхийн АНАНД
  3. Ренчиндамбын ЭНХБИЛЭГ
  4. Энхамгалангийн Амгалантэнгис

ОХИД:

12 нас:

  1. Болдбаатарын АЛТАНТУЯА /WCM Зvvн Азийн аварга/
  2. Батэрдэнийн Ганди

10 нас:

  1. Даваахvvгийн МӨНХЗУЛ /WCM, Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, Сурагчдын дэлхийн аваргын мөнгөн медаль, Ази тивийн аварга/
  2. Батэрдэнийн МӨНГӨНЗУЛ /WCM Өсвөрийн шатарчдын дэлхийн аваргын мөнгөн медаль, Ази тивийн аварга/
  3. Хишигбаатарын Баясгалан

8 нас:

  1. Даваахvvгийн ӨНӨРЗУЛ /WCM, Сурагчдын дэлхийн аваргын хүрэл, Ази тивийн аваргын мөнгөн медаль/

Сануулахад, 2015 оны 10 дугаар сард Грекийн Халкидики хотноо болсон өсвөрийн шатарчдын ДАШТ-д манай 26 шатарчин өрсөлдсөнөөс охидын 18 насанд Ү.Үүрийнтуяа, 10 насанд Б.Мөнгөнзул нар шагналт IV байрт орж байсан нь хамгийн өндөр амжилт байсан юм. Энэ тэмцээнд нийт 91 орны 1596 өсвөрийн шатарчид өрсөлдсөн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *