Categories
мэдээ цаг-үе

Д.Дамба-Очир: ОУВС хатуу шаардлага тавих юм бол түүнээс татгалзах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой ярилцлаа.

-Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон асуудал хүчтэй яригдаж байна. Орхон аймгаас сонгогдсон гишүүний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ сонгуулийн өмнө болсон асуудал. Би Эрдэнэтийнхээ иргэдийг маш сайн ойлгож байгаа. Миний хувьд ажил, амьдралын гараагаа энэ л хотоос эхэлж байсан юм. Цаашлаад “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар нь хүртэл ажиллаж байсан хүний хувьд үүнийг маш анхааралтай ажиглаж байна. Уг үйлдвэрийг дагаад өнөөдрийн Эрдэнэт хот бий болсон түүхтэй. Тэр утгаараа бүхэл бүтэн улсыг тэжээгээд явж ирсэн үйлдвэрийг Худалдаа хөгжлийн банк гээд нэг байгууллага тэр тусмаа нэг хувь хүн авсанд эрдэнэтчүүд эмзэглэж байгааг хамгийн ихээр ойлгож байгаа.

Хоёрдугаарт, тойргийн маань иргэдийг айдаст автуулаад байгаа зүйл нь цаашлаад бид ажилтай байх уу, үгүй юу гэдэг асуудал болоод байна. Хэрэв “Эрдэнэт” үйлдвэр хувийн хэвшилд оччихвол янз бүрийн дэмжлэг, ажилчдын хангамж алга болох вий гэдэгт санаа зовж байгаагаа хэлсэн.

-Гэхдээ л “Эрдэнэт” үйлдвэр Монголын талд 100 хувь шилжээд ирчихлээ шүү дээ?

-Мэдээж монголчууд 100 хувь эзэмшихээр болсонд талархалтай хандаж байгаа. Үүний сацуу 49 хувийг хэрхэн авсан гэдэг нь тодорхой болох ёстой. Энэ хувийг хуулийн дагуу авсан уу, ямар замаар явсан бэ гэдгийг нь шалгуулахаар УИХ-ын гишүүн О.Содбилэг бид хоёр Ерөнхий сайдад хандаж байгаад дөрвөн сайдаас бүрдсэн ажлын хэсэг гаргуулсан. Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх юм билээ. Ямартай ч эхний ээлжинд дүгнэлт гарчихсан.

-Яг ямар дүгнэлт гарсан юм бэ?

-Засгийн газрын хуралдаанаар орж баталгаажих тул одоохондоо бидэнд мэдээлэл өгөөгүй байна. Пүрэв гаригт Ерөнхий сайд Эрдэнэт хотод томилолтоор ажиллана. Энэ үеэрээ гарсан дүгнэлтийг танилцуулах байх. Засгийн газраас ямар дүгнэлт гарах нь вэ түүнийг нь Эдийн засгийн байнгын хороо УИХ-аар хэлэлцээд явна. Гэхдээ Засгийн газрын дүгнэлтийг шууд хүлээгээд авчих болов уу гэж харж байгаа. Энэ бүхнийг эцэслэн шийдсэний дараа ТУЗ-ийг нь байгуулаад 49 юм уу, 51 хувийнхаа талаар ярилцах нь зөв. Төрд байгаа 51 хувийг эзэнгүйдүүлдэг юм уу энэ бүгдийг цэгцлэх үүднээс сая ТӨХ-г байгуулсан гэж бодож байгаа л даа. Төрийн өмчийн хороон дээрээ 51 хувиа авсан. Хуучин Сангийн яаман дээрээ 30 гаруй хувь, ЗГХЭГ-т 20 орчим хувь гэдэг асуудал байсныг нэгтгээд ТӨХ-н дээр аваачсан. Төр 51 хувийг нь эзэмшдэг гэдэг утгаараа захирал удирдлагуудыг тавина гэж бодож байгаа. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрт 6000 ажилчин ажиллаж байгаа бөгөөд тэднээс нэг ч хүнийг ажлаас халахгүй болохоор Эрдэнэтийн иргэд тайван байж болно.

Одоо бол Засгийн газрын шийдвэрийг л харж байна. Бүх зүйл хуулийн дагуу явах хэрэгтэй. Үүний дараа шийдвэрээ гаргаад явна.

-Монголчууд монгол хүн үйлдвэр аваад үйл ажиллагааг нь явуулах гэхээр луйвардаж авсан гэж зүхдэг. Гадныхан үйл ажиллагааг нь явуулахаар цөлмөөд зөөгөөд дуусгалаа гэдэг. “Эрдэнэт” үйлдвэрийг Оросын талтай тохиролцоод авчихаад байхад танай бүлгийн зарим гишүүн хуучин байранд тавих ёстой гээд хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан гэрээг яг яах ёстой гээд байгаа юм бэ?

-Оросын талд 49 хувийг нь буцааж өгнө гэдэг дээр би санал нэгдэхгүй байгаа юм. Тийм зүйл ч болохгүй. Оросын тал манайд 49 хувиа зарчихсан. Дахин хэлэхэд “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын талд ирсэн нь сайн хэрэг. Харин манайд ирсэн 100 хувь чинь төрд нь байх юм уу, хувьд байх уу гэдгээ тодорхой болгох шаардлагатай. Одоо бол Худалдаа хөгжлийн банк хуулийн дагуу авсан уу гэдгээ л тодорхой болгож байгаа. Хууль бус байдлаар шийдэгдэж байгаа бол болохгүй л дээ. Тэр утгаараа хуулийн дагуу шалгах ёстой гээд байгаа юм. Хууль бусаар, хулгайгаар, луйвраар авсан бол хуулийн дагуу шийдвэрлэх ёстой.

-Монгол Улсын эдийн засаг амаргүй байна. Засгийн газраас эдийн засгийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд байгаа. Хямралыг даван туулах боломжийг та хэрхэн харж байгаа вэ?

-Энэ талаар бүлэг дээр ярилцсан. Манай бүлэг 65 гишүүнтэй тул бараг л Их хурал гэсэн үг. Бүлэг дээр гарсан шийдвэр Их хурлын шийдвэр гэж ойлгож болно. 2017 онд бондын эргэн төлөлтийг хийж эхэлнэ. Ингэж, тэгж цалин тэтгэвэр нэмье гэхчилэн нийгмийн асуудлуудыг ярьж байгаа нь зөв. Гэхдээ үүнээс илүү санаа зовоож байгаа зүйл чинь бондын төлөлтийг бид яаж хийх вэ гэдэг асуудал. Бондын эргэн төлөлтийг хойшлуулах уу, яах уу гэдэг дээр ярилцаад гарах шийдвэр маш чухал. Үүний дараа бусад асуудлуудаа ярих нь зүйтэй.

Хоёрдугаарт, орон нутгаар яваад ирэхэд татвар нэмэх, нийгмийн халамжийн асуудлыг хөндөх цаг нь биш байна гэдэг нь тодорхой харагдсан. Иргэдийн амьдралаас гадна аж ахуйн нэгжүүд маш хүнд байдалтай байгаа. Засгийн газар иргэдийнхээ цалин, тэтгэврийг одоохондоо нэмж чаддаггүй юм аа гэхэд хасч болохгүй. Харин бусад зардлуудаа танаад явах ёстой гэж харж байгаа.

Мөн уул уурхайн чиглэлийн томоохон төслүүдээ яаралтай хөдөлгөх цаг нь болжээ. Том төслүүд хөдөллөө ч өнөөдөртөө шууд мөнгөө өгчихдөггүй, тодорхой хугацаа шаарддаг. Бүлгийн хурал дээр Сангийн сайд ирээгүй. Монголбанкны ерөнхийлөгч мөн байхгүй байгаа юм билээ. Бодвол мөнгө төгрөг хөөцөлдөөд гадагшаа явсан юм байлгүй. Энэ маш чухал. Хөрөнгө оруулалт, хөрөнгө босгох тал дээр хөөцөлдлөгөө хэрэгтэй. Ард түмэн өнгөрсөн сонгуулиар бидэнд өгсөн. Иргэдтэй уулзаад явж байхад эдийн засаг маш хүнд байна гэдгийг дээр дооргүй мэдэж байна. Гэхдээ Засгийн газар янз бүрийн юм ярьж гоншгоноод байлгүй хийх зүйлээ хий, та нарт 65 суудал өгсөн гэж байна лээ. Бидэнд эрх мэдэл бүх зүйлийг нь хангалттай өгчихсөн болохоор хийж хэрэгжүүлье гэсэн зүйлсээ зоригтой хийгээд явах нь зөв. Эдийн засаг ийм хүнд байна, ийм эдийн засаг хүлээж авлаа гэж хангалттай ярьсан. Одоо зайлшгүй гаргах ёстой шийдвэрээ гаргаад явах хэрэгтэй. Магадгүй хямралыг давах төлөвлөгөөний хүрээнд хүндрэлийг хурдан хугацаанд давах шаардлага тулгарна. Түүнд нь ард түмэнд таалагдах зүйл ч байна, таалагдахгүй зүйл ч бий. Бүх хүний хүсэлд нийцсэн зүйл гарна гэж байхгүй. Тэгж байж хоёр, гурван жилийн дараа үр дүнг нь үзнэ. 2017 ондоо хямралыг бүрэн зогсоож 2018 оноос эдийн засгийн өсөлт гарах ёстой.

-Тэр боломжоо ашиглах эрх нь танай намд нээлттэй байгаа биз дээ?

-Тэгэлгүй яахав. Ялангуяа УИХ-д 65 суудал авсан манай намын хувьд цаашлаад Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хуулиа шинэчлээд явах нь зүйтэй. Энэ дөрвөн жилдээ бид шийдэхгүй бол дахин 65 суудалтай болох боломж гарахгүй байх. Нэг зүйлд би санаа зовж байна. Өнөөдөр МАН 65 суудал авч олонхи болчихоод хямралаас нь гаргахгүй бол ард түмний итгэл алдарна. Тэртэй тэргүй Ардчилсан нам болохгүй байна гээд түшиж тулах ганц нам нь Ардын нам гээд сонгочихоод байхад асуудлыг нь шийдэхгүй бол ард түмэн улам хүнд байдалд орох байх. Тэгэхгүйн тулд МАН хариуцлагаа хүлээж, ухамсарлаж явахаас өөр арга зам үгүй. Манай намын давуу тал нь төр улсаа боддог, дотроо талцдаггүй, улсын хэмжээний асуудлыг шийдээд явчихдаг, хувийн эрх ашгаа хойш нь тавьж чаддаг. Бид хамгийн эхэнд 2017 оны төсвөө батлаад томоохон төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй.

Чихэнд чимэгтэй ганц мэдээ сонгогдож байгаа нь Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил л байх шив. Энэ хүрээндээ хэдэн хүн ажилд авч байна. Цас нь орчихгүй бол ургац гайгүй авчих төлөвтэй байгаа. Бусдаар бол амаргүйг мэдэж байгаа байлгүй. Амаргүй байсан болохоор л ард түмэн Ардын намд саналаа өгчихсөн юм. Үндсэн хуульдаа бид л өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад 57 гишүүн дэмжих шаардлагатай байдаг. Өнөөдөр бид 65-уулаа байгаа болохоор дордуулсан долоон өөрчлөлт, засаглалын хэлбэрээ цэгцлэх цаг ирсэн.

-Ардын намынхан 65-уулаа байлаа гээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэвэл бусад улс төрийн хүчнүүдтэйгээ зөвшилцөөгүй гээд хүчтэй дайралттай тулгарах байх даа?

-Ардчилсан намын бүлэг Их хуралд бий. Ямартай ч Ардчилсан намынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжих байх. Өнгөрсөн дөрвөн жилийн парламент үүнийг шийдчих хэрэгтэй байсан л даа. Одоо ч гэсэн манайхан санаачилгыг гаргаад явахад бусад улс төрийн хүчнүүд дэмжинэ гэдэгт итгэж байгаа. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол бидний үр хүүхэд ямар нийгэмд амьдрах юм. Түүнээс цааш үр хүүхдүүддээ бид ямар нийгэм үлдээж, тэд ямар нийгэмд амьдрах гээд байна вэ. Хамгийн гол нь бид зөв нийгэм үлдээх шаардлагатай.

-Монгол Улсын Ерөнхий сайд ОУВС-тай хэлэлцээр хийхэд бэлэн гэж мэдэгдсэн. Үүнээс үзэхэд Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна гэж ойлгоод байгаа. “Стэнд бай” хөтөлбөрийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Хэлэлцээр хийх нь зөв. Өөр бусад олон улсын байгууллагуудтай ч хэлэлцээр хийх ёстой. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдлаа гэхэд хатуу нөхцөлийг нь хүлээж авахгүй байх хэрэгтэй. Тэр нь юу гэхээр хөтөлбөр хэрэгжих хугацаанд олон улсын байгууллагаас хөнгөлөлттэй зээл авах боломжтой байх ёстой гэсэн үг. Тэгэхгүйгээр ОУВС хатуу шаардлага тавих юм бол түүнээс татгалзах хэрэгтэй. ОУВС нэг тэрбум ам.долларын зээл олгох юм шиг байна лээ. Нэг тэрбум ам.доллар гэдэг бол тийм их мөнгө биш. Тиймээс үүнийг авахын тулд бүх зүйлээ барьцаалаад хүнд нөхцөлийг хүлээж авна гэдэг амаргүй зүйл. Монголын эдийн засаг тэлэх ёстой. Бүтээн байгуулалтыг хийж эдийн засгаа хөдөлгөх хэрэгтэй. Гурван сая хүн амтай, ийм их баялагтай Монголын эдийн засаг сэргэх нь амархан гэж боддог. Тиймээс заавал Олон улсын валютын сан гэх нь ч хаашаа юм. Гэхдээ ОУВС-тай хэлэлцээ хийх шаардлагатай. Юу юугүй тэднээс зайгаа барьж болохгүй. Бид тохиролцоонд хүрч чадвал цаашаа явах ёстой.

-Сангийн сайдын мэдэгдсэнээр ирэх оны хавраас томоохон төслүүдээ хөдөлгөж эдийн засагт эерэг дохио авч ирнэ гэж байсан…

-Заавал ирэх хавар гэх шаардлага байхгүй. Түүнээс өмнө хэлэлцээрт орж хавраас л бүтээн байгуулалтаа хийдэг юм байгаа биз. Бидэнд хугацаа байхгүй.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *