Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат шанзов эмээ, өвөөгөөс бусдыг нь дийлсэнгүй

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөө боловсруулснаа танилцуулсан нь дуулиан шуугиан болж байж сая нэг намжлаа. Учир нь дээрх төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг нь найман төрлийн татвар нэмэх заалтууд байв. Тухайлбал, 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай бол 25 хувийн татвар авна. 100 сая төгрөгөөс дээш төгрөгийн хадгаламжтай бол хүүгээс нь татвар авах, автомашин болон архи, тамхины онцгой албан татварыг нэмнэ. Алт олборлогчид, ашигт малтмалын нөөц ашиглагчид, машины сэлбэг худалддаг хүмүүст ч шинээр татвар ногдох байлаа. Мөн 150 ам метрээс дээш байранд тансаг амьдарч байгаа хүмүүс улсад татвар төлөх болж байв. Харин хэдхэн хоногийн өмнө энэ засгийнхан “найман төрлийн татвар нэмж авахаа болилоо, ард түмнээ бодож байна” хэмээн нэг их ард түмнээ бодож, энэрч хайрласан шийдвэр гаргаснаа зарласан юм. Үнэндээ 150 ам.метрээс дээш байранд амьдардаг Н.Номтойбаяр, О.Содбилэг, Н.Учрал, Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан зэрэг хөрөнгө мөнгөтэй хүмүүсээсээ л татвар авахаа больж байгаа хэрэг. 100 саяын хадгаламжтай, 2.5 саяас дээш төгрөгийн цалинтай хүн энгийн ардуудын дунд байхгүй. УИХ-ын гишүүд болон бусад өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг харж байхад хэд хэдэн байртай, өч төчнөөн зуун саяын хадгаламжтай, үнэтэй машинуудтай юм билээ. Тэгэхээр найман төрлийн татвар авахаа болилоо гэсэн сүржин мэдээлэл ард түмэнд падлий ч байхгүй нь. Ард түмнийхээ үгэнд л орж ийм шийдвэр гаргалаа гэцгээж байна лээ. Энэ ядарсан олныг боддог, тэдний амьдралыг мэддэг хүн бол хамгийн хэрэгтэй хуулийг нь зогсоохгүй л байсан байх. Юу гэх гээд байна гэхээр, татвар энэ тэр гэсэн баахан шуугиан албаар үүсгэчихээд түүнийхээ дүйвээнд ирэх оноос хэрэгжиж эхлэх байсан Хамтын тэтгэврийн хуулийг татаад авчихсан юм. Юм хэлж чадахгүйгээр нь эмээ, өвөө нарыг дээрэлхэж байгаа хэрэг. Ажил хийдэггүй болохоор хэл ам гаргахгүй гээд гэртээ суугаа хөгшчүүдийг алаг үзэж эхэллээ. Тэдний зогсоосон Хамтын тэтгэврийн хууль хэрэгжээд эхэлбэл олон хүнд буян болж, амьжиргаанд нь дэм болох байлаа.

Одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнө нь Сангийн сайд байсан. Одоогийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн мөн л УИХын гишүүн байсан. Аль аль нь өмнө нь УИХ-д сонгогдож засаг төрд ажиллаж байсан хуучин хүмүүс. Гэхдээ энэ хоёр төдийлөн анзаарагддаггүй байсан гишүүд. Байгаа байхгүй нь мэдэгддэггүй, юм дуугардаггүй болохоороо “хэлгүй Короллиа” гэсэн хочтой болоод амжсан хоёр. Хэлгүй Короллиа гэж “Халтар царайт“ хэмээх олон ангит киноны дүр гэдгийг уншигчид андахгүй мэднэ. Ийм гишүүдийг даруухан ч гэдэггүй. Тэгээд ч УИХын гишүүн хүн даруухан байх ёстой билүү. Үгүй шүү дээ. Хичнээн мянган хүнийг төрд төлөөлнө хэмээн сонгогдож ирчихээд дуугүй суугаад байна гэдэг зөөлхөн хэлэхэд ажлаа мэдэхгүй байна гэсэн үг. Хатуухан хэлэхэд сул дорой хүний шинж. УИХын гишүүн хүн бол ард түмнийхээ төлөө дуугарч, тэднийг үгийг төрд хүргэж, эрх ашгийг нь хамгаалан хууль санаачлан ажиллаж байх ёстой.

Өнгөрсөн УИХын сонгуулиар нам нь олонх болж, мань хоёр гишүүн ч өндөр албан тушаалд очлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэмээн дуудуулж байна. Одоо л тэд хэлд орж байна уу гэлтэй дуугарч эхэллээ. Гэхдээ тэдний яриаг сонсоод ард түмэн мэл гайхаж, цэл хөхөрлөө. Жаахан хүүхэд анх хэлд орохдоо жигтэйхэн худлаа ярьдаг даа. Яг түүн шиг амандаа орсон болгоныг ярьж өгч байна даа. Ялгаатай нь хэлд орж байгаа нялх хүүхдэд ийм үе байдаг гэдгийг анагаах ухаан ч хэлдэг, ард түмэн ч мэддэг. Худлаа ярьдаг үе нь ирчихэж гээд хүүхдүүдийн ярихыг өхөөрдөн сонсдог. Харин том хүн, тэр дундаа төрийн сайдууд нь ёс суртахуунгүй, увайгүй худлаа ярихыг сонсохоор хэлэх ч үг олдохгүй юм.

Тэдний ярьж байгаагаар бол Хамтын тэтгэврийн хууль хэрэгжвэл тэнгэрт одсон аав, ээжийнхээ үлдээсэн өв хөрөнгөнөөс үлдэгсэд нь сэжиглээд байгаа юм байх аа. Тэгээд “наад балай хуулиа болиулаад өгөөч” гээд хөгшид Б.Чойжилсүрэн сайдад зогсоо зайгүй хандаад байгаа гэнэ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэдэгдэж байгаагаар энэ хуулийн нөлөө хөгшдөд маш буруугаар эргэж байгаа гэлээ. Үсээн цайж, ясаан нимгэртэл хорвоогийн жаргал зовлонг хамтдаа туулсан хоёр хөгшин насны эцэст өөрийнхөө тэтгэврийг нэмчих гээд бие бие рүүгээ муухай хараад суух юм гэнэ. Ийм учраас Ерөнхий сайд маань настнуудаа бодоод хуулийг хэрэгжүүлэхээ больж байгаа юм байх.

Алив зүйлд тайлбар хэлж болно. Хуулийг хэрэгжүүлэхээ больж ч болно. Гэхдээ төрийн сайдууд ийм ёс зүйгүй худалч байж болохгүй. Монголчууд хэдэн мянган дамжин өвөг дээдэс, бурхны оронд зорин одсон хүмүүстээ чин хүндэтгэлтэй хандаж, сайн сайхан амьдарч яваагаа тэднийхээ буян хишиг хэмээн бэлгэшээж ирсэн ард түмэн.

Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн нар чадал чансаатай, өнгөлөг мөнгөлөг хүмүүсээс татвар авч, жаахан ч гэсэн мөнгө цуглуулчих чадал алга. Харин хөгшчүүдийг элдвээр хэлж байгаад нэг хуулийг зогсоож байх шиг байна. Үүнээс баахан мөнгө хэмнэх юм байх. Сулхан хүмүүс л хүч чадалгүй улсыг дээрэлхдэг юм. Ж.Эрдэнэбат шанзов тэргүүтнүүд эмээ, өвөөгөөс бусдыг нь дийлсэнгүй дээ.

Монгол төрийн алтан жолоог атгалцаж байгаа хүмүүс ийм ааш авир гаргаж, энэ мэт худлаа үнэн үг ярьж явах ч гэж дээ. Эдийн засгийн хямрал нөмөрч, улс орон хэцүү байгаа үед ийм сул хүмүүс Монгол Улсыг удирдаад авч явж чадах уу. Арай өөр сийрэг сэтгэдэг, чадвартай, мэдлэг боловсролтой хүн танай намд алга уу, МАН-ынхаан.

Д.Оюунтуяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *