Categories
мэдээ цаг-үе

Н.Учрал: Нийгмийн аль ч салбарт хатуу хяналт, шалгалтууд хэрээс хэтэрлээ

Намрын чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганаар ямар, ямар
асуудал хэлэлцэх вэ?

-Намрын чуулганаар юун түрүүнд 2017 оны төсвийг хэлэлцэнэ. Бүх л
тойргоос сонгогдсон гишүүд өөрсдийнхөө тойрогт хөрөнгө оруулалт хийхийг зорьж байна.
Шаардлагатай байгаа цэцэрлэг, сургууль, дэд бүтцийн асуудлаа шийдүүлэхийн төлөө
ажиллаж байгаа. Гэхдээ ирэх жилийн төсөвт бид бодсоноороо хөрөнгө суулгаж чадахгүй.
Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Гэсэн ч шаардлагатай олон ажил урагшилж
байх ёстой. Гол нь төсвийн зарлагыг бууруулж өгөхгүй бол болохгүй байна. Төсвийг
захиран зарцуулж буй хүмүүст эрх нь байдаг учраас орон тоогоо багасгахын оронд бага
цалингаар олон хүн ажиллуулаад байдаг. Ингэж төрийн бүтцийг данхайлгаад байгаа юм.
Тэгэхээр бүх салбарт орон тооны нормыг тогтоож өгөх хэрэгтэй байна. Өнөөгийн нийгэмд
зохицуулалт хийж өгөх хэрэгтэй. Ингэж чадвал төсвөө хэмнэх гарц харагдаж байна.
Төсвийг хэмнэж байж л хөрөнгө гаргаж авахгүй бол заавал хэрэгжүүлэх шаардлагатай
ажил зогсох гээд байгаа. Миний хувьд бүтцийг цомхон болгох тал дээр хэд хэдэн санал
боловсруулсан. Тухайлбал, суманд байгаа төсвийн байгууллагын санхүүгийн аппаратыг
нэгтгэх боломж харагдаж байна. Мөн багийн иргэдийн хурлын даргын нэмэгдлийг зогсоох
шаардлага бий. Татвар нэмэх тухайд хамгийн түрүүнд газрын асуудлыг судалж үзмээр
байгаа юм. 0.07 га газрыг нэг иргэнд биш, нэг өрхөд эзэмшүүлдэг болмоор байна. Тэгэхгүй
бол өнөөдөр уул болгоны амыг хашаад авчихаж. Их хэмжээний газар эзэмшиж буй иргэдээс
өндөр татвар авдаг болох хэрэгтэй.

-Ээлжит бус чуулганы үеэр Засгийн газраас татвар нэмэгдүүлэх хуулийн
төсөл оруулж ирэхэд УИХ-ын гишүүд дэмжээгүй шүү дээ?

-Үнэхээр шаардлагатай тохиолдолд татвар нэмэх ёстой. Хүн амын орлогын
албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг ард иргэдийн халаас руу өнгийсөн
татварын хэлбэрийг оролдмооргүй байна. Харин Зайсан зэрэг уулын аманд том том газар
аваад хашчихсан хүмүүсээс татварыг нь авах хэрэгтэй. Мөн өндөр цалинтай хүмүүсээс
татвар ахиу авахад болохгүй гэх зүйлгүй.

-Хэрэгжүүлж чадах болов уу?

-Саналуудаа тусгаад дуу хоолойгоо хүргээд явъя гэж бодож байна. Миний
сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд цэцэрлэг, сургуульгүй хороо байна. 10
мянган хүнтэй хороо нэг ч сургууль, цэцэрлэггүй байна шүү дээ. Газрын асуудал мөн
хөндөгдөж байгаа. Дээрээс нь дахин төлөвлөлтийн олон асуудал яригдаад байна. Тэгэхээр
сургууль, цэцэрлэгтэй болох асуудлыг ямар нэгэн байдлаар ирэх оны төсөвт суулгаж
өгөхгүй бол болохгүй. Гэхдээ манай дүүргийнхэн улсын төсвийг харж суухаас илүүтэй
гадны хөрөнгө оруулалтууд хайж л байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын
газар тухайн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэйгээ хамтраад 50 сая еврогийн урт
хугацааны зээл авахаар хөөцөлдөж байгаа. Унгарын хөгжлийн агентлагтай энэ талаар
ярилцаад одоогоор санамж бичигт гарын үсэг зурчихлаа.

-Ээлжит бус чуулганаар буцаагдсан хуулиудыг намрын чуулганаар хэлэлцэнэ.
Өмнөх парламентын үед ёсчлоогүй байсан хуулиудыг дахин хэлэлцэнэ биз дээ?

-Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокуроын байгууллагын тухай,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүү, зөрчлийн
тухай хуулиуд өмнө нь ёсчлогдоогүй байсан. Буцаагдсан учраас процессынхоо дагуу
дахин орж ирж байна. Өмнөх парламентын хууль хэдий ч шинэ гишүүд батална. Тиймээс
дахин хэлэлцүүлж явах нь зөв. Хамгийн гол нь энэ болгоныг улстөржүүлэх хэрэггүй.
Ёсчлоогүй, Төрийн мэдээллийн эмхэтгэлд хэвлээгүй учраас дахин хэлэлцэхээс өөр аргагүй.
Хэлэлцээд батална.

-Хэлэлцэх асуудал дунд ач санах тухай хууль гэж байна лээ. Энэ ямар
учиртай хууль юм бэ?

-Насны хишиг тэтгэврийн хуультай холбогдуулаад Ач санах тухай хууль
орж ирж байгаа. Би чуулган эхлэхээс өмнө тойргийнхоо сонгогч олонтой уулзаад ирлээ
л дээ. Иргэд Насны хишгийг тэтгэврийн зөрүү арилгахтай холбож өгөөч гэж байна. Хуучин
нийгэмд хүмүүс ажлын зургаан өдөртэй байсан. Улсад олон жил хөдөлмөрлөчихөөд
200 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон байдаг. Тухайн үедээ мөнгөний ханш чанга
байхад болдог байсан бол өнөөдөр амьдралд нь хүрэлцэхгүй байна. Гэтэл сүүлийн хэдэн
жил тэтгэвэрт гарч буй хүмүүс дор хаяж дөрөв, таван зуун мянган төгрөгөөр тогтоолгож
байгаа. Тиймээс энэ зөрүүг тооцож үзэх хэрэгтэй болчихож. Ялангуяа Насны хишгийг
олгохдоо доороос нь шаталж олгоё гэж бодож байна. Одоогийн байдлаар 70 настай хүнд
100 мянга, 80 настайд 200 мянга, ерээс дээш настайд 300 мянган төгрөг олгохоор яригдаж
байгаа. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх учраас нэлээн анхаарал хандуулна гэж бодож
байна.

-Боловсролын зээлийн сангийн тухай хууль орж ирж байгаа. Та өмнө
нь боловсролын салбарт ажиллаж байсан. Уг хууль хэрэгжсэнээр боловсролын салбарт
ямар сайн үр дүн гарах бол?

-Уг зээлийн санд 101 тэрбум төгрөг байршуулъя гэж ярьж байгаа. Үүнээсээ
20 тэрбумыг оюутны тэтгэлэгт буюу 70 мянгад зориулна. Харин дараа жилээс оюутнууд
дээрх сангаас зээл авдаг болох юм. Их зөв хууль орж ирлээ гэж харж байгаа. Ер нь
манай оюутнууд төрөөс 70 мянган төгрөг авснаар сайжирсангүй. Харин ч бэлэнчлэх сэтгэлгээтэй,
хариуцлагагүй болсон. Зүгээр өгч буй, үнэгүй зүйл ямар ч хүнийг бэлэн зүйлд дуртай
болгодог. Харин зээл хэлбэрээр олгосноор оюутнуудын хандлага өөрчлөгдөнө. Эргэж
төлөх мөнгө учраас ядаж л хичээлдээ мэрийж эхэлнэ. Нөгөө талаасаа төр тэдэнд зээл
олгосон учраас мөнгөө буцааж олж авахын тулд сургуулиа төгсөх үед нь ажлын байраар
хангах юм. Тэгэхээр төгсөж буй оюутнуудыг ажлын байртай болгох үүргийг төр хүлээнэ.
Залуусыг ажилд авч буй компаниудыг төрийн зүгээс дэмжих хэрэгтэй. Энэ зээлийн сан
бий болсноор цаашид оюутны ажлын байрыг давхар бий болгох суурийг тавьж өгнө. Ер
нь их сайн судалгаатай, хөрсөн дээр наалдах хуулиуд орж ирж байна. Манайд хууль
гардаг, хэрэгжих гэхээр амьдралд нийцдэггүй. Хууль амьдралтай байх ёстой. Органик
хууль гэдэг юу юм бэ гэхээр батлагдсан хууль амьдрал дээр хэрэгжих бололцоотой байхыг
хэлж байгаа. Ард иргэдийн дунд ямар асуудал байна вэ гэдгийг сайн судалсан, гадны
жишгийн ололттой саналуудыг тусгасан ийм хуулиуд батлах ёстой. Тиймээс ер нь УИХ-аар
хэлэлцэж буй хуулийн төсөлд анхаарал хандуулж, дуугаръя гэж бодож байгаа. Би өөрөө
эрхзүйч мэргэжилтэй хүний хувьд парламентыг мэргэжлийн байх ёстой гэж боддог.

-Та Монголын залуу багш нарын холбооны тэргүүн. Багш нарын баярын
үеэр салбарынхантайгаа уулзсан байх. Ямар асуудал тулгарч байдаг юм бол?

-Багш нар онцгой нөхцөлд ажилладаг. Байнгын дуу чимээ ихтэй. Орчин
нөхцөлийн хувьд ч онцгой нөхцөл гэж хэлж болно. Гадны жишгийг анзаараад байхад олон
хүүхэдтэй ангид заавал туслах багш байдаг. Манай багш нар бүх зүйлийг ганцаараа
болгож байна. Багшийн нөхцөл онцгой нөхцөл мөн үү гэдгийг тодруулж судлахын тулд
Стандарт, хэмжил зүйн газар руу бичиг явуулах гэж байгаа. Багш нар орчин нөхцөлийнхөө
тухайд гомдолтой байдаг. Чимээ шуугиан ихтэй орчинд хүүхэд бүртэй тулж ажиллана.
Дээрээс нь байнга шохой хэрэглэдэг. Тиймээс багш нарыг онцгой нөхцөлд ажилладаг
гэдгийг нь тодорхойлоод өгчихвөл нэмэгдэл авах юм. Ийм гарц бий. Төсөв мөнгө хүнд
байгаа үед заавал шийдэх албагүй. Яваандаа багш нарт маань хэрэгтэй. Ер нь багш
нартай уулзахаар нийгмийн асуудал л ярьдаг. Орон сууцанд оръё гэхээр цалин нь хангалтгүй.
Хуучин дэвтэр засалтын мөнгө авдаг байсан бол одоо тийм нэмэгдэл байхгүй. Миний
хувьд боловсролын салбарт нэг л зүйлийг бий болоосой гэж хүсдэг. Юу вэ гэхээр хүүхдүүдийг
сургуулиар нь ангилдаггүй болгомоор байна. Лаборатори, энгийн сургууль гэхчилэн
маш олон зиндаатай болчихож. Хүүхдүүдийн дунд шилдгүүдийн сургуульд, тааруухан сургуульд
сурдаг гэсэн зааг гарчихсан байна. Гэтэл өнөөдөр Японд ямар ч хүүхэд гэртэйгээ ойр
сургуульд л ордог. Бүх сургууль нь ижил стандарттай. Анги танхим, спорт заал, багш
нар, сургалтын хөтөлбөр нь ялгаагүй. Харин манайд эсрэгээрээ байгаа. Хүүхдүүд сургуульдаа
явахын тулд өдөрт хэдэн цаг зарцуулж байгаа билээ. Эцэг, эх нь хүүхдээ аль гайгүй
сургуульд оруулах гэж хичээж байна. Ингэж хүүхдүүдийг ангилдаг болсон.

-Ялангуяа хотын төвийн сургуульд сурах, захын сургуулийн сурагч байх
хоёр хоорондоо маш их зөрүүтэй болчихсон юм шиг байна лээ?

-Бодит амьдрал дээр тийм л байгаа. Сургуулийн зиндаа, зэрэглэлийг
нэг түвшинд аваачих ёстой. Монгол Улсын дунд сургуулийн хөтөлбөр нэг л стандарттай
баймаар байна. Сургуулийн спорт, урлагийн заал ижил байхыг улс шийдэж өгөх хэрэгтэй
байна. Наад захын жишээ хэлэхэд л Сонгинохайрхан дүүргийн ихэнх сургууль өдрийн
гурван ээлжтэй хичээллэж байгаа. Ийм байхад сурагчид сургууль дээрээ бие дааж хичээллэх
талаар бодохын ч хэрэггүй болоод байгаа юм. Багшийн ачаалал бас хэт их болно. Энэ
асуудлыг л шийдэж өгмөөр байна. Их, дээд сургуулийн тухайд улсынхыг хувьчлахгүй
гэсэн байр суурьтай байгаа. Мөн боловсролын магадлан итгэмжлэлийг анхааралтай ажиглаж
байна. Уг нь магадлан итгэмжилсэн байгууллага тухайн сургуулийн ажлыг сайжруулдаг
байх ёстой. Үндсэн чиг үүрэг нь сургуулийн хөтөлбөрийг сайжруулахын төлөө ажиллах
шүү дээ. Шалгадаг байгууллага биш. Гэтэл өнөөдөр магадлан итгэмжлэлийн байгууллага
Мэргэжлийн хяналтынхны хянаж, шалгадаг ажлыг хийгээд байдаг. Манай нийгмийн аль
ч салбарт хатуу хяналт, шалгалтууд хэтрээд байна. Бүх түвшиндээ шалгалттай. Бие
биенийхээ ажил руу хошуу дүрсэн нөхцөл байдлыг цэгцлэх ёстой.

-Гуч гаруй мянган багш тэтгэвэртээ сууж байгаа. Гэтэл байшин бүрт
нээгдсэн өдөр өнжүүлэх төвийг мэргэжлийн бус хүн ажиллуулж байх жишээтэй. Тэтгэвэртээ
сууж буй, ажил хийх боломжтой багш нарыг ашиглах ямар боломж байна вэ?

-Тэтгэвэрт суусан багш нараар гэрээр хичээл заалгах, хичээлийн хоцрогдол
арилгуулах тал дээр ашиглаж болно. 55, 60 настай хүмүүс чинь залуу шүү дээ. Тэд
гэртээ суугаад юу хийх юм бэ. Ихэнх нь хувийн сургуульд багшилж байгаа. Монголын
төр хэрэгцээтэй хүмүүсээ хэт эрт хөөж явуулчихаад байна. Уг нь 65 настайдаа тэтгэвэрт
гарах хүсэлтэй хүмүүс бий. Жишээлбэл, багш нар 65 хүртлээ ажиллах боломжтой гэж
бодож байна. Тэтгэврийн насыг 55, 60-аар хавтгайруулах биш салбар бүрийн онцлогт
нь тааруулж харилцан адилгүй болгомоор байгаа юм.

С.АЛТАНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *