Categories
мэдээ улс-төр

Д.Оюунхорол: Бэлгэдлийн журмаар 200 шонхорын зөвшөөрөл олгосон

Энэ сарын 7-нд Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл нарын хүмүүс гадаадын анчид угалз, шонхор зэрэг ан амьтныг хууль бусаар агнаж байгаа тухай мэдээлсэн. Энэ асуудалд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өөрийн байр сууриа илэрхийллээ.

-Шонхорын хууль бус наймааны зөвшөөрөлд таныг буруутай гэж үзэж буйгаа Мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл хэлсэн.

-Би тэр хэвлэлийн хурлыг сүүлд үзсэн. ӨнөөдөрД.Оюунхорол сайд нэг ширхэг ч шонхор шувууг дур зоргоороо гаргаагүй. Надад тийм эрх ч байхгүй. Энэ асуудлаар манай яам хууль хяналтын байгууллагад хандана.

-Засгийн газраас нууц тогтоол гаргасан. Тогтоолын дагуу энэ жил хэдэн шонхор бэлгэдлийн журмаар хил давуулсныг мэдэж болох уу?

-Энэ удаад манай яам, Засгийн газраас өөрийн биеэр ирж айлчлах Шейхүүдэд соёлын зориулалтаар бэлгийн журмаар шонхор олгох нь зүйтэй юм гэж үзэж энэ шийдвэрийг анх удаа гаргасан. Төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийж байгаа бүх хүний айлчлалын протукал нууц байдаг. Ирэх, буцах, айлчлал хийх цаг хугацаа нь хувь хүний үндэсний аюулгүй байдал талаас нь хамгаалж тухайн улс орнууд нууцын зэрэглэлтэйгээр ирүүлдэг.

-Шонхор шувууу аваад явдаг хүмүүсийн мэдээллийг тодорхой хугацааны дараа ил тод болгох заалт байхгүй юу?

-Шонхор шувуутай холбоотой хүмүүсийн материал Засгийн газрын нууцын зэрэглэлтэй байдаг. Тийм учраас энэ сэдвээр ямар ч мэдээлэл өгөх боломж байдаггүй.

-Энэ жил хичнээн Шейх манайд айлчилсан бэ?

-Энэ жилийн хувьд Монгол улсад булангийн орнуудаас дөрвөн том өндөр хэмжээний Шейх ирж айлчилсан.Өмнө нь Шейх нэртэй шувууны наймаачид шонхорыг хууль бусаар худалдах, арилжаалах, наймааны хэрэгсэл болгож ашигладаг байсан.

-Шонхор шувууны зөвшөөрлийг хэд орчим төгрөгөөр үнэлж, олгодог вэ?

-Тэр хүмүүс нэг шувууны төлөө сум, орон нутгийн төсөвт тэмдэгтийн хураамж болон шувууны тусгай зөвшөөрлийг авахад зориулаад 10 орчим сая төгрөгийг төлж байгаа юм. Нийтдээ гурав орчим тэрбум төгрөг улсын төсөвт ордог.

-Тэгэхээр жилд 300 гаруй шонхор шувууг бэлгэдлийн журмаар гаргадаг гэж ойлгож болох уу?

-Ерөнхийдөө энэ жил 200 гаруй шонхор барих зөвшөөрөл гаргаж өгсөн. Өмнө нь 300-400 гээд хоёр удаа гаргаж өгч байсан тохиолдол бий. Өмнө нь бүр ч замбараагүй олгож байсан тохиолдол байдаг.

-Шейхүүд манай улсад зочлох нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэж та хэлсэн?

-Монгол улсад нэг Шейх ирэхдээ багадаа 2-3 боинг онгоц хөлөглөж ирнэ. Ирэхдээ багадаа 50, дээд тал нь 150 хүн дагуулж ирдэг. Энэ хүмүүсийн айлчлалаас монгол улсад орж байгаа төсвийн орлого нь үйлчилгээний хураамж, буудал дээр бойнг онгоцоо зогсооход төлдөг хураамжийн төлбөр гээд нэлээд хэдэн тэрбум төгрөг ордог юм байна. Ирээд Шангри-Ла зочид буудалд байрлана. Улмаар тус буудал долоо, найм, есдүгээр сард үндсэндээ битүү захиалгатай байсан. Бид энэ жилийн сүүлийн гурван сарын орлогын хэмжээг тооцоолж бодуулсан. Ингэхэд ойролцоогоор 15 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Монгол улсын эдийн засагт орсон байгаа юм. Нөгөө талд нь энэ хүмүүс монгол улсад ирэхдээ их хэмжээний буцалтгүй тусламж үзүүлдэг. Сүүлийн арав гаруй жилд булангийн орнууд Монгол улсад 83 орчим сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэнбайдаг.

-Энэ жил манайд ямар тусламж үзүүлэв?

-Улаанбаатар хотод түлэнхийн төвийг барьж чадахгүй байна гэж бид маш их ярьдаг. Түлэнхийн төвийг барих 7 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Куветын Шейх Насаргэгч хүн шийдвэрлэж өгсөн байгаа. Мөн Хэнтий аймгийн нисэх онгоцны буудлыг барих 12 сая долларын буцалтгүй тусламжийг шийдвэрлэсэн. Энэ мэтчилэн санхүү, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж өгсөн байгаа юм.

-Тэгэхээр Шейхүүд манай улсад айлчлах, шонхор шувууг бэлгэдлийн журмаар хил давуулах нь зүйтэй гэж үзэж байна уу?

-Монгол улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт тэг болсон. 2016 оны долдугаар сарын байдлаар хасах 4 их наяд төгрөгийн дүнтэй гарсан байгаа. Ийм байтал бид гадаадаас орж ирэх хөрөнгө оруулалтаас зайлсхийдэг. Хятад гээд хөөгөөд гаргадаг эсвэл гадныхан орж ирж байна шүү гэж үргээдэг. Ийм байдлаас болж монголчуудад итгэх гадныхны итгэл их суларч байгаа. Гэтэл жилдээ 160, зарим газар дөрвөн мянган шонхор тогонд цохиулж үхэж байна. Үүний ихэнхи нь залуу шонхор байгааг эрдэмтэн судлаачид хэлдэг. Гэтэл хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа ТББ цөөн байна.

-Д.Хурцгэрэл таван угалз хууль бусаар агнасан гэдэг зүйлийг хэлсэн. Ер нь ан агнуурт яамны зүгээс ямар хяналт тавьдаг вэ?

-Хууль бус ан агнуур хийж байна гэсэн мэдээлэл манай яаманд ирээгүй. Хэрэв тийм асуудал байгаа бол Д.Хурцгэрэл гуай хууль хяналтын байгууллагад тухайн хүмүүсийн нэрийг өгөөд шалгуулах хэрэгтэй. Манай яамны зүгээс хэзээ ч хууль бус зөвшөөрөл олгохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *