Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын бүртгэлийн ерөнхий газрын сүлжээ тасраад долоо хонож байна

Улсын бүртгэлийн ерөнхий газрын сүлжээ өнгөрсөн лхагва гаригт тасарчээ. Үүнээс үүдэн тус газрын үүдийг сахих иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд энэ талаар иргэд манайд хандах боллоо. Удахгүй орон нутгийн сонгууль болно. Тиймээс улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа ийн доголдож байгааг иргэд сонгуультай холбон тайлбарлаж байна. Тиймээс 100 айлд байрлах Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний байрыг зорьсон юм. Тус байрны гадаад паспорт олгох хэсэг ачаалал ихтэй ажиллаж байв. Мөн компанийнхаа бичиг баримтад өөрчлөлт оруулах, шинээр гэрчилгээ авах гэж буй хүн их байлаа. Гэвч сүлжээ тасарсан учраас бүртгэлийн системд бүртгэх боломжгүй гэсэн тайлбар хийж, иргэдийг бүрдүүлсэн материалыг зөвхөн хүлээж авах үйлчилгээ үзүүлж байлаа. Ингээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Я.Батцоожоос тодруулга авсан юм.

-Сүлжээ тасраад олон хонож байгаа гэсэн мэдээлэл иргэдээс ирж байна. Сүлжээгүй болоод хэр удаж байна вэ?

-Тийм ээ. Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын сүлжээ өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт тасарсан. Товчхондоо нөхөрлөл, аж ахуйн нэгж, компанийн бүртгэлийн явцад саад учирсан гэсэн үг. Компани, байгууллагын гэрчилгээнд өөрчлөлт оруулах, шинээр бүртгэх зэрэг үйлчилгээ түр саатаад байна.

-Юунаас болж сүлжээгүй ийм олон хонож байгаа юм бэ?

-Манай Мэдээлэл технологийн төвийнхөн энэ тал дээр мэргэжлийн зүгээс тайлбар өгөх байх. Ерөнхийдөө техникийн гэмтэл гарсан гэж бидэнд мэдэгдсэн.

-Сүлжээ тасарснаас болж ачаалал үүсэх магадлал бий юу. Одоогоор хичнээн аж ахуйн нэгжийн гэрчилгээ танайд саатаад байна вэ?

-Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт өдөрт дунджаар арваад байгууллагын гэрчилгээ ирдэг. Сүүлийн үед жаахан ачаалал их байна. Өдөрт дунджаар 30 орчим аж ахуйн нэгж гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах, эсвэл шинээр гэрчилгээ хүсэх зэрэг байдлаар хандаж байгаа. Сүлжээ ирсэн тохиолдолд ямар нэг байдлаар цахим бүртгэлд ачаалал нэмэгдэхгүй л дээ.

-Орон нутгийн ИТХ-ын сонгууль болохтой холбоотойгоор зориуд овог, нэр өөрчлөх зорилгоор бүртгэлийн сүлжээг доголдуулсан байж магадгүй гэсэн таамаг олны дунд байна…?

-Энэ бол техникийн эвдрэл гэмтэл. Сонгуультай холбох ямар ч шалтгаан байхгүй. Ямартай ч манай Мэдээлэл технологийн төвөөс сүлжээг энэ долоо хоногт багтаан засч дуусна гэсэн. Хүмүүсийн яриад байгаа шиг ачаалал манайд хараахан үүсээгүй байна гэсэн тайлбар хийлээ.

15:00 цагийн орчимд ихэнх өрөөнүүд нь цоожтой, эзэнгүй байлаа. Энэ талаар ажилчдаас тодруулахад, мэдээлэл технологийг нь хариуцсан төвийн дарга, мэргэжилтнүүд орон нутагт сонгуультай холбоотойгоор ажиллаж байгаа гэв. Харин улсын бүртгэлд хандаж буй аж ахуйн нэгжүүдийн хувьд ихэд бухимдалтай байна. Бичиг баримтаа бүрдүүлээд мэргэжилтэнд үлдээж буй нэгэн иргэн “Би компанийнхаа гэрээнд өөрчлөлт оруулах санаатай бараг долоо хоног хөөцөлдөж байна. Манайх хөдөө, аж ахуйн чиглэлээр гадны компанитай чухал төсөл дээр энэ долоо хоногт гэрээ байгуулах байсан. Гэтэл энд ингээд заваараад зогсч байна. Улсын байгууллага атлаа дотоод сүлжээгээ ч яахаараа янзалчихаж чаддаггүй юм. Үүнээс болж манай байгууллагын чухал хөрөнгө оруулалт салхинд хийсэх нь байна ш дээ” гэв. Өөр нэгэн иргэн “Иргэдийнх нь бүртгэл бол хэвийн явагдаж байсан. Миний гэрчилгээний нэр алдаатай гарчихсан. Ганц нэр засах гэж тав хоног гүйлээ. Сүлжээ байхгүй. Маргааш ирнэ гээд хэд хонолоо. Сүрэн гээд ахлах мэргэжилтэн л хүмүүсийг бичиг баримтаа цонхон дээр мэргэжилтэнд үлдээгээрэй гэхээс өөр хүн ямар ч тайлбар хийхгүй л юм. Манай улсын байгууллагууд чинь сонгууль гэхээр л ажлаа автоматаар зогсоочихдог болж” хэмээн иргэд ярьж байна. Одоогоор албан ёсны мэдээллийг тус байгууллагаас өгөөгүй байна.

Д.Сүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *